Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/810

 

2022         8            12                           2022/ШЦТ/810                                     

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0391/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, Г.Ууганцэцэг,

шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч О.Баясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.П,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О нарт холбогдох эрүүгийн “1902000000344” дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.П

Монгол улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ... ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С.О

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.П нь Г.Ж, Ш.М нарт давуу байдал бий болгон иргэний хэргийг тэдэнд ашигтай байдлаар шийдвэрлүүлэх зорилгоор Улсын дээд шүүхийн Иргэний танхимын шүүгчээр ажиллаж байсан Ц.А-д, түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн .... байрны гадна Т.Г-с Г.Ж-р дамжуулан өгсөн 5000 евро буюу 13.080.000 төгрөгийн хахууль өгсөн,

Мөн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” төвийн гадна талбайд Т.Г, Г.Ж нараас хахуульд өгүүлэхээр С.О-д үлдээсэн 150.000.000 төгрөгийг түүнээс авч, Ц.А-д хахуульд өгсөн,

Шүүгдэгч С.О нь Ц.Г, Г.Ж, Б.М нартай санаатай нэгдэн “С***С” ХХК-д холбогдох хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Ж***” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай Б.М-н нэхэмжлэлтэй иргэний хэргийг Т.Г, Г.Ж, Б.М нарт ашигтай байдлаар шийдвэрлүүлж, давуу байдал бий болгох зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, .... төвийн гадна Ц.Г, Г.Ж нарын хахуульд өгөхөөр үлдээсэн 150.000.000 төгрөгийг Б.П-р дамжуулан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчээр ажиллаж байсан Ц.А-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би мөрдөн байцаалтын шатанд нийт 3 удаа мэдүүлэг өгсөн. Ингэхдээ гагцхүү үнэн бүх зүйлийг мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө асуудлыг будлиантуулах, зайлуулах санаагүй байсныг хэлмээр байна. Би өөрөө хуульч хүн. Би анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлын талаар үнэнээс зайлсхийгээгүй ярьсан бөгөөд хуульч хүний хувьд өмгөөлөгчтэй мэдүүлэг өгч болох байсан гэдгийг мэдэж байсан боловч өмгөөлөгч авалгүй байцаалт өгсөн. Харин мөрдөн байцаалтын шатанд авагдаагүй боловч миний зайлшгүй тодорхойлж хэлэх ёстой зүйл бий. Энэ хэрэг дуулиан зарлаж олны анхаарал татах үеэс ийм хэрэгт нэр холбогдож шалгагдаж байгаадаа маш их харамссан. Ийм учраас хуулийн институт болох шүүгч өмгөөлөгч, прокурор нарын нэрийг сэвтүүлсэндээ харамсаж байна.  

Би 2017 оны 4 дүгээр сарын 01-нд талийгаач болсон Ц.А гэдэг хүнтэй уулзсан. Мөн оны 4 дүгээр сарын 14-нд бас талийгаачтай уулзсан. Бидний уулзсан асуудал бусдад хахууль өгч, авч давуу байдал үүсгэх ямар ч зорилго байгаагүй. Би сүүлд нууц ажиллагааны магадлагаатай танилцсан. Би талийгаачтай Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Хонконгийн компанитай холбоотой маргааны харьяаллын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож ярилцсан. Утсаар ярьсан магадлагаан дээр бидний олон ярьсан зүйлээс энэ нь хамаатай байж магадгүй гэсэн үгийг л тасдаж авсан байсан. Уулзахдаа хэргийг Монгол улсад Арбитраар шийдэж болохгүй юм уу гэсэн зүйл ярьсан байдаг. Прокурорын яллах дүгнэлтэнд намайг хахууль өгсөн гээд байдаг, уулзалт нь өгсний нотолгоо юм уу гэсэн эргэлзээнд хүрч байна. Машинд оруулсан цүнхийг аваад гарч байгаа зүйл байдаггүй. Талийгаач Монгол улсын шүүх төдийгүй хууль зүйн салбарын шинжлэх ухаан, иргэний эрх зүйд хүлээн зөвшөөрөгдсөн хүн байсан бөгөөд өөрөө бусадтай хэрхэн харьцах талаар тодорхой зарчимтай хүн байсан. Би үүнийг нь мэддэг байсан ба ажил үүргийн хувиар харьцдаг байсан. Надад бусдын мөнгийг дамжуулаад асуудлыг нь шийдвэрлэе гэсэн санаа зорилго байгаагүй. Би ийм асуудал тавьсан бол бидний харилцаа тасалдахаар байсан. Учир нь тэр хүн ийм асуудлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй тийм л характертай хүн байсан. Би цүнхтэй мөнгө өгсөн бол тэр хүн мөнгийг аваад буух байсан. Мөнгө авч бууж байгаа ямар ч зүйл байдаггүй. Мөн талийгаач би мөнгө аваагүй гэдгээ хэлсэн байдаг. Талийгаачид холбогдох хэргийг тухайн үед хэрэгсэхгүй болоход баярлаж байсан боловч харамсалтай нь бурхан болсноос хойших хугацаанд прокурор дахин хэргийг сэргээсэнд нь харамсч байна.” гэв.

Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэр дурдсан холбоотой гэх хүмүүсийг би огтхон ч танихгүй ба би Ц.А гэх шүүгчийг эмэгтэй, эрэгтэй хүн гэдгийг мэддэггүй байж байгаад сүүлд талийгаач болоход нь мэдсэн. Тухайн үед Т.Г захирал намайг цүнх аваачиж өг гээд би цүнхийг аваачиж өгсөн асуудал болсон. Өөр зүйл болоогүй.” гэв

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс:

Нэгжлэг хийсэн тэмдэглэл  (4-р хавтаст хэргийн 78 дахь тал)

Ц.А-н гэрчээр өгсөн: “...Уг шүүх хуралдаанд миний бие илтгэгч шүүгчээр орсон. Хуралдааныг Г.Ашүүгч даргалж, Д.Ц Г.Ц, П.З нарын бүрэлдэхүүнтэй явуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хяналтын шатны шүүх нь хэрэг маргааныг хянан хэлэлцээд дараах 5 шийдвэрийг гаргадаг. Үүнд шийдвэр магадлалыг хэвээр үлдээх, нэмэлт өөрчлөлт оруулах, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх эсхүл хэвээр үлдээх, шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгох, шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах гэсэн шийдвэрүүд юм. Тухайн хэргийг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд хэд хэдэн үндэслэлээр буцаасан байсан бөгөөд тэр бүх үндэслэлүүдээс алдаатай байгааг нь тогтоол дээр зааж өгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй зөв, шийдвэр гаргасан гэж Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. ...Энэ хэргийг шийдвэрлэхэд хэн нэгэн хүнээс надад ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлэг (1хх-ийн 7-8 дахь тал)

Ц.А-ын яллагдагчаар өгсөн: “...танхимд ирсэн хэргийг шүүгчид хуваарилсан талаар бүртгэдэг 2 төрлийн дэвтэр байдаг юм байна. Би уг бүртгэлүүдээс үзэхэд Ш.М-н нэхэмжлэлтэй хэрэг 2017 оны 3 сарын 10-ны өдөр Улсын дээд шүүхэд ирж, Иргэний хэргийн танхимд 2017 оны 3 сарын 13-ны өдөр ирсэн. Харин шүүгчид хуваарилагдсан огноо нь 2017 оны 3 сарын 31-ний өдөр гэж бүртгэгдсэн байна. 2017 оны 3 сарын 31-ний өдөр баасан гараг байсан. Миний бие 2017 оны 4 сарын 02-ны бүтэн сайн өдрийн өглөө Испани улс руу Дээд шүүхийн албан томилолтоор яваад 2017 оны 4 сарын 10-ны өдөр эргэж ирсэн. Би 2017 оны 4 сарын 13-ны өдрөөс эхэлж шүүх хурлуудад оролцож эхэлсэн байсан. Хэрэг шүүгчид хуваарилагдсан даруйд шүүгч дээр очдоггүй бөгөөд шүүгчийн туслахуудад очдог юм. Учир нь шүүгчийн туслахууд хэргийг хүлээн авч тогтоолын төслийг бэлтгэдэг. Харин шүүгч дээр уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс 7-10 хоногийн өмнө ирдэг юм. Тэгэхээр би 2017 оны 3 сарын 17, 2017 оны 4 сарын 01-ний өдөр уг Ш.Мн нэхэмжлэлтэй, С***С ХХК-д холбогдох иргэний хэрэг ямар хэрэг гэдгийг нь мэдэхгүй, Улсын дээд шүүхэд уг хэрэг ирсэн эсэхийг мэдэхгүй, надад хуваарилагдсан эсэхийг ч мэдэхгүй байж ямар хэргийг хэний талд ашигтай шийднэ гэж хахууль аваад явж байх вэ... Ямар ч байсан Б.Паас 5000 евро авч байгаагүй. Б.П энэ хэргийн талаар надтай уулзаж байгаагүй. Б.П ч уг хэргийн өмгөөлөгч биш юм...” гэх мэдүүлэг (1хх-ийн 27-31 дэх тал)

Ц.А-н яллагдагчаар өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Б.Паас 150 сая төгрөгийн хахууль авсан үйл баримт огт болоогүй ээ. Ш.Мн нэхэмжлэлтэй С***С ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгч талын ашиг сонирхлын үүднээс шийдвэр гаргаагүй ээ. Хэн нэгэн хүнээс хахууль аваагүй ээ. Урьд өмнө нь би энэ хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүний зөвлөлдөх тасалгааны нууцын талаар мэдүүлэг өгөх зөвшөөрөл авахыг хүссэн. Миний хүсэлтийг хангахгүй байгаа. Миний биеийн эрүүл мэндийн байдал муу байгаа тохиолдолд мэдүүлгээ өгсөн нь зөв байх гэж бодож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т зааснаар “зөвлөлдөх тасалгаанд хэргийг хянан шийдвэрлэх талаар шүүх бүрэлдэхүүний гаргасан санал нууц байна.” гэж заасан байдаг. Хяналтын шатны шүүх хэргийг 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэдэг учраас хэргийг олонхийн саналаар эцэслэн шийдвэрлэдэг. Шүүгч нар хурлаа завсарлаж зөвлөлдөх тасалгаанд орж хэргийн шийдвэрлэлтийн талаар зөвлөлдөж илтгэгч шүүгч эхлээд хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар саналаа гаргадаг. Үүний дараа шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа шүүгчид илтгэгч шүүгчийн саналыг дэмжиж байгаа, эсхүл өөр саналтай байгаагаа илэрхийлдэг. Шүүх хуралдаан даргалагч хамгийн сүүлд нь өөрийнхөө саналыг илэрхийлдэг. Шүүх бүрэлдэхүүний 5 шүүгч аль болох л санал нэгтэй шийдвэрлэх сонирхолтой байдаг. Үүний тулд хэргийг тал бүрээс хэлэлцэж шийдэл тус бүрийг ярилцдаг. Санал нэгдээгүй тохиолдолд олонхийн саналаар хэргийг эцэслэн шийдвэрлэдэг. Би тухайн хэргийн илтгэгч шүүгчийн хувьд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх санал гаргасан. Даргалагч шүүгч Г.А миний саналыг дэмжсэн, тухайн хэргийг 2/3-ын харьцаатайгаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн. Хэргийг хянан шийдвэрлэхэд миний санал ямар байснаас үл хамааран Улсын дээд шүүхийн тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үздэг... ...Гагцхүү надад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгаа 2 тогтоолд намайг нэхэмжлэгч талын ашиг сонирхлын үүднээс урьдчилан амлалт өгч  нэхэмжлэгч талд ашигтай шийдвэр гаргахаар хахууль авсан гэж тусгаад байгаа учир өөрийгөө хамгаалах эцсийн үгээ хэлж байна. Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр хэрэв би хахуульд мөнгө авсан байлаа гэж бодоход хахууль өгсөн талын ашиг сонирхлын  эсрэг санал өгнө гэж байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх...” гэх мэдүүлэг (1хх-ийн 36-37 дахь тал)

Б.П-н яллагдагчаар өгсөн: “...Би Т.Г, Ч*Б*П нарт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байх явцад л М, Ж гэх хүмүүсийн талаар сонсож байснаас биш энэ хүмүүсийг танихгүй, уулзаж байгаагүй юм. ...Т.Г-ээр дамжуулж С.О-той танилцаж байсан. Би ойр зуурын ажилд туслуулах, хөдөө гадаа явахад С.О-г дагуулж явах зэргээр нилээн гайгүй ойр харьцаатай байсан...Ц.А-г би иргэний эрх зүйн салбарт туршлагатай, сайн хуульч, зарчимч, шударга хүн гэж боддог. Улсын дээд шүүхийн шүүгч гэдэг утгаар нь мэддэг, ажил хэргийн шугамаар л харилцдаг хүн юм. ...Би 150.000.000 төгрөг С.О-с авч, цааш нь дамжуулсан асуудал байхгүй. ... 2017 оны үед миний хувийн “Ф***” ХХК нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тэр үед манайх өөрийн гэсэн байртай больё гэсэн асуудал яригдаж байсан юм. Тэр үед манай компани нь өөрсдийн ашиг, орлогоор оффисын байр худалдаж авья гэж шийдээд тухайн үед үйлчилгээ үзүүлж байсан хүн, хуулийн этгээдүүдээс өмгөөллийн хөлс төлбөрөө өгөхийг шаардаж авч байсан үе юм. ...Манай компанид тэгж их мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан үед би тийм их хэмжээний мөнгө буюу 150 000 000 төгрөгийг хүнд зөөгөөд, өгөөд явж байна гэхээр санаанд буухгүй байна..2017 оны 7 сард би гэр бүлээрээ Москвагаар дамжиж Кипр арал руу явж амарсан. Тэгэхэд Т.Г нөдөд цөөхөн хэдэн евро өгч байсан юм. Тэр үед Мөрдөн байцаах газарт Ч*Б*П-д холбогдох хэрэг шалгагдаж л байсан үе юм. Өөрөөр би Т.Г-с евро авч байсан асуудал байхгүй. ...Надад цүнхтэй зүйлийг авч ирж байгаа хүн нь С.О байгаа юм. Цүнхтэй зүйл нь миний өмгөөллийн хөлс болох мөнгө байсан. С.О-н надад өгч байгаа цүнхтэй мөнгө нь миний санаж байгаагаар 100.000.000 /нэг зуун сая/ орчим төгрөг байсан шиг санаж байна. Цүнхтэй мөнгийг яагаад арын тээшнээсээ автомашин дотор оруулсан юм бэ гэхээр мөнгө авч ирсэн хүнийг намайг харж байж магадгүй гэдэг үүднээс цүнхтэй мөнгийг автомашинд оруулсан байхаа. Тэр үед Ц.А-тай уулзаж байсан. Гэхдээ зүгээр л мөнгийг автомашин дотор оруулсан болохоос биш цүнхтэй мөнгөний талаар огт ярилцаагүй. Тэгээд л Ц.А миний автомашинаас буугаад явсан..Ц.А-д мөнгө өгөх асуудал, шалтгаан байгаагүй..” гэх мэдүүлэг  (1-р хавтаст хэргийн 89-90 дэх тал)

Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх  боломжтой гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах нууц ажиллагаагаар авагдсан нотлох баримтыг үгүйсгэх нөхцөл байдал

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс Ш.М нарт холбогдох хэргийн үйл баримтыг дурдаж тухайн хэргийн яллах дүгнэлт мөн Г. Ж, Т.Г, Ц.А, Б.П, С.О нарыг чиглүүлэн явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа зэргийг шинжлэн судалсан ба уг баримтууд нь энэ хэрэгт зарим талаар хамааралтай гэж үзэж болох хэдий ч эдгээр нь бүхэлдээ шүүгдэгч Б.П, С.О нарт холбогдох хэргийн үйл баримт, гэм бурууг бүрэн гүйцэд, шууд нотолсон нотлох баримт биш юм.

Тиймээс мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаанд тусгагдсан баримтаар шүүгдэгч нарыг Хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шууд дүгнэлт хийх нь хэт өрөөсгөл бөгөөд таамаглалын шинж чанартай болох учраас хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудын харилцан хамаарал, нотолгооны түвшин, яллах болон цагаатгах нотлох баримтуудын нотлох, үгүйсгэх байдал, тэдгээрийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдал болон эргэлзээ төрүүлж болохуйц нөхцөл байдлуудад олон талаас нь үнэлэлт дүгнэлт өгсний эцэст шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудалд тэдэнд ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд шүүх хүрсэн болно.

Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдлын талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт хуульчлагдсан Авлигын гэмт хэрэгт авлига өгсөн болон авлига авсан этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан шийдвэрлэхээр заасан.

Нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн 1902000000344 дугаартай хэрэгт шүүгдэгч Б.П-г бусдад давуу байдал бий болгох зорилгоор Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Ц.А-д 2 удаагийн үйлдлээр, шүүгдэгч С.О-г бусдад давуу байдал бий болгох зорилгоор...хахуульд үлдээсэн мөнгийг...Б.П-аар дамжуулан Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Ц.А-д хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдэнд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч нарын Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчээр ажиллаж байсан Ц.А-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудал дээр дүгнэлт хийхээс өмнө шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П болон түүний өмгөөлөгч нараас шинжлэн судалсан нотлох баримт болох Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор П.Г-н 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 104 дугаартай прокурорын тогтоолоор /2хх-49-52/ шүүгдэгч Б.Пд холбогдох хэрэгт хахууль авсан гэх яллагдагч Ц.А-д холбогдох хэргийг...мөрдөн шалгах бүхий л ажиллагааны үр дүнд яллагдагч Ц.А-г Хахууль авах гэмт хэргийг үйлдсэн эсэх талаар шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулсан нотлох баримтуудаас нэгтгэн дүгнэхэд Ц.А нь тодорхой мөнгөн дүн бүхий төгрөгийг бэлнээр, эсхүл гадаад валютыг бэлнээр бусдаас гардаж авсныг шууд нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хэргийг түүнд ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан үйл баримтыг энд дурдах нь зүйтэй болно.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбаатарын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 104 тоот дээрх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос 7 сарын дараа буюу 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Ц.А нь өвчний учир нас барсан тухай Улсын бүртгэлийн Ерөнхий газрын нас барсны бүртгэлийн лавлагаа баримт /2хх-ийн 72 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байна.

Гэтэл Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч                        А.Энхжаргалын 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 01 тоот тогтоолоор хяналтын прокурор П.Ганбаатарын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 104 тоот тогтоолын Ц.А-д холбогдох хэргийг...гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг 1 жил 3 сарын дараа буюу иргэн Ц.А-г нас барснаас хойш 8 сарын дараа өөрчилж “...Ц.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан үндэслэлээр буюу..сэжигтэн, яллагдагч нас барсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай...гэсэн өөрчлөлт оруулсан тогтоол гаргаж улмаар шүүгдэгч Б.П, С.О нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийн Шударга ёсны зарчим, Хууль ёсны зарчим, Гэм буруугийн зарчмуудыг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлыг ноцтой зөрчсөн хууль хэрэглээний алдаа болохыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3 дахь заалтаар тогтоосон хуулийн үзэл санаа нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хэрэг нь хянан хэлэлцэгдэж буй нас барсан яллагдагч, шүүгдэгчийн хувьд түүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг /цагаатгах эсхүл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээхээс бусад тохиолдолд/ дуусгавар болгох тухай агуулгаар хуульчилсан, өөрөөр хэлбэл дээд шатны буюу Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 01 тоот тогтоолоор тус прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр үйлдсэн 104 тоот тогтоолыг өөрчлөх үндэслэл нь нас барсан сэжигтэн, яллагдагчийн хувьд түүнийг цагаатгах, эсхүл шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон ийм 2 тохиолдолд л хэргийг сэргээж эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болох талаар хуульд маш тодорхой заасан дээрх агуулгаар биш, харин хэрэгт холбогдуулан шалгаж байгаад холбогдох хэрэг нь..гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгогдсон иргэн Ц.А-н  нас барсан үйл баримтыг үндэслэн хуулийг буруу хэрэглэж тайлбарласан, нас барсан тухайн хүнийг эчнээ ялласан,  хуульд нийцээгүй шийдвэр болохыг энд онцлон дурдах нь зүйтэй байна.

Тодруулбал энэ хэрэгт холбогдох хахууль авсан гэх этгээдийг нас барахаас өмнөх цаг хугацаанд буюу амьд ахуйд нь түүнийг бусдаас хахууль авсан болох нь нотлогдож тогтоогдсонгүй гэж дүгнээд холбогдох хэргийг нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хяналтын прокурорын тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байхад уг тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.8 дугаар зүйлд заасан..энэ хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл /шинээр илэрсэн нөхцөл байдал/ тогтоогдоогүй байхад хууль бус өөрчлөлт оруулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан улмаар хахууль өгсөн, дамжуулж өгсөн гэх этгээдүүд болох шүүгдэгч Б.П, С.О нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн дээр дурдсан Шударга ёсны зарчим, Хууль ёсны зарчим, Гэм буруугийн зарчмын үзэл санаа, хууль хэрэглээний болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил юм.

Шүүгдэгч нарыг бусдад хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар хийсэн шүүхийн дүгнэлт

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.П-г Г.Ж, Ш.М нарт давуу байдал бий болгон иргэний хэргийг тэдэнд ашигтай байдлаар шийдвэрлүүлэх зорилгоор Улсын дээд шүүхийн Иргэний танхимын шүүгчээр ажиллаж байсан Ц.А-д, түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017.04.01-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 78 дугаар байрны гадна Т.Г-с Г.Ж-р дамжуулан өгсөн 5000 евро буюу 13.080.000 төгрөгийн хахууль өгсөн,

Мөн 2017.04.14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модун цамхаг төвийн гадна талбайд Т.Г, Г.Ж нараас хахуульд өгүүлэхээр С.О-д үлдээсэн 150.000.000 төгрөгийг түүнээс авч, Ц.А-д хахуульд өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч С.О-г Т.Г, Г.Ж, Б.М нартай санаатай нэгдэн “С***С” ХХК-д холбогдох хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ж*** ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай Б.Мн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Т.Г, Г.Ж, Б.М нарт ашигтай байдлаар шийдвэрлүүлж, давуу байдал бий болгох зорилгоор 2017.04.14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Модун цамхаг төвийн гадна Т.Г, Г.Ж нарын хахуульд өгөхөөр үлдээсэн 150.000.000 төгрөгийг Б.П-р дамжуулан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчээр ажиллаж байсан Ц.А-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэрэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан бүхий л нотлох баримтууд, яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.П, С.О нарыг дээр дурдсан Хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзэх  үйл баримт хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т: мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй,..мөн зүйлийн 2-т: хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах...нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно..мөн зүйлийн 3-т: Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасан.

Шүүх хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч Ц.А-ы “...2017.04.01-ний өдөр Б.П-с Ш.М-н нэхэмжлэлтэй С***С ХХК-нд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэхээр амлалт өгч хахууль авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-З1/, би Б.П-с 150.000.000 төгрөг аваагүй...” гэх мэдүүлэг /1хх-З7/, гэрч С.О-н “...Б.П ахад мөнгө өгч байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг, нууц ажиллагааны тэмдэглэл, гэрч Ц.А-ы гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.П-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийн хоорондын хамаарал, тэдгээрийн агуулгыг харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Б.П нь Ц.А-д хахууль өгсөн гэх үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд эргэлзээгүйгээр нотолж чадаагүй байна.

Шүүгдэгч Б.П нь ..надад цүнхтэй зүйлийг авч ирж өгсөн хүн нь С.О байгаа юм. Цүнхэнд миний өмгөөллийн хөлс болох мөнгө байсан...” гэж мэдүүлсэн нь түүнийг болон шүүгдэгч С.О-г буруутгах, тэдний зүгээс хахуулийн мөнгийг Ц.А-д дамжуулан өгсөн гэх үйлдлийг шууд бөгөөд эргэлзээгүйгээр бүрэн нотлох хангалттай нотлох баримт биш байх ба энэ нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар батлагдаж, нотлогдож, дэмжигдсэнгүй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч Б.П нь өөрийн мэдүүлэгт дурдсан Т.Г, Ч*Б*П нарт өмгөөллийн ажил үйлчилгээ үзүүлсний хөлсөнд С.Оаар дамжуулан авсан мөнгийг өөрийн компанийн оффисын байрыг худалдаж авах төлбөрт зарцуулсан талаарх баримтыг /1хх-ийн 100 дугаар хуудас/ хэрэгт хавсаргасан байх бөгөөд энэ үйл баримт нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулахаар шүүхэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн үйл баримттай цаг хугацааны хувьд давхцаж буйг тэмдэглэж байна.

Нөгөөтэйгүүр энэ хоёр шүүгдэгчээс тухайлбал Б.П-с 5000 евро болон 150 сая төгрөгийн хахууль авсан гэж үзэж байсан Ц.А болон түүний гэрээс мөрдөн шалгах ажиллагааны үед хийгдсэн нэгжлэгээр гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэхээр ямар нэг мөнгө, валют, эд зүйл, гэмт хэргийн ул мөр илэрч олдоогүй билээ.

Энэ үед талийгаач Ц.А болон түүний гэр бүлийн гишүүдийн харьцдаг банк, санхүүгийн байгууллагууд дахь бүх дансны орлого, зарлагын хөдөлгөөнийг ч давхар хянаж шалгасан байдаг.

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч нарыг буруутгаж байгаа           Ц.А-д 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 11-13 хуудас/ 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Нэгжлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл  /1-р хх-ийн 14-18 хуудас/-д тусгагдсан гэрийн эд хогшил, хувцас хэрэглэл, үнэт эдлэл зэрэг нь Ц.А агсныг хахууль авсныг, шүүгдэгч нарыг хахууль өгснийг нотлох баримт огт биш юм.

Дашрамд шүүгдэгч Б.П-н 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр болон 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ц.А агсантай уулзсан уулзалт нь энэ хүмүүсийн хувьд хахууль өгсөн, авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нотолгоо болохгүй билээ.

Мөн Т.Г, Ч*Б*П нарын зүгээс өмгөөллийн ажил үйлчилгээ авсны хөлсөнд Б.П-д төлж байгаа, С.О-р дамжуулан түүнд өмгөөллийн ажлын хөлс мөнгийг өгсөн үйлдлийг бусдад хахууль өгөх гэмт хэргийн үйлдэл гэж шууд үзэх нь учир дутагдалтай юм.

Дээр дурдсан хэргийн үйл баримт, нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсан гэрч Ц.А-ы гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.П-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Ц. Ц.А агсны мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Ш.М нарт холбогдох хэргийн яллах дүгнэлт, С.О-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Г. Жаргалан, Т.Г, Ц.А, Б.П, С.О нарыг чиглүүлэн явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа болон бусад баримтуудаар шүүгдэгч Б.П нь Г.Ж, Ш.М нарт давуу байдал бий болгон иргэний хэргийг тэдэнд ашигтай байдлаар шийдвэрлүүлэх зорилгоор Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Ц.А-д түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2 удаагийн үйлдлээр нийт 163.080.000 төгрөгийн хахууль өгсөн гэх үйл баримтыг шууд нотолсон үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгчийн гэм буруутай болохыг эргэлзээгүй талаас нь тогтоож чадаагүй байна.

Түүнчлэн шүүгдэгч С.О-н Ц.Г, Г.Ж, Б.М нартай санаатай нэгдэн “С***С” ХХК-д холбогдох хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ж*** ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай Б.М-н нэхэмжлэлтэй иргэний хэргийг Т.Г, Г.Ж, Б.М нарт ашигтай байдлаар шийдвэрлүүлж, тэдэнд давуу байдал бий болгох зорилгоор 2017.04.14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, ....төвийн гадна Ц.Г, Г.Ж нарын хахуульд өгөхөөр үлдээсэн 150.000.000 төгрөгийг Б.П-р дамжуулан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчээр ажиллаж байсан Ц.А-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх шууд нотолсон үндэслэл бүхий нотлох баримт мөн адил хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Ийнхүү шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал  бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан хэлэлцэж, үнэлж дүгнэсэн боловч шүүгдэгч Б.П, С.О нарыг бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг гарцаагүй үйлдсэн байна гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай хэмжээнд нотлогдож тогтоогдохгүй байх тул шүүгдэгч нарыг Хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй байна гэж үзэн холбогдсон хэргийг нь хэрэгсэхгүй болгож тэднийг цагаатгах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т: ..шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг хэрэглэх, тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал..шүүгдэгчид.. ашигтайгаар шийдвэрлэнэ гэж мөн заажээ.

Шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тэднийг цагаатгасан тул Б.П-д урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, С.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс хүчингүй болгож, Б.П нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, С.О нь энэ хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хавтаст хэрэгт хавсарган ирүүлсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгааг /5 хавтас, нийт 120 хуудас/ хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.1 дүгээр зүйл, 35.1, 35.4, 35.5, 35.6, 35.7, 35.8, 35.9, 35.24, 35.25 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.П, С.О нарыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Б.П-д урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, Ш.М, Г.Ж нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч С.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус энэ өдрөөс хүчингүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Б.П нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.О нь энэ хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөр байхгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас учирсан хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

4. Хэрэгт хавсарган ирүүлсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгааг /5 хавтас 120 хуудас/ хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ цагаатгах тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар болон улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.П, С.О нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон шийдвэрийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.БОЛДБААТАР