Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 212

 

 

 

 

 

 

 

 

 

 

“АС” ХХК, С.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/03489 дүгээр шийдвэртэй, “АС” ХХК, С.Г нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “В” ХХК-д холбогдох, 46 743 ам.доллар болон талбайн зөрүү 902 ам.доллар, гэрээ зөрчсөнтэй холбоотой учирсан хохирол 1 920 ам.доллар буюу 6 658 013 төгрөг гаргуулах, С.Гыг орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хариуцагчид даалгах,

“АС” ХХК-иас 67 171 857 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагнаран, Д.Агваан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АС” ХХК хариуцагч “В” ХХК-тай 2006 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, 66 625 ам.долларын үнэтэй тоног төхөөрөмжийг угсралтын зардлыг 2 000 ам.доллараар тооцож, нийт 68 625 ам.долларын бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг хүлээлгэн өгсөн. Үүний дараа 2007 оны 5 дугаар сарын 05-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах бартерийн гэрээ байгуулж, нийт 80 980 еврогийн үнэтэй бүтээгдэхүүн нийлүүлэхдээ өмнө худалдсан 66 625 ам.доллараас хариуцагчийн төлсөн 20 532.98 ам.долларыг хасч, еврог ам.долларт шилжүүлж, 155 415.32 ам.долларын бараа бүтээгдэхүүний үнэнд 68 м.кв талбайтай 2 ширхэг орон сууц, 90.4 м.кв талбайтай 1 ширхэг орон сууц, нийт 226.4 м.кв талбайтай орон сууцыг 108 672 ам.долларын бараа бүтээгдэхүүнд тооцож авах болсон.

Мөн талууд үлдэгдэл 46 743.32 ам.долларыг “Мфикскапитал” ХХК-иас хариуцагч “В” ХХК-д төлөх ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөөс харилцан суутгахаар тохирсон. Ингээд нэхэмжлэгч гэрээнд заасан 3 орон сууцыг хүлээн авсан боловч эдгээр байрууд бүгд талбайн хэмжээний хувьд доголдолтой байсан. Тухайлбал, гэрээнд заасан 68 м.кв талбайтай байр 72 м.кв, 90.4 м.кв талбайтай байр нь шинжээчийн дүгнэлтээр 88.72 м.кв талбайтай байсан. Гэтэл “Мфикскапитал” ХХК-иас 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр манай компанид Г07/11 тоот гэрээнд харилцан суутгахаар болсон 46 743.32 ам.долларын үнийн дүн бүхий ажлыг хариуцагч “В” ХХК-ийг гүйцэтгээгүй тул энэхүү төлбөрийг нэхэмжилж авахыг мэдэгдсэн.

Бид уг асуудлыг бичгээр мэдэгдэл ирэхээс өмнө мэдэж байсан боловч хариуцагчид холбогдуулан 2013 оноос хойш нэхэмжлэл гаргах, эрэн сурвалжлуулах зэрэг ажиллагаа явуулах шаардлагатай болж хугацаа их алдсан. Нэхэмжлэгч нь хариуцагчид 66 625 ам.доллар болон 80 980 еврогийн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн тул төлөгдөөгүй үлдсэн 46 743.32 ам.долларыг төгрөгөөр биш, харин гадаад валютаар нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудыг гэрээ, хэлэлцээр байгуулж байх хугацаанд ам.долларын ханш хямд байсан ч валютын ханш өссөн тул тэмдэгтийн хураамжийг тухайн өдрийн төгрөгийн ханшаар тооцож, 46 743.32 ам.долларыг гаргуулах хүсэлттэй байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр шүүх шинжээч томилж, нэхэмжлэгчийн хүлээн аваад С.Год худалдсан 90.4 м.кв талбайтай орон сууцны талбайг 88.72 м.кв гэсэн байх тул зөрүү 1.88 м.кв талбайд илүү төлсөн 902.4 ам.долларыг 72 м.кв талбайтай орон сууцыг худалдан авсан Н.Баяржавхланд төлсөн 1 920 ам.долларын хамт 2 822.4 ам.доллар буюу 6 658 013.76 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Учир нь талууд 2007 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулахдаа 1 м.кв талбайг 480 ам.доллараар тохирч худалдагч 90.4 м.кв талбайтай орон сууцыг 43 392 ам.долларын үнэтэй бараа бүтээгдэхүүний үнээр бартерлаж авсан байтал бодит байдалд 88.72 м.кв талбайтайг шинжээчийн дүгнэлт гарснаар мэдсэн.

Нөгөө талаар хариуцагч 68 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгнө гэсэн үүргээ зөрчиж 72 м.кв талбайтай 2 ширхэг орон сууцыг хүлээлгэн өгснөөс 1 ширхэг орон сууцыг Н.Баяржавхланд худалдсаны дараагаар хариуцагч түүнээс илүү гарсан 4 м.кв талбайн үнэд 1 920 ам.долларыг авч, өмчлөх эрхийн гэрчилгээг өгсөн байдаг. Хожим орон сууцыг худалдан авагч нь манайхыг цагдаагийн байгууллагад өгч гомдол гаргасан тул бид түүнд 1 920 ам.доллар төлсөн. Иймд, хариуцагчаас 46 743.32 ам.долларыг 6 658 013 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.

Нэхэмжлэгч С.Г нь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байр, 27 тоот хаягт байрлах орон сууцыг “АС” ХХК-иас худалдан авсан бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээг ажил гүйцэтгэгч буюу хариуцагчаас гаргуулах болоход гэрээ байгуулаагүй, 5.6 м.кв талбайтай байр илүү авсан зөрүү 2,688 /480x5.6/ ам.долларыг өнөөдрийн ханшаар төлсөн тохиолдолд өгнө гэж татгалздаг. Хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болсон орон сууцыг нэхэмжлэгчээс Н.Номтойбаяр худалдан авсан ч С.Г анхнаасаа уг орон сууцанд амьдарч байгаа орон сууцны өмчлөгчөөр түүнийг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2006 оны 9 дүгээр сарын 15, 2007 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, бартераар орон сууц хүлээлгэн өгөх гэрээний дагуу 68,90.4 м.кв талбайтай 3 ширхэг орон сууцыг хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан талаар маргаан байхгүй. Хэрэгт авагдсан баримтаар манай компани 2007 оны 2 дугаар сарын 12-ны өдөр “Мфикскапитал” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нийт 1 311 000 ам.долларын үнийн дүнтэй ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ба захиалагчаас бидэнд төлөх ёстой төлбөрөөс 46 743.32 ам.долларыг хасч тооцохоор болсон Г07/11 тоот гэрээг үндэслэн 55 000 000 төгрөгийг дутуу төлсөн. Гэтэл “В” ХХК нь гэрээнд заасан барилгын ажлыг зохих ёсоор гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн байтал “Мфикскапитал” ХХК 46 743.32 ам.долларт нийцэхүйц хэмжээний ажил гүйцэтгээгүй гэжээ.

Хэрэгт орон сууцыг хүлээн авсан улсын комиссын акт, манай компани уг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, 55 000 000 төгрөгийг дутуу хүлээн авсныг нотолсон баримт байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон “Тоонто гранд” ХХК маргаж буй орон сууцны талбайг хэмжихдээ 2009 онд батлагдсан стандартыг удирдлага болгосныг зөвшөөрөхгүй, учир нь талуудыг гэрээ байгуулж байх хугацаанд талбайн хэмжээг ось тэнхлэг, аль эсхүл нүүр хэсгээс тооцох талаар тогтоосон дүрэм, журам байгаагаагүй. Зохигчдын хооронд байгуулсан Г07/11 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8-д зааснаар орон сууцыг хүлээн авахдаа талбайг хэмжиж авах, хэрэв зөрүү гарсан тохиолдолд тухайн үед шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд энэ талаар нэхэмжлэгч маргаан гаргах ёсгүй.

Нэхэмжлэгч С.Гын нэхэмжлэлийн хувьд талуудын хооронд тодорхой төрлийн гэрээ, хэлэлцээр байгуулагдаагүй тул бид өмчлөх эрхийг шилжүүлэх, гэрчилгээг гаргуулах үүрэг хүлээхгүй. Өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах шаардлагатай байгаа тохиолдолд нэхэмжлэгч “АС” ХХК-ийн зүгээс манай компанийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэрчилгээ олгоход татгалзахгүй. Нөгөө талаар хэргийн баримтаар Н.Номтойбаяр болон нэхэмжлэгчийн хооронд байгуулсан гэрээнд маргаан гарсан тохиолдолд арбитрын журмаар шийдвэрлүүлнэ гэсэн байх тул хэргийн харъяалал зөрчигдсөн гэж үзэж байна.

Н.Баяржавхлангийн хувьд хэдийгээр 72 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгчээс худалдан авсан гэх боловч манай компани түүнээс 1 920 ам.долларыг аваагүй, харин ч нэхэмжлэгч тал 68 м.кв бус 72 м.кв талбайтай орон сууцыг хүлээн авсан байх тул энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулсан 2006, 2007 оны гэрээгээр нэхэмжлэгч нийт 155 415.32 ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлснээс 24 460.92 ам.долларын үнийн дүнтэй барааг буцаан авсан бөгөөд хариуцагчаас төлөх 46 743.32 ам.долларыг гэрээнд зааснаар суутгаж, 20 535.98 ам.долларыг бэлнээр төлж, 226.4 м.кв талбайтай 108 672.00 ам.долларын үнэтэй орон сууцыг хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл, хариуцагч хэрэгт авагдсан баримтаар гэрээнд заасан бараа бүтээгдэхүүний үнээс 20 535.98 ам.долларыг мөнгөөр, харин 108 672.00 ам.долларыг бараа бүтээгдэхүүнээр тус тус төлж, нэхэмжлэгчид төлөх ёстой байсан 46,743.32 ам.долларыг “Мфикскапитал” ХХК-иас авах авлагаар хаасан.

2006 оны 9 дүгээр сарын 15, 2007 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээнүүдийн хувьд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаарх баримт гаргаагүй, шүүхийн шийдвэрүүд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа гарсан.

“АС” ХХК-иас гаргасан бараа материалын тооцоогоор анх 80 980,22 еврогийн бараа ирснээс 62 861.02 еврогийн барааг авсан Гэрээгээр барааны үнэд орон сууц өгөхөөр тохирсон байтал 62 861.02 евро буюу 24 460.92 ам.долларын бараа аваагүй, харин нэхэмжлэгч 3 байр авч бусдад дамлан худалдсан. Тиймээс Д.Ганболд нэхэмжлэл гаргаад байгаа. Иймд дутуу авсан бараа бүтээгдэхүүнд илүү төлбөр буюу орон сууцыг хүлээлгэн өгсөн тул түүний үнэ 24 460.92 ам.долларыг нэхэмжилж байна, мөн гэрээний зүйл болсон Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байр, 27 тоот хаягт байрлах орон сууцны талбай 96 м.кв талбай байгааг үндэслэн зөрүү 5.6 м.кв талбайг гэрээнд заасан 480 ам.долларт тооцож, 2 688 ам.доллар, нийт 27 148.92 ам.доллар буюу 67 171 857 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч 90.4 кв талбайтай орон сууцыг 96 м.кв талбайтай хэмээн илүү 5.6 м.кв талбайг 480 ам.доллараар тооцон нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч талбайн хэмжээг 88.72 м.кв гэж дүгнэлт гаргасан тул нэхэмжлэгчийн гаргасан зөрүү 1.88 м.кв талбайд илүү төлсөн үнийг буцаан нэхэмжлэх шаардлага үндэслэлтэй хэмээн дүгнэгдэж байна. Зохигчдын хооронд байгуулсан Г07/11 тоот гэрээний дагуу нэхэмжлэгч нийт 80 980.22 еврогийн үнэтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, үүнээс 18 119.02 евро буюу 24 460.92 ам.долларын үнэтэй бараа бүтээгдэхүүнийг буцаан авч агуулахад хадгалж байгаа. Бид нэхэмжлэлийн энэ шаардлагын хувьд барааг анхны байдлаар хүлээлгэн өгөх боломжтой бөгөөд мөнгөөр төлөх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн манай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “АС” ХХК, С.Г нарын хариуцагч “В” ХХК-д холбогдуулан  гаргасан 46 743.32 ам. доллар, талбайн зөрүү 902.04 ам.доллар, гэрээ зөрчсөнөөс учирсан хохирол 1 920 ам.доллар буюу 6 658 013 төгрөг гаргуулах, С.Гыг орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах нэхэмжлэл, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулж 67 171 857 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 971 071 төгрөг, хариуцагчийн төлсөн 493 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 166.3 дахь хэсэгт заасныг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой.

Шүүх зохигчдын хооронд 2006 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Г/42 тоот “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ээр “В” ХХК-д “АС” ХХК халаалт хэрэглээний усны 66 625 ам.долларын ялтсан бойлерын иж бүрдэл бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, угсралтын хөлс 2 000 ам.доллар, нийт 68 625 ам.долларын гэрээ байгуулж, урьдчилгаанд  41 175 ам.доллар төлөх, үлдэгдэл 27 450 ам.долларт “В” ХХК-ийн барьж буй барилгаас бартер хийхээр тохирсон. 2007 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ГО7/11 тоот “Бараа бүтээгдэхүүн нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ээр “В” ХХК-иас хавсралтад заасан нийт 80 980 еврогийн бараа, тоног төхөөрөмж, “В” ХХК-ийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо Хөх бүрд захын баруун талд баригдаж буй 6 давхар орон сууцнаас 68 м.кв 1 байр, 90.4 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг 480 ам.доллараар тооцон авах, 2006 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байгуулсан “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх” Г/42 тоот гэрээгээр ялтсан дулаан солилцуурын үнэ 66 625 ам.доллараас 20 532 ам.доллар төлж, үлдсэн 46 092 ам.доллараас дээрх байрнаас 68 м.кв байрыг авахаар, бараа материал, ажлын хөлсний үнэ 80 980 еврог 1.35 тооцож 109 323 ам.доллар, Г/42 тоот гэрээний үлдэгдэл 46 092 ам.доллар, нийт 155 415 ам.доллараас 3 орон сууцны 226.4 м.кв үнэ 108 672 ам.долларыг хасч, үлдсэн 46 743 ам.долларыг “Мфикс капитал” ХХК-тай 2007 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх” 01 тоот гэрээний ажлын хөлсний үнэд суутган тооцохоор тохирсон.

Дээрх гэрээний үүргээс “В” ХХК нь 3 орон сууцыг өгөхдөө м.кв-ын зөрүүтэй байр өгч, 46 743 ам.долларын “Мфикс капитал” ХХК-д хийх ажлыг гүйцэтгэж хасаагүй байдаг. Энэ талаар “Мфикс капитал” ХХК-иас ирүүлсэн албан бичиг хэрэгт байгаа. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн, түүнчлэн бартер хийсэн барилга нь 2009 онд ашиглалтанд орсон, талууд 2010 оноос хойш хоорондын тооцоо төлбөрийн асуудлаар маргаж байсан, нэхэмжлэгч “АС” ХХК, С.Г нар 2011 оноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргаж байсныг үндэслэн нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон болон тасалдсан байдлыг харгалзан үзэлгүй уг хугацааг дууссан гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Шүүх, нэхэмжлэгч “АС” ХХК-ийн нэхэмжилсэн 46 743 ам.долларыг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөөгүйгээ хүлээн зөвшөөрдөг, харин “Мфикс капитал” ХХК, “В” ХХК-ийн барилгын ажил хийж гүйцэтгэх үед хийгдсэн ажилд уг төлбөрт өгөх ажлыг гүйцэтгэсэн гэж хариуцагч тайлбарладаг боловч үүнийгээ нотолж чадахгүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Мөн шүүх хариуцагчийг С.Гын орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардагдах бичиг баримтыг гарган өгөхөд татгалзах зүйлгүй талаар удаа дараа тайлбарласанд ач холбогдол өгөхгүй, энэхүү нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.

Талуудын хооронд байгуулсан 2006, 2007 оны дээрх гэрээгээр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, түүний төлбөр гүйцэтгэх, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэд тохирсон орон сууцаар төлбөрийн үүргийг гүйцэтгэх бартерын гэрээ байгуулсан нь худалдах, худалдан авах гэрээний нэг төрөл байтал шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хөөн хэлэлцэх хугацаа түр зогссоныг сэргээлгэх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, үндэслэлээ баримтаар нотолсон байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрээний үүрэгтэй холбогдох гомдлын шаардлага гаргах хугацаа 3 жил гэж үзэж, хөөн хэлэлцэх хугацаа сэргээхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой.

Хариуцагч 46 743 ам.долларыг нэхэмжлэгчид төлөөгүйгээ илэрхийлснийг шүүх анхаараагүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн хэсгийг мөн үндэслэлгүйгээр хангаагүй. Хариуцагч гэрээнд зааснаас илүү талбай бүхий орон сууц нийлүүлсэн гэх боловч шинжээчийн дүгнэлтээр орон сууцны талбай дутуу байсан нь нотлогдсон атал нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүй нь учир дутагдалтай. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй тул залруулан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “АС” ХХК нь хариуцагч “В” ХХК-д холбогдуулан 46 743 ам.доллар болон дутуу талбайд төлсөн 902 ам.доллар, гэрээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 1 920 ам.доллар, нийт 2 822 ам.доллар гаргуулах, нэхэмжлэгч С.Г нь  Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байр 30 тоот 90.4 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч “АС” ХХК-д холбогдуулан дутуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ 24 460 ам.доллар, орон сууцны илүү талбайн үнэ 2 688 ам.доллар, нийт 27 148 ам.доллар буюу 67 171 857 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх 2006 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Г/42 тоот гэрээгээр нийлүүлэгч “АС” ХХК нь 66 625 ам.долларын ялтаст бойлерийн иж бүрдэл болон түүнийг угсарч суурилуулах зардлыг тооцож 2 000 ам.доллар, нийт 68 625 ам.долларын бүтээгдэхүүнийг захиалагч “В” ХХК-д нийлүүлэх, үнийн урьдчилгаа 60 хувь буюу 41 175 ам.долларыг төлөх, үлдэгдэл 27 450 ам.долларын төлбөрийг захиалагч талын барьж буй “Хөх бүрд” хотхоноос байр авахаар харилцан тохиролцсон байна. /1хх 22-23/

 

Мөн 2007 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Бараа бүтээгдэхүүн нийлүүлж орон сууц худалдах, худалдан авах бартерийн гэрээ”-г талууд байгуулж, нийлүүлэгч “АС” ХХК нь 80 980 еврогийн үнэтэй бараа материалыг захиалгын дагуу “В” ХХК-д нийлүүлэх, захиалагч талын энэхүү гэрээгээр байригдаж буй Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 6 давхар орон сууцнаас 62 м.кв 1 байр, 90.4 м.кв 1 байр, нийт 158.4 м.кв байрыг 1 м.кв-ыг 480 ам.доллараар тооцох, мөн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээгээр ялтаст дулаан солилцуурын үнэ 66 625 ам.доллараас 20 532,98 долларыг төлж, үлдсэн 46 092,02 ам.доллараас дээрх баригдаж буй байрнаас мөн 68 м.кв талбай бүхий орон сууц авах, бараа материал, ажлын хөлсний үнэ 80 980,22 еврог 109 323 ам.доллар, г/42 гэрээний үлдэгдэл 46 092,02 ам.доллар нийт 155 415 ам.доллараас 3 байрны 226.4 м.кв-ын 108 672 ам.долларыг хасч, үлдсэн 46 743,32 ам.долларыг “МФикс капитал” ХХК-тай 2007 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх 01 тоот гэрээний ажлын хөлсний үнэд харилцан суутгаж тооцох нөхцлийг тохиролцсон байна. /1хх 14-15/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч “АС” ХХК нь хариуцагч “В” ХХК-д гэрээ ёсоор нийлүүлэх бараа бүтээгдэхүүний үнэ 175 951 ам.доллараас 20 532.98 ам.долларыг төлсөн учраас төлөгдөөгүй үлдсэн 155 415.32 ам.долларын 108 672 ам.долларт дүйцүүлж 3 орон сууц авах ба зөрүү 46 743.32 ам.долларыг “Мфикскапитал” ХХК-тай байгуулсан гэрээт ажлын хөлсөнд суутган тооцох болсон талаар зохигчдын байгуулсан гэрээний нөхцлийг шүүх агуулгын хувьд нэгтгэн дүгнэсэн байна.

 

Хариуцагч “В” ХХК-ийн тухайд нэхэмжлэгч талд дээрх гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 68 м.кв талбайтай 2 орон сууц, 90.4 м.кв талбайтай 1 орон сууц хүлээлгэн өгсөн, 24 460.92 ам.долларын барааг буцаасан, харин бусад этгээдтэй харилцан тооцох 46 743.32 ам.долларын үүрэг биелэгдсэн эсэхэд талууд маргажээ.

 

Хэрэгт “Мфикс капитал” ХХК-иас нэхэмжлэгч “АС” ХХК-д 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 15/020 тоот албан бичгээр “В” ХХК нь харилцан тооцох 46 743.32 ам.долларын ажлыг гүйцэтгээгүйг мэдэгдэж байсан баримт авагдсан ба үүнийг тухайн компаниас шүүгчийн захирамжийн дагуу шүүхэд ирүүлсэн байна. /хх 186-189/

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримттай холбогдуулан “АС” ХХК-ийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

 

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байрны 30 тоот 90.4 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг С.Гын нэр дээр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцсон. Нэхэмжлэгч “АС” ХХК нь 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэн Н.Номтойбаяртай худалдах худалдан авах гэрээ байгуулж, орон сууцыг худалдсан ба худалдан авагч тал тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг С.Гын нэр дээр гаргуулахаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна. /1хх 86-87/

 

Түүнчлэн уг барилга 2009 онд ашиглалтад орж, С.Г орон сууцыг бодитойгоор эзэмшилдээ авсны дараа улсын комисс хүлээн авсан талаар зохигчид анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлаж, энэ талаар маргаагүйгээс гадна, хариуцагч “В” ХХК-иас “АС” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гарах гэж байгааг 2010 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 01/13 тоотоор мэдэгдсэн бичмэл баримт хэрэгт авагдсан. С.Г орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 5 дугаар сард мэдүүлж байсан баримт хэрэгт авагдсан байна. /1хх 25, 196-197, 2хх 6-7, 20-21/

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргахад үйлчлэх хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар тусгайлан зохицуулсан байх тул нэхэмжлэгч С.Г өөрийн эзэмшил, ашиглалтад гэрээний дагуу бодитойгоор  шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бичиг баримтыг гаргуулахаар шаардах эрхэд хамаарах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдах бөгөөд мөн хуулийн 79.7 дахь хэсэгт зааснаар хугацааг дахин шинээр тоолох журамтай.

 

Гэтэл хуулийн эдгээр заалтуудыг шүүх зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас С.Гын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг өөрчилж, өмчлөх эрхийг гэрчилгээ гаргуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин нэхэмжлэгч “АС” ХХК-ийн тухайд Г07/11 тоот Бараа бүтээгдэхүүн нийлүүлж, орон сууц худалдан авах бартерийн гэрээний 2.1-д заасныг зөрчсөний улмаас нэхэмжлэгчид төлөх 46 743,32 ам.доллар, талбайн зөрүү 902,04 ам.доллар болон гэрээ зөрчсөнтэй холбоотой учирсан хохирол 1 920 ам.доллар гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Зохигчдын хооронд 2007 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Өр төлбөрийг барагдуулах Г07/11 тоот гэрээг байгуулснаас үзэхэд Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар харилцан шаардлага бүхий мөнгөн төлбөрийн үүргийг тооцож дуусгавар болгох талаар тохиролцжээ. Гэвч уг үүргийн гүйцэтгэх хугацааг тухайлан заагаагүй нь Иргэний хуульд зааснаар ердийн журмаар хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэл болох юм.

 

Нэхэмжлэгч “АС” ХХК дээрх гэрээг байгуулснаар түүнд заагдсан үүргээ биелүүлэхийг нөгөө талаас шаардах эрхтэй болсон төдийгүй гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрийн эзэмшилдээ авсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэг биелүүлэхтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх зохицуулалт үйлчлэх бөгөөд хуулиар тогтоосон хугацаа хэтэрсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв.

 

Мөн “АС” ХХК нь гэрээний биелэлтийг шаардах хуулиар тогтоосон хугацаа зогсох эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэлийг баримтаар нотлоогүй болно. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар 2011 оноос эхлэн хариуцагчид холбогдуулан уг маргаан болон хариуцагчийг эрэн сурвалжлуулах талаар нэхэмжлэл гаргаж байсан гэх боловч хэрэгт 2015, 2016 онуудын шийдвэр, захирамж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойшхи хугацаанд хамаарч байна. /1хх 20-21, 39-44, 196-197/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн дутуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ болох 24 460 ам.долларыг нэхэмжлэл гаргасан үеийн ханш 2048.21 төгрөгт тооцож, 50 101 100 төгрөгийг “АС” ХХК-иас гаргуулах шаардлагыг хангах хууль үндэслэлтэй байжээ. Учир нь 2007 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Бараа бүтээгдэхүүн нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах бартерийн гэрээний дагуу “В” ХХК нь 80 980 еврогийн үнэтэй тоног төхөөрөмж хүлээн авахаар тохиролцсоноос 18 119 евро буюу 24 460 ам.долларын үнэтэй бүтээгдэхүүнийг “АС” ХХК дутуу нийлүүлсэн, уг бараа материал “АС” ХХК-ийн агуулахад хадгалагдаж байгаа гэх үйл баримтын талаар талууд маргаагүй. /1хх14-19, 2хх9/

 

“В” ХХК-ийн хувьд дутуу нийлүүлсэн гэх агуулгаар бараа бүтээгдэхүүний үнийг шаардах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлд нийцэх юм.

 

Гэрээний дагуу шилжүүлбэл зохих бараа материалын доголдолтой хэсгийг хариуцагч “В” ХХК нь “АС” ХХК-д буцаан өгсөн байна. Худалдан авагч “В” ХХК-д гэрээг доголдолтой хэсгээр цуцлах эрх Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.2 дахь хэсэгт зааснаар үүсчээ. Ийнхүү “В” ХХК гэрээг доголдолтой хэсгээр цуцлах буюу 24 460 ам.долларын үнэ бүхий барааг худалдан авахаас татгалзаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар буцаасан барааны үнийг шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд гэрээний дагуу нэг тал орон сууцны өмчлөх эрх бодитоор шилжүүлэх эсэх асуудлаар маргаантай байсан учраас худалдагчийн зүгээс буцаасан барааны үнийг буцаан төлөхөөс татгалзсан нөхцөлд Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2-т зааснаар уг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч “АС” ХХК нь гэрээнээс хэсэгчлэн татгалзсантай холбоотойгоор 24 460 ам.долларын үнэ бүхий доголдолтой барааны хариу төлбөрийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-т зааснаар мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

 

Орон сууцны илүү олгогдсон талбайн зөрүү 2 688 ам.долларыг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар “В” ХХК нь өөрийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн хэмжээг хариуцах үүрэгтэй тул шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв болжээ.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээгээр хувь тэнцүүлэн хөлсийг бууруулах эрх захиалагч талд байх боловч ажил гүйцэтгэгч талбайн хэмжээг илүү болсон үндэслэлээр захиалагчаас илүү хөрөнгийг шаардах эрхгүй. Зайлшгүй тохиолдолд Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар төсөв нэмэгдсэн талаар мэдэгдэх, улмаар гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай ба энэ талаарх баримт хэрэгт байхгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/03489 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 205 дугаар зүйлийн 205.2.1, 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Гын нэр дээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байрны 30 тоот 90.4 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагч “В” ХХК-д даалгаж, 46 743 ам.доллар, талбайн зөрүү 902 ам.доллар, гэрээ зөрчсөнөөс учирсан хохирол 1 920 ам.доллар буюу 6 658 013 төгрөгийг хариуцагч “В” ХХК-иас гаргуулах “АС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

сөрөг нэхэмжлэлээс нэхэмжлэгч “АС” ХХК-иас дутуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ 50 101 100 төгрөгийг гаргуулж хариуцагч “В” ХХК-д олгож, талбайн зөрүү 6 650 649 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “В” ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Год, нэхэмжлэгч “АС” ХХК-иас 408 455 төгрөгийг гаргуулж хариуцагч “В” ХХК-д тус тус олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 971 071 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА