Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 763

 

    Д.Н-д  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Э.Бадрал,

            нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЗ/854 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Бадралын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцлээр Д.Н-д  холбогдох эрүүгийн 1911 01024 0421 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-н Н, 19... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .......... аймгийн ................гэх газар оршин суух бүртгэлтэй, /РД: ......./,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 644 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

Д.Н нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 64 дүгээр байрны гадаа автомашины зогсоол дээр байсан хохирогч Ц.Н-н эзэмшлийн, ............ УБМ улсын дугаартай, “Тoyota Harrier” загварын автомашины шил рүү чулуу шидэн гэмтээсний улмаас 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Н-н 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 64 дүгээр байрны гадна автомашины зогсоол дээр байсан хохирогч Ц.Н-н эзэмшлийн, 94-52 УБМ улсын дугаартай, “Тoyota Harrier” загварын автомашины шилийг чулуу шидэж хагалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгон мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Хэргийн оролцогч нараас урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаагүй бөгөөд яллагдагчийг шүүхэд шилжүүлэн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааны явцад прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдлоо. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасныг зөрчсөн буюу яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлоогүй байна. Өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээснээр ямар хохирол үүссэн болохыг яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт тусгаагүй байна. Хэдийгээр яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “360.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж байх боловч тогтоох хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн тусгаагүй нь цаашид шүүх шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийхэд прокурорын яллаагүй гэмт хэргийн шинжийг баримтлах нөхцөл үүсгэж байна.

Иймд Д.Н-д  холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, 1 ширхэг сидийг хэрэгт хавсарган хүргүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Бадрал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт талуудын гаргасан хүсэлт гомдол, эсхүл шүүгч өөрийн санаачлагаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж болох бөгөөд мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12, 33.3 дугаар зүйлийн 3 дугаар зүйлд заасан тохиолдолд хэргийг прокурорт буцаахаар зохицуулсан байдаг.

Гэтэл шүүх уг дарааллыг зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ’’ гэж анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг тодруулан хуульчилсан байхад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Яллагдагч Д.Н-н үйлдсэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэж бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг заалтаар зүйлчлэгдэх”-ийг тусгахаар заасан. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт хохирлын талаар тусгана гэж заагаагүй бөгөөд шүүхийн буцаасан үндэслэлд дурдсан учруулсан хохирол, гэмт хэргийн шинжийн талаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дэлгэрэнгүй бичсэн болно.

3. Мөн уг хэрэгт шүүх санаачлагаараа, хэргийн оролцогч нарын аль нэг талаас урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй байхад шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн” гэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой байх шаардлага хангахгүй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЗ/854 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Д.Н-н үйлдлийн улмаас ямар хэмжээний хохирол учирсан талаар яллах дүгнэлтэд тусгаагүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаажээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Н-н үйлдлийн улмаас Ц.Н-н эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш буюу 360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна.

Тухайлбал, хэргийн үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлэгдсэн хохирогч Ц.Н /хх 19-20/, гэрч Б.Ганхөлөг /хх 24-25/ нарын мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 31-35/ зэрэг баримтуудаар нотлогдсоноос гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 360.000 төгрөгийн талаар оролцогчдын хэн аль нь маргаагүй болно.

Д.Н нь хэний эд хөрөнгөд хэрхэн ямар хэмжээний хохирол учруулсан талаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тодорхой тусгажээ.

Иймд прокурор Э.Бадралын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЗ/854 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтдаа “... шүүгдэгч Д.Н нь бусад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ...” гэж дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй болохыг цаашид анхаарвал зохино.