Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2024/0482

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

Г.Г-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 452 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч өмгөөлөгч Г.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Гуравдагч этгээд Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2024/0243/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч өмгөөлөгч Г.Г-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 452 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 6.2.2 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.2, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.6, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.6 дахь хэсэг, 34.6.1, 34.6.3 дахь заалт, 2002 оны Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэг, 12.8.2 дахь заалт, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсэг, 17.8.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн Г.Г-н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт гаргасан болно.

            Мөн “Т” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт иргэн Г.Г нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дээрх шаардлагаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны А/622 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг хэргийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхим хянан хэлэлцээд тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байхад Монгол Улсын дээд шүүхийн тогтоолыг тайлбарлаж шийдвэр гаргасан.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 452 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарласан байх бөгөөд тус тогтоолд “...Тайлбарлах нь хэсгийн 1-ийн а/-д “Өмгөөлөгчийн хувьд өөрийн нэрийн өмнөөс нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд томилолт шаардахгүй бөгөөд харин бусад этгээд болон Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн баталсан “Нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хэлбэр, журам”-д тусгаснаар шүүхэд хандаж буй тохиолдолд “томилолт”-ын үндсэн дээр төлөөлж нэхэмжлэл гаргах эрх үүснэ” гэж тайлбарласан бөгөөд Г.Г-н хувьд нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой асуудлаар буюу “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... иргэн Б.Т-т олгосон газар нь Улаанбаатар хотын төв авто зам дагуух явган хүний зам дээр олгогдсон байдаг. Тус газар нь Цэвэр усны хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, авто замын хамгаалалтын бүс, дулааны шугамын хамгаалалтын бүс, цэвэр усны шугамын хамгаалалтын бүс, холбоо мэдээллийн шугамын хамгаалалтын бүсүүд дээр давхацсан, ... маргаан бүхий газарт баригдсан барилга нь Улаанбаатар хотын төв зам дээр иргэдийн чөлөөтэй, тэгш, хүртээмжтэй, саадгүй зорчих хөдөлгөөнд саад учруулаад зогсохгүй нэр бүхий шугам, сүлжээ, хоолойнуудыг эвдлэн гэмтээх, завсар, нэмэлт үйлчилгээ хийх зэрэг онцгой тохиолдлын үед холбогдох ажил хийх боломжийг бүрэн хязгаарласан ...” гэж тайлбарлан маргасан байна.

2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай” 379 дүгээр захирамжаар иргэн Ш.Н-д тус дүүргийн 18 дугаар хороонд худалдаа үйлчилгээний зориулалтаар 0.006 га газар эзэмших эрхийг олгосон байх бөгөөд 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохдоо газрын хэмжээг захирамжид дурдсан хэмжээнээс хэтрүүлэн 130 м.кв газрыг нэгж талбарын 18636310140093 дугаартай, 5 жилийн хугацаатайгаар олгож, маргаан бүхий газарт 129,96 м.кв талбайтай нэг давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьж, эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгүүлж, гэрчилгээ авчээ.

2.4. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байх ба Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/417 дугаар захирамжийн хавсралтын 7-д маргаан бүхий газрын эзэмших эрхийг С.Б-д, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжаар Б.Т-т тус тус шилжүүлэн эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байна.

2.5. Түүнчлэн маргаан бүхий газар болон уг газар дээр байрлах гуравдагч этгээд Б.Тийн үл хөдлөх хөрөнгө нь цэвэр усны шугамын хамгаалалтын бүс болон ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсүүдтэй тус тус давхцалтай байхаас гадна авто замын хажуугийн явган хүний зам дээр байрлалтай болох нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургуудаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно, 2002 оны Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 34.1-д зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 12.8.2-т “... үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих”, 2011 оны Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 17 дугаар зүйлийн 17.8-д “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 17.8.4-д “газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох” гэж тус тус заасныг зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

2.6. Нөгөөтээгүүр, нөхөн олговор шаардах эрх хэрэгжих боломжтой талаар анхан шатны шүүх шийдвэртээ дурдсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай огт хамааралгүй гэж үзэх боломжгүй төдийгүй энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 452 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН