Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2018/03059

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Э

Хариуцагч: Г.Э

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, алданги 6000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э

                                нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Жаргал

                                хариуцагчийн төлөөлөгч А.Г

                                хариуцагчийн өмгөөлөгч Б.Дамба

                                   гэрч Н.Ундрах, Д.Дуламцоо

                                нарийн бичгийн дарга У.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э миний бие 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Г.Эттай зээлийн гэрээг бичгээр байгуулж сарын 10% хүүтэй 2 сарын хугацаатай, хэрвээ үүргээ 2 сарын хугацаанд биелүүлэхгүй бол ИХ-н 232.4 дэхь хэсэгт зааснаар 0,5% алданги авахаар зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулаад мөнгөө Г.Этт өгсөн. Зээлийн гэрээний хугацаанд миний бие зээлийнхээ хүүг авах гэж утсаар холбогдсон. Энэ үед надад хүү мөнгө болох 800000 төгрөгийг өгсөн. Зээлийн гэрээний хугацаа дуусаад үндсэн зээлээ шаардаж хэлж байсан боловч үүргээ Эт биелүүлээгүй өнөөдрийг хүрлээ. Сүүлдээ Эт зээлийн гэрээний тухай ярих гэхээр утсаа авахаа больсон. БГД-н хаяган дээрээ амьдрахаа байгаад алга болсон. Эт миний мөнгийг өгөхгүй зугтаад байгаа тул Этаас ИХ-н 281, 282, 232 дугаар зүйлд зааснаар 6000000 төгрөг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Эттай 2015 оны 12 дугаар сард зээлийн гэрээ байгуулж, 4000000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Тухайн үед би төрчихөөд хүүгээ хараад гэртээ сууж байх үедээ өөрийн хэдэн төгрөгөө өсгөх зорилгоор хүнд мөнгө зээлүүлэх боломжтой гэдэг талаараа эгчдээ ярьж байсан. Үүний дагуу манай эгчийн найз Н.Ундрах эгч надад Г.Этийг манай найз байгаа юм, мөнгөний хэрэг байгаа гэсэн чи мөнгө зээлэх үү гэж надаас асуусан. Би найдвартай буцаан өгвөл боломжтой, та хүүгийнх нь талаар хэлээрэй, би Г.Этийг танихгүй таниар дамжуулан танилцаж байна. Г.Эт яг найдвартай хүн үү гэж Н.Ундрахаас асуухад найдвартай гоо сайханы лангуу ажиллуулдаг гэсэн. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Г.Эттай нотариатын газар орж, зээлийн гэрээ хийж, 4000000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би Г.Этаас мөнгө хэрхэн авах талаар асуухад бэлнээр мөнгөө авъя гэсэн. Тэгээд надаас мөнгөө бэлнээр тоолж авсан. Би та хүүнийхээ мөнгийг сар, сард нь төлөөрэй гэхэд би мөнгөө хугацаанд нь өгч байна гэсэн. Хариу тайлбараас нь харахад би 800000 төгрөг өгөөд 3200000 төгрөгийг нь өгөөгүй юм байна. Хэрвээ 4000000 төгрөгөөс 800000 төгрөг авч, 3200000 төгрөг аваагүй бол яагаад зээлийн гэрээн дээр бэлнээр мөнгө авав гэдгийг уншсан байж гарын үсэг зурсан юм бэ. Тухайн үед Г.Эт жирэмсэн байсан. Би адилхан эмэгтэй хүмүүс аятайхан ойлголцоё л гэж бодсон. Бид зээлийн гэрээг хийхдээ нотариатаар орсон. Хууль бус зээлийн гэрээг нотариат ч батлахгүй байх. Г.Эт зээлийн гэрээнд гарын үсэг зурж бэлнээр 4000000 төгрөгийг хүлээж авсан. Би огт өгөөгүй мөнгөө авах гэж яваагүй. Г.Эттай холбогдох гэж их хичээсэн боловч утсаа авдаггүй. Эхлээд Баянгол дүүргийн 1 хороо 2 дугаар хорооллын 20А байрны 67 тоот хаягаар нэхэмжлэл өгч байсан. Дараагийн удаа Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны 3 дугаар байрны 19 тоот гэсэн хаягаар нэхэмжлэл гаргаж байсан. Дээрх хоёр хаяг дээр оршин суудаггүй гэсэн болохоор Г.Этийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байсан. Хэрвээ Г.Этт би мөнгө өгөөгүй бол араас нь ингэж явах шаардлага, цаг зав байхгүй. Өгөөгүй мөнгөө авахын тулд би зардал гаргаж, ингэж явахгүй. Өөрөө хүнээс авсан мөнгөө аваагүй мэтээр ярьж, хүнийг гүтгэж байгаад би гомдолтой байна. Г.Эт 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 400000 төгрөг, 12 дугаар сарын 17-ны өдөр 200000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээ хийж 800000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг би зээлийнхээ 2 сарын хүүд тооцож авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Хариуцагч Г.Эт шүүхэд гаргасан тайлбартаа: Г овогтой Эт миний бие 2015 оны 12 дугаар сарын 5-ны өдөр өөрийн танил гэх Ундармаагаар дамжуулж утсаар ярьж тохирч, 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 4 сая төгрөг зээлж авахаар болсон. Тухайн үед амралтын өдөр оройн 6 цаг болж байсан. Зээлэх бол өнөөдөр л болно, завтай байна, орой ажилладаг нотариат орж зээлийн гэрээ хийж болно. Маргааш бол завгүй гэж хэлсэн болохоор 1950 лавлахаас асууж, 25 дугаар эмийн сангийн хажууд байрлах Кекшү цамхагийн оройн 20 цаг 00 минут хүртэл ажилладаг нотариатаар зээлийн гэрээ хийсэн. Б.Э гэрээ хийсний дараа бэлэн 800000 төгрөг өгөөд үлдсэн 3200000 төгрөгийг хүнээс авна, орой юмуу маргааш дансаар хийнэ гэж хэлээд явсан. Тухайн үед барьцаагүй хурдан зээлж байгаа гэж бодоод зээлүүлж байгаа хүнээ танихгүй болохоор хэлснээр нь байхаас өөр арга байхгүй байсан. Бэлэн 800000 төгрөг өгсөн болохоор итгэж явсан. Нэмж өгөх байх гээд 10 хоног хүлээсэн боловч нэмж өгөөгүй. Чимээгүй байгаад байхаар нь авсан 800000 төгрөгөө буцааж өгнө гэхэд 10 хоногийн хүү 80000 төгрөг нэхсэн. Тийм их мөнгө өгч чадахгүй, зүгээр зээлсэн мөнгөө өгнө. Орой болсон байхад зээлнэ гэж нотариат орж такси гэж 30000 төгрөг дэмий үрсэн болохоор зүгээр зээлсэн мөнгө өгнө гэхэд янз бүрээр доромжлоод байсан учраас дахиж утсаар холбогдох шаардлага байхгүй гэж үзээд өөрийн данснаас 2015 оны 12 сарын 16-ны өдөр 400000 төгрөг шилжүүлсэн. 2015 оны 12 сарын 17-ны өдөр 200000 төгрөг шилжүүлсэн. Нийт 800000 төгрөг шилжүүлсэн. Ийм олон жилийн дараа ингэж гүтгэж, сэтгэл санаагаар хохироож цаг зав үрж болох юмуу. Нотариатаар орсон бичиг баримт байгаа л бол нэхэмжлэл гаргаж хүн хохироож болох юмуу. Одоо бодоод байхад ингэж залилах санаатай зээлийн гэрээг хийсэн гэж үзэж байна. Үнэн зөвийг шийдэж өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай охин 800000 төгрөг авсан. Харин 3200000 төгрөгийг нь хүнээс авч байгаад өгнө гэж хэлээд өгөөгүй гэсэн. Ингээд өгөхгүй болохоор нь буцаагаад эхлээд 400000 төгрөг шилжүүлж, дараа нь өөр хүний данснаас 2 удаа 200000 төгрөгөөр 400000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгөө шилжүүлэхгүй байсан болохоор нь бага хүүтэй өөр зээл авах гээд 800000 төгрөгийг нь эргүүлэн шилжүүлсэн гэсэн.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1. Нэхэмжлэгч Б.Э хариуцагч Г.Этаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 сая төгрөг, уг үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн алдангид 2 сая төгрөг нийт 6 сая төгрөг гаргуулахаар шаарджээ.

Талууд 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “зээлийн гэрээ”-г бичгээр хийсэн байх ба уг гэрээгээр хариуцагч Г.Эт нэхэмжлэгч Б.Эгээс 4 сая төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10%-ийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож, гарын үсэг зурж, гэрээний үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн байна.

Зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээсэн хэлцлийг “зээлийн гэрээ” гэнэ гэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан. Өөрөөр хэлбэл дээрх тохиролцоо хийгдсэн бол зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Тухайн гэрээний үүргээ зээлдэгч 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр биелүүлж бэлнээр 4 сая төгрөг өгсөн, уг мөнгөний 2 сарын хүү 800000 төгрөгийг авсан гэж тайлбарлаж байх ба хариуцагч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн, 4 сая төгрөгөөс 800000 төгрөг хүлээн авч, буцаан төлсөн, үлдсэн 3200000 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргаж байна. Дараах үндэслэлүүдээр хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

Зээлийн гэрээг заавал нотариатчаар гэрчлүүлэх шаардлагыг хуульд заагаагүй боловч талууд хүсвэл гэрээний үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлж болох бөгөөд уг үйлдэл нь тухайн гэрээ талуудын тэгш эрхийн үндсэн дээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн болохыг, уг гэрээнээс гарах үр дагаврыг мэдсэн болохыг гэрчилдэг. Иймд талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.5-д “Зээл олгосон хугацаа: 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бэлнээр олгосон” гэж заасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Мөн гэрч Н.Ундрахын мэдүүлэгт “Б.Э манай найзын дүү, Г.Эт нь миний найз, Г.Этт мөнгөний хэрэгцээ гараад би Б.Этэй танилцуулсан, энэ хоёр бие биенээ танихгүй учраас гэрээ хийхэд нь би хамт явсан, 4 сая төгрөгийг миний хажууд өгсөн” гэж мэдүүлсэн байх ба гэрчээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан, түүний мэдүүлэгт авагдсан мэдээлэл нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, уг мэдээллийг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй, эсрэг нотлох баримт гаргах хүсэлт гаргаагүй болно. Иймд гэрч Н.Ундрахын мэдүүлгийг бодит үнэнд нийцсэн үнэн зөв нотлох баримт гэж дүгнэв. Хариуцагч нь тайлбартайгаа холбогдуулан өөрийн болон Д.Туяагийн Хаан банкны депозит дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг баримтаар 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 400000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хоёр удаагийн шилжүүлгээр 400000 төгрөг нийт 800000 төгрөгийг Б.Эд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа боловч энэ нь Б.Эгээс зээлийн гэрээний дагуу зөвхөн 800000 төгрөг авсан болохыг нотлохгүй байна. Тодруулбал зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь 4 сая төгрөгийн 2 сарын хүүд 800000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд зээлдэгч хүү төлөх үүргээ биелүүлсэн эсэх, эсвэл Б.Эгээс авсан мөнгөө буцаан өгсөн эсэхийг өөр бусад баримтаар эргэлзээгүйгээр нотлоогүй болно. Иймд зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Н.Ундрахын мэдүүлгийг үндэслэн зээлдэгч Б.Эг зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзлээ.

Талууд гэрээгээрээ үүрэг гүйцэтгэх дарааллыг тохиролцоогүй боловч зээлийн үндсэн төлбөрийг зээлийн гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө бүгдийг болон хэсэгчлэн төлж болохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3 дахь хэсэгт “зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол гагцхүү талууд урьдчилан тохирсон буюу зээлдүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд зээлийг хүүгийн хамт хугацаанаас өмнө буцаан өгч болно” гэж заасантай нийцнэ. Иймд хариуцагчийн төлсөн 800000 төгрөгийг зээлээс хасч тооцох үндэслэлтэй байна. Мөн талууд зээлийг хугацаанаас өмнө төлсөн тохиолдолд хүүг зээлийг ашигласан хоногоор төлөхөөр тохиролцсон байх тул 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 11 хоногт 4 сая төгрөгийн хүү 145200 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 1 хоногт 3600000 төгрөгийн хүү 11880 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 19 хоногт 3200000 төгрөгийн хүү 200640 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 3200000 төгрөгийн хүү 320000 төгрөг төлөхөөр байна. Алдангийг 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл 3200000 төгрөгөөс гэрээгээр тохирсон 0.5%-иар тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч байх тул гүйцэтгээгүй үүргийн 50% болох 1600000 төгрөгөөр тогтоов. Иймд хариуцагч Г.Этаас зээлд 3200000 төгрөг, хүүд 677720 төгрөг, алдангид 1600000 төгрөг нийт 5477720 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 522280 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Гэрч Д.Дуламцоо нь зохигчдын байгуулсан зээлийн гэрээний үнэн зөвийг гэрчилсэн нотариатч бөгөөд түүний мэдүүлэгт “мөнгө өгснийг би хараагүй, хэзээ ч хүмүүс нотариатын өрөөнд мөнгө авчирдаггүй, би асуугаад та мөнгөө авсан уу гэж асуухад авсан гэвэл авсан, аваагүй гэвэл мөнгийг өгнө, олгоно эсвэл шилжүүлнэ ч гэдэг юм уу хүмүүсээс нь асууж байгаад гэрээгээ бичдэг, яагаад гэвэл зээлийн гэрээ бол бодитоор мөнгийг өгснөөр хүчин төгөлдөр болдог гэрээ гэдгийг хэлдэг” гэсэн нь нотариатын үйлдэл хийх үед болсон үйл баримтын талаарх мэдээлэл байх бөгөөд зохигчид мөнгө өгч, авсан үгүйг гэрчлэхгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэгээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан боловч хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад дээрх гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 5477720 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 102594 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.        

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Зайсан овогт Гын Этаас 5477720 /таван сая дөрвөн зуун далан долоон мянга долоон зуун хорь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Боржигон овогт Бат-Эрдэнийн Эд олгож, нэхэмжлэлээс 522280 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Этаас улсын тэмдэгтийн хураамжид 102594 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНДИЙМАА