Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
Хэргийн индекс | 185/2022/0661/Э |
Дугаар | 2022/ШЦТ/734 |
Огноо | 2022-07-07 |
Зүйл хэсэг | 17.4.1., |
Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/734
|
2022 07 07 2022/ШЦТ/734
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгч Т.Н түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нт холбогдох эрүүгийн 2209005831019 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1 ганцаараа амьдардаг, Улаанбаатар хот ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Н нь таксинд явж байхдаа 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо журмын хашааны хажууд таксигаар үйлчлүүлсэн иргэн Ш.Мын таксины мөнгөний оронд итгэмжлэн хариуцуулан өгсөн эд зүйл буюу 4.2 грамм монетэн бөгжийг завшиж бусдад 588,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Т.Н нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Мын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ "...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би Говь-Алтай аймгийн Алтай суманд шинэ жилд ороод харихдаа такси бариад Дэнжийн 1000 явах замд журмын хашааны хажууд намайг уг таксины эмэгтэй жолооч “ахаа би яараад байна, та буучих” гэж хэлж буулгаад барьцаанд нь та эд зүйлээ үлдээ гэхээр нь би өөрийн 4.2 граммтай шигтгээтэй өргөн бөгжөө барьцаанд тавьж үлдээгээд буусан. Таксины жолооч эмэгтэйн 80841800 дугаараар 2 найз руугаа залгаад “ах нь маргааш мөнгөө өгөөд бөгжөө авъя” гэж хэлээд буусан. Тэгээд маргааш нь 17 цагийн үед 88841800 дугаар луу залгахад “ахаа би гадуур явж байна, бөгж чинь гэрт байгаа гэж хэлээд түүнээс хойш утсаа аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/-р тал
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Я.Аня шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хамтран амьдрагч М нь Алтай сумын шинэ жилд оролцохоор яваад 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр М ажил дээрээ ирсэн байна, өчигдөр шинэ жил болсон газраа хувцас, бичиг баримтаа орхиод ирсэн байна гэж надад хэлсэн. Таксины хүнд өөрийн монетэн бөгжөө барьцаанд үлдээсэн гэж мессеж бичсэн байсан. М руу залгаж ярихад таксинд бөгжөө барьцаанд үлдээсэн таксины жолоочийн нэр, утасны дугаар, машины дугаар нь байгаа гэж хэлсэн.Тэгээд би 2021 оны 12 дугаар сарын 26-27-ны өдөр таксины жолоочийн 80841800 дугаар луу залгахад утас нь дуудаад утсаа аваагүй эргээд залгахад утас нь унтарсан байсан. Би 80841800 дугаар луу өөрийн 89057972 дугаараас зөндөө мессеж бичсэн. 2022 оны 1 дүгээр сарын 20-ны үеэр залгахад нэг эмэгтэй авахаар нь би энэ дугаарын эзэнтэй ярих гэсэн юм гэхэд энэ дугаар 2 хоногийн өмнө зарагдсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33/-р тал,
Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13/-р тал,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-42/-р тал,
Барьцаат зээлийн газарт эд зүйл тавьсан талаарх мэдээлэл, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 47/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг, тайлбар авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хуулиар хамгаалах эрх ашиг нь бусдын өмчлөх эрх байдаг.
Хохирогч Ш.М нь шүүгдэгч Т.Нийн автомашинаар гэртээ хүргүүлээд буухдаа таксины мөнгөний орон өөрийн эд зүйл буюу монетэн бөгжийг барьцаанд үлдээж, маргааш нь авахаар харилцан тохиролцсон боловч Т.Н нь хохирогчийн бөгжийг өгөлгүй, хувьдаа завшсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл бусдын итгэмжлэн хариуцуулж үлдээсэн эд зүйлийг буцааж өгөхгүй, ашиг олох зорилгоор барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж байгаа шууд санаатай үйлдэл нь завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Нөгөөтээгүүр шүүгдэгч Т.Н нь өөрийн гэм буруугийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд аливаа хэлбэрээр маргаагүйн дээр хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүхээс хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд, шүүгдэгч Т.Нийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ "... Шүүгдэгч Т.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах...” саналыг гаргасан бол шүүгдэгч Т.Нийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүх шүүгдэгч Т.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нт оногдуулсан 2.700.00 төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 01 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар
Шүүхээс хохирогч Ш.Мад шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...Бөгжөө буцааж авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хөдөө ажлаар явж байгаа тул шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх тайлбарыг гаргасан байх тул шүүгдэгч Т.Нийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т. Нийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нт 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /Хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нт оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 01 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Т.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР