Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 762

 

   Д.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

   прокурор Б.Ганбулган,

шүүгдэгч Д.Б,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/882 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Ганбулганы бичсэн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 94 дугаартай эсэргүүцлээр Д.Б-д холбогдох эрүүгийн 1906 00723 0947 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-н Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............ дүүргийн .. дугаар хороо, ... дугаар хороолол, ......... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ......../,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 152 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 616 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан;

Д.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ......... дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “И” зочид буудлын 410 тоот өрөөнд байхдаа иргэн Д.Б-н “Samsung А-5” загварын гар утас, Швед улсад үйлдвэрлэгдсэн “Мичел корс” загварын бугуйн цаг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овгийн Д-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг Д.Б-д хүлээлгэж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ганбулган бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, 2.5-д заасан оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.” гэж заасан байна.

Эрүүгийн хуулиар ялтан нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсвэл дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд үүсэх үр дагаврыг тусгайлан зохицуулж хуульчилсан. Тэнссэн хугацаанд ялтан нь санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тусгайлан заасан байна. Тэнссэн хугацаанд ялтан нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдвэл тухайн гэмт хэргийн болон хүний хувийн байдал зэргийн харгалзан, албадлагын арга хэмжээг нь хүчингүй болгож болох талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Мөн ялтан нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж тусгайлан заасан байна. Мөн ялтанд тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлж, хязгаарлалтыг зөрчөөгүй бол үүрэг хүлээлгэсэн хугацааг дуусахаас өмнө ялаас чөлөөлөгдөх боломж хуулиар олгогдсон. Энэ талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Тэнссэн хугацаанд гэмт хэргийн хохирлыг бүрэн төлж шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлж эрхийн хязгаарлалтыг зөрчөөгүй ба цаашид үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацааг дуусахаас өмнө ялаас чөлөөлж болно” гэж тусгайлан зохицуулжээ. Шийтгэх тогтоолд хуулийн дээрх заалтыг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 882 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Д.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ... дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “..........” зочид буудлын 410 тоот өрөөнд байхдаа иргэн Д.Б-н “Samsung А-5” загварын гар утас, Швед улсад үйлдвэрлэгдсэн “Мичел корс” загварын бугуйн цаг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Б-н “... Би бие засах өрөөнд ороод нэлээд удаж байгаад гарч иртэл Б гараад явсан байхаар нь буудлын ажилтнаас асуутал “дөнгөж сая гараад явсан” гэж хэлсэн. Өрөөндөө орж ирээд ширээн дээр тавьсан байсан гар утас, бугуйн цаг хоёрыг аваад явсан байсан. ...” /хх 8-9/,

  яллагдагчаар Д.Б-н өгсөн “...Би байж байтал ширээн дээр гар утас, бугуйн цаг ил харагдаж байхаар нь аваад гараад явсан ...” /хх 32/ гэх мэдүүлгүүд, 

“Тод үнэлгээ” ХХК-ийн хохирлын үнэлгээ /хх 21/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-г бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Б-н гар утас, бугуйн цаг хулгайлж, 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дэх заалтад зааснаар тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Харин анхан шатны шүүх, ялтан тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаарх заалтыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулаагүй байх бөгөөд энэ талаар заах нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцнэ гэж үзэв.

Прокурор Б.Ганбулганы бичсэн эсэргүүцлээс “... шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг дурдуулах ...” талаар гаргасан эсэргүүцлийн үндэслэлийг хүлээн авч, бусад үндэслэлүүдийг хэрэгсэхгүй болгов.  

Учир нь, хуульд заасан үндэслэл үүссэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх зохицуулалтыг хуульд заасан тул тухайн цаг хугацаанд эрх бүхий субьект хэрэгжүүлэн ажиллах учиртай.

Иймд эсэргүүцэлд бичсэн үндэслэл бүрээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заалт оруулах хууль зүйн үндэслэлгүй болно.