| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорждэрэмийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 222/2018/0002/и |
| Дугаар | 02 |
| Огноо | 2018-01-23 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 02
Ш.Бын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн
Гэр бүл, хүүхэд залуучууын хөгжлийн газарт
холбогдох иргэний хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Я.Алтаннавч, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Нэхэмжлэгч Ш.Б нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 574 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч байгууллагыг төлөөлж, аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг гүйцэтгэгч О.Бын давж заалдах гомдлоор тус аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Ш.Бын “Ажилгүй байсан 56 хоногийн хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 1517096 төгрөг гаргуулах болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучууын хөгжлийн газарт холбогдох иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 284 дугаартай шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгосон боловч 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ажилдаа орж ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлсэн. Одоо 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 56 хоногийн цалинтай тэнцэх нөхөн олговор 1517096 төгрөгийг Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагыг төлөөлж, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг гүйцэтгэгч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Быг хохиролгүй болгох талаар бүх талын арга хэмжээ авсан. Түүний хүссэн бүхнийг зохицуулж шийдэхийг нягтлан бодогч Б.Ид даалгасан. Гэтэл нягтлан бодогч нь заавал шүүхийн шийдвэрээр эрүүл мэндийн болон ниймгийн даатгалын нөхөн бичих ажлыг гүйцэтгэнэ гэсэн байна. Харин Ш.Б өнгөрсөн хугацаанд ажлаа хийгээгүй эмнэлэгт хэвтэх нэрээр ӨМӨЗО-ны Улиастай явах, амралтын хуудас бичүүлэлгүй ажлаа хаяад амарсан гэж яриад явах, ажлаа хий гэхээр өөрсдөө хий гэж загнадаг, би энэ ажлыг хийж чадахгүй, чаддаг хүнээр ажлаа хийлгээд мөнгийг нь төлье гэх мэтийн үл ойлгогдох үйлдлүүд хийсээр байгаа. Үнэндээ энэ хүний ааш аяг бүрийг дагаж албаны ажил хохирч байгаа боловч бид тэтгэвэрт нь гаргая гэдэг байдлаар хичээж байна. Хүнээр ажлаа хийлгэчихээд өндөр төлбөр төлөх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө төлөх 2 чинь ялгаа байна уу гэдэг байдлаар хандсан. Ажлаас халагдах бүх нөхцөл бүрдчихээд байгаа ч өвчтэй юм байлгүй дээ гэдэг байдлаар даварсан хүний аяыг хараад сууж байгаа болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэртээ нөхөн бичилт хийлгэх шаардлагыг нь хүлээн авна, ажилгүй байсан хугацааны цалинг олгож чадахгүй гэжээ.
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 574 дүгээр шийдвэрт: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1517096 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Бад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Бын нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж, дэвтэрт зохих журмын дагуу сар тутамд шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1517096 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 39224 төгрөгийг хариуцагч Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагч байгууллагыг төлөөлж, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Бын давж заалдах гомдолдоо: Ш.Б нь ТҮ-4-5 дахь шатлалаар цалинждаг бөгөөд сард 469105 төгрөгийн цалин авдаг. Үүнийг сарын 21.5 хоногоор тооцвол өдөрт 21818 төгрөгийн цалин авахаар тооцоо гарч байна. Гэтэл шүүх дээрх үндсэн цалингаар тооцоогүй, өдөрт 27091 төгрөгөөр тооцсон нь өдөрт 5273 төгрөгийн зөрүү гарч, энэ хэмжээгээр цалин илүү бодогдсон гэж үзэж байна. Шүүх цалинг бодохдоо сүүлийн авч байсан цалин буюу 2016 оны 10 дугаар сарын 609106 төгрөг, 11 дугаар сарын 469105 төгрөг, 12 дугаар сарын 669105 төгрөгөөс тооцсон байдаг. Гэтэл Буд нь 10 дугаар сард хоолны мөнгө 140000 төгрөг, 12 дугаар сард орон сууцанд амьдардаг атлаа түлээний мөнгө гэж 80000 төгрөг авсныг шүүх үндсэн цалингаар буюу 2016 оны 11 дүгээр сарын цалин 469105 төгрөг, 12 дугаар сарын цалин 669105 төгрөг, 2017 оны 01 дүгээр сард 469105 төгрөг авснаас тооцох байтал нэмэгдэлтэй цалингаас тооцсон нь байгууллагыг хохироосон гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг зөвтгөж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Ш.Б “би шүүхийн шийдвэрээр 2017 оны 6 сарын 20-ны өдөр няравын ажилд эгүүлэн тогтоогдож, мөн оны 09 сарын 13-ны өдөр ажилдаа орсон учир ажилгүй байсан 56 хоногийн цалин 1517096 төгрөгийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хэргийн материалаас үзэхэд тус аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан
шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 284 дугаар шийдвэрээр
нэхэмжлэгч Ш.Быг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж гаргуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч нэхэмжлэгчийн ажилдаа эргэн орсон огноон дээр маргадаггүй боловч, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нэхэмжлэгч Ш.Быг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ажилд авсан тухай Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын тушаал хэрэгт байхгүй байгаа нь шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцох боломжгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул хүчингүй болгож, шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болсон тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 574 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
Хоёр. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Гурав. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.
Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БААТАРСҮХ
ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ
Д.БАЙГАЛМАА