Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2021/0415

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Ш” ХХК, 

Хариуцагч: Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч,

Гомдлын шаардлага: Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 0059357 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхамсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өсөхбаяр, М.Баттуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхамсүрэн шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Шуурхай зар сонинд нийтлэгдсэн “Аав зарна” гэх нь зар сурталчилгаа бус худал мэдээлэл байсан тухайд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр албан бичгээр “Өү Ай Энтертайнмент” ХХК-ийн 9 дэх уран бүтээл болох “Гайхамшигт ертөнц” уран сайхны киноны маркетингийн үйл ажиллагаанд зориулж Шуурхай зар сонинд “Аав зарна” гэж зар өгье хэмээн хандсан. Тухайн үед тус компанитай харилцаж байсан маркетингийн менежер зарыг хүлээн авахаас татгалзахад “...Бид хууль ёсны дагуу кино бүтээх эрхээ авсан бөгөөд энэхүү зарын агуулга нь хүн худалдаалах биш учир хуульд нийцнэ.” гэх байдлаар хариуг өгсний дагуу энэхүү зар нь зарын агуулгагүй, маркетингийн үйл ажиллагааны нэг хэсэг байсан учир 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “тун удахгүй” гэсэн бичигтэйгээр нийтэлсэн байдаг.

Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““зар сурталчилгаа” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид “бүтээгдэхүүн” гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг” хэлдэг. Манайх ажил үйлчилгээ, төсөл, үйл ажиллагааны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зоригоор сонинд зарыг хэвлүүлсэн этгээд биш юм. Мөн энэхүү зар нь хүн худалдаалах, нийтэд айдас төрүүлэх агуулга бүхий зар, зар сурталчилгааны биш бөгөөд худал мэдээлэл байсан тул ийнхүү Зөрчлийн тухай хуулийн 10.1-д зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

Тухайн шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчид шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд хэрэв тус зар нь Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзвэл тус зөрчлийн холбогдогч нь гомдол гаргагч бус тухайн зарыг сонинд байршуулсан ажилтан байх юм. Учир нь тус ажилтан нь Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр манайд ажилладаг бөгөөд Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу тухайн ажилтан нь аливаа худал мэдээллийг нийтлэхгүй байх, ажлаа хариуцлагатай хийж гүйцэтгэх үүргийг хүлээдэг.

Зөрчлийн тухай хуулийн 2.1-т дүгээр зүйлийн 3-д хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэн оногдуулна гэж заажээ. Гэвч тухай ажилтан нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчин гомдол гаргагчийн ашиг сонирхлын өмнөөс тухайн худал мэдээллийг байршуулаагүй байтал хуулийн этгээдэд холбогдуулан шийтгэн ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ.

Нэгд зөрчил үйлдэгдсэн гэдэг нь тодорхой байгаагүй. Хариуцагч нь Зар сурталчилгааны тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр оногдуулахдаа тухайн зар нь зар сурталчилгаа мөн эсэх, хүн худалдаалах агуулга байсан эсэхэд огт дүгнэлт хийгээгүй төдийгүй энэхүү хэргийн холбогдогч нь “Шуурхай зар сонин” НҮТББ эсхүл “Ш” ХХК, эсхүл тухайн зарыг байршуулсан ажилтны аль болохыг тодруулалгүйгээр зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулалгүйгээр энэхүү хэргийг шалган шийдвэрлэж гомдол гаргагчийн холбогдогчоор татаж шийтгэл оногдуулсан нь буруу байна.

Мөн зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдоогүй холбогдогч “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхдэлгэр, Шуурхай зар сонины маркетингийн менежер Ц.Амаржаргал нараас болсон хэрийг талаар зөвхөн мэдүүлэг авч, мэдүүлэх авахдаа гомдол гаргагчийг илт зөрчил үйлдсэн нь үнэн гэсэн байдлаар асуулт тавьж, зөрчлийг шалгалгүйгээр шийтгэл оногдуулсан нь холбогдогчийн эрхийг зөрчсөн шалган шийдвэрлэх ажилагааг хууль ёсоор хийгээгүй болохыг харуулж байна. Иймд гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өсөхбаяр төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Манайх хариуцлага хүлээх этгээд нь биш гэдэг байдлаар яриад байна. Хариуцагчийн зүгээс шуурхай зар сонинд “ааваа зарна” гэх зарыг нийтэд хэвлэсэн зөрчил гэж үзсэн учир нийтлэн хэвлэсэн этгээд нь гомдол гаргагч юм. Зар сурталчилгаа түгээгч гэж мэдээлэх хэрэгслийг ашиглах, эсхүл бусдад ашиглуулах замаар зар сурталчилгааг байрлуулж, нийтэд сурталчилж байгаа этгээдийг хэлнэ. Өөрөөр хэлбэл зар сурталчилгаа түгээгч нь гомдол гаргагч юм. Сонинд тус зарыг байршуулсан ажилтан нь хөдөлмөрийн гэрээгээ зөрчиж энэ үйлдлийг гэсэн байдлаар ярьж байна. Энэ агуулгаас харвал гомдол гаргагч нь зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрч байгаа ч юм шиг агуулгатай тайлбарлаж байна. Учир нь манай ажилтан хөдөлмөрийн гэрээгээ зөрчөөд ийм зүйл хэвлэсэн учир тус ажилтанг торгох ёстой гэдэг байдлаар ярьж байна. Гэтэл хариуцагч нь хөдөлмөрийн гэрээ хянадаг байгууллага биш ба эсрэгээрээ зарын тухай хуулийн хэрэгжилтийг хангадаг төрийн буюу Засгийн газрын тохируулагч агентлаг юм.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэсэн тайлбар хэлж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан байгаа. Дараах үндэслэлийн аль нэг нь буюу эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэсний дагуу шийдвэрлэсэн. Ингэхдээ холбогдогчийг тогтоож мөн эрх бүхий этгээд болох захирлаас нь тайлбар мэдүүлэг аваад, мөн тодорхой тэмдэглэл үйлдээд, дээрээс хэл шинжилгээний ухааны доктор н.Энхбат гэдэг хүнээр дүгнэлт гаргуулаад, Шуурхай зар сонинд нийтэлсэн зарыг манайх баталгаажуулаад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн.

Юуг нь үндэслэж хялбаршуулсан журмаар шийдэж байгаа вэ гэхээр энэ нь зөрчил үйлдсэн илт тодорхой. Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна гэж байгаа. Элдэв өвчин зовлон байхгүй гээд утасны дугаараа бичсэн байсан. Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлд зарыг бүтээх, түгээх ерөнхий шаардлагыг тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл хүссэн зар сурталчилгаагаа бид бусдад түгээгээд бүтээгээд байж болохгүй. 6 дугаар зүйлийн 6.1-т зар сурталчилгаа нь өөрөө үнэн байна гэж хуульчилсан байна. Мөн хэрэглэгчид хүртээмжтэй байх гэдэг. Энэ нь өөрөө зар сурталчилгаа нь үнэн ба худлаа байхгүй гэдэг агуулгыг харуулж байна.

Бүтээсан захиалсан этгээдийг холбогдогчоор татаагүй. Түгээсэн этгээдийг холбогдогчоор татаад ажиллагаагаа хийсэн.

Хамгийн гол нь 6 дугаар зүйлийн 6.5.5-д Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг гэж байгаа ба үүнд болох гэж тодотгосон байна. Энэ нь хүмүүст иргэдийг зарж болох юм байна гэдэг сэдлийг түрүүлж байгаа. Энэ нь өөрөө хүн худалдаалах эрүүгийн гэмт хэрэг. Аавыг зарна гэсэн дугаар руу нь хүмүүс залгасан байгаа. Ааваа зарах юм уу би хөдөө малаа маллуулмаар байна. Хүүдээ хань болгоё гээд хүмүүс залгасан байгаа юм. Энэ нь эрүүгийн хуулийн зүйл заалтаар хүн худалдаалах сэдэл өгөх боломжтой. Хуулийн заалтын дагуу болох юм гэдэг талаас нь торгосон. Мөн нийгэмд энэ нь айдас төрүүлсэн гэж үзэж болно.Тухайн зарыг нийтэлсэн цахим хуудасны доор нь хаягаа хэл гээд бичсэн байгаа.

Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хууль бус зар сурталчилгаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд зар сурталчилгаа хамаарна гэж заасан байна. Ерөнхий шаардлагад хамаарахгүй зар сурталчилгаа байх тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар зөрчлийг торгосон байгаа. Иймд гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 0059357 дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5000000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““зар сурталчилгаа” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид “бүтээгдэхүүн” гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг”, 3.1.5-д ““мэдээлэх хэрэгсэл” гэж...... хэвлэл болон бусад арга хэрэгслийг” хэлнэ, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно” гээд 6.5.7-д “айдас төрүүлэх, хүчирхийлэл, садар самуунд уруу татах, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг” гэжээ.

 Шуурхай зар сонины 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн мягмар гарагийн №02 дугаарт “ААВ ЗАРНА. Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна. /Элдэв өвчингүй/ үнэ 3 сая. Утас ,,,,,,,,,. Coming soon” гэсэн зар нийтлэгджээ.

Гомдол гаргагчаас “** энтертаймент ХХК-ийн шинэ уран бүтээлд зориулсан маркетингийн үйл ажиллагаа” гэж, хариуцагчаас “дээрх зар нь нийгэмд айдас түрүүлсэн” гэж тус тус маргажээ. 

Уг зар нь Шуурхай зар сонинд нийтлэгдсэн эсэх талаар оролцогчид маргаагүй бөгөөд тухайн зарыг “нийгэмд айдас түрүүлсэн” зар гэж үзсэн хариуцагчийн дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Учир нь тухайн зар нь агуулгын хувьд аав буюу эцгийгээ зарах агуулгаар, бусад заруудын хамт /нэг хуудсанд/ нийтлэгдсэн, ялгах шинж тэмдэггүй, өөрөөр хэлбэл “** энтертаймент” ХХК, “Гайхамшигт ертөнц” уран сайхны кино зэргийг тодотгоогүй зөвхөн Coming soon буюу тун удахгүй гэсэн тайлбартайгаар нийтэлснийг уран бүтээлд зориулсан зар гэж үзэх боломжгүй байна.

 Тодруулбал: Coming soon буюу тун удахгүй гэсэн өгүүлбэр нь тухайн зарыг уран бүтээлд зориулагдсан гэдгийг бүрэн дүүрэн илэрхийлэх бөгөөд уг зарыг хүүхэд, настай хүн гэх мэт Англи хэлний мэдлэггүй хүн ч унших боломжтой тул гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан зөрчил гаргасанд тооцож, маргаан бүхий захиргааны актаар шийтгэл ногдуулсан нь хуульд нийцжээ.

Нөгөөтэйгүүр тухайн зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, гомдол гаргагч нь 2007 онд шуурхай зар сонин эрхлэх туслах үйл ажиллагааг бүртгүүлсэн байх тул гомдол гаргагчийн “зөрчил ногдуулах этгээдийг тодруулаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх тайлбар мөн үндэслэлгүй байна.

Иймд гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 6.5.7, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1-д тус тус заасныг баримтлан “Ш” ХХК-ийн гомдолтой Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчид холбогдох Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 0059357 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ