Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/729

 

 

 

 

 

 

   2022        07         06                                   2022/ШЦТ/729

                      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Х.Н,

Хохирогч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нд холбогдох эрүүгийн 2202000000192 дугаартай 2 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1989 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, тээврийн удирдлагын мэргэжилтэй, “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, нөхөгр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 39в байр 41 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.Н нь “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу удирдах албан тушаалтнаар ажиллахдаа, 2020 онд “Буурал трейд” ХХК-с ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох буюу 580,000,00 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг “Буурал трейд” ХХК-с авсан мэтээр хий бичилт бүхий 8 ширхэг НӨАТ-ын падаан баримтыг худалдан авалтаар зориуд худал тодорхойлж, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр татварын системд шивэлт хийж тайлагнан улсын төсөвт төлөгдөх 52,727,272.73 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... 2021 оны 01 дүгээр сард томилолт үүссэний дагуу Бадам, Б хоёр Нийслэлийн татварын газраас Эрүүгийн цагдаагийн газарт “Б” ХХК-тай холбоотой борлуулалт хийсэн тухай танилцуулга бичиж хүргүүлсэн. “У” ХХК нь “Буурал трейд” ХХК-аас 2020 оны 5 сард 580.000.000 төгрөгийн  8 ширхэг падаанаар хий бичилтийг худалдан авалт мэтээр тусгаж татварын нэгдсэн системийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж төсөвт төлөх татвараа бууруулсан байсан. Энэ талаар танилцуулгад бичиж хүргүүлсэн байгаа. Дээрх тайлангийн татвар нь 52.727.272,73 төгрөг байсан. У ХХК нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст харьяалагддаг тул хяналт шалгалт хийгээгүй байгаа. Харин “Хөгжил трейд” ХХК-ний захирал нь надтай уулзахдаа “бид татварын хий бичилтийг татварын нэгдсэн системд анхааруулга ирсний дагуу бид хий бичилтийг бичиж буцаалт хийсэн” гэж тайлбарласан. Буцаалт хийсэн тайлбарыг томилолтгүй тул шалгаж чадахгүй байгаа. 52.727.272,73 төгрөг төлөгдсөн эсэхийг би мэдэхгүй байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Х.Н нь “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай Хишигдэлгэрийн Н нь 2020 онд “Буурал трейд” ХХК-с ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 580,000,000 төгрөгийн баримтыг тухайн баримтын 2.6 хувиар тооцон нийт 15,080,000 төгрөг бусдад төлж, их хэмжээний татвар ногдох буюу 580,000,000 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг “Буурал трейд” ХХК-ийг авсан мэтээр хий бичилт бүхий 8 ширхэг НӨАТ-ын падаан баримтыг худалдан авалтаар зориуд худал тодорхойлж, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр татварын системд шивэлт хийж тайлагнан улсын төсөвт төлөгдөх 52,727,272.73 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.Н“...Би У ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2020 оноос эхлэн ажиллаж байна, миний өөрийн мэдлийн компани байгаа юм. Миний тухайд, нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хэмжээг 52,727,272.763 төгрөгөөр бууруулсан байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон, шинжээчийн дүгнэлтээр эдгээр НӨАТ-ын падаанууд нь хуурамч болох нь тогтоогдсон. Ийм учраас “У, ХХК-ийн холбогдох албан тушаалтан нь улсад 52,727,272.73 төгрөгийн хохирол учруулж, мөн хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн байна. Тийм учраас татварын байгууллагаас тухайн хохирлыг гэм буруутай этгээдээр улсад эргэн төлүүлэхээр шаардлага тавьж байна...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, шинжээчийн дүгнэлтээр гаргасан дүн нь манай татварын байгууллагаас шалгаж гаргасан, танилцуулгад тусгасан дүнтэй таарч байгаа....гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 94-95/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Б өгсөн “...У” ХХК нь 2020 оны 05 дугаар сард “Буурал трейд” ХХК-с нийт 580.000.000 төгрөгийн худалдан авалт хийснээр 8 ширхэг НӨАТ-ын падааныг татварт тайлагнан, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хэмжээг 52.727.272.73 төгрөгөөр бууруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон шинжээчийн дүгнэлтээр эдгээр падаанууд нь хуурамч болох нь тогтоогдсон. Энэ нь У ХХК нь улсад 52.727.272.73 төгрөгийн хохирол учруулж, мөн хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн байх тул татварын байгууллагаас тухайн хохирлыг гэм буруутай этгээдээр улсад төлүүлэх шаардлагыг тавьж байна. Шинжээчийн  дүгнэлт нь манай байгууллагаас шалгаж гаргасан үнийн дүнтэй таарч байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 94-95/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Их наяд” ХХК-ийн татварын мэргэшсэн зөвлөгөө үзүүлэх эрх бүхий шинжээч нарын 2022.05.10-ны 22/06 дугаартай “...У ХХК-ний Буурал трейд ХХК-с авсан худалдан авалтаар тайлагнасан бараа, ажил үйлчилгээнд төлсөн баримт байхгүй болохыг шинжилгээнд ирүүлсэн тус компанийн 22/05 тоот албан бичгээр бодитоор худалдан авсан ажил, үйлчилгээ хийсэн нь нотлогдохгүй байна... “нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.1 энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” гэж заасны дагуу “У” ХХК-ийн тайлагнасан “Буурал трейд” ХХК-ийн төлбөрийн баримтаар 2020 онд 52,727,272.73 төгрөгөөр төсөвт төлөх НӨАТ-ыг бууруулж тайлагнасан байна” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 22-27-р тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Даваадоржийн өгсөн “...тухайн үед манай эхнэр “НӨАТ-ын өрөнд орсон байгаа учраас тухайн НӨАТ-ыг аваад үзвэл яадаг юм бол гэж ярилцсан. Тэгээд 2020 оны 05 дугаар сард Жн гэдэг хүнтэй холбогдоод НӨАТ авах асуудлаар ярихад Жн нь “илүү НӨАТ-тай компани байдаг тэр нь илүүлээ зардаг” гэж байсан. Тэгээд авахаар болоход мөнгийг нь компанийн дансанд хийж болохгүй учраас хувь хүний дансаар шилжүүл гээд Эрдэнэбулган гэдэг хүний дансаар 580,000,000 төгрөгийн баримтыг тухайн баримтын 2,6 хувиар тооцон нийт 15,080,000 төгрөгийг Жн гэх хүн рүү шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 222-282-р тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Б.Жны өгсөн “...би У гэх компаниас орж ирсэн мөнгийг Эрдэнэбулган гэх хүний дансаар дамжуулан авсан.Надад 15,080,000 төгрөг шилжүүлсэн байсан. Түүнээс 1,160,000 төгрөгийг өөртөө зуучилсны хөлс болгож авч үлдээд, үлдсэн 13,920,000 төгрөгийг нь Б.Мгийн данс руу шилжүүлсэн, тухайн үед НӨАТ-ын баримтын талаар ойлголтгүй байсан бөгөөд хууль бус гэдгийг мэддэггүй байсан...тухайн мөнгийг шүүхээс тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх болно...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 99-100-р тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Жны өгсөн “...Би “У” гэх байгууллагаас орж ирсэн мөнгийг Эрдэнэбулган гэх хүний данснаас дамжуулан авсан бөгөөд надад 15.080.000 төгрөг шилжүүлсэн байснаас 1.160.000 төгрөгийг өөртөө зуучилсны хөлс болгон авч үлдээд үлдсэн 13.920.000 төгрөгийг Мгийн данс руу шилжүүлсэн байсан. Тухайн үед НӨАТ-ын баримтын талаар ойлголтгүй байсан бөгөөд хууль бус зүйл гэдгийг мэддэггүй байсан. Тухайн мөнгийг шүүхээс тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх болно...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 99-100/-р тал,

Б.Жны Хаан банкны 5001501895 дугаартай дансанд 15.080.000 төгрөгийн орлого орж, 13.920.000 төгрөгийн зарлага гарсан талаарх хуулга /2-р хх-ийн 99-100/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Б.Мгийн өгсөн “... би У гэх компаниас орж ирсэн мөнгийг өөрийн танил ах Б.Жнаар дамжуулан авсан бөгөөд надад 13,920,000 төгрөгийг миний Хаан банкны 5429105820 дугаарын данс руу шилжүүлсэн байсан, түүнээс би 580,000 төгрөгийг өөртөө зуучилсны хөлс болгон авч үлдээд, үлдсэн 13,340,000 төгрөгийг нь Б.Бгийн надад хэлсэн Б.М гэх хүний данс руу шилжүүлж өгсөн, тухайн үед НӨАТ-ын баримтын талаар ойлголтгүй байсан бөгөөд хууль бус гэдгийг мэддэггүй байсан...тухайн мөнгийг шүүхээс тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх болно...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 104-105-р тал/,

Б.Мгийн Хаан банкны 5429105820 дугаартай дансанд Жнаас 13.920.000 төгрөгийн орлого орж, 13.340.000 төгрөгийн зарлага гарсан талаарх хуулга /1-р хх-ийн 238/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Б.Бгийн өгсөн “...У ХХК-ийн орж ирсэн мөнгөнөөс өөртөө 2,340,000 төгрөгийг тухайн үедээ шагнал гэдэг байдлаар ойлгож авч үлдсэн, тэгэхдээ өөрийн төрсөн эгч Б.Мн дансаар дамжуулан Б.Мгаас авсан.Тухайн үед эгчийнхээ дансыг би ашиглаж байсан, гэмт хэргийн замаар олж авсан мөнгө болно гэдгийг тэр үедээ мэдээгүй. Би өөрийн авсан мөнгөө бүрэн төлөхөө илэрхийлж байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 109-110-р тал/

Б.Мн Хаан банкны ......... дугаартай дансанд 13.340.000 төгрөгийн орлого орж, 11.000.000 төгрөгийн зарлага гарсан талаарх хуулга /1-р хх-ийн 246/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Э.Ган-Оргилын “...У гэх компаниас орж ирсэн мөнгийг Б.Бгаар дамжуулан авсан бөгөөд Б нь манай эхнэр О.Мандухайн данс руу 11,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. Түүнээс Д.Х эгч намайг талыг нь чи өөрөө өв гэж хэлж байсан учраас 5,250,000 төгрөгийг өөртөө авч үлдээд, үлдсэн 5,750,000 төгрөгийг Д.Х эгчийн охин болох А.Анхтуяагийн данс руу шилжүүлж байсан. Тухайн үед албан ёсны НӨАТ-ын илүүдлээ зарж байгаа л гэж хэлж байсан, тухайн мөнгийг шүүхээс тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх болно...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 113-114-р тал/,

О.Мандухайн Хаан банкны .............  дугаартай дансанд 11.000.000 төгрөгийн орлого орж, 3.000.000 төгрөг, 2.750.000 төгрөгийн зарлага Д.Хын эзэмшиж байсан 5030539212 дугаарын дансанд шилжсэн талаарх хуулга /2-р хх-ийн 1/-р тал,

Х.Нийг “У” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон тухай 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаартай тушаал /1-р хх-ийн 198/-р тал,

2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шивсэн гэх баримтууд /1-р хх-ийн 210-217/-р тал,

Татварын ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 05/1228 дугаартай “У” ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын албанд харьяалагддаг талаарх албан бичиг /1-р хх-ийн 137-138/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг, тайлбар авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан...” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан бөгөөд шүүгдэгч Х.Н нь “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал болох нь тогтоогдсон, энэ тохиолдолд прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Нөгөөтээгүүр шүүгдэгч Х.Н нь өөрийн гэм буруугийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд аливаа хэлбэрээр маргаагүйн дээр хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүхээс хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд, шүүгдэгч Х.Нандин-Эрдэнийг татвар төлөхөөс зайлхийх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

            Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

            Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ “... Шүүгдэгч Х.Нд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох...” ял  оногдуулах саналыг гаргасан бол шүүгдэгч болон хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.  

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

            Шүүх шүүгдэгч Х.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэлээ.

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Гурав. Бусад асуудлаар

            Гэмт хэргийн улмаас улсад нийт 52.727.272,73 төгрөгийн хохирол учирсанд тооцож, шүүгдэгч Х.Нэс 43.397.272 төгрөгийг, иргэний хариуцагч Э.Ган-Оргилоос 5.250.000 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Бгаас 2.340.000 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Мгаас 580.000 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Жнаас 1.160.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Нийслэлийн Татварын хэлтэст тус тус олгож шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Х.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

          Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Н “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /Найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.  

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нэс 43.397.272 төгрөгийг, иргэний хариуцагч Э.Гоос 5.250.000 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Бгаас 2.340.000 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Мгаас 580.000 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Жнаас 1.160.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Нийслэлийн Татварын хэлтэст тус тус олгосугай.

5. Шүүгдэгч Х.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Х.ИДЭР