Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2023/1046/З |
Дугаар | 221/МА2024/0507 |
Огноо | 2024-07-31 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2024/0507
“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э
Нэхэмжлэлийн шаардлага: “И” ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгавар хүссэн хүсэлтийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар батлахаас татгалзсан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4/2321 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, архитектур төлөвлөлтийн даалгавар батлахыг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 128/2023/1046/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “И” ХХК-иас Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдуулан ““И” ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгавар хүссэн хүсэлтийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар батлахаас татгалзсан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4/2321 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, архитектур төлөвлөлтийн даалгавар батлахыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрээр Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 18 дугаар зүйлийн 18.1, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4/2321 дүгээр тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “И” ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах тухай хүсэлтийн бичиг баримтын бүрдлийг шалган, мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, нийслэлийн ерөнхий архитекторт танилцуулан зохих журмаар шийдвэрлүүлэхийг хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 4649 дугаартай шүүгчийн захирамжаар “... тогтоол нь нэхэмжлэгчийн субьектив эрх эрхэд шууд чиглээгүй, тодорхой саналыг дэмжсэн агуулгатай байх тул нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалтын шинжтэй, улмаар эрх бүхий этгээдээс уг саналыг үндэслэн “И” ХХК-ийн эзэмшлийн газрыг тусгай хэрэгцээнд авах эсэх, эсхүл авсан эсэх нь тодорхойгүй байх тул захиргааны актын зохицуулалтгүй, үр дагаваргүй шийдвэр байна...” гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэж маргаан бүхий Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4/2321 дүгээр шийдвэрийг хууль бус гэж тогтоосон нь үндэслэлгүй байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Нийслэл нь төрийн дээд байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, дүүргүүдийн үйл ажиллагааг зохицуулах, иргэдэд хуульд заасан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналтыг хэрэгжүүлэх нэгж мөн”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтад “Эрх зүйн харилцаанд аймаг, сум, нийслэл, дүүргийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний эрх олгосноор Засаг дарга төлөөлнө”, мөн Хот байгуулалт, хөгжлийн газар нь нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд тус газрын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад нийслэл Хот байгуулалт, хөгжлийн газар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтууд, нийслэлийн хөгжлийн урт дунд богино хугацааны бодлого, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Нийгэм эдийн засгийн зорилтууд болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргаас Хот байгуулалт, төлөвлөлт, барилгын талаар бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг мөн” бөгөөд дээрх дүгнэсэн шүүгчийн захирамжийн дагуу дээд шатны захиргааны байгууллагын хуульд үндэслэж гаргасан шийдвэрийн дагуу захиргааны байгууллага нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэсэн шийдвэрийг хууль бус гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчдыг татан оролцуулна” гэх заалтыг хэрэгжүүлээгүй бөгөөд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 39 дүгээр тогтоол нь хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд нийслэлийн Газрын албанаас ирүүлсэн нотлох баримтаар “И” ХХК-ийн эзэмшлийн газар уг тогтоолын хавсралтад бүхэлдээ багтаж байгаа нь тогтоогдож байгаа бөгөөд уг нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг эцэслэн шийдвэрлэгдээгүй, хэрхэн хэрэгжиж байгаа талаар нотлох баримтыг хангалттай цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 дэх заалтад зааснаар “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн...” учир Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “И” ХХК-иас ““И” ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгавар хүссэн хүсэлтийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар батлахаас татгалзсан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4/2321 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, архитектур төлөвлөлтийн даалгавар батлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Нэхэмжлэгч компанийн хувьд нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1394 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах 40 000 м.кв газрыг орон сууцны зориулалтайгаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон бөгөөд уг газар дээрээ орон сууц барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23/108 дугаар албан бичгээр хариуцагчид хүргүүлсэн байна.
2.3. Улмаар хариуцагчаас маргаан бүхий 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4/2321 дүгээр албан бичгээр “...тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх төслийн урт хугацааны тогтвортой хэрэгжилтийг хангах зорилгоор Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 110.06 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авах хил хязгаарт Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1394 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 0 нэгж талбарын дугаартай 39 968 м2 газар багтаж байгаа тул Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүй...” талаарх хариуг хүргүүлжээ.
2.4. Хэдийгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор “нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр шинэ төрлийн Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх төслийн урт хугацааны тогтвортой хэрэгжилтийг хангах зорилгоор Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зүүн урд талын нутаг дэвсгэрийн хавсралтад дурдсан солбицол бүхий 110.06 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах санал”-ыг дэмжсэн байх боловч энэ нь уг газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан эцсийн шийдвэр биш бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
2.5. Түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/573 дугаар албан бичгээс үзэхэд, нэхэмжлэгч компанийн орон сууцны зориулалттай дээрх газар одоогоор тусгай хэрэгцээний газартай ямар нэгэн давхцалгүй байгаа болох нь тогтоогдож байх бөгөөд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зүүн урд талын нутаг дэвсгэрийн хавсралтад дурдсан солбицол бүхий 110.06 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гараагүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч компаниас гаргасан архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах тухай хүсэлтийг Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр татгалзаж шийдвэрлэж байгаа нь Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/15 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ийн 1.1-д “Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөл ... нь Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хот байгуулалтын баримт бичгийн боловсруулалт, хэрэгжилт, нийслэлийн нутаг дэвсгэрт баригдах барилга, авто зам, замын байгууламж, инженерийн дэд бүтэц, тохижилт, ногоон байгууламжийн төлөвлөлтийн даалгавар боловсруулах үйл ажиллагаанд санал дүгнэлт гарган Нийслэлийн Ерөнхий архитектор ...-ын шийдвэр хууль ёсны байх эрх зүйн үндсийг хангахад оршино”, 2.1.2-т “хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламж, тохижилт, авто зам, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн асуудал хэлэлцэж санал дүгнэлт гаргаж, Ерөнхий архитектораар шийдвэрлүүлнэ”, 4.2-т “Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн хүсэлтийг холбогдох нэгжийн Хот байгуулалтын мэргэжилтэн ... хянаж, Архитектур төлөвлөлтийн даалгавар..., загвар зургийн батлагдсан шаардлагыг хангуулах Зөвлөлийн хуралд төлөвлөлтийн хувилбарт шийдэл болон шийдвэрлэх саналын хамт танилцуулна”, 4.4-д “Мэргэжлийн зөвлөлийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:”, 4.4.2-т “инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн төлөвлөлт”, 4.4.3-д “барилга байгууламжийн төлөвлөлт”, 4.12-т “Зөвлөлийн хурлаас гарсан санал, шүүмж, зөвлөмж, дүгнэлтийг даалгавар, Загвар зурагт туссан эсэхэд Ерөнхий архитекторын ажлын албаны дарга хяналт тавьж, Ерөнхий архитектороор батлуулна”, 4.14-д “Зөвлөлийн хурлаас “Эс зөвшөөрсөн” санал гарсан тохиолдолд түүний үндэслэл, тайлбарыг Ерөнхий архитекторт танилцуулан хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд ажлын 5 хоногийн дотор холбогдох мэргэжилтэн албан бичгээр хариу хүргүүлнэ” гэж тус тус заасантай нийцэхгүй.
2.6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компаниас гаргасан архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах тухай хүсэлтийн бичиг баримтын бүрдлийг шалгаж, мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ нэхэмжлэгч компанийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлах, батлахаас татгалзах эсэх нь захиргааны байгууллагын сонгох боломжийн асуудал байх тул шүүхээс захиргааны байгууллагын бүрэн эрхэд халдаж, мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээгүй байхад шууд архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй.
Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН