Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 0050

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соронзонболд

     Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан

     Шүүгдэгч Э.Мөнгөншагай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барнууд овгийн Эрхэмбаярын Мөнгөншагайд холбогдох 201618010130 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр  сарын 03-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумд төрсөн, эрэгтэй, 00 настай, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн ашиглалтын операторчин мэргэжилтэй, хувиараа вакум цонх хийдэг, ам бүл 3, ээж, охины хамтаар Сэлэнгэ аймгийн Сайхан  сум, 2 дугаар баг, 19-13 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байсан гэх /2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил, 05 хоногийн ял шийтгэгдэж байсан/, Барнууд овогтой Эрхэмбаярын Мөнгөншагай /РД: АС-/.

Шүүгдэгч Э.Мөнгөншагай нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн 3-62 тоотод Х.Эрдэм-Оргил, Т.Алзахгүй нарыг зодож биед нь тус тус хөнгөн зэргийн  гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                                                                        

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Т.Алзахгүй мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 10 сарын 05-ны өдөр би хөдөөнөөс охиныхоо гэрт ирчихээд усанд орчихоод зурагт үзээд хэвтэж байсан. Тэгээд 21 цагийн үед хаалга тогшоод манай охин Эрдэм-Оргил хаалга онгойлгосон. Тэгсэн чинь Мөнгөншагай байсан. Эрдэм-Оргил Мөнгөншагайг оруулахгүй гэсэн чинь барьж байсан шуудайтай ногоогоороо түлхээд гэрт ороод ирсэн. Эрдэм-Оргил Мөнгөншагайд чи наад ногоогоо аваад яв, наадах чинь хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр цаад талын өрөөнд орчихсон. Удалгүй Эрдэм-Оргилыг утас нь дугараад намын байран дээр хуралтай гэж дуудсан. Эрдэм-Оргил хурал руугаа явах гэсэн чинь Мөнгөншагай явуулахгүй хэн яриад байгаа юм, чи хаашаа явах гээд байгаа юм, утсаа аваад ир гээд утасыг нь шалгах гээд байсан. Эрдэм-Оргил гарахдаа Мөнгөншагайг чи гар, би гарлаа гэсэн чинь Мөнгөншагай гараагүй. Тэгээд тэр 2 буцаад өрөөндөө орчихсон. Удалгүй Эрдэм-Оргил орилоод эхэлсэн. Би сандраад өрөөнд нь орсон чинь Эрдэм-Оргил хажуугаар орж ирээд чи 2, 3 жил хүнээр тэжээлгэчихээд юу нэхээд байгаа юм бэ? гэж хэлсэн чинь Мөнгөншагай Эрдэм-Оргилыг шууд цохиод авсан. Эрдэм-Оргилоос цус гараад эхлэхээр нь би айгаад Мөнгөншагайг татаад авсан чинь намайг эргэж хараад нүүр лүү шууд цохиод авсан. Бас унагааж байгаад өшиглөсөн. Намайг унасан байхад миний дээгүүр давж харайгаад Эрдэм-Оргилын халаасыг ухаж байгаад утасыг нь аваад, миний машины  түлхүүрийг аваад гэрээс гараад гүйчихсэн. Гараа зангидаж байгаад толгой руу, шанаа руу цохьсон, бас унагааж байгаад хөл рүү өшиглөсөн. Эрдэм-Оргилыг үсдэж байхад нь харсан. Мөнгөншагай Эрдэм-Оргилыг удаа дараа зодож байсан. Манай охин надад хэлдэггүй байсан. Эрдэм-Оргилын нүд нь хөхөрсөн байдалтай 10 гаруй хоног ажилдаа очоогүй хүртэл байж байсан. Тэрийг би мэдэж байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,

2. Хохирогч Х.Эрдэм-Оргил мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр орой 21 цагийн үед би гэртээ ээж, охин хоёртойгоо байж байсан. Тэгсэн чинь хаалга нүдсэн. Хаалга тайлахад Мөнгөншагай согтуу гартаа 2 шуудай ногоотой шууд дайраад ороод ирсэн. Би тэгэхээр нь наад шуудайтай ногоогоо ээждээ өг. Надад хэрэггүй гэж хэлсэн. Тэгсэн чинь өөдөөс чи ямар хүнтэй болчихоод хэнтэй суух гээд байгаа юм, тэр хүнийхээ нэрийг хэл гээд хэрүүл өдөөд эхэлсэн. Би Мөнгөншагайд би чамд нэг өдөр алуулах байх, чи намайг байнга зодож нүддэг, нэг л өдөр алуулах байх, хоёулаа хамт амьдрахаа болъё гэж хэлсэн. Тэгсэн чинь Мөнгөншагай чи өөр хүнтэй болсон байна, тэр хүнийхээ нэрийг хэл, над шиг үнэнч хүн чамд олдохгүй гээд байсан. Тэгээд би Мөнгөншагайг чи одоо яваа, ээж ирсэн байна. Би чамтай хономооргүй байна. Чи яваад өгөөч ээ гэж гуйсан, тэгсэн чинь чамтай сүүлчийн удаа нэг хоноё гээд явахгүй байхаар нь чи тэгвэл яваад усанд орчихоод хүрээд ир гэж хэлсэн. Би Мөнгөншагайг усанд орсон хойгуур нь ээждээ энэ цагдаагийн дугаар шүү. Янз бүрийн асуудал болвол залгаарай гэж хэлсэн. Мөнгөншагай усанд орж дуусаад гарахад нь яг миний утас дуугараад намын байран дээр хүрээд ир гэж хэлсэн. Намайг Мөнгөншагай явуулахгүй байсан,чи хаачих гээд байгаа юм, чамайг гаргахгүй гээд байсан. Миний утасыг хүчилсээр байгаад булаагаад авсан. Манай ээжийн машины түлхүүр надад байсан бас булаагаад авсан. Тэгээд бид хоёр шуугилдаад байсан чинь ээж өрөөнд ороод ирсэн. Тэгээд ээж Мөнгөншагайг чи одоо орж ирчихээд яагаад дээрэлхээд байгаа юм бэ гэж хэлээд тэр хоёр хэрэлдээд эхэлсэн. Мөнгөншагай хэрэлдэж байснаа ээжийг зодоод эхэлсэн. Тэгээд би болиоч ээ гэж хэлсэн чинь намайг зодоод эхэлсэн. Бид хоёр цагдаа дуудаж чадаагүй байсан юм. Манай ээж арай ийм юм болно гэж бодоогүй байх, манай охин уул нь гэртээ байсан. Тэр явдлыг хараад айсандаа том өрөө рүү гүйгээд орсон. Би охин руугаа гараад цагдаа дууд гэж орилсон чинь манай охин гараад гүйсэн. Удалгүй цагдаа ороод ирсэн. Мөнгөншагай гараад гүйсэн. Намайг гараа зангидаж байгаад нүүр лүү 2-3 удаа цохьсон. Миний уруулнаас цус гарсан. Манай ээжтэй хэрэлдэж байснаа түлхэж унагаагаад толгой руу нь 3-4 удаа цохьсон. Бас нуруу хэсэг рүү нь өшиглөөд байсан... Мөнгөншагай дандаа хүч хэрэглэдэг. Өөрийнхөө дураар эрүүл байсан ч уур нь хүрэх юм бол биеэ барьж чаддаггүй, шууд хэл үгээр доромжлоод зодох гээд дайрдаг. Намайг цохих болгондоо дандаа толгой руу цохьдог... гэсэн мэдүүлэг  /хх-ийн 10-р хуудас/,

3.Насанд хүрээгүй гэрч Э.Оюун-Төгөлдөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би тэр өдөр эмээ, ээж 2-тойгоо гэрт байж байсан. Тэгсэн чинь Мөнгөншагай ах хаалга нүдээд шуудатай төмс оруулаад ирсэн. Ээж тэрнийг нь авахгүй гэсэн чинь Мөнгөншагай ах дахиад нэг шуудаатай төмс оруулаад ирсэн. Тэгээд Мөнгөншагай ах, ээж, эмээ 2-той цаад талын өрөөнд хэрэлдээд байсан. Би том өрөөнд сууж байсан юм. Тэгсэн чинь ээжийн орилох чимээ сонсогдсон. Би гайхаад яваад очсон чинь Мөнгөншагай ах манай ээжийг орон дээр хэвтүүлсэн байдалтай зодож байсан. Манай эмээ газар уначихсан байсан. Ээж намайг цагдаа дуудаарай гээд орилоход нь би гэрээсээ гарч яваад дэлгүүрийн эгчээс гуйж цагдаа дуудуулсан. Эмээгийн толгой руу цохиод байсан... гэсэн мэдүүлэг  /хх-ийн 11-р хуудас/,

4. Шүүгдэгч Э.Мөнгөншагай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би тэр өдөр Төрийн банкинд ажилладаг Батзаяа гэдэг найзынхаа засвар хийж байсан байранд нь Цэдэндорж, Батзаяа бид гурав 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан юм. Би орой 19 цагийн үед гэртээ харихаар Батзаяагийн гэрээс гарсан. Тухайн үед би бага зэрэг согтсон байсан. Би гэртээ ороод шууд усанд орсон. Уснаас гарч ирчихээд хэвтэж байсан чинь Эрдэм-Оргил би гарлаа, намын хуралтай болчихлоо гэсэн. Тэгэхээр нь би хэнтэй яриад байгаа юм. Ийм орой хуралддаг гэж юу байдаг юм гээд утсыг нь булаагаад авах гэсэн чинь Эрдэм-Оргилын ээж Алзахгүй өрөөнд ороод ирсэн. Орж ирснээ намайг чи энэ хогоо аваад зайл муу ядуу гуйлгачин гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Алзахгүй миний гарнаас бариад авахаар нь би гараа хүчтэй татаад авсан чинь цаашаагаа саваад унасан. Тэгээд Эрдэм-Оргил босч ирээд ядуу гуйлгачин гэх мэтээр доромжлоод байсан. Миний уур гэнэт хүрээд Эрдэм-Оргилыг нэг цохичихоод утсыг нь булааж аваад гараад явсан. Алзахгүй миний гарнаас бариад авахаар нь би гараа хүчтэй татсан чинь саваад унасан. Цохьсон асуудал байхгүй. Эрдэм-Оргилын уруул руу нь гараараа нэг цохчихоод гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,                                  

5. Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 ны 10 дугаар сарын 07-ны өдрийн №1070 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

- Х.Эрдэм-Оргилын биед тархи доргилт, уруулд шарх, цус хуралт, баруун нүд, бугалгаанд цус хуралт, баруун хацар, уруулд зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.

- Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, бөгөөд 2016.10.05-нд үүссэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэсэн дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/,

6. Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 ны 10 дугаар сарын 06-ны өдрийн №1069 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

- Т.Алзахгүйн биед тархи доргилт, духны зүүн хэсгийн цус хуралтын гэмтэл  тогтоогдлоо.

- Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

- Уг гэмтэл нь ГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

- Т.Алзахгүйн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэсэн дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/,

7.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын эмнэлэгийн ХАЯТ-ийн жижүүр эмчийн Х.Эрдэм-Оргилын биед хийсэн анхны үзлэгийн тодорхойлолтод

Ирэх үеийн зовиур: Толгой өвдөнө, баруун шанаа руу халуун оргино, хавдсан, уруулын дотор талд язарсан шархтай.

Хэсэг газрын үзлэг: Баруун шанаа орчим улайсан. Бага зэрэг хавдартай. Дээд уруул хавдсан дээд уруулын дотор талд /баруун/ 5 см орчим язарсан шархтай шархнаас цус гарна. Баруун нүдний гадна талд цус хуралттай... гэсэн тодорхойлолт

8.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын эмнэлэгийн ХАЯТ-ийн жижүүр эмчийн Т.Алзахгүйн биед хийсэн анхны үзлэгийн тодорхойлолтод

Ирэх үеийн зовиур: Толгой өвдөнө, гол өвдөлт зүүн шанаа орчим лугшиж өвдөнө. Зүрх дэлсэнэ.

Хэсэг газрын үзлэг: Зүүн чамархайн урд 6х7 см орчим арьсан дор цус хурсан. Арьс нь хөхрөлт үүсэн байв... гэх тодорхойлолт /хх-ийн 18 хуудас/

9. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/,

10. Хохирогч Х.Эрдэм-Оргил, Т.Алзахгүй нарын шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч Э.Мөнгөншагай нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21 цаг 30 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн 3-62 тоотод Х.Эрдэм-Оргил, Т.Алзахгүй нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, Х.Эрдэм-Оргил, Т.Алзахгүй нарыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хэрэг бүртгэлтийн шатанд цуглуулж, бэхжүүлж авсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч Х.Эрдэм-Оргил, хохирогч Т.Алзахгүй, насанд хүрээгүй гэрч Э.Оюунтөгөлдөрийн мэдүүлэг, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 ны 10 дугаар сарын 07-ны өдрийн №1070 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 ны 10 дугаар сарын 06-ны өдрийн №1069 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын эмнэлэгийн ХАЯТ-ийн жижүүр эмчийн Х.Эрдэм-Оргил, Т.Алзахгүй нарын биед хийсэн анхны үзлэгийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд байх тул хэргийг  шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Шүүгдэгч Э.Мөнгөншагайгийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон,  хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч Э.Мөнгөншагайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Мөнгөншагай нь 2005 онд Орхон аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн гэх боловч Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын ...Барнууд овгийн Эрхэмбаяр овогтой Мөнгөншагай нь 2005 онд Орхон аймгийн шүүхээр шийтгэгдэж байгаагүй болно... гэсэн албан тоот, Э.Мөнгөншагайгийн ял шийтгэлийн байдал нь ЦЕГ-ын МСТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй болох нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Э.Мөнгөншагайг урьд ял шийтгэгдэж байгаагүй гэж үзэх үндэслэл болно.

Хохирогч Т.Алзахгүй нь хэрэг бүртгэлтийн шатанд 55650 төгрөгийн эмчилгээний төлбөр, Х.Эрдэм-Оргил нь 136.800 төгрөгийн эмчилгээний төлбөрийн тус тус Э.Мөнгөншагайгаас гаргуулахаар нэхэмжилсэн боловч хохирогч Т.Алзахгүйн шүүхэд ирүүлсэн хүсэлтэд: ...Миний бие Түвдэн овогтой Алзахгүй нь Э.Мөнгөншагайтай сайн дурын үндсэн дээр эвлэрч байгаа, хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх хүсэлт, хохирогч Х.Эрдэм-Оргилын шүүхэд ирүүлсэн хүсэлтэд: ...Миний бие Хүрэлтогтох овогтой Эрдэм-Оргил нь Э.Мөнгөншагайтай сайн дурын үндсэн дээр эвлэрч байгаа, хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.Мөнгөншагай нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Мөнгөншагай нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ хохирогч Х.Эрдэм-Оргил, Т.Алзахгүй нарт дансаар 500.000 төгрөг шилжүүлсэн гэх боловч шүүхэд нотлох баримтыг ирүүлээгүй болно.

Шүүгдэгч Э.Мөнгөншагайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй боловч энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Х.Эрдэм-Оргил, Т.Алзахгүй нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мөнгөншагайд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Барнууд овгийн Эрхэмбаярын Мөнгөншагайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Э.Мөнгөншагайгийн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар Э.Мөнгөншагайг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Шүүгдэгч Э.Мөнгөншагай нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар тооцогдсон болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4.Шүүгдэгч Э.Мөнгөншагайд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 –т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мөнгөншагайд авсан батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ДЭЛГЭРСАЙХАН