Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/829

 

2022           8          22                                    2022/ШЦТ/829

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0773/Э

 

Б.С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Б.Амармөрөн,

гэрч Д.Зоригоо,

хохирогч З.Г, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал,

шүүгдэгч Ё.М, түүний өмгөөлөгч Ц.Цогтсайхан,

шүүгдэгч Ё.МЭ, түүний өмгөөлөгч Н.Должинсүрэн,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Р.Баярхүү нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.МЭ, Б.С, Ё.М нарт холбогдох эрүүгийн 2109000000942 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны офицер, эрх зүйч мэргэжилтэй, 2010 онд Хилчний алдар 1, 2 дугаар зэргийн медалиар шагнагдаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........... оршин суух хаягтай, урьд Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Ё.МЭ

Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, .......... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.С

Монгол улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт ...... тоотод оршин суудаг. ..... ХХК-д компанид жолооч ажилтай, гагнуурчин мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ё.М

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ё.МЭ, Б.С, Ё.М нар бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө ..... тоотод иргэн З.Г-н гэрт “хохирол төлбөрөө барагдуулж авах” зорилгоор оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр цонхоор нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлаж, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон,

Мөн З.Г-с 45.000.000 төгрөгийг барагдуулж авах зорилгоор хүчээр авч явж, түүний эцэг, эхээс төлбөрийг нь төлөхийг шаардаж, .... тоотод 2021 оны 6 дугаар сарын 25-ны шөнийн 00 цагаас хойш авчирч улмаар “45.000.000 төгрөгийг өг” одоо гадаадад байгаа ээж рүүгээ ярь, өгөхгүй бол явуулахгүй” зэргээр сүрдүүлэн, 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн хооронд дээрх тоотод хүлж эрхшээлдээ байлгаж хүн барьцаалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ё.МЭ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Анх З.Г нь над дээр ажил хийхээр ирсэн бөгөөд өөрийгөө би Оюу толгойд ажилладаг ба одоо эрүүл мэндийн шалтгаантай тул зарын ажил хийхээр ирлээ. Мөн би хүмүүсийг Оюутолгойд оруулж өгнө чадна гэж хэлж байсан. Тэгээд би их дажгүй залуу байна гэж итгээд найзалж байсан. Ингээд нэлээн хугацаа өнгөрсний дараа З.Г-д луйвардуулснаа мэдсэн. Би хүн ажилд оруулуулж өгнө гэж маш их мөнгийг З.Г-д өгсөн. Гэтэл хүмүүс З.Г-г биш намайг луйвардсан гээд над руу дайраад байсан. Би Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хошууч Тэлмэн гэж хүнтэй уулзаад З.Г-н талаар хүн залилж луйвардаж явдаг хүн гэдгийг нь сонсож мэдсэн бөгөөд баригдах үедээ дандаа зугтдаг хүн гэж түүний тухай сонсож байсан. Би цагдаагаас гав асуухад миний гав байхгүй байна, надад З.Г-г баривал шууд хэлээрэй гэж хэлсэн. Би Гэрэлт- Одыг барьчихаад байцаагч руу залгахад утас нь болохгүй байсан бөгөөд маргааш нь холбогдоод аваачиж өгөхөөр болсон. Би З.Г-н ээж рүү нь залгаагүй ба өөрөө энэ хүн анхнаасаа ээж ааваас мөнгө авч өгнө гэж надад хэлээд цагдаад битгий өгөөч гээд гуйгаад байсан ба түүнчлэн 45 сая төгрөг авснаа энэ хүн өөрөө хүлээн зөвшөөрсөн. З.Г надаас үргэлж бэлнээр мөнгө авдаг байсан. Би ээжийг нь дарамталж шахаагүй, ба анх дөнгөж З.Г-г бариад гарч байхад цагдаа гэх ах эгч хоёр гарч ирсэн. Гэтэл З.Г өөрөө битгий цагдаа дууд гэж тэр хоёр хүнд хэлсэн. Би гэр лүү нь орсон нь үнэн. Өмнө нь очиход З.Г зугтаж байсан тул цонхоор нь орсон. Баярцэцэг буюу З.Г-н эхнэр нь намайг ахаа та наад хүнээ аваад явчих, би байрны зээлтэй байхад энэ хүн яаж мөрийтэй тоглож чадаж байна аа гэж хэлэхэд З.Г чи чимээгүй бай гээд эхнэр лүүгээ орилж байсан. Мөн өөрөө ээжтэйгээ ярьсан бөгөөд Эркатай мөн яриулсан. Гэтэл ээж нь эгч нь чамд эхлээд 25 сая төгрөг өгөөд үлдсэнийг нь дараа өгье гэж хэлсэн. Ингээд би З.Г-г гэртээ аваачаад хүлсэн нь үнэн, харин цохиж зодсон зүйл байхгүй. Тэгээд орой болж байхад З.Г та нар намайг ээж рүүгээ залгаад яриулаад өг гэж гуйгаад миний утсаар ээжтэйгээ ярьсан. Утсаар ярихдаа ээжтэйгээ нэлээн маргасан. Маргааш нь ээжийнх нь утас болохгүй байсан. Миний хувьд ээжид нь санаа зовж байсан. Маргааш өглөө нь З.Г-г аваад явж байхад намайг аавтай уулзуулаад өг гэхээр нь аавынд нь очиход З.Г аавдаа та байраа зохицуулаад 15 сая төгрөг өгчих гэж хэлсэн. Гэтэл аав нь чадахгүй гэж хэлсэн байдаг. Ингээд З.Г-г Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст аваачиж өгсөн” гэв.

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Ё.МЭ нь намайг утсаар ярихаар З.Г-н гэрийнх нь хаалгыг тогш гэж  хэлсэн бөгөөд Ё.М бид хоёр орцонд байж байхад Ё.МЭ, хохирогч хоёр гүйж гарч ирээд бид гурав З.Г-г барьж авсан. Араас нь эхнэр нь гарч ирэхэд З.Г эхнэр рүүгээ миний ээжтэй яриулаад өг гэж хэлээд байсан. Ё.МЭ эхнэртэй нь ярилцаад сууж байгаад эхнэр нь З.Г-г аваад яв гэж байна гэж хэлсэн. Бид нар тэндээс явахдаа цагдаатай холбогдох гэсэн боловч холбогдож чадаагүй. Тэгээд гэр рүү авч явсан.” гэв.

Шүүгдэгч Ё.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр З.Г-г авч гарч ирээд байж байхад эхнэр нь гарч ирээд та нар наадхаа аваад яв гээд байсан. Тэнд байсан хүмүүст З.Г нь битгий цагдаа дууд гэж хэлээд байсан. Би юу ч мэдэхгүй дагаад явж байсан. Бид нар З.Г-г авч яваад гэрт очоод хоол хийж идээд амарсан.” гэв.

Хохирогч З.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би энэ Ё. Ё.МЭ гэх хүнээс анх Оюу Толгойд 2 сая төгрөгөөр хүн ажилд оруулж өгнө гэж мөнгө нэхээгүй. Оюу толгойд  ажилд орохын тулд эхлээд 225.000 төгрөгийн бүртгэлийн хураамж өгч бүртгүүлдэг, 60 000 төгрөг эрүүл мэндийн даатгалын хураамж хэлбэрээр төлдөг нийтдээ 285 000 төгрөг болдог гэдгийг хэлсэн. Би тоглож байсан нь үнэн. 21 хүнээс тус бүрээс    285 000 төгрөг гэж Ё.МЭ-с авсан нь үнэн. Ё.МЭ нь ёндоо гэж надад             300 000 төгрөг, 500 000 төгрөгөөр ганц нэг удаа өгч байсан. Би Ё.МЭ-с авсан бүх мөнгөө эргүүлээд өгье гэхэд надаас 45 сая төгрөг нэхсэн. Энэ хүн хүмүүсээс 2 285 000 төгрөгийг авчихаад надад 285.000 төгрөгийг нь өгч байсан байна лээ. Тэгээд миний өмнө нь холбогдож байсан хэрэг дээр дөрөөлөөд намайг залилан хийсэн болгох гэж үзсэн. Бас Ё.МЭ яаж цагдаатай холбогдож иргэн хүн намайг барихаар болсон бэ үүнийг би ойлгохгүй байна. Ё.МЭ намайг байнга дарамталж байсан бөгөөд танихгүй хүүхдээр хүүхдийг чинь мөргүүлнэ шүү гэж хэлж байсан. Ё.МЭ гэж хүн намайг анх залилан гэж мэдсэн бол яагаад намайг цагдаад өгөөгүй вэ? Надад би чамайг залилангийн хэрэгтэй байгааг мэднэ, 45 сая төгрөг өгвөл чамайг цагдаад хэлэхгүй гэж хэлсэн. Намайг Ё.МЭ авч яваад Улаанчулуутын хогийн цэгт очоод чамайг шороонд булсан байхад хэн ч мэдэхгүй гэж хэлсэн...тэр үед хамт Ё.МЭ-тэй хамт явсан хүн нь энэ Ё.М мөн байна...Ё.МЭ хэлэхдээ Ё.М-г олон жил шорон оронгоор явсан хүн шүү гэж намайг айлгаж байсан. Би тэгээд гуйгаад би чамд 15 сая төгрөг өгье гэж хэлсэн байдаг. Гэтэл чи битгий олон юм яриад бай гэж хэлсэн бөгөөд би тэгээд айгаад зугтсан байдаг. Үүнээс хойш эдгээр гурван хүн манай гэрт ирж намайг барьсан бөгөөд би хүмүүст зүгээр гэж хэлээгүй, орилж хашгираад бөөн зүйл болсон. Ё.М, Б.С хоёр намайг 2 талаас барьж зуураад явсан. Ингээд намайг машинд суулгасны дараа Ё.М ах намайг 1 удаа цохисон ба тэнд нэг өмгөөлөгч дүү нь та нар буруу зүйл хийж болохгүй өөрсдөө хэрэгт орно гэж хэлэхэд намайг цохихоо больсон. Ингээд намайг 10 дугаар хороололд байх гэр лүүгээ аваачсан.. тэнд очоод Б.С нь наад муугаа чацгыг нь савируулаач, гяндан хүлээгээр хүл гэж нөгөө хоёртоо хэлж байгаад гурвуулаа нийлж намайг нүцгэлж дээрээс дарж байгаад гяндан хүлээгээр гар хөл хүлсэн... Би орой 15 сая төгрөг өгье ээжтэй яриулаад өгөөч гэж хэлсэн. Манай ээж дүү хоёр Ё.МЭ-тэй ярьсан байсан болохоор байнга утас руу нь залгаад байсан. Тэгээд манай ээжтэй холбогдоход ээж эхлээд 25 сая төгрөг өгнө гэж хэлсэн. Ингээд маргааш өглөө энэ гурав ээжтэй холбогдоход ээж эхлээд аав дээр нь очоод бэлэн 10 сая төгрөг авчих гэж хэлсэн. Тэгээд бид нар Налайх руу манай аавынд очиход аав намайг мөрийтэй тоглосоор байгаад ийм байдалд хүрч байгаа юм гээд зэмлэсэн. Манай аав баримт байвал би та нарт мөнгө өгнө гэж хэлсэн гэтэл эд нар танай хүүг цагдаад өгье гэж хэлсэн. Харин манай аав 1 цаг бодъё гэж хэлсэн ба бид нар гадаа хүлээсэн. Удалгүй аав бүх зүйлээ цагдаагаар явуулж шийдье гэж хэлсэн. Ингээд би цагдаа дээр очоод 461 дүгээр хорих ангид очсон бөгөөд тухайн хорих анги ийм хөх няц болсон хүн авч болох талаар хүртэл ярьж байсан. Үүнээс хойш бүхэл бүтэн 1 жилийн дараа шүүх эмнэлэгт үзүүлэх талаар асууж байсан. Надад хэргийн материал ч танилцуулаагүй байсан. Одоо би шүүгдэгч нарт гомдолгүй, тэднээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй” гэв.

Гэрч Д.З: “Тухайн өдөр шөнө 11 цаг өнгөрч байхад би З.Г-тэй, мөн эхнэртэйгээ утсаар яриад байж байхад гэнэт утасны цаана хүүхдүүд хүн ороод ирлээ гээд орилоод камер нь алга болсон. Тэгээд араас нь залгахад З.Г-г хүн орж ирээд аваад явчихлаа гэж хэлсэн. Машиндаа хүчээр суулгаад аваад явсан байсан. Шөнжингөө энэ талаар З.Г-н ээжтэй нь яриад нойр хүрэхгүй хоносон. Гэтэл маргааш өглөө нь Ё.МЭ З.Г-н хамт манайд орж ирсэн ба намайг 15 сая төгрөг өгчих гэсэн. Харин би бүх зүйлийг хуулиар шийд гэж хэлсэн бөгөөд бид нарт тийм их мөнгө байхгүй гэдгийг хэлсэн. Тэгээд З.Г-г аваад гараад явсан. Би үдээс хойш гараад очиход мөнгөө олж өг гэсэн. Тэгээд Ё.МЭ Налайхын цагдаад З.Г-г аваачиж өгсөн. Ё.МЭ З.Г-г гадаа байхдаа их дарамталсан байсан. З.Г-г өөрийн гэртээ бас хүлсэн байсан.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч З.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ё.МЭ манай гэрийн хаягаар ....... байранд ирсэн бөгөөд би зугтаж явсан учир уулзаагүй. Үүний дараа 2021 оны 6 дугаар сарын 25-ны шөнө 12 цагт манай гэрт дахиж ирж байрны цонхоор орж ирж намайг хүчээр гэрээс авч гарч үл таних хоёр хүнтэй машинд хүчээр суулгаж 10 дугаар хороололд байдаг байранд аваачиж үл мэдэх айл руу оруулж гяндан хүлээгээр хүлж, зодож хавирга гэмтээсэн, дараа нь манай ээж рүү ярьж мөнгө өг гэж хэлж сүрдүүлсэн. Маргааш өглөө нь Налайх дүүрэгт амьдардаг аав дээр минь хүргэж өгсөн, үүний дараа манай гэрийнхэнтэй ярилцаж 45.000.000 төгрөг аваагүй учраас цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлье гэж шийдэж Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

З.Г-н хохирогчоор дахин өгсөн: “...хэрэг болох үед буюу 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 00 цагийн орчимд намайг гэртээ эхнэр хүүхдийн хамт байж байхад Ё.МЭ нь гэнэт тагтаар орж ирсэн. Би гайхаад "чи юу болж байна. Утсаар ярихгүй яасан юм бэ? гэсэн чинь над руу хүрч ирээд намайг чирээд гарах гэхэд үүдэнд хаалганы цаана 2 хүн байсан. Тэгээд би “хүүхэд, эхнэр байна, би өөрөө хувцсаа өмсөөд гарья гээд гутлаа өмсөхөд Ё.МЭ нь намайг футболкноос татаад чирээд гарсан. Гарахад үүдэнд байсан 2 хүн хамжиж чирээд намайг орцоор гаргасан. Тэгээд машин дотор суугаад надаас мөнгө нэхсэн. Манай ээж рүү видео калл хийж ярьсан. Тэгээд "маргааш ээж аавыг чинь мөнгө өгтөл чамайг явуулахгүй гээд намайг авч яваад 10 хороололд ирж нэг байранд оруулсан. Намайг оруулангуутаа Ё.МЭ нь хамт явсан 2 хүнтэйгээ нийлж миний гарыг мушгиж, ар нуруунд минь гаргаж хүлсэн. Хүлж байхдаа "маргааш мөнгөө өгөхгүй бол алнаа чамайг гээд элэг рүү хэд хэдэн удаа цохисон. Хоёр хүнийх нь арай хөгшин нь бол намайг цохиод өшиглөсөн. Намайг газарт унасан байхад "чамайг гяндан хүлээгээр хүлнэ" гээд бүх хувцсыг минь тайлж 2 хөлийг минь хүлж арагш татаад гартай хамт арагш дарж хүлсэн. Ингээд намайг ямар ч хөдөлгөөнгүй болгоод коридороос чирж гал тогооны өрөөнд оруулан элдвээр хэлж үг хэлээр доромжилж, үг хэлэх болгонд элэг рүү цохиж байсан. Ингээд намайг унтуулахгүй тэр гурав нэг нэгээр миний хажууд ирж, хэл амаар доромжлоод шөнө 03 цагийн орчимд манай ээж рүү залгаж “маргааш мөнгө өгөөрэй” гэж яриад миний дүрсийг харуулаад ярьсан. Хамт явсан 2 хүн нь нөгөө өрөөнд орж унтаад Ё.МЭ нь намайг харж хоносон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-21 дэх тал)

З.Г-н хохирогчоор дахин өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр би Б.С дүүргийн 1 дүгээр хороо 59г байрны 2 давхар 6 тоот гэртээ байсан. Гэтэл 00 цагийн орчимд би өөрийн эхнэр болон хүүхдийн хамт гэрийнхээ том өрөөнд байж байтал жижиг өрөөний цонхоор Ё.МЭ нь хууль бусаар манай гэрт цонхоор дамжин орж ирсэн. Ё.МЭ нь орж ирчихээд намайг орон дээрээс чирээд гэрийн үүд хэсэг рүү дагуулж гаргасан ба яг гарах үед Ё.МЭ-тэй хамт байсан гэх Ё.М болон Б.С гэх хүмүүс "сүүлд цагдаагийн байгууллага дээр ирээд царайг нь хараад нэрийг нь цээжилсэн" нь үүдэнд байсан. Тэгээд тэр гурван хүн намайг гурвуулаа нийлээд хувцаснаас маань чирээд гаргасан. Тэгээд гэрийн гадаа байсан машинд суулгасан. Тэгээд намайг машинд суулгасны дараа Ё.МЭ нь эхнэр Баярцэцэгт хандан танай нөхөр надаас 45.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан одоо тухайн мөнгийг надад өгч миний хохирлыг барагдуулахгүй бол би танай нөхрийг барьцаалж авч явна гэж хэлсэн. Тэгээд МЭ-н машины арын суудал дээр нь сууж байтал Ё.М гэх залуу нь намайг "чи муу ямар овоо пизда вэ" гэж хэлээд миний нүүр рүү нэг удаа цохисон. Тухайн үед МЭ-н дүүгийнх нь найз гэх эрэгтэй өөрийгөө өмгөөлөгч гээд байсан залуу байсан ба ахаа та ингэж цохиж болохгүй шүү өөрсдөө асуудалд орно шүү, цагдаад өг, эсвэл хэл амаараа тохиролц гэж хэлсний дараа Ё.МЭ нь манай эхнэртэй уулзаж дуусчхаад Ё.МЭ машинаа бариад Ё.М нь урд талын суудал дээр суугаад Б.С нь миний хажуу талын суудал дээр суугаад миний цамцнаас барьсан байдалтай явсан. Тэгээд хөдөлсөн ба Ё.МЭ нь замдаа хүнтэй ярьж байгаа бололтой гав байна уу би хүн чингэлэгт хийх гэсэн юм гэж яриад яваад байсан. Тэгээд БГД-ийн 10 дугаар хороолол орчимд МЭ-н гэр гэх 9 давхар угсармал хуучны байр луу ороод лифтээр дээш гараад нэг айл руу орсон. Тухайн айл руу орсны дараа шууд Ё.МЭ нь миний хэвлий хэсэг рүү 2 удаа цохиод би эвхэрч унах гээд хана түшиж байхад Ё.М нь миний толгойны дагз хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд Ё.МЭ нь одоо наадахыг чинь хүлнэ гэж хэлээд миний гарыг ард талд минь кабелийн утсаар хүлээд газар унагасан. Тэгээд манай ээж рүү видео каллаар залгаад та хүүхдээ авмаар байвал 45.000.000 төгрөгийг яаралтай өг гэж залгаад миний нүүр хэсгийг харуулаад байсан. Гэрт орж ирснээс 1 цаг орчмын дараа Б.С нь наадахаа гяндан хүлээгээр хүл гэж хэлээд миний бүх хувцсыг тайлаад доор нь байсан хивсэнцэрийг аваад намайг шалдангаар минь гар болон хөл хооронд минь хүлээд газар хэвтүүлсэн. Тэгээд газар хэвтэж байхад Ё.М нь миний зүүн цээж хэсэгт өшиглөсөн ба түүний дараа би амьсгалж чадахгүй эвгүй болсон. Тэгээд тухайн хүмүүс нь том өрөө рүүгээ ороод намайг ээлжилж харж байсан. Мөн намайг доош хараад хэвтсэн байхад нойл угаадаг арзгар үстэй зүйлээр миний бөгс рүү хүргээд энийг чиний бөгсөнд хийнэ гэж хэлээд инээгээд байсан би хэн гэдгийг нь хараагүй. Тэгээд шөнийн 3 цагийн орчимд Ё.МЭ нь ээж рүү залгаад маргааш 10 цаг гэхэд 45.000.000 төгрөгөө бэлэн болгохгүй бол хүүхдийг чинь явуулахгүй шүү гэж хэлсэн. Хэрвээ мөнгийг маань өгөхгүй бол би танай хүүхдийг найздаа хэлж зодуулна хачин болгоно шүү гэж хэлж байсан. Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн орчимд Ё.МЭ нь ааваас мөнгө авна гээд намайг арын суудал дээр суулгаад өмнөх сууж байсан байрлалаараа суулгаж авч явж байсан. Тэгээд замдаа Өгөөмөр захаар ороод намайг гавлана гээд гав хайсан. Тэгээд удалгүй Ё.МЭ нь төмрөөс хомуучик бариад орж ирж байсан. Тэгээд намайг дагуулаад Налайх дүүрэг рүү явсан ба манай аавын гэрийн гадаа очоод Ё.МЭ нь Ё.Мдаа одоо аавтай нь уулзана та ороод жоохон айлгаад өгчих гэхэд Ё.М нь би аавруу нь орохгүй гэсэн. Тэгээд Ё.МЭ нь гэр рүү авч ороод аавтай уулзуулаад аавд хандан танай хүүхэд надаас 45.000.000 төгрөгийг авсан байгаа тэрийг төл гэхээр нь би энэ хүнээс 45.000.000 төгрөгийг аваагүй авсан мөнгөө өгнө гэж хэлж байсан. Тэгээд Ё.МЭ нь аавын хажууд Солонгос улсад байдаг Бат-Эрдэнэ гэх дүүтэй ярьсан ба дүүг ахыгаа авахын тулд мөнгө өг гэхээр нь дүү надад 10.000.000 төгрөг л бэлэн байна. Та наад асуудлаа хуулийн байгууллагаар шийдэж болохгүй юм уу гэхэд Ё.МЭ нь тэгвэл больё гэж уурласан ба аав цагдаа шүүхээрээ шийдье гэж хэлээд Ё.МЭ болон аав нөгөө Б.С Ё.М нарын хамт Налайх дүүргийн цагдаагийн газар руу очсон. Ё.М гэх хүн нь гэрийн гадна байхад миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон, мөн Баянгол дүүргийн нутагт байрлах МЭ-н гэрт байхад толгойны дагзан дээрээс нэлээн хэдэн удаа цохисон хэдэн удаа гэдгийг бол сайн санахгүй байна. Тэгээд намайг гяндан хүлээтэй байхад Ё.М нь миний цээж хэсэгт нэг удаа өшиглөсөн. Ё.МЭ нь гэртээ оруулчихаад миний хэвлий хэсэг рүү хоёр удаа цохисон, толгой руу нэг удаа цохисон. Б.С нь харин намайг Ё.МЭ-тэй нийлэн хөл гарыг маань хүлээд хооронд нь холбон гяндан хүлээгээр хүлсэн. Манай эхнэр Баярцэцэг болон Солонгос улсад байгаа ээж Ариунхишиг нарыг 45.000.000 төгрөгөө өг эсвэл хүүхдийг чинь явуулахгүй үхтэл нь байлгана гэж дарамталж байсан. Ё.МЭ, Ё.М нар нь намайг зодсон ба би өөрийн хэвлий болон толгой хэсгээ томографикт харуулах мөнгө болон өмгөөлөгч авсан 5.000.000 төгрөгийг нэхэмжлэх болно. Миний бие Ё.МЭ гэх хүнд Оюу толгой ХХК-д хүмүүс ажилд оруулж өгнө гэж худал хэлэн нийт 20 орчим хүнээс нэг хүний 285.000 төгрөгийг авсан. Гэтэл Ё.МЭ нь тухайн хүмүүсээсээ 2.285.000 төгрөгийг авдаг байсан юм байна лээ тэгээд тэр мөнгөө надаас нэхээд байгаа. Би Ё.МЭ-с ойролцоогоор 7-8 сая орчим төгрөгийг л худал хэлж авсан. ...Ё.МЭ нь гэрт ороод намайг хувцаснаас маань зуураад хүчээр чирч гаргасан өөр ямар нэгэн байдлаар гэрийн хүмүүст хүч хэрэглэсэн асуудал байхгүй. 2021 оны 05 дугаар сарын эхээр Ё.МЭ нь надтай уулзаад чамайг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа юм байна шүү дээ би мэдсэн, би чамайг цагдаагийн байгууллагад өгөхгүй байж болно харин чи оронд нь надад 45.000.000 төгрөгийг өг гэсэн. Тэгэхээр нь би юун 45.000.000 төгрөг би чамаас ийм их мөнгө аваагүй гэхэд намайг сүүлд суулгаж авч явж байсан Альфард машиндаа суулгаад явсан ба замдаа БЗД-ийн 16 дугаар хороолол орчимд Ё.М-г аваад энэ манай шоронгоор явж байсан эвгүй ах шүү гэж танилцуулж байсан. Тэгээд намайг Улаан чулуут гэх газар аваачаад машиныхаа хаалганаас улаан иштэй хутга гаргаж ирэхээр нь би зугтаасан ба тэгэхэд Ё.МЭ нь чи хүрээд ирээ би чамайг яах ч үгүй гэхээр нь би очиход Ё.МЭ нь би одоо бичлэг хийнэ тэгэхээр чи би Ё.МЭ гэх хүнээс 45.000.000 төгрөг авсан гэж бич гээд намайг өөрөө хэлж байгаад цаасан дээр 45.000.000 төгрөг авсан гээд өөрөө хэлээд бичүүлээд миний гарын үсгийг зуруулсан. Тухайн өдөр бол намайг зодсон цохисон асуудал байхгүй Ё.М болон Ё.МЭ нар нь хамт дарамталсан..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 180-181 дэх тал)

Гэрч П.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 25-ны шөнийн 23 цаг 30 минутад би ....тоот гэр рүүгээ орсон. Гэр рүүгээ ороход миний нөхөр З.Г, хүү Эрхэс нар зочны өрөөний буйдан дээр гар утсаараа оролдсон байдалтай сууж байсан. Би хувцсаа солиод үсээ угаагаад нөхөр хүүхдийнхээ хажууд очоод суутал үл таних /сүүлд цагдаагийн байгууллага дээр ирээд харахад Ё.МЭ/ гэх хүн байсан манай нөхрийг чирч гулдчаад гэрээс авч гарах гээд байсан. Тэгээд үл таних хүн нь гэрийн хаалга онгойлгоход үл таних саарал бараан өнгийн хувцастай хүмүүс аваад гарсан. Тэгээд би араас нь гарахад манай нөхрийг саарал өнгийн микро мэт бүхээгтэй тэрэгт суулгаад аваад явсан. З.Г-г яах гэж авч явж байгаа талаар асуухад мөнгөний асуудал байгаа чамтай хамааралгүй гэж хэлж байсан. Манай гэр 2 давхар ба балкон хэсгийн цонхоор орж ирсэн байна лээ" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал)

П.Б-н гэрчээр дахин өгсөн: “...хаалга онгойлгоод нөхрийг маань гаргах гэхэд хаалганы цаана 2 хүн зогсож байсан. Нөхөр маань ядаж гутлаа өмсөөд гарья гэж хэлээд гутлаа авахад манай нөхрийг хаалга руу түлхээд гарсан. Энэ үед хаалганы цаана байсан 2 хүн Ё.МЭ гэх хүнтэй хамжиж нөхрийг маань коридороор чирч гулдчаад авч явсан. Ямар ч байсан манай нөхөрт хүч хэрэглээд гэрээс нь авч явсан. Ё.МЭ-г гэрт орж ирэхэд нөхөр, хүү бид 3 групп чатаар хадам ээж аавтайгаа дүрсээ хараад ярьж байсан. Түүнийг тагтаар орж ирэхэд утсаа таслаагүй, би гэртээ утсаа орхиод гараад ирсэн байсан бөгөөд би сандрахдаа хөл нүцгэн гараад ирсэн байсан тул буцаж орж сандаал өмсөөд утсаа аваад гарахад ээж яриагаа таслаагүй чатанд байсан. Тэгсэн Ё.МЭ нь ээжтэй ярьж танай хүүхэд 45 сая төгрөг авсан, тэр мөнгийг та өг" гэж яриад байх шиг байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал)

Гэрч Д.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 26-ны өдөр би Налайх дүүргийн ..... тоот гэртээ байж байхад өглөө10 цагийн орчим хаалга тогшоод З.Г түүний араас жижигхэн махлаг залуу орж ирсэн. Тэгээд тухайн залуу ахаа танай хүүхэд надаас 45.000.000 төгрөг хүн ажилд оруулж өгнө гэж хэлээд авч залилсан. З.Г өөрөө би ааваасаа 15.000.000 төгрөг аваад өгье гэсэн болохоор наашаа ирлээ гэсэн. Тэгэхээр нь би тухайн хүнд 15.000.000 төгрөг байхгүй та нар цагдаагийн байгууллагаараа наад асуудлаа шийдвэрлүүл гэсэн. Гэрийн гадна З.Г, Ё.МЭ нар нь үл таних хоёр залуутай саарал өнгийн альфард машинд суучихсан З.Г нь ээж рүү яриад мөнгө аваад өгчих гээд надаас гуйгаад байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал)

Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна манай аавын төрсөн дүү Ё.МЭ нэг орой 23 цаг өнгөрч байхад гэж санаж байна над руу залгаад нөгөө З.Г гээд луйварчныг чинь барьчихлаа танай ээж чинь над руу дайраад байгаа болохоор чи хүрээд ир, би энэ хүнтэй хамт луйвар хийгээгүй гэдгийг мэднэ чи, ирээд хар, би барьчихлаа гэж хэлсэн. Ингээд би гэрээсээ гараад Тээврийн цагдаагийн албаны ертөнцийн зүгээр хойд талд байрлах байрны гадаа очсон. Тухайн үед нэг байрны зогсоолын гадна талд Ё.МЭ ах саарал өнгийн Alphard маркийн тээврийн хэрэгслийн гадна зогсож байсан. Очиж уулзаад Ё.МЭ ахтай уулзахад надад хандаж за нөгөөдхийг чинь арай гэж хэд хоног сахиж байж сая нэг цонхоор орж авлаа гэж хэлсэн. Тэгээд би машины цохоор З.Г гэдэг хүнтэй харьцаад би мөнгөө авъя гэж уурласан. Тэгсэн З.Г гэх хүн ..ээ ямар ч асуудалгүй мөнгийг чинь өнөө маргаашгүй зохицуулаад өгнө хэлсэн. Яг энэ үед З.Г гэх залуугийн эхнэр орцоороо уйлчихсан...утсаараа түүний ээжтэй фейсбүүкээр яриад гарч ирсэн. Ингээд эхнэр нь З.Г чи ямар муухай юм бэ гээд уйлаад байсан. Тэгсэн З.Г гээд хүний ээж нь наад барьсан хүмүүстэй нь яръя гээд байсан юм шиг байна лээ Ё.МЭ ах утсыг нь аваад ээжтэй нь ярьсан. Тэгсэн тэр үед З.Г надад хандаж тэр харж байгаа биз дээ манай ээж ярьж байна мөнгийг чинь асуудалгүй өгнө гэж хэлсэн. Ё.МЭ ахтай ярьж байсан З.Г-н ээжийг яриаг сонсоход ээж нь Ё.МЭ ахад хандаж битгий цагдаад өгөөрэй наад хүүхэд чинь бол аягүй хэцүү хүүхэд би дэлгүүртэй байсан гэвч наад хүүхдийн чинь өмнөх луйврын мөнгийг нь өгөөд юу ч үгүй болсон.. би та нарын мөнгийг маргааш гэхэд зохицуулаад өгье цагдаа шүүх болоод хэрэггүй хохирлыг чинь барагдуулчихна гэж ярьж байхыг нь сонссон. Тухайн үед З.Г надад уучлаарай мөнгөөр чинь мөрийтэй тоглочихсон юм аа би мөрийтэй тоглодог донтой болохоор мөнгийг чинь алдчихлаа намайг уучлаарай мөнгийг чинь маргааш өгнө гээд байсан. Ингээд би Ё.МЭ ахтай ярихад за за ээж нь утсаар ярьсан, ах эгч нь Солонгост ажилладаг ч гэл үү маргааш мөнгийг чинь гаргаад өгөх юм ярьж байна харин яаж энэ нөхрийг алдчихгүйхэн шиг авч хонодог юм билээ. Хэдэн өдөр нойргүй сахиж байж барьж авсан гэж хэлж байсан. Тэгээд би гэр рүүгээ явсан. Тэгээд би хоёр билүү 3 хоногийн дараа Ё.МЭ ахтай утсаар яриад юу болж байна гэж асуусан чинь өө ах нь цагдаад өгчихсөн ар гэрийнхэн нь бүтэхгүй юм шиг байна шүүхдээд мөнгөө аваарай гэж байна лээ гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 188-189 дэх тал)

Цагдан хорих 0461 дүгээр хаалттай цагдан хорих ангиас ирүүлсэн лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал)

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 43-46 дахь тал)

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас З.Г-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шалгаж байгаа тухай баримт, Ё.МЭ-н хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 169-174 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ё.МЭ, Б.С, Ё.М нарыг бүлэглэн З.Г-с 45.000.000 төгрөгийг барагдуулж авах зорилгоор хүчээр авч явж, түүний эцэг, эхээс төлбөрийг нь төлөхийг шаардаж, .........  тоотод 2021 оны 6 дугаар сарын 25-ны шөнийн 00 цагаас хойш авчирч улмаар “45.000.000 төгрөгийг өг” одоо гадаадад байгаа ээж рүүгээ ярь, өгөхгүй бол явуулахгүй” зэргээр сүрдүүлэн, 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн хооронд дээрх тоотод хүлж эрхшээлдээ байлгаж хүн барьцаалсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “суллах нөхцөл болгон тодорхой үйлдэл хийлгэх, үйлдэл хийхээс түдгэлзүүлэхэд төр, байгууллага, хүнийг албадах зорилгоор болзол тулгаж барьцааны хүнийг алахаар, эрүүл мэндэд нь хохирол учруулахаар заналхийлж эрхшээлдээ байлгасан үйлдлийг Хүн барьцаалах гэмт хэрэг гэж үзэхээр хуульчилсан байна.

Энэ гэмт хэргийн обьект нь хүний нийгмийн болон хувийн аюулгүй байдал, халдашгүй, чөлөөтэй байх эрх бөгөөд обьектив тал нь суллах нөхцөл болгон тодорхой үйлдэл хийлгэх, үйлдэл хийхээс түдгэлзүүлэхэд төр, байгууллага, хүнийг албадах зорилгоор болзол тулгаж барьцааны хүнийг алахаар, эрүүл мэндэд хохирол учруулахаар заналхийлж, эрхшээлдээ байлгасан идэвхтэй үйлдэл байхаар заажээ.

Шүүгдэгч Ё.МЭ, Б.С, Ё.М нарын үйлдлийн хувьд хэдийгээр хэргийн хохирогч З. З.Г-н “Оюу толгой ХХК-нд хүмүүсийг ажилд оруулж өгч чадна гэж Ё.МЭ-с авсан мөнгө төгрөгийг нэхэж авах зорилгоор араас нь удаа дараа хөөцөлдөж гэрийн хаягийг нь олж тогтоон, З. З.Г-г гэр орчмоор нь отон хүлээж улмаар гэрт нь хууль бусаар нэвтрэн орж түүнийг барьж уулзан  мөнгө төгрөг төлөхийг шаардаж байгаа, улмаар түүнийг гэрээс нь гадагш авто машинд суулган хүчээр авч явж байгаа, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 13-60 тоот Ё. МЭ-н эзэмшлийн орон сууцанд аваачин мөнгө өгөхийг шаардан зодох, хүлэх, заналхийлэх зэргээр хүч хэрэглэн хонуулсан үйл баримтууд тогтоогдож байх боловч анх хохирогчийг гэрээс нь ямар зорилгоор яах гэж авч явж байгаа талаар тухайн үед эхнэр нь Ё.МЭ-с асуухад мөнгөний асуудал байгаа талаар хэлж байсан байдал... энэ үедээ Ё.МЭ нь З. З.Г-н ээж БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Ариунхишиг гэх хүнтэй энэ талаар П. Баярцэцэгийн утсаар ярьсан тухай гэрч П.Б.н мэдүүлэг, гэрч Д.З-н “...тухайн залуу /Ё.МЭ/ ах аа танай хүүхэд надаас 45.000.000 төгрөг ажилд оруулж өгнө гэж хэлээд авч залилсан. З.Г өөрөө би ааваасаа 15.000.000 төгрөг аваад өгье гэсэн болохоор наашаа ирлээ гэсэн. Тэгэхээр нь би тухайн хүнд 15.000.000 төгрөг байхгүй та нар цагдаагийн байгууллагаараа наад асуудлаа шийдвэрлүүл гэсэн...” мэдүүлэг, хохирогч З.Г-н “...Би орой 15 сая төгрөг өгье ээжтэй яриулаад өгөөч гэж хэлсэн. Манай ээж дүү хоёр Ё.МЭ-тэй ярьсан байсан болохоор байнга утас руу нь залгаад байсан. Тэгээд манай ээжтэй холбогдоход ээж эхлээд 25 сая төгрөг өгнө гэж хэлсэн. Ингээд маргааш өглөө энэ гурав ээжтэй холбогдоход ээж эхлээд аав дээр нь очоод бэлэн 10 сая төгрөг авчих гэж хэлсэн. Тэгээд бид нар манай аавын гэрч очиход аав намайг мөрийтэй тоглосоор байгаад ийм байдалд хүрч байгаа юм гээд зэмлэсэн...” гэх мэдүүлгүүдээр болон шүүгдэгч Ё.МЭ нар нь 2021.06.25-наас 26-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Б.С дүүргийн 1 дүгээр хороо 59г байрны 6 тоотод байрлах хохирогчийн гэрт хууль бусаар нэвтрэн орж З. З.Г-г хүчээр авч явсаны дараа түүний эхнэр П.Б болон З.Г-н гэр бүлийнхэн тухайлбал ээж, аав, дүү нарынх нь зүгээс З.Г-г бүлэг хүмүүс гэрт нь хууль бусаар нэвтрэн хүчээр гадагш авч явсан талаар цагдаагийн байгууллагад ямар нэгэн гомдол мэдээлэл гаргаагүй байдал,  маргааш өдөр нь буюу 2021.06.26-ны өдөр шүүгдэгч нар нь З.Г-г Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст аваачиж хүлээлгэж өгсөн гэх үйл баримтуудаар шүүгдэгч Ё.МЭ нарын тухайд бүлэглэн хүн барьцаалах гэмт хэрэг үйлдэх гэсэн субьектив санаа зорилго, гэм буруугийн сэдэлт үгүйсгэгдэж байна.

Харин шүүгдэгч Ё.МЭ нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бүлэглэж, бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Б.С дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ё.МЭ, Б.С, Ё.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж зүйлчилж ирүүлснийг зөвтгөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Ё.МЭ-н 2021.06 25-наас 26-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн .....  тоотод иргэн З.Г-н гэрт оршин суугчийн буюу орон сууц эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр тагт балконоор нь дамжин нэвтэрч, хүмүүсийн аюулгүй орчинд амьдрах, орон байр, өмчийн халдашгүй чөлөөтэй байх эрхэнд нь ноцтойгоор халдан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж дураараа авирлаж байгаа гэмт үйлдэлд нь шүүгдэгч Б.С, Ё.М нарын зүгээс санаа зорилго, үйлдэл оролцоогоороо нэгдэн Ё.МЭ-г гэмт хэрэг үйлдэхэд нь идэвхтэй хамжлага болж түүнийг гэмт хэрэг үйлдэхэд учрах саадыг нь арилгаж, Ё.МЭ-д хүч дэмжлэг үзүүлэн хохирогчийг гэрээс нь хүч хэрэглэн барьж авч явсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, гэрчийн мэдүүлгүүд зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ё.МЭ, Б.С, Ё.М нарын энэ гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хуульд заасан ял, хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч З.Г нь шүүгдэгч нарт гомдолгүй, тэднээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч Ё.МЭ, Б.С, Ё.М нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ё.МЭ, Б.С, Ё.М нарыг бүлэглэн Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох, бүлэглэн Бусдыг тодорхой үйлдэл хийлгэхээр шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул дээрх зүйл ангиудад заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Ё.МЭ-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч Ё.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 1.950.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт ялыг нэмж нэгтгэн 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, тэдний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэргийн нийгэм болон хүмүүст үзүүлсэн сөрөг муу нөлөөлөл, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон үйлдэл, оролцоо, шүүгдэгч нарын зүгээс гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага зэргийг харгалзан үзэж шүүгдэгч тус бүрт ялыг ялгамжтай, тохиромжтойгоор оногдуулах нь хууль ёс, шударга ёсны зарчмын үүднээс зөв зүйтэй гэж үзсэн бөгөөд ингэхдээ улсын яллагчийн ялын саналын хүрээнд ял оногдуулах нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, ноцтой гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувьд тэдэнд оногдуулах төрийн цээрлэл, ял эрүүгийн хариуцлага хөнгөдсөн хэрэг болно гэж шүүхээс дүгнэлээ.

Ингээд 1 дүгээрт: шүүгдэгч Ё.МЭ-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ё.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах

2 дугаарт: шүүгдэгч Ё.МЭ-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ё.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.400.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, дээрх ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар нэмж нэгтгэн болон тус тусад биечлэн эдлүүлэхээр ялыг тогтоов.

Түүнчлэн хохирогч З.Г-н шүүгдэгч Ё.МЭ, Ё.М, Б.С нарын нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг суран тэлээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ё.МЭ-д буцаан олгож, шүүгдэгч нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй,шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч   Ё.МЭ, Б.С, Ё.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн Хүн барьцаалах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тухайн хэргийн зүйлчлэлийг зөвтгөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Ё.МЭ, Б.С, Ё.М нарыг бүлэглэн Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох, бүлэглэн Бусдыг тодорхой үйлдэл хийлгэхээр шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

3. Шүүгдэгч Ё.МЭд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ё.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ё.МЭ-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ё.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Ё.МЭ-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 2 сар буюу 60 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.М-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.МЭ-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнийг энэ өдрөөс цагдан хорьсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ё.М-д оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.С-т оногдуулсан 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.400.000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.М, Б.С нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тэдэнд анхааруулсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.М, Б.С нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.М нь түүнд оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ял, Б.С нь түүнд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тэдгээрт анхааруулсугай.

10. Хохирогч З.Г нь шүүгдэгч Ё.МЭ, Ё.М, Б.С нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг суран тэлээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ё.МЭ-д буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ё.М, Б.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ё.МЭ-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР