Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 103

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж 
           Улсын яллагч: Б.Батсайхан 
    Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ 
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 
    Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяжих овогт Ганхуягийн Ариунсан, Тангуд овогт Одонбаатарын Батмөнх нарт холбогдох эрүүгийн 201603000249 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан баг, Ажираг гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй Баяжих овогт Ганхуягийн Ариунсан /РД:АВ94062314/
    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өндөр хүчдэлийн цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй Тангуд овогт Одонбаатарын Батмөнх /РД:АВ92101512/
    Шүүгдэгч Г.Ариунсан, О.Батмөнх нар нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өглөө үүрээр Архангай аймгийн Жаргалант сумын Эрдэнэ-Уул багийн нутаг дэвсгэр Улиастайн адаг гэх газарт өөрсдийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклиудыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг, мөн дүрмийн 2.3-д “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ” 2.3.а-д Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замдаа явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтад заасан зөрчихгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын гэрэл болон ар талын оврын гэрлүүд асахгүй, ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 2.3.в-д “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж улмаар хоорондоо мөргөлдөж Г.Ариунсангийн ард зорчиж явсан хохирогч Н.Буянхишигийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОГТООХ нь:


Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Г.Ариунсангийн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэх мэдүүлэг. 
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч О.Батмөнхийн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэх мэдүүлэг. 
Эрүүгийн 201603000249 дугаартай хэргээс: 
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Н.Буянхишигийн:

“... Би 2016 оны 05 сарын 17-ны өдөр ажлын хамт олон болох Ариусан, Батмөнх, Балжинням бид 4 гол явахаар оройн 20 цагийн орчимд тохиролцсон. Балжинням, Ариунсан хоёр мотоциклынхоо хаазны тороосыг сольсон шалтгаан нь мотоцикль нь унаж явахаар эвдрээд, хурдтай явахгүй байсан. Батмөнх хөтлөгч болон гинжийг сольж тавьсан бөгөөд гинж нь даваад байсан, мөн хөтлөгч нь хугарсан байсан гэсэн. Тэгээд бид дөрөв төд удалгүй Ариунсангийнд очиж шөлтэй хоол идсэн. Удалгүй Ариунсангийн гэрээс гараад гол явах бэлтгэлээ хийж дэлгүүр явсан бөгөөд бид 4 нийлээд 10.000 төгрөг гаргацгаасан. Тэгээд уг мөнгөөр загасны лаазтай мах, талх, гурилан боов, Боргио томоос нь 2.5 литртэй пиво 6 ширхэг зэргийг аваад гол руу явахаар би Ариунсангийн мотоциклийн ард суусан, Балжинням Батмөнхийн мотоциклийн ард суугаад хөдөлсөн. Бид нарыг хөдлөхөд 20 цаг өнгөрсөн байсан. Гол руу сумын төвөөс 20-30 км зайтай байсан байх. Гол дээр очиход 23 цаг өнгөрсөн байсан. Бид нар гол дээр очоод 2,5 литртэй Боргио нэртэй пиво задалж уусан. Явах замд Батмөнхийн мотоциклийн гэрэл нь шатчихсан байсныг нэмж яръя. Бид нар Ариунсангийн мотоциклийн гэрлийг тусгаж яваад, сэрээгээрээ загас барих гэсэн боловч чадаагүй. Бид нар загас барих гэсээр байтал үүр цайчихсан байсан. Шөнийн 03-04 цагийн орчимд Боргио 2.5 литртэй пиво уусан байсан. Дараа нь бас дахиад пиво ууя гээд нэгийг нэмж уугаад хөдөлсөн. Бид нар байрласан газраасаа хөдлөөд 1 км явсан байх, тэгээд Ариунсангийн өмсөж явсан малгай хойшоо хийсэж унасан бөгөөд бид хоёр малгайгаа авах гээд эргээд явахад Батмөнх Батжинням нар эгц урдаас өндөр хаазтай, хурдтай давхиад байсан. Ариунсан бас урдаас нь хаазаа нэмээд давхиад байсан. Тэгж байгаад гэнэт тас гээд арагшаагаа унасан бөгөөд толгойн хэсэг рүү цохьсон юм шиг мэдрэмж төрөөд явчихсан. Би хэсэг зуур ухаан алдсан юм шиг байна лээ. Намайг сэрэхэд чих юм сонсохгүй, халуун оргиод аманд цус амтагдаад байсан. Намайг босч чадахгүй байхад тэр 3 тойроод юм яриад байсан. Түүний дараа Ариунсан намайг гэр рүүгээ авч явсан. Гэрт нь очоод би эмнэлэг оръё гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг рүү очоод хэсэг ухаан алдсан байсан. Намайг нэг сэрэхэд дусал зоосон, хамарт хүчилтөрөгч зоосон байдалтай байж байгаад төд удалгүй эмнэлгээс гарсан. /ор байхгүй гэх шалтгаанаар/. Тэр өдрөө би ажил дээрэ очиж хоносон бөгөөд толгой өвдөөд унтаж чадаагүй. Маргааш нь би аймгийн төвөөс жип машинтай ирж эмнэлэгт хэвтсэн. Би эмнэлэгт 4 хоног хэвтэхэд эмч нар хот руу яв гэж хэлсэн. Миний толгой өвдөж байна. Зүүн чихний хэнгэрэг цоорсон, зүүн чамархай цуурсан, суулт өгөөд байгаа. Бас миний нүдний хараа муудсан учраас эмч нүдний шил зүү, зурагт, сонин сэтгүүл уншиж болохгүй гэж хэлсэн. Эмчилгээний зардал мөнгийг холбогдох хүнээс нь гаргуулж, уг хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү.
Нэмж ярих зүйл гэвэл Ариунсан нь согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн байсан. Малгайгаа унасаны дараа буцаж эргээд урдаас нь маш их хурдтай мотоциклиороо хаазлаад давхиад байсан. Тэгж яваад тухайн осолд болсон. Миний эмчилгээний зардал нийт 3.000.000 /гурван сая/ төгрөг болсон байгаа. Зөвхөн Архангайн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн баримт 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган төгрөг/ баримт байгаа. Бусад эмчилгээний баримтаа тухайн үед нь хотоос авч чадаагүй. Миний толгой байнга өвдөж, ярихаар шуугиад байгаа. Би тогтмол эм ууж байгаа. Би толгойн өвдөлт намдаах болон тархи амраах, цусан хангамж сайжруулах  Актовепин, натрихлорид, кавиннтон форте гэх эмнүүдийг ууж байгаа. Би эмчлүүлсэн зардлын мөнгө авах хүсэлтэй байна. Одоогоор надад ямар ч эмчилгээний мөнгө өгөөгүй. Өөр гомдол гээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32, 33 дугаар тал/  

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн иргэний нэхэмжлэгч Т.Балжиннямын: 

“...би 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үүрээр 05 цагийн орчимд Архангай аймгийн Жаргалант сумын Эрдэнэ Уул багийн Улиастайн адаг гэх газар Ариунсангийн жолоодож явсан цэнхэр өнгийн Мустанг маркийн мотоциклийг Батмөнхийн унаж явсан улаан өнгийн мустанг-5 мотоцикльтой явж байгаад мөргөлдсөн. Бид нар харанхуй гэрэлгүй байсан болохоор юу ч хараагүй Батмөнх мотоциклийнхоо гэрлэн дохиог асаачихсан байсан. Тухайн үеийн ослоос болж би хохироогүй. Надад нэмж яриах зүйл байхгүй. Би бие эрхтэн болон эд хөрөнгийн хувьд хохирол амсаагүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Т.Балжиннямын: 

“...би өөрийн мэдэж байгаа зүйлийн талаар мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Би Ариунсанг танина, Ариунсан манайх хоёр хөдөө айл саахалтын айлууд байгаа юм. Ариунсан, Батмөнх, Буянхишиг бид 4 Жаргалант суманд баригдаж байсан Цагдаагийн байранд ажиллаж байсан. Тэгээд нэг өдөр загасанд явъя гэж ярилцаад 
2016 оны 05 дугаар сарын 17-ны орой Жаргалант сумын Эрдэнэ-Уул багийн Улиастайн адаг гэх газар руу 2 мотоцикльтой явсан. Явахдаа сумын төвийн дэлгүүрээс 2 литрийн боргио 3 ширхэг авч явсан. Тэгээд тэр пивоо гол дээр очоод ууцгаасан. Тэгээд тэнд загас гэрэлтүүлж байгаад өглөө үүрээр сумын төв рүү хөдөлцгөөсөн. Тэгээд буруу замаар ороод явсан байсан. Тэгээд уулзаад уруудаад хөдөлсөн. Батмөнх бид 2 түрүүлээд хөдөлтөл Ариунсан мотоцикль барьсан хажуугаар давхиад гарсан. Тэгээд араас нь уруудаад давхиж байтал өөдөөс гэнэт гарч ирээд бид хэд хоорондоо мөргөлдсөн. Тэр үед нилээн харанхуй байсан. Миний сууж явсан Батмөнхий барьж явсан мотоцикль эх гэрэл шатчихсан байсан. Сумын төвөөс гараад гол руу явж байх үед шатчихсан юм. Мөн Ариунсангийн барьж явсан мотоциклийн гэрэл тухайн үед ажиллахгүй байсан. Бид хэд гол дээр очоод загас гэрэлтүүлэх гээд тайлж аваад буцааж хийгээгүй байсан. Бид хэд гол дээр харанхуй болж байх үед очсон тэгээд өглөө үүрээр 05 цагийн үед тэндээс хөдөлсөн. Авч явсан пивоо тэнцүүхэн хуваагаад л уусан, гэхдээ нэг дор бүгдийг нь уугаагүй өмнө талыг нь уучихаад загас гэрэлтүүлж явж байгаад хөдлөхөөсөө өмнө талыг нь уусан, тэгээд хөдөлсөн. Ариунсан гайгүй байсан гэхдээ бид нар ерөнхийдөө жоохон халцгаасан байсан. Яг мөргөлдөх үед Ариунсанг хэр хурдтай явсныг сайн мэдэхгүй байна. Би өөрөө Батмөнхий ард сууж явсан учраас, гэхдээ Ариунсан тэр хажуугаар явахдаа нилээн хурдтай өнгөрч байсан. Бид хэд хоорондоо мөргөлдөх үед нилээн хурдан явж байсан. Гэнэт л түс хийгээд л нилээн хүчтэй мөргөлдөөд унцгаасан. Тэр мөргөлдсөны дараа Батмөнх бид хоёрын мотоцикль явах боломжгүй болоод урд хоёр амартизатор хойшоо чихэгдээд дахийсан байсан. Тэгээд тэр үед Ариунсан Буянхишигийг аваад сумын төв рүү эмнэлэг рүү явсан. Тийм болохоор цагдаад хэлсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч О.Батмөнхийн: 

    “...би өөрийн мэдэж байгаа зүйлийн талаар мэдүүлэг өгнө, мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Ариунсанг танина, ойр дотно харьцаатай биш сумын үеийн залуу болохоор мэндийн зөрүүтэй л байдаг. Харин тухайн үед нэг барилга дээр хамт ажиллаж байсан. Ариунсан, Балжинням, Буянхишиг бид 4 Жаргалант суманд баригдаж байсан Цагдаагийн барилга дээр ажиллаж бйасан. Тэгээд нэг өдөр загасанд явъя гэж ярилцаад 2016 оны 05 дугаар сарын 17-ны орой Жаргалант сумын Эрдэнэ-Уул багийн Улиастайн адаг гэх газар руу 2 мотоцикльтой явсан. Явахдаа сумын төвийн дэлгүүрээс 2 литрийн боргио 3 ширхэгийг авч, мөн хүнсний зүйл авч явсан. Тэгээд харанхуй болж байх үед гол дээр очсон тэгээд авч очсон хүнсний зүйлээ идэж, пиво хувааж ууцгаасан. Тэгээд гол руу очоод загас гэрэлтүүлж байгаад өглөө үүрээр сумын төв рүү хөдөлцгөөсөн. Би өөрийн мотоциклийг жолоодоод Балжиннямыг ардаа суулгаад явж байсан. Бид хоёр түрүүлээд хөдлөөд явж байтал Ариунсан мотоцикль барьсан хажуугаар давхиад гарсан тэгээд араас нь уруудаад давхиж байтал өөдөөс гэнэт гарч ирээд бид хэд хоорондоо мөргөлдсөн. Тухайн үед нилээн харанхуй байсан. Тэгээд босоод иртэл бүгд босоод ирсэн мотоциклийнхоо хажуу талд зогсож байсан. Миний барьж явсан өөрийн мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийн эх гэрэл шатчихсан байсан. Сумын төвөөс гараад гол руу явж байх үед шатчихсан юм. Би тэгээд тухайн үед аваараа асаацан 2 дохионы гэрлээ асаасан явж байсан. Мөн хөгжмөө асаасан байсан. Ариунсангийн барьж явсан мотоциклийн гэрэл тухайн үед ажиллахгүй байсан. Бид хэд гол дээр очоод загас гэрэлтүүлэх гээд тайлж аваад буцааж хийгээгүй байсан. Бид хэд гол дээр харанхуй болж байх үед очсон. Тэгээд өглөө үүрээр 05 цагийн үед тэндээс хөдөлсөн. Авч явсан пивоо тэнцүүхэн хуваагаад л уусан, гэхдээ нэг дор бүгдийг нь уугаагүй өмнө талыг нь уучихаад загас гэрэлтүүлж явж байгаад хөдлөхөөсөө өмнө талыг нь уусан. Тэгээд л хөдөлсөн. Бид хэд нэг их согтоогүй хоорондоо хэрэлдэж маргалдаж зодоон хийсэн асуудал байхгүй. Ариунсан гайгүй байсан, гэхдээ бид нар ерөнхийдөө жоохон халцгаасан байсаг. Яг мөргөлдөх үед Ариунсанг хэр хурдтай явсныг сайн мэдэхгүй байна. Би өөрөө бол 40 км цагийн хурдтай л явж байсан. Тэгээд л нэг түс хийгээд л нилээн хүчтэй мөргөлдөөд унацгаасан. Босоод мотоциклио хартал миний мотоциклийн урд 2 амартизатор голоороо нугараад араамтайгаа наалдаад хөдлөхгүй болсон байсныг бодоход Ариунсанг нилээн хурдтай ирж мөргөсөн гэж бодож байна. Мөргөлдсөний дараа миний мотоцикль явах боломжгүй болсон байсан. Тэр үед Ариунсан Буянхишигийг аваад сумын төв рүү эмнэлэг рүү явсан. Бид хэд ярилцаад цагдаад хэлээд яахав өөрөө өөрсдийгөө үзүүлье гэж ярьсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ч.Гүнсэндоржийн: 
    “...анх надад эмнэлэг дээр Буянхишиг гэдэг залуу ирээд мотоциклиос уначихлаа гээд биеэ үзүүлдсэн. Тухайн үед өөрөө толгой өвдөнө, дотор муухай оргиод байна гэж байсан. Тэгээд үзэх үед бие ил шарх сорвигүй байсан. Манай сумын эмнэлэгт тархины хаван буулгах, өвдөлт намдаах, тархины цусан хангамж сайжруулах эмчилгээ хийлгэж хоноод маргааш өдөр н ь аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж хэвтэхээр явсан. Нөгөө хоёр залуу надад үзүүлээгүй харин дараа нь Батмөнх эмнэлэгт ирж хэвтэж байх үед эмч нарын хамтарсан үзлэг хийсэн. Өөрөөр би эмчилгээ хийгээгүй эмчлэгч эмчээр их эмч Раднаасэд үзэж эмчилгээ хийсэн. Манай эмнэлгийн эрхлэгч эмч байгаа, гэхдээ яг одоогоор ээлжийн амралтаа аваад сумын төвд байхгүй би орлож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/ 

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн шинжээч О.Чинзоригийн: 

    “...Эдгээр дүгнэлтүүд үндэслэлтэй. Уг осол нь Монгол Улсны Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг болон жолооч нар нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а-д заасан зөрчихгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй, ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байна. Тиймээс уг осол нь 2 жолоочийн буруутай үйлдлийн улмаас болсон байна. Тухайн осол болсон гэх газрыг зам гэж үзэхгүй уг осол нь замын нөхцөл байдлаас болж гараагүй учир нь жолооч О.Батмөнх болон Г.Ариунсан нь бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодож явснаас уг зам тээврийн осол гарсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 82 дугаар тал/

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн, яллагдагч Г.Ариунсангийн: 

    “...би өмгөөлөгч сонгон авсан. Би байцаалтандаа өөрийн сонгон авсан Ц.Бат-Эрдэнэ өмгөөлөгчийг байцаалтандаа оролцуулна. Тээврийн хэрэгслийн хөдөгнөөний аюулгүй байдлын журам зөрсөн хэрэгт шалгагдаж байгаа. Татгалзах зүйл байхгүй мэдүүлэг өгнө. 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын Улиастайн адаг гэх газар 19 цагийн орчимд загас барихаар найз Батмөнх, Балжинням, Буянхишигийн хамт явсан. 21 цагийн орчимд сумаас доош уруудаад Эрдэнэ-Уул гэх газарт 3 лааз пиво уусан. 22 цагийн орчимд зорьсон газраа загас барихаар очсон. Бид нар шөнө огт унтаагүй загас барих гэж оролдсон боловч барьж чадаагүй. Өглөөний 05 цаг өнгөрөөд 06 цаг болж байхад бид сумын төв рүү хөдөлсөн. Тухайн үед миний мотоциклийн ард Н.Буянхишиг суучихсан нөгөө мотоциклийг манай найз болон Батмөнх жолоодож Балжинням ард талд нь зорчиж явсан. Тэгээд миний өмсөж явсан хар хөх өнгийн саравчтай малгай салхинд хийсч унасан. Тэгээд би малгайгаа авах гээд эргэтэл, хойноос явж байсан Батмөнхий мотоцикль нь миний урдаас мөргөөд бид хажуу тийш унасан. Тэгээд Н.Буянхишигийн чихнээс нь цус гарсан байдалтай байсан би эмнэлэг рүү 30 км яваад эмнэлэгт шууд хүргэж өгсөн. Түүний дараа Н.Батмөнхийн мотоцикль явж болохгүй болохоор нь урд амаржин аваачиж өгөөд суманд ирсэн. Тухайн үед Батмөнхийн толгой жоохон өвдөөд байна гэсэн. Бид нар оройны 21 цагийн орчимд тэнд очоод 3 ширхэг лаазтай касс уусан байсан. Өглөө 05 цагийн орчимд эрүүл байсан. Миний унаж явсан тээврийн хэрэгслийн эд ангиудад ямар нэгэн гэмтэл байгаагүй. Харин их гэрэл байгаагүй, урд орой нь загас барих гээд гэрлээ тайлаад авчихсан байсан. Тухайн осол болоход би 20 км цагийн хурдтай явж байсан. Би тухайн үед хойшоо эргэхдээ гэрлээрээ дохиж эргэсэн. Бид хамгаалах малгай каскыг өмсөөгүй байсан.
    Надад ял сонсгож буй зүйл ангийг ойлгож байна. Би энэ зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч сонгон авсан. Байцаалтандаа өмгөөлөгч өөрийн сонгон авсан өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийг оролцуулна. Татгалзах зүйл байхгүй мэдүүлэг өгнө. Би өмнө мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би хохирлыг нь бүрэн төлж дуусаагүй байгаа. Одоохондоо би эмчилгээний зардлыг нь төлөөгүй байгаа. Хэрэг гарахын урд шөнө 10 цагийн үед Жаргалант сумын Эрдэнэ-Уул багийн ойролцоо Буянхишиг, Батмөнх, Балжинням бид нар 3 лааз пиво хувааж уусан. Бид нар нэг их согтоогүй эрүүл байцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99, 101-102 дугаар тал/ 

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн, яллагдагч О.Батмөнхийн: 

    “...татгалзах зүйл байхгүй, мэдүүлэг өгнө. 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын төвд бид нар барилга дээр ажиллаж байгаад орой загсанд явъя гэж ярилцаж байгаад оройны 19 цагийн орчимд Улиастайн адаг гэх газар руу явж засаг агнъя гэсэн, тэгээд би Батжиннямыг өөрийнхөө мотоциклийн ард талдаа суулгаад Ариунсан нь Буянхишигийг мотоциклийнхоо ард талд суулгаад бид нар хамт явцгаасан. Бид нар 10.000 төгрөг нийлүүлж дэлгүүрээс хоол хүнсний зүйл аваад бас 3 савтай 2.5 литр борио гэх пиво аваад явцгааж байгаап 20-21 цагийн орчимд сумаас доош уруудаад Улиастайн адаг гэх газарт очиж бид нар хоол хүнсээ идээд пивоо ууцгааж байгаад тэгээд бид нар загасаа баръя гэж шийдээд загас барихаар болсон. Тэгээд Ариунсан нь өөрийнхөө мотоциклийн гэрлийг авч байгаад ус руу гэрэлтүүлнэ гээд авсан. Бид нэр 2 төмөр сэрээгээрээ загасаа сэрээдсэн. Бид нар 3 загас бариад тэгээд 12 гэж байхад хэсэг зуур амарч байгаад пивонуудаа ууж дуусаад голоороо дээш доош уруудаж загасаа хайсан. Шөнө огт унтаагүй дахиад загас барих гэж бид нар яваад л бйасан. Өглөөний 05 цаг өнгөрөөд үүр хаяарч байхад бид сумын төв рүү ажилдаа очих уу гэж ярилцаж байгаад дахиад нэг газар гэрэлтүүлж үзье гээд тухайн үед Ариунсан нь мотоциклийнхоо гэрлийг Балжиннямд өгч миний ард тэврээд суулгасан. Тэгээд бид гол руу уруудах гэж байгаад буруу замаар салж яваад нилээн хол явж байгаад уулзацгааж буруу зам байна, одоо замтайгаа нийлье гэж хэлээд нөгөө замаар буцаад уруудаж байтал гэнэт Ариунсан мотоцикльтойгоо ирээд түг гэж дугараад уначихсан. Би нэг мэдсэн чинь босоод ирсэн мотоциклио босгочихсон зогсож байсан. Тэгээд бид нар бие биенийгээ гайгүй юм гэж асуухад Буянхишиг мотоциклийнхоо хажууд хэвтэж байсан. Чихнээс нь цус шүүрээд байсан. Тэр үед Буянхишиг чихнээс цус гараад байна гэж хэлсэн. Тэгээд Ариунсан Буянхишигийг мотоциклийнхоо ард суулгаад сум руугаа явсан. Тухайн үед миний мотоциклийн амаржин голоороо тахийчихсан. Тэгээд Ариунсан нь би мотоциклийн чинь амаржиныг аваад ирье. Би малгайгаа унагачихаад эргэсэн нь дэмий юм боллоо. Би зам дээрээ зогсож байдаг байж гэж хэлсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бид нар оройны 22 цагийн орчимд тэнд очоод 3 том пиво уусан. Тэгээд бид нар нэг их айхтар согтоогүй. Бид нар пивоо аягаар тойруулаагүй шууд задлаад амаар нь уучихсан. Бид нар голоос гутар нэртэй 3 ширхэг загас барьчихсан байсан. Миний унаж явсан тээврийн хэрэгслийн эд ангиудад ямар нэгэн гэмтэл байгаагүй. Харин их гэрэл маань орой загас барихаар явж байх замдаа шатсан. Тэгээд миний мотоцикль гэрэлгүй болчихсон байсан. Уг осол бидний гэрэлгүй санамсаргүй байдлаас болсон. Би голын эрэг дээрээс эхлээд хөдлөөд явсан. Тэгэхэд Ариунсан нь миний хажуугаар хааз өндөртэй, салхи татуулаад л гараад явчихсан. Бид нар хамгаалах малгай каскыг өмсөөгүй байсан. 
    Надад сонсогож буй зүйл ангийн ойлгож байна. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч сонгон аваагүй. Би өмгөөлөгч оролцуулахгүй. Татгалзах зүйл байхгүй би мэдүүлэг өгнө. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би хохирлыг нь бүрэн төлж дууссан гэж бодож байгаа. Би эмчилгээний зардалын 50% болох 1.500.000 төгрөг төлсөн байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хэргийг хурдан шийдэж хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114, 116-117  дугаар тал/

    * Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №7566 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

    Дүгнэлтэд: “...1. Буянхишигийн биед тархи доргилт, нүүрний мэдэрлийн зүүн талын саажилт гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар тал/ 

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 808 тоот шинжээчийн дүгнэлт: 

    Дүгнэлтэд: “...1. Буянхишигийн биед зүүн чамархай, суурь ясны хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальс дээрх цусан хураа, тархи доргилт, нүүрний мэдэрлийн зүүн талын саажилт гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Зүүн чамархай, суурь ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар тал/

    * Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 257 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

    Дүгнэлтэд: “...1. О.Батмөнхийн биед тархи доргилт, дагз орчим хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. MRI болон толгойн КТ шинжилгээгээр гавал ясанд хугаралгүй, тархинд бүтцийн болон эзэлхүүнт өөрчлөлт байхгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 56 дугаар тал/

    * Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №7563 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

    Дүгнэлтэд: “...1. Ариунсангийн биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой 5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 74 дүгээр тал/ 

    * Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 75 дугаартай дүгнэлт: 

    Дүгнэлтэд: “...1.Замын цагдаагийн зохицуулагч дэслэгч М.Бат-Эрдэнийн гаргасан 2016 оны 06 дугаар сарын 09-ний 39 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Жолооч Г.Ариунсан, О.Батмөнх нар нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг, Мөн Замын Хөдөлгөөний дүрмийн 2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ” 2.3.а-д Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтад заасан зөрчихгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй, ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 2.3.в-д Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 3.Жолооч Г.Ариунсан, О.Батмөнх нар нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ” 2.3.а-д Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтад заасан зөрчихгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй, ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөр уг зам тээврийн осол гарсан байна. 4. Тухайн замын зорчих хэсгийн гадуур зорчиж явсан О.Батмөнх, Г.Ариунсан нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг, 2.3.а-д Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтад заасан зөрчихгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй, ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. 5. Тухайн осол болсон гэх газрыг зам гэж үзэхгүй ба уг осол нь замын нөхцөл байдлаас болж гараагүй, жолооч О.Батмөнх, Г.Ариунсан нар нь Замын Хөдөлгөөний дүрмийн 2.3.а-д заасан бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодож явснаас уг зам тээврийн осол гарсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 88 дугаар тал/

    * Хохирол төлсөн баримт /хх-ийн 34 дүгээр тал/
    * Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/ 
    * Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-14 дүгээр тал/
    * Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 77 дугаар тал/ 
    * Г.Ариунсангийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105, 106 дугаар тал/
    * Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 83 дугаартай тодорхойлолт /хх-ийн 107 дугаар тал/
    * Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 139 дугаартай тодорхойлолт /хх-ийн 121 дүгээр тал/
    * О.Батмөнхийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122, 123 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Г.Ариунсан, О.Батмөнх нар нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өглөө үүрээр Архангай аймгийн Жаргалант сумын Эрдэнэ-Уул багийн нутаг дэвсгэр Улиастайн адаг гэх газарт өөрсдийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклиудыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөгнөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг, мөн дүрмийн 2.3-д “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ” 2.3.а-д Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замдаа явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтад заасан зөрчихгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын гэрэл болон ар талын оврын гэрлүүд асахгүй, ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 2.3.в-д “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж улмаар хоорондоо мөргөлдөж Г.Ариунсангийн ард зорчиж явсан хохирогч Н.Буянхишигийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: Н.Буянхишиг, гэрч Т.Балжинням, Ч.Гүнсэндорж нарын мэдүүлэг болон  Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 75 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Г.Ариунсан, О.Батмөнх нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Ариунсан, О.Батмөнх  нарыг Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл, Н.Буянхишигийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан, үйлдэл хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон тул шүүгдэгч Г.Ариунсан, О.Батмөнх  нарыг Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч Г.Ариунсан, О.Батмөнх  нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсуудаар /хх-ийн 105, 106, 122, 123 дугаар тал/ тус тус тогтоогдож байх ба тэдгээрийг анх удаа болгоомжгүйгээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Ариунсан, О.Батмөнх нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Ариунсан, О.Батмөнх нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баяжих овогт Ганхуягийн Ариунсан, Тангуд овогт Одонбаатарын Батмөнх нарыг Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн  215.2-т зааснаар шүүгдэгч Г.Ариунсанг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Батмөнхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Ариунсанд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч О.Батмөнхөд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.Ариунсан, О.Батмөнх нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй,  шүүгдэгч Г.Ариунсан, О.Батмөнх нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Г.Ариунсанд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар,  шүүгдэгч О.Батмөнхөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/  жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Г.Ариунсангийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг, шүүгдэгч О.Батмөнхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

7. Шүүгдэгч Г.Ариунсан, О.Батмөнх нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтийг хангуулахаар шийтгэх тогтоолын хувийг Архангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 

8. Шийтгэх тогтоолыг танилцуулснаар хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Г.Ариунсан, О.Батмөнх  нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ