Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/735

 

          

 

 

  2022         07         07                                     2022/ШЦТ/735

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Ц.Шагдар,

шүүгдэгч М.Ө, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

хохирогч Л.Х, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө холбогдох эрүүгийн 2209005380793 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, ам бүл ганцаараа Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо Оюутны гудамжны Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн оюутны дотуур байрны 4 давхрын өрөөнд оршин суудаг, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............курсийн суралцагч, ажилгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ......... Ө /РД:..........9/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч М. Ө нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ................ хамт өрөө түрээслэгч Л.Хтай “ өглөө эрт боссонгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар хайчаар баруун дунд, ядам хуруунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би “.......... их сургуулийн оюутан. Тэр өдөр би өглөө эрт босож шалгалтдаа бэлдэн сууж байсан. Х босоод уурлаж байснаа миний өвчтэй гар руу цохисон. Би гартаа гэмтлийн улмаас 4 удаа хагалгаанд орж хадуулж байсан. Эмч хэлэхдээ “энэ гартаа дахин гэмтэл авбал гаргүй болно, эмчилгээ авахгүй шүү” гэж хэлж байсан. Тийм учир миний гарт хэн ч хүрдэггүй байсан. Уг хайчны хувьд тийм том хайч биш. Зүгээр жижиг цаасны хайч байсан. Х нөгөө хайчийг бариад миний араас хатгах гээд зогсож байсан. Би хайчийг түүнээс авахаар булаацалдаж байхад түүний гар нь зүсэгдсэн, миний ч гар зүсэгдсэн. Х гараад явсан. Тэгээд хүмүүс ирээд Хын биеийг л асуугаад байхаас намайг нохой шиг үзэж тоохгүй байсан. Би ч гэсэн хохирсон байхад яагаад надад хариуцлага хүлээлгэх болдог юм бэ. Би гомдолтой байна. Би мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ л өгч байна...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Манай үйлчлүүлэгчийн биед гэмтлийн зэрэг гараад сая дурдаад байгаа гэрчийн мэдүүлэг өгснөөс хойш хохирогчийн мэдүүлгийг уншиж сонсгоход Хын хариулт өөрчлөлттэй байна. Хын сүүлд өгсөн мэдүүлэгт “намайг өрөөнөөс гарахад хүн байгаагүй, намайг туслаарай гэхэд хүмүүс ирсэн” гэдэг. Гэрч Дийн мэдүүлэгт “Х коридорт гараад уйлаад байсан” гэдэг. Энэ мэдүүлэг хэргийн эхний хэсгийг нотлоогүй. Гэрч Тгийн мэдүүлэг юу ч нотлохгүй байна.  Ө, Х нарын хэн нь хурц ааштай, хэн нь сайхан ааштай гэж байгаа нь Тгийн л бодол. Гэрч нарын мэдүүлэг миний үйлчлүүлэгчийг буруутай гэж хөтөлбөргүй нотлох баримт биш. Миний үйлчлүүлэгчийн хэлж байгаагаар “Х над руу дайрахад хайчны ажлын хэсгээс нааш цааш дугтрахад үүсэн гэмтэл” гэж байна. Прокурор хэрэг гарах үед яг хажууд нь харж байсан юм шиг “санаатай дайрсан, дугтарсан”  гээд яллах дүгнэлтээ бичиж байгаад итгэх итгэл алга. Дайрсан, дугтарсан гэдгийг ямар баримтаар харсан юм шиг бичиж байгааг гайхаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.7, 16.2 дахь хэсэгт заасан заалтуудыг хангаагүй байна. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдалд  өчүүхэн төдий эргэлзээ байвал хүнийг буруутгаж болохгүй. Ийм байдлаар хэргийг нотолж болохгүй. Гэмт хэргийн санаа сэдэл зорилгыг яаж тогтоож байгаа юм бэ. Нотолбол зохих байдлыг яаж тогтоосон юм бэ. Өийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бугалгын гэмтэл эзэнгүй үлдэх ёстой юм уу. Хэн энэ гэмтлийг үүсгэсэн юм бэ. Прокурор та яаж хяналт тавьсан юм бэ. Мэдүүлгийг газар дээр нь туршилт хийж тогтоосон юм уу. Эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийднэ гэж хуульд байна. Гэм буруу нь хөтөлбөргүй эргэлзээгүй нотлогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эргэлзээтэй нотлох баримтад тулгуурлан миний үйлчлүүлэгчийг буруутгаж болохгүй. Нотлогдсон гэж байгааг гайхаж байна. Миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг түүнд ашигтайгаар шийдэж өгнө үү...” гэжээ.

Хохирогч Л.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тэр өдөр би босож бие засаад өрөөнд орж ирэхэд Ө эгч над руу уурлаж хайч авч дайрсан. Би хаалганы дэргэд байсан тул гарч зугтаж чадсан бөгөөд байрны багш руу залгахад утас нь холбогдоогүй. Тэгээд буцаад гэртээ ороход Ө эгч мөн л хэрүүл өдөөд байсан. Дахин хайч авч над руу дайрсан. Би өөрөө өөрийгөө хамгаалаагүй бол алуулах байсан. Би гартаа хайчаар зүсүүлж оёдол тавиулсан. Энэ гэмтлээс болж би ахуйн ажлаа хийж чадахгүй хэцүү байсан. Би өөрөө эмч хүн болохоор гартаа гэмтэл авсан маань үнэхээр хэцүү байсан. Уг хайч нь шинэ хайч байсан тул төмрийн хор ороод миний гар эдгэхгүй их удаж улмаар идээлж үрэвссэн. Эдгэрсэн хойноо ч хуруу маань өмнөх шигээ сайн мэдрэхгүй байсан тул хоёр гурван эмнэлгээр явж сэргээн засах эмчилгээ хийлгэсэн. Тэр үед би маш их цочирдсон. Ө эгч над руу яагаад хайч авч дайрсныг гайхаж байгаа. Би хувийн сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авсан байгаа...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч С.Мөнхтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй санал нэг байна. Өдийг хүртэл өгсөн шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээс хэний мэдүүлэг тогтвортой байсан нь харагдаж байна. Өийн хувьд анхнаасаа өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэж мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч өөрийн гэм буруугүйгээ нотлох үүрэг байхгүй. Өийн өнөөдрийн мэдүүлгээс харахад их зөрүүтэй мэдүүлэг өгч байна. Өмнө нь “Х хайч авч гараад өөрийгөө зүсээд орж ирсэн” гэдэг мэдүүлэг нь өөрчлөгдлөө. Хайчийг хэзээ хэрхэн авсан гэхээр Мөн өнөөдрийн мэдүүлэг нь нэг болохоор “Х хайч бариад зогсож байсан, далайгаад зогсож байсан” гэж нэг цаг хугацаанд болж байгаа асуудлыг өөр өөрөөр худал мэдүүлж байна. Хохирогчийн мэдүүлэг тогтвортой нэг хэвийн өөрчлөлтгүй байна. Шүүгдэгч мэдүүлэхдээ “сэтгэл санаанд өөрчлөлт орсон” гэж байна. Х мэдүүлэхдээ “шүүгдэгчийг цохисон үйлдэл хийгээгүй” гэж мэдүүлсэн. Ө өөрөө анх хайч барьж далайж байгаа нь сэтгэцийн хувьд өөрчлөлттэй гэдэг байдал харагдаж байна. Хын хувьд хайч авч гараад өөртөө гэмтэл учруулаад орж ирэх байдал харагдахгүй байна. Өийг зориуд гэмт хэрэгтэн болгох гэсэн санаа хохирогчид байна. Хэрэгт хөндлөнгийн гэрч болох Д, Т, Г нарын мэдүүлэг байдаг. Уг мэдүүлэгт “өрөөнд маргаан болсон, цагдаа дуудах уу” гэж ярьсан гэж байгаа. Тухайн үед Хын гарт зэвсгийн чанартай зүйл байгаагүй гэдэг. Цус болсон газрыг Ө арчаад явж байсан гэдэг. Үүнээс харахад хохирогч Хын мэдүүлэгтэй гэрч нарын мэдүүлэг уялдан таарч байна. Гэрч Т мэдүүлэхдээ, Х бусадтай эвтэй байдаг, Өийг түргэн зантай гэж хэлсэн байдаг. Энэ үйл баримтын хүрээнд шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр Хын биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тодорхойлсон. Хайчийг эд мөрийн баримтаар шинжлэн судлахад тодорхой хэмжээнд гэмтэл учруулж болох эд зүйл гэдэг нь харагдлаа. Ө санаатай Хын эсрэг үйлдэл хийсэн байна. Иймд шүүгдэгч гэм буруутай байна ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

         Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар  шүүгдэгч М. Ө нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн дотуур байрны 417 тоотод хамт өрөө түрээслэгч Л.Хтай “ өглөө эрт боссонгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар хайчаар баруун дунд, ядам хуруунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л. Хын өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Ө нь миний амгалан тайван байдлыг алдагдуулж эд зүйлс маш хүчтэй дугаргаж намайг цочоож сэрээсэн. Би 30-40 минутын хооронд тэсээд хэвтэж байгаад сүүлдээ толгой өвдөж, дотор муухайраад Өт “ өнөөдөр миний ганц амралтын өдөр амармаар байна” гэж хэлээд бие засах өрөө орчхоод өрөөндөө орж ирэхэд Ө миний урдаас уурлаад “ би зорилготой хүн, чиний унтаж амрах надад хамаагүй” гэхэд нь би “ та яасан амиа бодсон юм бэ, адилхан түрээсний байранд байгаа болохоор та намайг хүндлээд амралтын өдөр амрааж болно биз дээ” гэхэд Ө “ чи битгий хуцаад бай ганцаараа амьдардаг байранд очиж амьдар” гээд ширээний доод давцан дээр байсан хайчийн дунд хэсгээс нь бариад үзүүр хэсгээр нь толгой хэсэг рүү шууд зоохоор дайрсан. Тэр үед би өрөөний хаалгатай ойрхон байсан тул зугтаж амжсан. Минут орчмын дараа одоо гайгүй болсон байх гэж бодоод өрөө рүүгээ ортол Ө дахин хэл амаар доромжилж хэрүүл хийгээд байсан. Цонхны хөшгийг нээж, цонх нээх үеэр нь ширээн дээрх хар иштэй хайчийг авах гэхэд Ө надаас түрүүлж аваад “ална шүү зайлаарай” гээд миний толгой хэсэг рүү чиглэлтэй хайчийг зоохоор оролдоход аргагүй хамгаалалт хийж тэр хайчийн үзүүр хэсгээс барьж хурдан хугацаанд өөрийгөө хамгаалсан. Хайчны үзүүрээс бариад өөрийгөө хамгаалж тэмцэх үед ус буцалгагчтай халуун усанд нуруу хайрагдсан. Ө хайчаа барьсан чигтээ дайрсаар байсан ба энэ үедээ хайчийг 2-3 удаа дугтарсан. 2 хуруу зүсэгдэж их хэмжээний цус гаран, маш их өвдөж байсан. Би айсан болохоор шууд өрөөнөөс гарсан.Ө “ хохь нь” гэж хэлээд өрөөний цустай хэсгийг арчиж бие засах өрөө рүү орон мушгиж байсан. Би коридорт гараа бариад уйлаад зогсож байхад эрээн хувцастай жижүүр ах цаанаас намайг хальт харчхаад яваад өгсөн. Миний гарыг зүссэн хар иштэй хайч нь аваад удаагүй байсан болохоор хурц иртэй байсан. Өийн биед үүссэн гэх хөнгөн гэмтлийг би зориудаар үүсгээгүй бөгөөд хурц иртэй хайчийг над руу чиглүүлэн дайрч хэд хэдэн удаа дугтрах үедээ үүссэн гэж бодож байна. Миний хувьд тэр хүн рүү хайч барьж дайраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч И.Дийн “...2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би харуулд гарсан ба 02 дугаар сарын 13-ны өглөө 08 цаг 30 минутын үед ээлжээ солилцох гэж байхад дотуур байрны 4 давхарт эмэгтэй хүн хашхираад уйлж байсан. 2 минутын дараа 4 давхарт гарч шалгахад 1 эмэгтэй оюутан “ ахаа энэ эмэгтэй гарыг маань ингэчихлээ” гээд гараа үзүүлсэн. Гараас нь маш их цус гарч байсан. Удалгүй оюутны байрны багш Т, оюутны зөвлөлийн дарга Сүрэнхорлоо, эмч нар 4 давхарт гарч ирэн охины зүссэн хурууг үзсэн. Гараа зүссэн эмэгтэйн гарч ямар нэгэн зүйл байгаагүй. 02 дугаар сарын 15-ны өдөр тус оюутны байрны жижүүрт гарахдаа 417 дугаартай өрөөнд амьдардаг нүдний шилтэй хөгшин эмэгтэйтэй ярилцаж “яагаад гарыг нь зүссэн” талаар асуухад “зам тээврийн осолд ороод баруун гараа гэмтээсэн тэгээд надтай хамт амьдардаг охин миний гарыг зохиод над руу дайраад байсан би өвчтэй гартай түүнийг дийлэхгүй учир хайч барьсан” гэж жижүүр ахад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 67/-р тал

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Тгийн “...миний хувьд их хурц зантай юм шиг санагдсан...Би 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дотуур байранд байсан. Өглөө 08 цаг 30 минутын үед дотуур байрны хамгаалагч над руу залгаад 417 дугаартай өрөөний 2 эмэгтэй хоорондоо маргалдаад нэгнийхээ гарыг зүссэн байна гэж хэлсэн. Тэгээд намайг 4 давхарт очиход Х коридорт уйлчихсан зогсож байсан. Ө ирээд “энэ ч гэсэн намайг цохиж авсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дууд гэж хэлсэн. Цагдаа нар ирээд Х, Ө нарыг аваад явсан. Удалгүй тэд нарыг дотуур байранд ирсэн байхаар нь очиж уулзаж Өийг 4 давхрын 1 дугаартай өрөөнд оруулж, Хыг 417 дугаартай өрөөнд нь үлдээж энэ хоёрыг тусгаарлах арга хэмжээ авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74/-р тал\

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Гийн “...Би ХҮИС-ийн оюутны дотуур байрны 418 дугаартай өрөөнд Цэрэнханд, МөнхТ, Нямка гэх 3 охины хамт амьдардаг...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би өрөөндөө ганцаараа амарч байсан. Өглөө 8 цагийн үед миний унтаж байсан ор хөдөлж, хүмүүс хэрэлдэх чимээгээр сэрсэн. Босоод юу болоод байгааг мэдэх гэж коридорт гарахад ямар нэгэн маргаан болоогүй байсан ба коридорт нэг охин зогсож байсан. Тэр охиноос юу болоод байгааг лавлаж асуухад 417 дугаартай өрөөний эгч өрөөнийхөө охинтой хэрэлдээд байна цагдаа дуудах уу гэж надад хэлсэн.Удалгүй 417 дугаартай өрөөнөөс нэг охин аль гарыг нь санахгүй байна, гар нь зүсэгдсэн, маш их цус гарч шалан дээр тусаж байсан ба амь авраарай гэж уйлж энэ эгч миний гарыг хайчаар зүсчихлээ гэж хэлээд гарч ирсэн. Гарт нь ямар нэгэн зүйл байгаагүй. 417 дугаартай өрөөнөөс хөгшин эгч гарч ирэн шалан дээрх цусыг алчуураар арчиж, угаалгын өрөө гүүгээ орж өөрийн гаран дээрх цусаа угааж байсан. Тэр эгч ч бас гараа зүссэн гэж хэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 76-80/-р тал

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн №2955 дугаартай “...Л.Хын баруун дунд, ядам хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлээр 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,

Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд нь “...Хохирогч Л.Хын баруун гарын дунд, ядам хуруунд зүсэгдсэн 2 шарх тогтоогдсон нь хурц ирмэгтэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч М.Өийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад болоод шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.Өийн зүгээс “...Х нөгөө хайчийг бариад миний араас хатгах гээд зогсож байсан. Би хайчийг түүнээс авахаар булаацалдаж байхад түүний гар нь зүсэгдсэн. Мөн миний ч гар зүсэгдсэн байхад яагаад надад хариуцлага хүлээлгэх гээд байгааг ойлгохгүй байна, би гомдолтой байна...” гэх тайлбарыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй, эргэлзээ төрж байгаа тул ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэх тайлбарыг тус тус гаргасан нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Хын өгсөн “...Би 8 өнгөрөөгөөд бие засчхаад буцаж өрөөндөө орж ирээд Ө эгчид хандан “...Өнөөдөр ганц амралтын өдөр унтуулж болдоггүй юм уу гэхэд би зорилготой хүн унтаж амарч чадахгүй бол хохино гээд уурлаад байсан. Тэгээд цонхны хөшгийг нээгээд, цонх онгойлгож дэлгээд түрээсийн байранд ижилхэн амьдарч байгаа, чамайг бодвол би зорилготой хүн гээд надад уурлаад байсан. Тэгээд 08 цаг 33 минутын үед над руу ширээн дээр байсан хутгыг бариад дайрах үед би айгаад гараад үүдний хаалгаа хаагаад коридорт зогссон. Тэгээд эргэж ороод та чинь ямар аймар юм бэ адилхан эмэгтэй хүн байж гэж хэлээд ширээн дээр хайч тавьсан байхаар нь авч холдуулах гэтэл надаас өрсөж аваад над руу дайрсан. Би хайчийг салгаж авах гээд зууралдах үед миний баруун гарын дунд болон ядам хуруу зүсэгдэж маш их цус гарсан. Тэгээд удалгүй байрны жижүүр ах болон байрны багшийн охин ирээд араас нь цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлгээр,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Дийн өгсөн “...Би Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн оюутны дотуур байрны хамгаалагчаар ажилладаг. Тухайн хэрэг гарсан гэх өдөр дотуур байрны 4 давхарт эмэгтэй хүн хашхираад уйлаад байхаар нь гарч шалгатал нэг эмэгтэй оюутан “...Ахаа миний гарыг энэ эмэгтэй ингэчихлээ...” гээд гараа үзүүлсэн бөгөөд гараас нь их хэмжээний цус гарч байсан. Гараа зүсүүлсэн эмэгтэйн гарт ямар нэгэн зүйл байгаагүй. Ингээд дараа нь буюу 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус оюутны байранд жижүүрт гарахдаа 417 тоотод амьдардаг нүдний шилтэй хөгшин эмэгтэйтэй ярилцаж байгаад яагаад тухайн эмэгтэйн гарыг зүссэн талаар асуухад “...Би зам тээврийн осолд ороод баруун гараа гэмтээсэн, тэгээд надтай хамт амьдардаг охин миний гарыг цохиод над руу дайраад байхаар нь өвчтэй гартай би түүнийг дийлэхгүй учир хайч барьсан юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Тгийн өгсөн “...Тухайн өдөр хамгаалагч над руу залгаад 417 дугаартай өрөөний 2 эмэгтэй хоорондоо маргалдаад нэгнийхээ гарыг зүссэн байна гэж хэлэхээр нь тухайн давхарт очиход коридорт Х уйлчихсан зогсож байсан. Тэгээд цаанаас нь Ө гарч ирээд энэ ч гэсэн намайг цохиж авсан гэж хэлэхээр нь цагдаа дууд гэж хэлээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлгээр,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Гийн өгсөн “...Намайг дотуур байрандаа амарч байхад манай хажуугийн өрөө буюу 417 дугаартай өрөөний хүмүүс хоорондоо маргалдаад, хэрэлдээд байсан. Тэгээд юу болоод байгаа талаар мэдэх зорилгоор коридорт гарахад тухайн өрөөнөөс аль гарыг нь сайн санахгүй байна, нэг гар нь зүсэгдэж их хэмжээний цус гарсан эмэгтэй уйлж гарч ирээд амь авраарай энэ эгч миний гарыг хайчаар зүсчихсэн гэж хэлж байсан. Харин гарыг нь зүссэн гэх хөгшин эмэгтэй нь коридорын шатан дээр дуссан цусыг алчуураар арчиж, 00-ийн өрөө орж өөрийнхөө гаран дахь цусыг угааж байсан. Тухайн эмэгтэй хэлэхдээ өөрийнх гар бас зүсэгдсэн гэж байсан. Намайг харж байхад коридорт уйлаад зогсож байсан эмэгтэйн гарт ямар нэгэн зүйл байгаагүй...” гэх мэдүүлгээр тус тус үгүйсгэгдэж байна. 

Нөгөөтээгүүр шүүгдэгч М.Өээс гаргасан “...Би Хын гарыг зүсээгүй...” гэх мэдүүлэг болон түүний өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан “...Хохирогчид учирсан гэмтлийг миний үйлчлүүлэгч учруулсан гэх үйл баримт нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна...” гэх тайлбар, мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн өөр бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй...” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Өийн гэм буруутай үйлдэл нь түүний тайлбар, мэдүүлгээр бус гагцхүү хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд, шүүгдэгч М.Өийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Ө нь баримттай хохиролд тооцон хохирогч Л.Хд 101.800 төгрөгийг нөхөн төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч М.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар”... Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү. Харин хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Миний үйлчлүүлэгч хувийн байдлын хувьд 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, ганц бие хүн...” гэх саналыг,

Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Хохирогч 60 хувийн хөдөлмөийн чадвар алдагдалтай тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналаас бага хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч болон хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

   Шүүгдэгч М.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч М.Өт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч М.Ө нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай, ажлын хэсгийн урт 13 см 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч . Өийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /Дөрвөн зуун тавь/-н мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүдэгч М.Ө нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч М.Ө нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай, ажлын хэсгийн урт 13 см 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ИДЭР