Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/828

 

2022           8            19                                   2022/ШЦТ/828

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2020/0389/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүгч Б.Батсайхан, А.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч: Г.Цогтгэрэл,

иргэдийн төлөөлөгч Н.Баярцэнгэл,

шинжээч С.Төгсбуян,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо,

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч С.Батжаргал, Л.Азжаргал,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О нарт холбогдох эрүүгийн 1807001780080 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын барилгын инженер мэргэжилтэй, ......... ХХК-ийн захирал ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас Алтан гадас одонгоор шагнуулж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Т.М /РД:/

Монгол улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ......... тоотод оршин суух хаягт бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ............ тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020.01.31-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Д.О  /РД:/

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.М нь 2018 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр монголын өөртөө засах орны Эрээн хотын “Х... Л..” нэртэй зочид буудлын 542 тоот өрөөнд иргэн Ш.Ц-г зодож, амь нас аврагдах боломжгүй гавал тархины битүү гэмтэл учруулсны улмаас Эрээн хотын нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ авч 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тээвэрлэгдэн хүргэгдэх замдаа амьсгал гэнэт зогсож нас барсан буюу Ш.Ц-г санаатай алсан;

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр монголын өөртөө засах орны Эрээн хотын “Х... Л..” нэртэй зочид буудлын 542 тоот өрөөнд иргэн Ш.Ц-г зодож, амь нас аврагдах боломжгүй гавал тархины битүү гэмтэл учруулсан болохыг мэдсээр байж, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 2 удаа тус тус гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Т.М, Ш.Ц хоёр хоёулаа гурван Өвөр монгол, Хятад хүн ирээд бид хоёрын толгой, нүд рүү цохичхоод зугтаачихлаа гэж хэлж байсан”, “тэр хоёр бусдад зодуулсан гэж яриад байсан” гэх зэргээр Т.М-ын Ш.Ц-г зодсон үйлдлийг нууж хаах зорилготой зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 1990 оноос хойш Ш.Ц-тэй найзалсан ба 28 жил нөхөрлөсөн. Бид хоёр маш сайн найзууд байсан. Хамтдаа нийлээд би 51 хувь, Ш.Ц 49 хувь эзэмшихээр ...... ХХК байгуулж би Ерөнхий захирлаар, Ш.Ц дэд захирлаар ажилладаг байсан. Бид гэр бүлээ авч явахын төлөө зүтгэж байсан. Энэ хэрэгт холбогдсоноос хойш надад маш хүнд байгаа, бас маш их харамсаж байна. Тухайн үед найзтайгаа Дорноговь аймагт байх объект руу очихоор Ш.Ц бид хоёр Д.О-н хамт машинаар явсан. Гэтэл замд машины дугуй их хагараад байсан ба түүнийг янзлах үед Ш.Ц нь гартаа бэртэл авсан байхыг үгүйсгэхгүй. Би Эрээнд байх зочид буудалд Ш.Ц-н хамт архи уусан бөгөөд архи ууж дуусаад Ш.Ц манай өрөөнөөс гараад явсан нь үнэн. Тухайн өдрийн маргааш Ш.Ц өрөөндөө сэрэхгүй байгаад эмч дуудан анхан шатны тусламж үзүүлсэн нь үнэн гэвч эмчлэх эмч байхгүй, хагалгааны эмчийг таксигаар авч ирээд хагалгаа хийлгэсэн байдаг.  Хагалгаа хийсэн эмч найз чинь зүгээр ээ гол нь хөдөлгөж болохгүй шүү гэж захисан байсан. Би тухайн үед Ш.Ц-н эхнэрээс санаа зовоод аргагүйн эрхэнд худал хэлсэн. Бид нар маргааш буцах гэж байсан тул бүх зүйлээ бэлтгэж баглуулаад янзалсан байсан. Явахын өмнө өдөр Өвөр монголчууд бид нарыг дайлсан. Дайлуулж дуусаад тэр 21 цаг 53 минутад буудалд хүргүүлж очсон. Зочид буудалд очих хүртэл ямар нэг зодоон болсон асуудал болоогүй. Бид нар нэг шил архи болон жимс аваад 542 тоот манай өрөөнд орсон. Тухайн архийг уугаад маргааш бид нар эрт явахаар тохирсон байсан. Би найзынхаа амь нас эрсэдсэнд маш их харамсаж байна...                         

Би талийгаач найз Ш.Ц-тэй хамт ......... ХХК-г үүсгэн байгуулж байсан нь үнэн. Гэхдээ найз маань нас барж би энэ хэрэгт холбогдон шалгагдсан, ковид өвчин гарсан зэргээс шалтгаалж компани санхүүгийн байдлын хувьд маш хүнд байдалтай 200 гаран сая төгрөгийн татварын их хэмжээний өртэй байгаа. Тайлангаа ч гаргаж өгч чадахгүй байгаа. Н.М-ийн зүгээс ......... ХХК-ийн эзэмшлийн асуудлаар хандаж энэ компанийг авъя гэвэл би өгөхөд бэлэн. Би талийгаачийн оршуулгын зардалд 13 200 000 төгрөг, талийгаачийн хүүхдийн сургалтын төлбөрт 9 000 000 төгрөг, нийт           22 сая гаран төгрөг төлсөн. Мөн талийгаачийг тухайн үед Эрээн хотын нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн төлбөрийг төлсөн. ” гэв.

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр санагдаж байна. Т.М, Ш.Ц ах бид гурав Улаанбаатар хотоос гараад Замын үүд яваад тухайн газарт машинаа үлдээгээд хилээр гаран Эрээн явсан. Эрээнд 3 хоносон ба явахын өмнөх шөнө Буяндалай, Ш.Ц, Т.М нартай хоол идээд буудалдаа хүргүүлсэн. Харин Ш.Ц Т.М хоёр нэг шил архи хувааж уусан ба би усанд орчхоод гараад ирэхэд энэ хоёр амрах гэж байгаа байдалтай Ш.Ц амарлаа гээд манай өрөөнөөс гараад явсан. Өглөө сэрэхэд Ш.Ц гарч ирэхгүй байхаар нь өрөөнд нь ороход хурхирч байгаа байдалтай хэвтээд сэрэхгүй байсан. Өрөөндөө маш их бөөлжсөн байсан. Би нүүр амны хэсэг дэх бөөлжсийг нь, хувцсыг нь угааж цэвэрлэсэн..,Тэгээд бид хоёр Ш.Ц-г сэрэхгүй тасраад унтаад байна гэж ойлгосон. Тэгээд толгойд нь жин тавиад байсан боловч сэрэхгүй байхаар нь Буяндалайн ажил дээр очоод хэлэх гэтэл Буяндалай ажилдаа ирээгүй байсан. Тэгээд Буяндалай руу залгахад утас нь болохгүй байсан тул буудалд буцаж ирсэн. Намайг буудалд буцаж ирэхэд Ш.Ц ах бас л сэрээгүй байсан. Ингээд дахин Буяндалайн ажил дээр очиход бас л ирээгүй байсан бөгөөд би ажлынх нь хүмүүсээс асуух гэтэл дандаа Хятад хүмүүс байгаад байсан. Ингээд дахин буцаж яваад 3 дахь удаагаа Буяндалай дээр ирэхэд ажилдаа ирсэн байхаар нь дагуулаад Ш.Ц ахын өрөө рүү явсан.  Гэтэл Ш.Ц ах өмдөндөө шээсэн байсан тул түргэн дуудсан байдаг. Энэ хооронд маш их цаг хугацаа алдсан гэж бодож байна. Тэгээд эмнэлэгт очиход Ш.Ц ахыг цус харвасан байна гэж хэлсэн. Яаралтайгаар Хөх хотоос онгоцоор хагалгааны эмчийг авчрах гэсэн боловч онгоц байгаагүй тул хагалгааны эмчийг таксигаар авч ирсэн. Эмч ирээд хагалгаа хийгээд хагалгаа сайн болсон хөдөлгөж болохгүй, босох эсэх нь хүнээсээ шалтгаална гэж хэлсэн. Би Т.М Ш.Ц ах хоёрыг зодолдож байгааг хараагүй, надад нуух шаардлага байхгүй. Тухайн үед надад зодолдсон гэх зүйл ярьсан тул би буруу ойлгосон байсан. Мөрдөгч намайг тухайн үед маш их дарамталж байсан ба би ээжийгээ алдаад удаагүй байсан. Мөн би жирэмсэн байсан. Цагдаа нар хэрэг хүлээлгэх гэж тулган шаардаж байсан бөгөөд намайг 2 хоног саатуулсан. Би өмгөөлөгч авъя гэхэд хүчээр мэдүүлэг авсан бөгөөд намайг чи шоронд төрнө гэж хэлж байсан. Тухайн үед би маш их шоконд орсон байсан. Би өөрийн ойлгосон зүйлээ мэдүүлэгт өгсөн байдаг. Би Монгол улсын их сургуулийг төгссөн ба ёс зүйн хичээл орж байсан. Надад худлаа хэлэх ёс зүй байхгүй бөгөөд би малчин айлын 5 дахь охин. Надад худлаа хэлж хулгай хийхийг ээж маань заагаагүй. Би өмнө нь хүний утас олоод буцааж өгч байхад намайг торгож байсан. Гэнэн цагаан сэтгэлээр явж байгаад гэмт хэрэгт холбогдох амархан болсныг би ойлгосон. Би энэ хэрэгт холбогдоод явж байгаадаа, цуг явсан хүн маань нас барсанд би маш их харамсаж явдаг. Энэ явдлын дараа ажил төрөл хийж болохгүй маш хэцүү байна. Би тэр үед 3 сартай жирэмсэн байсан. Т.М-н хүүхэд байсан. Одоо би хоёр хүүхдээ тэжээхийн тулд хувиараа хөдөлмөрлөөд явж байна.” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би амь хохирогч Ш.Ц-н эхнэр. Би нөхөртэйгөө суугаад 18 жил амьдарсан ба бид дундаасаа 2 хүүхэдтэй албан ёсны баталгаатай байсан. Т.М-г би эртнээс танина. Ш.Ц-г надтай танилцахаас өмнө тэд найзууд байсан бөгөөд хамт ажил хийж нөхөрлөдөг байсан. Нөхөр маань тухайн үед Т.М-тэй Дорноговь явна гээд гэрээсээ гараад явсан. Би 1 дэх өдөр ирэх байх гэхэд өөрийн и-мэйлээр над руу нэг хонохоор боллоо гэж хэлсэн байсан. Гэтэл 2 дахь өдөр Т.М надтай холбогдоод бид хоёр архи уусан чинь Ш.Ц-н бие нь муудчихлаа гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр архи уудаггүй бөгөөд архи уусан болохоор бие нь муудсан байх гэж би дотроо бодоод төрсөн дүүгээ аваад автобусаар Эрээн явсан. Замд явж байхад манай нөхрийг цус харвасан байна гэж хэлсэн бөгөөд Хөх хотоос эмч дуудан хагалгаанд орсон байсан. Би маргааш өглөө нь Эрээнд очиход манай нөхөр толгой нь боолттой ухаангүй хэвтэж байсан. Би анх нөхрөө хараад сэргээд босоод ирнэ гэж бодож байсан бөгөөд Т.М-г бас энэ хэрэгт холбоотой гэж бодоогүй. Ингээд Т.М надтай хамт манай нөхрийг нэг л шөнө сахиж хоносон ба Т.М мөнгө төгрөг олох шаардлагатай байна гээд Улаанбаатар руу буцсан. Би дүүгийн хамт 9 хоног нөхрөө Эрээн хотын эмнэлэгт сахисан. Миний нөхрийн тархи ажиллахгүй байсан тул бусад эрхтэн нь давхар ажиллагаагүй болоод гуурсаар амьсгалуулж байсан. Удалгүй бид нар Монгол руу буцах шийдвэр гаргаад Улаанбаатараас түргэний тэргийг дуудаад тээвэрлэсэн байгаа. Би нөхрөө ухаан орно гэж маш удаан хүлээсэн бөгөөд миний нөхөр огтхон ч ухаан ороогүй, биеийн байдал нь сайжраагүй байсаар тээвэрлэх замд нас барсан. Би анх оршуулгын зардал 21 сая төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнийг надад Т.М бүрэн төлсөн. Бүхэл бүтэн хүний амь нас хохирсон байх тул хэргийг үнэн зөв шийдэж зохих ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. Би маш их гомдолтой байна. Мөн талийгаач нөхөр маань Т.М-тэй хамт .......... ХХК-ийг үүсгэн байгуулж байсан тул энэ компанийн хувь эзэмшлийн асуудлыг нягтлах хүсэлтэй байна.” гэв.

Шинжээч С.Төгсбуян шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчээр мэдүүлэхдээ: “...Тархин дотор цус алддаг бөгөөд энэ нь удах тусам тархийг дарж эхэлдэг. Шингэн цус гарч байгаа үед шинж тэмдэг илрэхгүй байж болно. Харин удах тусам гуйвж, бөөлжиж, ухаан алдаж хүн комын байдалд шилждэг. Нэгэнт бүлэгнээд тархийг дарсан бол хүн унтсан байдалд орно. Хүн хурхирч унтаж байгаа ч хүрэхэд хариу үйлдэл үзүүлэхгүй болдог. Амь хохирогч нь эмчийн тусламж очиход авралгүй болсон байсан. Бага зэрэг эрт эмнэлэгт аваачсан бол амь насыг аврах боломжтой байсан. Тархины цус хуралт баруун талд байсан. Зүүн талаас хүч өгөхөд баруун талд цус хуралт үүсэх боломжтой. Гэвч энэ үйлчлэл баруун чамархайд л хүч өгсөн тохиолдолд үүсэх боломжтой гэж үзэж байна. Цаг хугацааны хувьд 2018 оны 03 дугаар сарын 12-13-ны үед үүссэн байна гэж үзсэн нь эмч дээр очиход ямар байснаар нь дүгнэсэн. Цусан хурааг урд өдөр нь үүссэн байх боломжтой гэж үзсэн. Хагалгаа амжилттай болсныг яаж мэдэх вэ гэвэл өвчтөн хурдан, яаралтай орох хагалгаанд орсон байсан ба тархийг нь дарагдлаас чөлөөлөх ажиллагаа явагдсан. Хагалгааны дараа амьдрах эсэх нь яаралтай тусламж хэр хурдан авсан эсэхээс шалтгаална. Хугацаа алдах тусам амь нас аюултай болно. Цусан хурааг авсан даруйд хүн шууд сэргэнэ гэж байхгүй бөгөөд тухайн эмч хагалгааны үед амь нас эрсдээгүй гэсэн ойлголтыг өгсөн байна. Хагалгааны дараа сэхээн амьдруулах тасагт өвчтөн байх ёстой бөгөөд ухаангүй сэхээнд байгаа тул дэглэм гэх зүйл байхгүй. Биеийн байдал гайгүй болсны дараа л өөр тасагт  шилжинэ. Сэхээн амьдруулах тасагт зөвхөн эмч нь өөрийн тактикийн дагуу л эмчилгээ хийх боломжтой...Эмч нь эрсдэлийн талаар хэлж байсан байдаг. Тээвэрлэнэ гэсэн хүн нь эрсдэлээ хүлээж байгаа тул амь хохирогчийг тээвэрлэсэн байх. Хагалгаанаас шалтгаалан нүдэнд өөрчлөлтгүй, харин хуйханд цус хуралт үүснэ. Энэ нь өөрөө хуучин цус хуралтад нэмэгдэхээр ялгагдах боломж муу болж байгаа юм. Хагалгаанд ороод цусан хурааг нь авсан тул гэмтлийг тогтооход бэрх болсон. Хийн бөмбөлөг үүсэх нь хагалгааны дараа гуурс тавьдаг бөгөөд түүгээр агаар орж болно. Тэрнээс амь насанд аюултай зүйл биш юм. Цусан хураа үүссэн нь хүнд болох тусам амь насанд аюултай. Удахаараа тархины хатуу хальстай наалдаад байдаг. Хагалгаанд түүнийг хусаж болдоггүй бөгөөд авах боломжтой цусан хурааг нь л авна. Алсын дуудлагаар очсон эмч нь тээвэрлэх боломжтой эсэхийг үзээд шийдвэр гаргаад тээвэрлэсэн байх. Хоолойнд хийсэн гуурс амьсгалд нөлөөлөхгүй, амьсгалж чадахгүй байгаа хүнийг механикаар амьсгалуулж байгаа нөхцөл юм. Амьсгалын замын идээт үрэвсэл гэж хэвтэрт нэг байрлалтай байгаа хүмүүст гардаг хамгийн элбэг тохиолддог хүндрэл юм. Цусны урсгал удааширч уушги хүчилтөрөгчөөр амьсгалж чадахгүй байхад бактер ороод үүсэж байгаа юм. Сүүлийн шинжээчийн дүгнэлт нь амь хохирогчийн эмнэлгийн байгууллагад очсоноос хойших асуудлыг дүгнэсэн байсан. Харин энэ хүний хувьд тухайн гэмтэл авсан даруйдаа шөнө эмнэлэгт үзүүлсэн бол амь аврагдах боломжтой байсан..гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Н.М-н өгсөн: "...2018 оны 3 дугаар сарын 13-ны орой 18 цаг өнгөрч байх үед Т.М над руу залгаад өчигдөр бид нар архи уусан юм. Тэгээд Ш.Ц-н бие нь муудаад эмнэлэгт хэвтчихлээ чи хүрч ирж чадах уу гэсэн болохоор нь би яаралтайгаар автобусанд суугаад маргааш нь БНХАУ-ын Эрээн хотод талийгаачийн байгаа эмнэлэг дээр очиход Т.М болон Буяндалай гээд 2 Өвөр монгол хамт байсан. Ингээд тэр өдрөө бол Т.М хамт эмнэлэг дээр хоночхоод маргааш нь Монгол руу явж мөнгө хөөцөлдөнө гэж хэлээд явсан байдаг. ...Т.М нь надад талийгаачийн хувцсыг өгөхдөө би бөөлжис болчихоор нь угаачихсан шүү гэж хэлж байсан... Хамгийн гол нь Т.М өөрөө биш ч байсан мөн ч байсан талийгаачийг эмнэлэгт их орой хүргэж өгсөн байсан. Буяндалайг дагуулж буудал дээр авчраад түргэн тусламж дуудсан байсан. Эрээн хотын нэгдсэн эмнэлгийн эмч хэлэхдээ Ш.Ц нь гэмтэл авснаас хойш их удаж эмнэлэгт ирсэн, цаг хугацаа алдсан, хүнд байдалтай ирсэн талаар хэлж байсан..." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 38 дахь тал)

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /14:05-14:16/ “...ам болон хамраас шингэн цус урсан гарсан..., Цогцсын толгойд ариун боолттой, хуйхны баруун чамархайд тал саран хэлбэрийн 32 см урт 22 ширхэг мэс заслын оёдол бүхий хагалгааны шархтай, ...зүүн нүдний дээд зовхинд 3х1 см захаараа шаргал туяа бүхий хүрэн өнгийн цус хуралтуудтай...”, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 19-21 дэх тал)

Т.М-н биед 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийсэн: “...баруун хацрын товгор ясны орчимд хэрэг учрал болох үед бусдад өшиглүүлсэн гэх 2.5х0.5 см улаан хүрэн өнгийн хуучин тав тогтож тав нь ховхорч унасан зулгаралттай, баруун гарын булчингийн урд талд 0.5х0.3 см хэмжээтэй улаан шархалсан шархтай, хэвлийн баруун талд 3х0.5 см хэмжээтэй зулгаралттай, цээжний зүүн дээд хэсэгт 2 ширхэг зүүн хөхнөөс дээш 8 см зайд ижил хэмжээтэй 3х0.4 см хэмжээтэй дээрээс доош босоо хэлбэрийн хүрэн сорвитой...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд (1-р хавтаст хэргийн 22-24 дэх тал)

Гэрч Буяндалайн өгсөн: "...Би Т.М-тэй нь холбогдоод байдаггүй, харин Ш.Ц ахтай байнга Ви Чат ашиглан харилцдаг юм. Бид нар ажил хэргийн холбоотой хүмүүс байгаа юм... 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр..., би тэднийг өөрсдийг нь хоолонд оруулъя гээд буудлынх нь гадна 19 цаг 09 минутанд явж очсон. Тэд нар өрөөнөөсөө бууж ирээд Ш.Ц ах миний машинд суугаад Т.М, танихгүй Монгол эмэгтэй нар Цэцэнбаатарын машинд суугаад хоолны газар очсон…Хоол идэж байх явцдаа 2 шил архи худалдаж аваад 1 шил архийг нь ууж дуусгасан. Тэр архи нь 500 граммын архи байсан. 2 дахь архи нь бас 500 граммын архи байсан ба 300 грамм орчмыг үлдээгээд гарцгаасан..., Цэцэнбаатар Т.М ах, Ш.Ц ах, нөгөө Монгол эмэгтэй гурвыг буудалд нь хүргэж өгөхөөр явсан. Хоол идсэний маргааш үдээс хойш нь 14 цаг өнгөрч байхад манай эмнэлэг дээр танихгүй Монгол эмэгтэй ганцаараа хүрч ирээд Ш.Ц ах унтаад сэрэхгүй байна, очоод үзээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Монгол эмэгтэйн хамтаар Х... Л.. буудал руу явж байх замдаа Цэцэнбаатартай утсаар яриад хүрээд ир гэж хэлсэн.., Тэгээд өрөөнд нь ороод харахад Ш.Ц ах орон дээр биш, газарт хэвтэж байсан. Тухайн үедээ эгц дээш харчихсан, цээжин биеэрээ нүцгэн, доогуураа цагаан саарал бэлтгэлийн өмд өмссөн байсан. Баруун гар, баруун хөл нь татчихсан байсан. Тэгэхээр нь би яаралтай түргэн тусламж дуудсан. Өрөө нь эмх цэгцтэй, оронд хүн унтсан шинжгүй байсан. Өрөөний зүүн талд цонхны тавцангийн орчимд богино дотуур хар цэнхэр өнгийн өмдийг угаагаад хатаагаад тавьсан байсан… Биеийнх нь 2 гар, мөрний орчимд хөхөрчихсөн байсан. 2 нүд нь хөхөрчихсөн байсан..., нүүр нь ямар ч бөөлжис, цус болсон зүйл харагдаагүй.., Би Монгол эмэгтэйн хамтаар буудалд хүрч ирээд Ш.Ц ахын бие яагаад муудчихсан юм бэ гэж асуухад Т.М ах өчигдөр шөнө хоол идэж дуусаад буудалдаа ирээд дахиад нэмж архи уух гээд архи авахаар гараад гадна хүмүүстэй зодолдсон гэж хэлэхээр нь ямар хүмүүстэй зодолдсон юм бэ гэж асуухад Т.М хариулахдаа нэг Өвөр монгол, 2 Монгол хүнтэй зодолдсон. Хаана зодолдсон юм бэ гэж асуухад би хаана зодолдсон болохоо санахгүй байна гэж хэлсэн… Харин танихгүй Монгол эмэгтэй над дээр ирээд Ш.Ц ахын бие муу байна гэж хэлэхээр нь яагаад бие нь муудсан юм бэ гэж асуухад Т.М, Ш.Ц нар танихгүй хүнд зодуулсан гэнээ гэж л хэлсэн..." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 73-74 дэх тал)

Гэрч С.Ариунзаяагийн өгсөн: "...Би 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотрын тасагт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад хүлээн авахад 103-ын автомашинаар Ш.Ц гэх хүн хүргэгдэн ирсэн. Уг хүнийг манай эмнэлгийн байранд насилкаар зөөж оруулж ирсэн. Тухайн үед аваад явж байсан эмч нь хиймэл амьсгал өгөгч төхөөрөмжөөр хиймэл амьсгаа хийгээд явж байсан. Тэгээд биед нь үзлэг хийхэд ямар нэгэн зүрхний цохилт байхгүй, хүүхэн хараа өргөссөн, нас барсан байдалтай ирсэн тул үүргийн дагуу Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм..." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 40 дахь тал)

Гэрч М.Дулмаагийн өгсөн: “...2018 оны 3-р сарын 13-ны өдрийн 18 цагийн орчимд Т.М ах манай эгч Н.М-тэй утсаар яриад Ш.Ц, бид хоёр өчигдөр архи ууж хоносон чинь Ш.Ц архины хордлогод ороод ухаангүй байна чи ирэх хэрэгтэй байна гэхээр нь Н.М эгч бид хоёр 21 цагийн Эрээн хот орох автобусанд суугаад 2018 оны 3 сарын 14-ний өглөө Эрээн хотод очиход тус хотын Мэс заслын эмнэлгийн эрчимт эмчилгээний өрөөнд манай хүргэн ах Ш.Ц ухаангүй хэвтэж байсан юм. Ш.Ц ах нүүр ам нь битүү хавдартай нүд нь нээгдэхгүй цээж хоёр гар нь хөх эрээн болсон байдалтай тархинд хагалгаа хийсэн байсан юм... Ш.Ц ахыг 13 цагийн орчимд Замын-Үүдэд авч ирээд Улаанбаатараас ирсэн гэмтлийн эмнэлгийн машинд шилжүүлэн тээвэрлэж яваад замдаа амьсгал нь буурч байна гэж байсан учир замдаа зогсож эмч зүрхний массаж хийгээд ойрын эмнэлэг нь Налайх дүүргийн эмнэлэг байсан учир бид нар ирээд хүлээн авах тасагт нь эмч өвчтөнг оруулж сэхээн амьдруулах зүрхний иллэг хийж хиймэл амьсгал хийсэн боловч 20 цаг өнгөрч байх үед зүрх нь зогсож нас барсан болно...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 47-48 дахь тал)

Гэрч О.Гантогтохын өгсөн: "...2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 08:45 цагт Замын-Үүдэд ирээд хүлээж байх үед авч явах өвчтөн болох 54 настай Ш.Ц гэх эрэгтэй хүнийг 12:50 цагийн орчим БНХАУ-ын хилээр машинаар авч ирээд эмнэлгийн гадна зогсоол дээр уг хүнийг үзээд тээвэрлэж болно гэж үзээд манай машинд шилжүүлэн суулгасан болно. Тэгээд 13 цагийн орчимд Замын-Үүдээс хөдөлж замд өвчтөний биеийн байдал тогтвортой байж байгаад 19:40 цагийн орчимд уг өвчтөний амьсгал гэнэт зогссон тул амьсгалыг зохиомлоор удирдаж эхэлсэн боловч 19 цаг 55 минутын орчимд захын судасны цохилт тэмтрэгдэхгүй даралт тодорхойлогдохгүй болсон тул зүрх судасны сэхээн амьдруулах арга хэмжээ авч байгаад хамгийн ойрхон нэгдсэн эмнэлэгтэй газар болох Налайх дүүргийн эмнэлэгт 20:25 цагийн орчимд ирээд уг хүнийг хүлээн авах тасагт оруулж сэхээн амьдруулах арга хэмжээг үргэлжлүүлэн хийсэн боловч үр дүнгүй байсаар 22:42 цагт нас барсан болно..." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 50 дахь тал)

Шүүгдэгч Д.О-н 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэрчээр өгсөн: “..Цэцэнбаатар нь бид гурвыг буудлын өмнө өөрийнхөө унаж явсан автомашинаар хүргэж ирсэн. Бид гурав буудлын өмнө буучхаад би утсаар ярих гэтэл сүлжээ орохгүй байхаар нь тэрүүгээр утсаа бариад хоёр тийш явж үзэхэд сүлжээ орохгүй байсан юм. Тэгж байхад Т.М, Ш.Ц ах хоёр дэлгүүр орж уух ус ундаа авна гээд дэлгүүр рүү явчихсан. Тэгээд би сүлжээ орохгүй байхаар нь тэр хоёрыг хүлээгээд буудлын үүдэнд зогсож байсан. Тэгтэл тэр хоёр наашаа ирж яваа харагдсан, над дээр ирээд Т.М, Ш.Ц хоёр хоёулаа гурван хүн ирээд бид хоёрын толгой нүд рүү цохичхоод зугтаачихлаа гэж байсан. Тэгээд тэр хүмүүс чинь яасан бэ гэхэд мэдэхгүй, зугтаагаад алга болчихсон гэж хэлсэн. Ямархуу хүмүүс байна бэ гэж асуухад мэдэхгүй, тэрийг нь харж амжсангүй гэж хэлсэн.Тэгэхээр нь цагдаа дуудах уу гэхэд тэр хоёр яахын хэрэггүй, гайгүй юм чинь өглөө эрт явахаа бодъё гээд байсан..., Тэр хоёр хэлэхдээ царай зүс, хувцас хунарыг нь харж чадсангүй ямар ч байсан өвөр монгол байрын шинжтэй гурван залууд зодуулсан гэж байсан. Яг тийм шалтгаанаас болоод бид хоёрыг зодсон талаар хэлээгүй, бид хоёрыг шээх гэж билүү шээгээд зогсож байхад л ирээд хятадаар нэг юм хэлээд л толгой тархи руу нь цохисон гэж байсан.., Т.М нь миний нүд рүү цохисон гээд нүд нь улайчихсан байсан. Харин Ш.Ц ах болохоор миний зүүн талын нүд рүү цохисон гэж хэлж байсан. Тухайн үед Ш.Ц ахын цохиулсан гэх нүд нь бага зэрэг хавдчихсан байдалтай харагдаж байсан. Мөн тэр хоёрыг өшиглөөд толгой тархи руу хэд хэд цохисон юм шиг ярьж байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 59-62 дахь тал)


  Шүүгдэгч Д.О-н 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэрчээр дахин өгсөн: “...Т.М, Ш.Ц хоёр миний нүдэн дээр ямар нэгэн хүнтэй зодолдож муудалцаагүй, тэр хоёрын яриаг л сонсоход ямар нэгэн хүнтэй маргалдсан юм шиг зүйл яриад байсан. Тэгэхдээ хэзээ хаана болсон юм яриад байгааг би мэдээгүй... Тэр хоёр хоорондоо тэгж ярихаар нь би хүнд зодуулсан юм байлгүй юу болсон яах уу гэхээр хоорондоо өөр зүйл яриад байсан цагдаа сэргийлэх дуудах уу гэхэд намайг тоохгүй байсан. Тэгээд бодоход дэлгүүр орж байхдаа л хүнтэй маргалдсан юм болов уу гэж таамаглаж бодсон. Би бодож байсан зүйлээ хэлэхдээ буруугаар ярьсан байна, өмнөх мэдүүлэг дээрээ шоконд орчихсон хямарчихсан байсан болохоор ийм мэдүүлэг өгсөн байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 64-65 дахь тал)

Шүүгдэгч Д.О-н 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гэрчээр дахин өгсөн “...Тэр хоёроос би юм асуухаар хоорондоо ярилцаад байсан. Миний асуусан асуултанд хариулахгүй байсан...би юу ярьсан юу болсон гэнээ гэж асуухаар хариулахгүй байсан. Ярианы агуулга нь бусадтай маргалдсан зодолдсон асуудлын талаар л яриад байх шиг байсан. Хэзээ болсон яг хаана юу болсон талаар тодорхой ярихгүй, хэдэн жилийн өмнө ирэхэд тийм юм болсон ч билүү гэж огт яриагүй. Тодорхой ярихгүй байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 66-68 дахь тал)

 Шүүгдэгч Д.О-н 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн гэрчээр дахин өгсөн: “...Т.М Налайх дүүрэгт очиж мэдүүлэг өгөхдөө таны асуугаад байгаа зүйлийг мэдүүлгээр өгсөн гэдгээ хэлж байсан. Тийм учраас надаас гэрчийн мэдүүлэг авах үед би Т.М-с сонссон зүйлээ мэдүүлгээр өгөх ёстой юм байна гэж ойлгоод мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 69-70 дахь тал)

Гэрч Ц.Баяржавхлангийн өгсөн: “...Түүний нөхөр нь хамт ажилладаг хүнтэйгээ Эрээн хот руу явсан чинь хамт явсан хүн нь цус харваад тэндээ хагалгаанд оруулчхаад Улаанбаатар хот руу тээвэрлэх үед нас барсан гэж хэлж байсан..., Д.О-н нөхөр нь гээд байгаа хүн нь Т.М гэдэг хүн байдаг. Би Т.М-тэй 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өөрийнхөө төрсөн өдрөөр танилцаж байсан. Д.О нь хэлэхдээ нэг замын компанид ажиллаж байгаад Т.М-тэй танилцсан гэж байсан..." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 119-120 дахь тал)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Төгсбуяны 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний №08 ШЭ/28 дугаартай дүгнэлт:

1. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

2. Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл: их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хурааг авсан мэс заслын дараах байдал, тархины эдийн няцрал, дарагдал, зүүн 2,3,4,5,6,7-р хавирганы зөрүүгүй хугарал, баруун 2-3-р хавирганы зөрүүгүй хугарал, зүүн нүдний дээд зовхи, цээж, баруун зүүн бугалга, зүүн суга, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн 2,3,4,5,6,7-р хавирганы зөрүүгүй хугарал, баруун 2-3-р хавирганы зөрүүгүй хугарал гэмтлээс бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зовуурь анх илэрсэн мөн эмнэлэгт хандсан 2018.03.12-1З-ны өдөр үүссэн байх боломжтой.

З. Талийгаачид архаг ходоодны салстын шархлаа, нойр булчирхайн цочмог үрэвсэл өвчин тогтоогдлоо. Дээрх архаг өвчин нь үхэлд нөлөөлөөгүй болно.

4. Талийгаач нь эмнэлэгт 09 хоног хэвтэн эмчлүүлсэн учраас цусанд спиртийн агууламж илрүүлэх шинжилгээ хийх шаардлагагүй болно.

5. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ..” гэх дүгнэлт, гэрэл зургууд (1-р хавтаст хэргийн 125-135 дахь тал)

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Төгсбуяны 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №08 ШЭ/190 дугаартай дүгнэлт: “Т.М-н биед баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй..., Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 140 дэх тал)

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Солонгын 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2920 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн саарал фудволканд гарсан 4х4 мм хэмжээтэй гэмтэл нь хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ гогодолт байна..." гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 147 дахь тал)

Шинжээч С.Төгсбуянгийн шинжээчээр өгсөн: "...Амь хохирогч Ш.Ц-н зүүн нүдний дээд зовхи, цээж, баруун зүүн бугалга, зүүн суга, хэвлийд цус хуралт гэмтлүүд нь захаараа шаргал туяа үүссэн байсан нь гэмтэл үүсээд тодорхой хугацаа өнгөрсөн буюу хэрэг болсон гэх 2018 оны 3 дугаар сарын 12-ноос 13-ны хооронд үүссэн байх боломжтой. Зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, цээжний баруун талд цус хуралт, цээжний зүүн талд цус хуралт, зүүн бугалга, зүүн шуу, хэвлийд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, баруун бугалганы гадна ар тал, гадна дээд талд, суганы цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарна... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих болон цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой… Зүүн 2,3,4,5,6,7-р, баруун 3, 4 дүгээр хавирганууд шууд хугаралтай бөгөөд дээрх олон хавирганы хугарлын талаар БНХАУ-д хийсэн цээжний компьютер шинжилгээнд дурдагдаагүй байгаа нь дээрх хавирганы хугарлууд нь талийгаачийн зүрх зогсох үед эмч эмнэлгийн ажилчдын сэхээн амьдруулах ажилбар зүрхэнд шууд массаж хийх үед үүссэн байх боломжтой. Цаг хугацааны хувьд нас барах үетэй зэрэгцэн үүссэн байх боломжтой... Дээрх задлан шинжилгээгээр цогцсын гавал тархины өөрчлөлтөд илэрсэн эмгэгүүдээс үзэхэд баруун чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа тархины эдийн няцрал, тархи дарагдал, тархины  эдийн шигдээс нь гэмтлийн гаралтай үүссэн өөрчлөлтүүд болно. Мөн толгойн хуйх, баруун чамархайн булчинд үүссэн цус хуралтууд нь хагалгааны явцад үүссэн байх боломжтой өөрчлөлтүүд харагдана... Дээрх гавал тархинд үүссэн гэмтлүүд нь нэг болон түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлийн үед үүсгэгдэх боломжтой.., мохоо зүйлд хүний атгасан гарыг хамааруулж болно..." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 175-176 дахь тал)

Шинжээч С.Төгсбуянгийн шинжээчээр дахин өгсөн: “...задлан шинжилгээгээр талийгаачийн тархины баруун чамархайн хэсгийн хатуу хальсан дээр хатуу хальстай нягт наалдсан барзгар хар хүрэн өнгийн цусан хураа байгаа нь гэмтлийн шалтгаантай үүссэн цусан хурааг мэс заслын аргаар авахад үлдсэн үлдэц хэсэг юм. Энэ цусан хураа нь хагалгааны дараа мөн тээвэрлэх явцад шинээр огт үүсээгүй хагалгааны явцад болон хагалгааны дараа мөн тээвэрлэх явцад тухайн хэсэгт цусан хураа нэмэгдсэн тохиолдолд цусан хурааны шинж чанар нь хуучин цусан хураанаас өөр байдаг. Уг цусан хурааны зах болон өнгөр хэсгүүдэд хагалгааны дараа болон тээвэрлэх явцад бага хэмжээний нэмж цусан хураа үүсэх боломжтой боловч тэр цусан хураа нь талийгаачийн үхэлд нөлөөлөхгүй болно. ...дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 108-109 дэх тал),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 5-р сарын 17-ны өдрийн 23 дугаартай прокурорын тогтоол, Т.М-ын эзэмшлийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн болон Тэнцвэр эстимэйт ХХК-ийн тухайн автомашиныг 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (2-р хавтаст хэргийн 20-25 дахь тал)

Гэрч Д.Бямбасүрэнгийн өгсөн: “...Гэнэт амьсгал зогссоноос нь хойш амь насыг нь аврах зорилгоор хиймэл амьсгал, зүрхний массаж зэрэг хийсэн юм..." гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 103-104 дэх тал)

Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн Т.М, Д.О нар нь Замын-үүд Авто замын боомтоор 2018.03.11-ний өдөр гарч 2018.03.15-ны өдөр орсон, амь хохирогч Ш.Ц-н Замын-үүд Авто замын боомтоор 2018.03.11-ний өдөр гарч 2018.03.22-ны өдөр орсон талаарх улсын хил нэвтэрсэн тухай лавлагаа (2-р хавтаст хэргийн 58 дахь тал)

Амь хохирогч Ш.Ц-г Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгээс Гэмтэл согог судлалын төв рүү алсын дуудлага дуудах тухай албан бичгээр очсон хүсэлтийн дагуу 2018.03.21ний өдөр ГССҮТ-өөс эмч О.Гантогтох, сувилагч Бямбаа, жолооч Сүхбат нарт албан томилолт өгч 01-53 УНИ улсын дугаартай эмнэлгийн тусламж үйлчилгээний зориулалт бүхий Хьюндай Старекс маркийн микробусаар 2018.03.22-ны өдөр тээвэрлэж авчирсан талаарх баримтууд болох алсын дуудлага дуудсан хүсэлт, албан томилолт, алсын дуудлагын хуудас, жолоочийн тооцооны хуудас, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагааны хуулбар болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (4-р хавтаст хэргийн 110-120 дахь тал)

Шүүгдэгч Т.М-н яллагдагчаар 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн“...Талийгаачийн эхнэр Н.М Эрээн хотод ирэхээр нь айж сандарснаас болоод Ш.Ц бид хоёр танихгүй 3 хүнд зодуулчихсан талаар худлаа хэлсэн юм... Би Эрээн хотод эхнэрээсээ өөр хүнтэй явж хоносондоо санаа зовсон, тэрийгээ л нуух санаатай байсан... Талийгаач бид хоёр өмнө хамт явахдаа дандаа л нэг өрөөнд хамт ордог байсан юм. Гэтэл Н.М нь та хоёр яагаад тус тусдаа өрөөнд орсон юм гэж асуугаад байсан. Хэрвээ Н.М Д.Огийн талаар мэдчихвэл манай эхнэрт хэлчих байх гэж айсан юм...Анхнаасаа л Н.М-д 3 хүнд зодуулсан талаар худлаа хэлчихсэн болохоор л тэгж хэлж зааж өгөх болсон юм. Ш.Ц бид хоёр БНХАУ-ын Эрээн хотод танихгүй хүмүүст зодуулаагүй нь үнэн...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 5-10, 12-13 дахь тал)

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Ганболд, Б.Ундармаа, Б.Ариунзул нарын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №156:

1. 2018 оны 4 сарын 25-ны өдөр гаргасан цогцост шинжилгээ хийсэн 28 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Ш.Ц-н цогцост баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн зөөлрөл /энцефаломаляци/, гэмтлийн шалтгаант комын байдал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хурааг авах, тархи дарагдлыг чөлөөлөх мэс засльн дараах байдал /2018.03.14/, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн талын 2,3,4,5,6,7-р хавирга болон баруун талын 2,3-р хавирганы зөрүүгүй хугарал, зүүн нүдний дээд зовхи, цээж, баруун, зуун бугалга, зуун суга, хэвлийн цус хуралт гэмтлууд тогтоогдлоо. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи хавагнаж, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Дээрх тархины гэмтэл авсан хүн хэдий хугацаанд амьд байх нь хүн бүрт харилцан адилгүй байдаг ба хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

3,4,5,7. Тархины цусан хурааг авч, тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараа өвчтөний амин үзүүлэлтүүд хэвийн байгаа тохиолдолд өвчтөнг автомашинаар тээвэрлэж болно. Ш.Цд хийсэн цогцосны шинжилгээгээр тархины хатуу хальсан дээрх цусан хурааг авсан, цусан хураа шинээр нэмэгдээгүй байсан бөгөөд талийгаачийг Эрээн хотоос тээвэрлэсэн нь мэс заслын дараах үр дүн болон гэмтэл хүндэрч нас барахад нөлөөлөөгүй байна.

6. Амь хохирогч Ш.Ц-д цаг алдалгүй мэс засал хийсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ.” гэх дүгнэлт (7-р хавтаст хэргийн 39-51 дэх тал)

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: "...21:53:10 цагт Т.М нь гартаа ууттай эд зүйлс барьсан, Ш.Ц өндөр савтай эд зүйл бариад алхаж Т.М-н өрөө рүү орж байгаа харагдах ба энэ үед Т.М, Ш.Ц нарын биед ил харагдах гэмтэлгүй харагдаж байв. Үзлэгийг цааш явуулж бичлэгийг үргэлжлүүлэн цагийн дагуу явуулахад 23:13:42 цагт Ш.Ц-н нуруу ард хэсэг харагдах ба Ш.Ц нь гуйвсан шинжтэй баруун гараар нүүрээ дарж алхаж баруун талын хоёр дахь хаалгаар баруун эргээд гарч явав. Ш.Ц, Т.М, Д.О нарын өрөөнд 21:53 цагт орсноос хойш ямар нэгэн хөдөлгөөн хийгдээгүй байж байгаад 23:13 цагт гарч ирсэн болно. Үзлэгийг цааш явуулахад 00:00 цагаас 01:00 цагийн хооронд ямар нэгэн хөдөлгөөн хийгдээгүй камерын бичлэгт Ш.Ц, Д.О, Т.М нар харагдаагүй ба 01:11:32 цагт хяналтын камерын харагдах орчинд хоёр хүн нэг хүнийг дундаа хийж дээш өргөж алхуулж байгаа дүрс харагдах ба өргүүлээд байгаа хүн нь Ш.Ц-н өмсөж явсан хувцастай ижил хувцас өмссөн хүн харагдах ба өөрөө алхаж чадахгүй доош хэвтэх дүрс харагдах ба хоёр хүн хоёр талд нь гараад хараад зогсож байгаад дахин дээш өргөж өрөө рүү нь чиглэж алхаж байв. Хяналтын камерт ойртоход Ш.Ц болох нь харагдаж байв. Үзлэгийг цааш явуулахад нэг эмэгтэй түрүүлж ирээд хаалгыг нь нээж өгөх ба хоёр эрэгтэй нь Ш.Ц-г хоёр талаас нь дээш өргөөд 01:14:15 цагт өрөө рүү нь оруулж өгөх ба Ш.Ц нь нүүрээ дараад дээш босож чадахгүй байдалтай харагдаж байв. 01:15:21 цагт дээрх эмэгтэй болон хоёр эрэгтэй нь Ш.Ц-н өрөөнөөс гарч ирж хоорондоо яриа өрнүүлж зогсож байснаа 01:18:55 цагт хоёр эрэгтэй нь Ш.Ц-н өрөө рүү орчхоод гарч ирэх ба энэ үед цагаан цамцтай буудлын ажилтан бололтой эмэгтэй үүдэнд харж зогсож байснаар коридор хэсгээр цааш алхаж явснаар дүрсээс гарав. Үзлэгийг цааш явуулж 01:16:26 цагаас хойш 08 цаг хүртэл хугацааны бичлэгийг үзэхэд хэрэгт ач холбогдолтой дүрс илрээгүй бөгөөд 08:38:15 цагт хяналтын камерын зүүн доод хэсгээс Д.О нь гарч ирж харагдах ба Ш.Ц-н орсон өрөөний хаалгыг шагайж харж зогсож байснаа хаалгыг дотогш нээн өрөө рүү нь орж 08:38:56 цагт эргээд өрөөнөөс нь гарч байгаа нь хяналтын камерын харагдах орчноос гарах ба бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 08:40:22 цагт Т.М нь судалтай улаан эрээн өнгийн цамц өмссөн байдалтай Ш.Ц-н өрөө рүү нь орсон ба араас нь Д.О нь өрөө рүү нь орох ба энэ үед коридор хэсэгт буюу Ш.Ц-н байгаа өрөөний үүдэнд цэвэрлэгээ хийж байгаа шинжтэй хоёр эмэгтэй гарч ирэх ба баруун талын эхний хаалгыг нь нээн дотогш орсон ба энэ хооронд цэвэрлэгээ хийж байгаа шинжтэй буудлын 3 эмэгтэй ажилтан Ш.Ц-н өрөөний эсрэг талынх нь өрөөний үүдэнд орж гараад зогсох ба 08:55:50 цагт цэвэрлэгээний түрдэг тэрэгтэй эд зүйлсээ түрээд  цааш холдуулах ба дараагийн бичлэгийг нээн үзэхэд цаг нь үргэлжилж явах ба 09:00:00-10:00:00 цагийн хоорондох бичлэгийг үзэхэд 09:01:48 цагт Д.О нь өрөөнөөс нь гарч ирээд 09:03:05 цагт Ш.Ц-н байгаа өрөөнд буцаад орсноос хойш 10:00:00 цаг хүртэл өөр орсон гарсан хүн байхгүй байснаар бичлэг дуусав. Дараагийн бичлэгийг нээн үзэхэд 10:00:00-11:00:00 цагийн хоорондох бичлэг харагдах ба 10:11:51 цагт Д.О нь Ш.Ц-н өрөөнөөс гараад 10:11:59 цагт өрөөнд нь эргээд орох гэж байснаа эргээд 10:12:28 цагт өрөөнд нь орох гээд хаалгыг нь тогшиж байснаар өрөөнд нь оров. 10:38:09 цагт Ш.Ц-н өрөөнөөс Д.О нь гарч ирэх ба 10:42:16 цагт Д.О нь саарал өнгийн урт куртик өмссөн байдалтай коридор хэсгээр цааш алхав. 10:46:10 цагт Д.О нь эргэж ирээд Ш.Ц-н өрөөний хаалгыг тогшиж байгаад дотогш оров. 10:55:01 цагт Д.О нь түүний өрөөнөөс гараад 10:55:38 цагт эргээд өрөөнд нь ундаа бариад орсноор дараагийн бичлэгийг нээн үзэхэд 11:00:00 цагт бичлэг эхлэх ба 12:00:00 цаг хүртэл Ш.Ц-н өрөөнд гаднаас ямар нэгэн хүн ороогүй ба дотроос нь ямар нэгэн хүн гараагүй байснаар бичлэг дуусаж дараагийн бичлэгийг нээн үзэхэд 12:00:00 цагт бичлэг эхлэх ба 13:00:00 цагт бичлэг дуусах ба энэ хугацаанд Ш.Ц-н өрөөнд гаднаас хүн ороогүй байгаад дотроос нь ямар нэгэн хүн гараагүй байснаар бичлэг дуусав. Дараагийн бичлэгийг нээн үзэхэд Д.О нь 14:12:09 цагт Ш.Ц-н өрөөнөөс гараад эргээд шагайх ба коридор хооронд хоёр тийш явж байгаад цааш явах ба 14:24:07 цагт цагаан өнгийн цамцтай эмэгтэй Ш.Ц-н байгаа хаалгыг тогшиж өрөөнд орчхоод гарах ба 14:25:28 цагт Д.О нь бараан өнгийн цамц, жийнсэн өмд өмссөн нүдний шилтэй эрэгтэй дагуулаад Ш.Ц-н байгаа өрөөний хаалгыг тогшиж зогсож байгаад хамт явж байгаа эрэгтэйгээ дагуулаад өрөөнд нь оров 14:34:42 цагт Д.О нь уг өрөөнөөс гараад 14:36:05 цагт гаднаас фудволк өмссөн эрэгтэй Ш.Ц-н өрөө рүү орох ба 14:38:05 цагт Ш.Ц-н өрөөнөөс хоёр эрэгтэй гараад чигээрээ алхах ба буцаад алхах ба гаднаас Т.М, Д.О хоёр нь хоёр эрэгтэйг дагуулаад Ш.Ц-н өрөөнд орох ба энэ үед гаднаас эмнэлгийн хувцас өмссөн хоёр эмэгтэй болон нэг эрэгтэй нар Ш.Ц-н өрөөнд ороод 14:44:05 цагт нэг эмч нь гарч ирэх ба араас нь Ш.Ц-г даавуун дээр өргөөд гараад явж байснаар бичлэг дуусав. Уг бичлэгийг гадна хэсэгт 4 гэж дугаарлан эд мөрийн баримтаар тооцохоор тогтов..." гэх тэмдэглэл (1-р хх-ийн 31-34 дэх тал)

Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний хүрээнд Монгол улсын эрх бүхий байгууллагаас энэ хэргийн талаар туслалцаа хүсч явуулсан хүсэлтийн хариуд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын засгийн ордны Гадаад харилцааны алба, Эрээн хотын цагдаагийн газраас Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам /8хх-ийн 27-28 дугаар тал/-аар дамжуулан манай Улсын Ерөнхий Прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий Газрын Мөрдөн байцаах албанд хаяглан  ирүүлсэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Х... Л.. нэртэй зочид буудлын энэ хэрэг болох цаг үеийн буудлын доторх болон гаднах нөхцөл байдлыг харуулсан хяналтын камерын бичлэгүүд, Эрээн хотын Нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн амь хохирогч Ш.Ц-н өвчний түүх, Эрээн хотын Нэгдсэн эмнэлэгт амь хохирогч                Ш. Ш.Цд хийсэн мэс засал, эмчилгээ болон эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх баримтууд, тэдгээр баримтуудын орчуулга, Эрээн хотын Цагдаагийн газраас хэрэг явдал болсон тухайн үед явуулсан хойшлуулшгүй ажиллагааны баримт материалууд, тэдгээр баримтуудын орчуулга (7-р хавтаст хэргийн 59-250 дахь тал, 8-р хавтаст хэргийн 1-21 дэх тал)

БНХАУ-ын Эрээн хотын Х... Л.. зочид буудлын хяналтын камерын бичлэг бүхий CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /7 ширхэг Сиди/ (8-р хавтаст хэргийн 31-37 дахь тал)

Х... Л.. зочид буудлын хяналтын камерын бичлэг бүхий 7 ширхэг Сидиг Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (8-р хавтаст хэргийн 39 дэх тал)

Шүүгдэгч  Т.М, Д.О нарт хяналт тогтоох мөрдөн шалгах нууц ажиллагааг Улсын Ерөнхий Прокурорын газрын тусгай хяналтын прокурорын зөвшөөрөлтэйгөөр явуулсан Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаанд: “шүүгдэгч Д.О нь Т.М-д хандан: хоорондоо зодолдсон барьсан гэж ерөөсөө яриагүй, ярихгүй байгаа шүү гэхэд шүүгдэгч Т.М: битгий яриарай, ямар ч тохиолдолд ярьж болохгүй шүү” гэх яриа бүхий 2 минут 45 секундийн бичлэг зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд: шүүгдэгч Төмөрчөдөрийн Т.М нь согтуугаар 2018.03.12-ны шөнийн 23 цагийн орчимд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Х... Л.. нэртэй зочид буудлын 542 тоот өрөөнд амь хохирогч Шархүүгийн Ш.Ц-г зодож түүнд баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн зөөлрөл /энцефаломаляци/, гэмтлийн шалтгаант комын байдал бүхий амь нас аврагдах боломжгүй гавал тархины гэмтэл учруулж алсан;

шүүгдэгч Доржсүрэнгийн Д.О нь Т.М-г амь хохирогч Ш.Цг зодож түүнд баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн зөөлрөл /энцефаломаляци/, гэмтлийн шалтгаант комын байдал бүхий амь нас аврагдах боломжгүй гавал тархины гэмтэл учруулж алсан болохыг мэдсээр байж мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарган 2018.04.02-ны өдөр, 2018.04.17-ны өдөр тус тус гэрчээр мэдүүлэг өгөхдөө Т.М-н Ш.Цг зодож амь насыг нь хохироосон үйлдлийг нууж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч нар тэдний өмгөөлөгчдийн зүгээс шүүгдэгч Т.М-н хүн алсан дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар хүлээн зөвшөөрдөггүй болно.  

Шүүгдэгч Т.М нь мөрдөн байцаалтын шатанд 1хх-ийн 44 талд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...3 Өвөр монгол залууд зодуулсан...” 2хх-ийн 8 талд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...талийгаачийн эхнэр Н.М Эрээн хотод ирэхээр нь айж сандарснаасаа болоод Ш.Ц бид хоёр танихгүй 3 хүмүүст зодуулчихсан талаар худлаа хэлсэн юм. Эрээн хотод танихгүй хүмүүст зодуулаагүй.. гэх зэргээр зөрүүтэй мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч Т.М болон амь хохирогч Ш.Ц нар нь хэрэг явдал болсон тухайн цаг үед БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Х... Л.. нэртэй зочид буудлын гадна болон буудал дотор өөр бусад хүмүүст зодуулаагүй болох нь Х... Л.. нэртэй зочид буудлын хяналтын камеруудын бичлэг 14 ширхэг сидинд бичигдсэн бичлэг болон шүүх хуралдаанд шүүгдэгч Т.М-н...талийгаач Ш.Ц бид хоёр тухайн үед танихгүй хүмүүст зодуулсан асуудал болоогүй гэх мэдүүлэг, амь хохирогч Ш.Ц-н биед шинжилгээ хийсэн шинжээчийн 2018.04.25-ны өдрийн №08 Шэ/28 дугаартай: “амь хохирогчийн биед.. гэмтэл үүсээд тодорхой хугацаа өнгөрсөн буюу хэрэг болсон гэх 2018.3.12-ноос 13-ны хооронд үүссэн байх боломжтой...задлан шинжилгээгээр цогцсын гавал тархины өөрчлөлтөд илэрсэн эмгэгүүдээс үзэхэд баруун чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа тархины эдийн няцрал, тархи дарагдал, тархины  эдийн шигдээс нь гэмтлийн гаралтай үүссэн өөрчлөлтүүд болно. ...дээрх гавал тархинд үүссэн гэмтлүүд нь нэг болон түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлийн үед үүсгэгдэх боломжтой…” гэх дүгнэлт, ШШҮХ-гийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй 2021.03.12-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №156: “2018 оны 4 сарын 25-ны өдөр гаргасан цогцост шинжилгээ хийсэн 28 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна... ...Тархины цусан хурааг авч, тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараа өвчтөний амин үзүүлэлтүүд хэвийн байгаа тохиолдолд өвчтөнг автомашинаар тээвэрлэж болно. Ш.Цд хийсэн цогцосны шинжилгээгээр тархины хатуу хальсан дээрх цусан хурааг авсан, цусан хураа шинээр нэмэгдээгүй байсан бөгөөд талийгаачийг Эрээн хотоос тээвэрлэсэн нь мэс заслын дараах үр дүн болон гэмтэл хүндэрч нас барахад нөлөөлөөгүй байна.. амь хохирогч Ш.Цд цаг алдалгүй мэс засал хийсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ.” гэх дүгнэлт, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.М нь согтуурсан үедээ 2018.03.12-ноос 13-нд шилжих шөнийн 23 цагийн орчим БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Х... Л.. нэртэй зочид буудлын 542 тоот өрөөнд амь хохирогч Ш.Ц-тэй маргалдаж улмаар түүнийг зодож амь нас аврагдах боломжгүй гавал тархины гэмтэл учруулж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Амь хохирогч Ш.Ц нь БНХАУ-ын Эрээн хотын Нэгдсэн эмнэлэгт 2018.03.13-ны өдрөөс 2018.03.22-ний өдрийг хүртэлх 9 хоногийн хугацаанд гавал тархины гэмтлийн шалтгаант комын байдалтай, ухаангүй байсан ба түүний ар гэрийнхэн болон Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн хүсэлтээр ГССҮТ-өөс алсын дуудлагаар мэргэжлийн эмч, сувилагч, жолооч бүхий багийг томилон амь хохирогчийг эмнэлгийн тусламж үйлчилгээний зориулалт бүхий тоног төхөөрөмжтэй микробусаар 2018.03.22-ны өдөр Монгол улсын хил нэвтрүүлэн тээвэрлэж Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэх явцад тэрээр нас барсан үйл баримт тогтоогдож байх боловч дээр дурдсан ШШҮХ-ийн шинжээч С.Төгсбуяны 2018.04.25-ны өдрийн цогцост хийгдсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний №08 ШЭ/28 дугаартай дүгнэлтэнд:..талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй байжээ гэх дүгнэлт, ШШҮХ-ийн  шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 2021.03.12-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн №156 дугаартай  дүгнэлтэнд ..талийгаачийг Эрээн хотоос тээвэрлэсэн нь мэс заслын дараах үр дүн болон гэмтэл хүндэрч нас барахад нөлөөлөөгүй...амь хохирогч Ш.Ц-д цаг алдалгүй мэс засал хийсэн ч амь нас аврагдах боломжгүй байсан байна гэж дүгнэсэн шүүх эмнэлгийн нарийн мэргэшлийн шинжээчдийн гаргасан удаа дараагийн шинжилгээний дүгнэлтээр давхар нотлогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Т. Т.М, Д. Д.О нарын үйлдсэн гэмт хэрэгтэй шууд холбоотойгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Цагдаагийн газраас явуулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд цуглуулагдаж бэхжүүлэгдсэн  Н.М,  Буяндалай, Сэцэнбаатар, Лю Лин Фэнг, Ли Дө Цай нараас байцаалт авсан мэдүүлгүүд, амь хохирогч Ш.Ц-д Эрээн хотын нэгдсэн эмнэлэгт мэс засал хийсэн тухай тэмдэглэл,  амь хохирогч Ш.Ц-н өвчний явцын талаарх тэмдэглэлүүд, СТ оношилгооны хариу, Эрээн хотын нэгдсэн эмнэлэгт өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх тасгийн протокол, Эмнэлэгт хэвтсэн тодорхойлолт, Эмнэлэгт хэвтсэн тухай тэмдэглэл, Эмнэлгээс гарах тухай тэмдэглэл, Эмнэлгээс гаргах тухай тэмдэглэл, Өвчний нөхцөл байдлын талаарх зөвлөмж, Урт хугацааны эмчилгээний зөвлөмж, Түр хугацааны эмчилгээний зөвлөмж, Өвчтөний түүх, Хэт авиан оношилгооны хариу, Лабораторийн шинжилгээний хуудсууд, Эрээн хотын нэгдсэн эмнэлэгт төлбөр төлсөн тухай баримт, Өвчтөний төлбөрийн задаргаа,  Эрээн хотын Гадаад хэргийн газрын албан захидал, тэдгээрийн орчуулга зэрэг баримтууд нь бүхэлдээ энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Монгол улс, БНХАУ-ын хооронд эрүүгийн хэргийн талаар эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний хүрээнд хийгдсэн хууль ёсны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтууд мөн байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу энэ хэрэгт авагдаж, бэхжигдсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй юм.

Хэдийгээр шүүгдэгч Т.М болон түүний өмгөөлөгч нараас “гэм буруугүй, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн саналыг гаргасан ч эдгээр байдал нь  мөн л дээр дурдсан бүхий л нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Шүүгдэгч Д.О-н хувьд мөн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд 1хх-ийн 58 талд “...шээгээд зогсож байсан чинь хүмүүстэй маргалдсан гээд Т.М Ш.Ц нарыг харахад өмд болон куртик нь тоос болчихсон байсан. Ямар хүмүүс байсан бэ гэхэд мэдэхгүй тэрийг нь харж амжаагүй, цагдаа дуудах уу гэхэд гайгүй юм чинь хэрэггүй, маргааш эрт явахаа бодьё гэсэн...” гэх мэдүүлэг, 1хх-ийн 64-65 талд “...Т.М, Ш.Ц хоёр миний нүдэн дээр ямар нэгэн хүнтэй зодолдож муудалцаагүй, тэр хоёрын яриаг л сонсоход ямар нэгэн хүнтэй маргалдсан юм шиг зүйл яриад байсан, тэгэхдээ хэзээ хаана болсон юм яриад байгааг би мэдээгүй, ойлгоогүй...” гэх мэдүүлэг, буудлын гадуур сүлжээ хайж яваагүй, буудлын дотуур сүлжээ хайж явсан,  өрөөндөө сүлжээ хайсан.. гэх зэргээр олон удаагийн зөрүүтэй тогтворгүй мэдүүлгүүдийг гэрчээр асуугдахдаа өгсөн бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа уг үүргээ зөрчиж тухайн цаг үед эр эмийн холбоотой болж хамтран амьдарч байсан шүүгдэгч Т.М-н үйлдсэн гэмт хэргийг нуун далдлах, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах зорилгоор зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Т.М-г хүнийг алах гэмт хэргийг, шүүгдэгч Д.О-г мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Т.М, Д.О нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу манай улсад болон БНХАУ-д авагдсан, цуглуулагдсан ба эдгээр нотлох баримтууд нь шүүгдэгч Т.М, Д.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд бүрэн хангалттай гэж шүүх үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.  

Ийнхүү шүүгдэгч Т.М-ын хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, шүүгдэгч Д.О-н худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь энэ хэрэг явдлын өрнөл, дараалал, цаг хугацаа, орон зай, гадаад улсад болон манай улсад явагдсан мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын бүхий л холбоо хамаарлаар нотлогдож байх тул тэдний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуульд заасан тохирох ял шийтгэл хүлээлгэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-н зүгээс шүүх хуралдаанд “оршуулгын зардал 22 220 000 /хорин хоёр сая хоёр зуун хорин мянга/ төгрөгийг нэхэмжилж байсан бөгөөд үүнийг надад Т.М бүрэн  төлж барагдуулсан” гэж мэдүүлсэн, түүнчлэн шүүгдэгч Д.О-с хохирогч ямар нэг зүйл нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч Т.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан, одоогоор бусдад төлөх төлбөргүй хэдий ч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М нь шүүгдэгч Т.М-н үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын асуудлаар болон “..........” ХХК-ийн хувь эзэмшилтэй холбоотой асуудлаар цаашид шүүгдэгч Т.М-с  нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгчдэд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Т.М-д 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Д.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг тус тус гаргажээ.

Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Баярцэнгэл нь “Т.М,  Д.О нарыг гэм буруутай гэж үзэж байна.” гэсэн дүгнэлт хэлснийг дурдах нь зүйтэй.  

Шүүгдэгч Т.М-д ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, амь хохирогчид талийгаачийг оршуулахтай холбогдож гарсан зайлшгүй зардал төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан түүнд Хүнийг алах гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Ингэхдээ түүний энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Д.О-д ял оногдуулахдаа үйлдсэн хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож гэмшээгүй зэрэг байдлуудыг харгалзан түүнд гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүний шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 14 ширхэг СД, нууц ажиллагааны магадлагаа 1 хавтас 15 хуудас, 1 ширхэг СД зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогч Ш.Ц-н өмсөж явсан цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг, фудволк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Мөн хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.М-н эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар мөрдөн шалгах ажиллагааны үед гарсан орчуулгын зардал 400.000 төгрөгийг шүүгдэгч Т.М, Д.О нараас хувь тэнцүүлэн гаргуулж Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т.М-г хүнийг алах гэмт хэргийг, шүүгдэгч Д.О-г гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Т.М-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-г 01 /нэг/ жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж түүнд оногдуулсан ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 624 /зургаан зуун хорин дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь, шүүгдэгч Д.О-н шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч Т.М-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус энэ өдрөөс өөрчилж түүнийг цагдан хорьж, ял эдлэх хугацааг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч Т.М, Д.О нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 14 ширхэг CD, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа 1 хавтас, 15 хуудас, магадалгаанд хавсаргасан 1 ширхэг CD зэргийг хэргийн  хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогчийн өмсөж явсан цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг, фудволк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар мөрдөн шалгах ажиллагааны үед гарсан орчуулгын зардал 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Т.М, Д. Д.О нараас хувь тэнцүүлэн гаргуулж Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс /иргэний нэхэмжлэгч цагдаагийн ахмад Э. Цэвээнсүрэн/-т олгосугай.

10. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М нь шүүгдэгч Т.М-н үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын асуудлаар болон “..........” ХХК-ийн хувь эзэмшилтэй холбоотой асуудлаар цаашид шүүгдэгч Т.М-с  нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

11. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.М-н эзэмшлийн .... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг энэ тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Т.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Д.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.БОЛДБААТАР

                                                          

                                    ШҮҮГЧИД                                   Б.БАТСАЙХАН

 

                                                                                                                       А.МӨНХСАЙХАН