| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/02382/И |
| Дугаар | 102/ШШ2018/03162 |
| Огноо | 2018-10-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2018/03162
| 2018 оны 10 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2018/03162 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Р.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5 407 040 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, Ш.Тогтохбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Б-д 2016 оны 12-р сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийг зээлүүлсэн. Зээлээс 2 358 000 төгрөгийг буцаан төлж 2 642 000 төгрөгийг төлөөгүй байсан учир 2017 оны 11-р сарын 29-ний өдөр энэ мөнгөнд зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний 2.5-д гүйцэтгээгүй үүргийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор гэрээ хийсэн. Д.Б нь үндсэн зээл 2 642 000 төгрөг, зээлийн хүү 118 890 төгрөг, алданги 2 377 800 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлах нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг нийт 5 208 890 төгрөгийн төлбөрийг төлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Хариуцагч Д.Б-оос байрны түрээс төлнө гээд цалингийн зээл гэж 2017 оны 11-р сарын 08-ны өдөр авсан 800 000 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Д.Б-оос өмнө нь нэхэмжилсэн 5 208 890 төгрөг дээр 800 000 төгрөгийг нэмж нийт 6 008 890 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Э, Д.Б нар нь 2016 оны 12-р сарын 05-ны өдөр зээлийн гэрээний харилцаа үүсч, Д.Б нь хүүгүйгээр 5 000 000 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч нь 5 000 000 төгрөгийн зээлийг цалингаасаа сард 500 000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон. Үүнээс хойш 2017 оны 11-р сарын 08-ны өдөр дахин 800 000 төгрөгийн зээл авсан. Ингээд нийтдээ Р.Э-аас 5 800 000 төгрөгийг хүүгүйгээр зээлсэн. Д.Б нь зээлээс 3 158 000 төгрөг төлж, 2 642 000 төгрөгийг төлөөгүй. Үүн дээрээ 2017 оны 11-р сарын 29-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, 2 642 000 төгрөгийг 2017 оны 12-р сарын 07-ныг хүртэл 9 хоногийн хугацаатай, хоногийн 0.5 хувь буюу 13 210 төгрөгийн хүүтэйгээр, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирч бичгээр гэрээ хийсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 283.4, зэрэгт заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна. Иймд Д.Б-оос үндсэн зээлийн үлдэгдэл 2 642 000 төгрөг, зээлийн хүү 118 890 төгрөг, тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг нийт 2 831 090 төгрөг, үүнээс 2017 оны 12-р сарын сарын 7-ний өдрөөс 2018 оны 6-р сарын 19-нийг хүртэл 195 хоногийн алданги 2 575 950 төгрөг нийт 5 407 040 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шардлагаа багасгаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Р.Э нь Д.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5 208 890 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 800 000 төгрөгөөр нэмэгдүүлж 6 008 890 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны шатанд 5 407 040 төгрөг гаргуулахаар багасгасан байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2 642 000 төгрөг гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Д.Б нь Р.Э-аас 2016 оны 12-р сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 11-р сарын 08-ны өдөр 800 000 төгрөгийг тус тус зээлж, зээлдүүлэгч нь 5 000 000 төгрөгийг баримтаар, 800 000 төгрөгийг түүний ХААН банкны 5076048041 тоот дансаар шилжүүлэн өгсөн нь баримтаар /хх 5, 23/ болон зохигчийн тайлбараар тогтоогдсон байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагджээ.
Талууд зээлийн гэрээг байгуулахдаа хүү тохироогүй, энэ талаар талууд маргаагүй байна.
Зээлдэгч Д.Б нь Эрхэм-Уянга ХХК-д менежерээр ажиллаж байхдаа захирал Р.Э аас зээл авч, зээлийг цалингаасаа төлөхөөр тохирсон байна. Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг 2 642 000 төгрөг төлөөгүй гэж маргасан бол хариуцагч нь зээлээс 1 142 000 төгрөг төлөөгүй, 1 500 000 төгрөг нь “хүүхдээ сургуульд зуучлуулаад өгөх байсан мөнгө, энэ мөнгийг зээлээгүй” гэж маргажээ.
Эрхэм-Уянга ХХК нь Д.Б-ийн цалинг Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2911002214 тоот данс, ХААН банкны 5076048041 тоот дансаар шилжүүлдэг байсан гэх ба эдгээр дансны дэлгэрэнгүй орлого, зарлагын гүйлгээнээс /хх 42-51, 68-72/ хэдэн төгрөгийг зээлд төлсөн, суутгасан нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь эдгээр гүйлгээнээс хэдэн төгрөгийг зээлд суутгасныг тооцож чадаагүй, хариуцагч 1 500 000 төгрөгийг зээлээгүй гэдгээ баримтаар нотлож чадаагүй гэж дүгнэлээ.
Харин талууд 2017 оны 11-р сарын 29-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, 2 642 000 төгрөгийг 2017 оны 12-р сарын 07-ныг хүртэл 9 хоногийн хугацаатай, хоногийн 0.5 хувь буюу 13 210 төгрөгийн хүүтэйгээр, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирч бичгээр гэрээ хийсэн /хх 4/ боловч зээлдүүлэгч энэ хэмжээний мөнгийг зээлдүүлэгчид шилжүүлээгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, үүнээс дүгнэвэл, 2 642 000 төгрөг нь талуудын өмнөх зээлийн үлдэгдлийн тооцоо байсан гэж үзэхээр байна.
Зээлдүүлэгч 2 642 000 төгрөгийг бодитоор шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж хүү, алданги тооцох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2 642 000 төгрөгийг Д.Б-оор төлүүлэхээр хангах нь зүйтэй.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5-р сарын 29-ний өдрийн 01888 дугаар шийдвэрээр Р.Э-ын хүсэлтээр Д.Б-ийг эрэн сурвалжилсан /хх 6-7/ байх ба нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг төлсөн байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлд заасан бүрдүүлбэрийн шаардлагыг хангахдаа төлсөн шүүхийн зардал бөгөөд энэ зардлыг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцох үндэслэлгүй.
Хэргийн 33-41 дэх талд авагдсан Эрхэм-Уянга ХХК-ний гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, хөдөлмөрийн гэрээ, ажилд авсан, чөлөөлсөн тушаал, нийгмийн даатгалын дэвтэрийн хууллбар зэрэг баримтууд нь Д.Б-ийг тухайн компанид ажиллаж байсныг нотолсон баримтууд болохоос гадна зээлийн гэрээний маргаантай холбоогүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчээс гаргасан тэмдэглэлийн хар дэвтэр нь нотлох баримтын шаардлага хангаагүй, түүнд тэмдэглэгдсэн Батдоржтой холбоотой бичвэрүүд нь зээлийн гэрээний үүргийн тооцоо хийсэн баримт гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б-оос 2 642 000 /хоёр сая зургаан зуун дөчин хоёр мянга/ төгрөг гаргуулж Р.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 765 040 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 042 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-оос 57 222 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА