Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2021/0420

 

 

 

 

 

 

 2021         06           11                                     128/ШШ2021/0420

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Х Б” ХХК, 

Хариуцагч: Татварын Ерөнхий газарт ,

Гомдлын шаардлага: Татварын Ерөнхий газрын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0182501 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******, Ц.Ш*******, хариуцагч Ч.О, гэрч н.Т*******, Э.П*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/82 тоот шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Гомдол гарагчийг Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.2-т заасны дагуу “татвар төлөгч нь банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон бусад санхүүгийн эрх бүхий байгууллагад шинээр төлбөр тооцоо, хадгаламжийн болон бусад төрлийн данс нээсэн, эсхүл өмнө нээсэн дансанд өөрчлөлт, хөдөлгөөн хийлгэсэн бол энэ тухай мэдээллийг тухай бүр”  гэж заасан зүйл заалтыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19.7-д заасны дагуу 4.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан гэдгийг эс зөвшөөрч гомдол гаргасан.

Учир нь 2018 оны Татварын ерөнхий хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т заасны дагуу манайх жил тухай бүртээ мэдээллүүдийг гаргаж хүргүүлж байсан. 2018 онд 16037 хуулийн этгээдийн, 2019 онд 11578 хуулийн этгээдийн банканд шинээр данс нээсэн мөн өөрчлөлт хөдөлгөөн хуучин дансанд оруулсан талаар хүргүүлж, үүргээ биелүүлж ажиллаж байсан. Хууль тогтоогч байгууллага буюу Монгол Улсын Их Хурлаас 2019 онд Татварын ерөнхий хуулийг шинэчлэн найруулаад 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр зааж өгсөн. Энэхүү хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.2-т “татвар төлөгч нь банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон бусад санхүүгийн эрх бүхий байгууллагад шинээр төлбөр тооцоо, хадгаламжийн болон бусад төрлийн данс нээсэн, эсхүл өмнө нээсэн дансанд өөрчлөлт, хөдөлгөөн хийлгэсэн бол энэ тухай мэдээллийг тухай бүр”  гэж  заасан.  Энэхүү найруулгын хүрээнд тус зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар Татварын ерөнхий газар Монгол улсад үйл ажиллагаа явуулахаар арилжааны банкиудад  2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01/966 дугаартай хамтран ажиллах тухай албан бичгээр татварын эрсдэлээс урьдчилан шийдвэрлэх зорилгоор мэдээлэл харилцан солилцохоор хамтран ажиллах гэрээний төслийг бэлтгэж арилжааны банкиудад ирүүлсэн. Энэхүү гэрээний төсөлтэй холбогдуулаад тус заалтад заасны хамтран ажиллах гэрээ байгуулах замаар мэдээлэл солилцох байдлаар хэрэгжүүлэх юм байна гэж  арилжааны банкнууд ойлгосон.

Үүний дагуу манай зүгээс гэрээ байгуулах талаар эрс татгалзсан зүйл байхгүй. Мөн түүнчлэн зөрчлийн баримтуудад тодорхой дурдагдаж, нотлох баримтууд авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл гомдол гаргагчийн зүгээс хамтран ажиллах гэрээний төсөлтэй танилцаад хэд хэдэн удаа гэрээг албажуулаад Татварын ерөнхий газар хүргүүлсэн боловч, хүргүүлсэн гэрээг батлахаас татгалзсан. Талуудын хооронд гэрээний нөхцөл дээрээ тодорхой биш байсан. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага нь харилцагч нарын мэдээллийг авахдаа нэлээд дэлгэрэнгүй байдлаар авахаар тусгасан байгаа. Банкны зүгээс ганц нэг зүйлийг үүнд өөрчилсөн. Мөн түүнчлэн 3 жилийн хугацаатай гэрээг байгуулах талаар шаардсан байх боловч манай зүгээс гэрээнд 1 жилийн хугацаатай байгуулаад явах сонирхолтой байна. Ингээд автоматаар сунгагдаж явдаг нөхцөлтэйгөөр  гэрээндээ зохицуулалт хийсэн боловч төрийн байгууллагаас үүнийг зөвшөөрөөгүй. 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 29/48-65 дугаартай албан бичгээр гэрээнд сунгах санал, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн  29/64-06 албан бичгээр гэрээний төсөлд өгсөн зарчмын шинжтэй саналыг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 10/78 дугаартай хамтран ажиллах гэрээг албажуулж, гэрээ байгуулах тухай, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19/07 дугаартай албан бичгээр хамтран ажиллах гэрээг тус тус албажуулж хүргүүлсэн.

Энэхүү үйлдлийг Татварын ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01/966 дугаартай гэрээний дагуу удаа дараа саналаа албажуулан хүргүүлж байсан.Гэвч талуудын хувьд гэрээний ганц нэг зүйл дээр тодорхой болж чадалгүй цаг авсан байтлаа энэ үйлдэлдээ гомдол гаргагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Татварын ерөнхий хуулийн дагуу мэдээллийг хүргүүлэн ажиллаж байгаа. Харин мэдээллийн хувьд гэрээ байгуулаагүй цаг алдсан явдалд нь банкийг буруутгаж зөрчлийн шийтгэл оногдуулж төрийн хүчийг хууль буруугаар ашиглан шийтгэл оногдуулж байгаа нь шударга ёсны зарчмыг хангахгүй байна.

Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах харилцааг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд тодорхойлсон байдаг. Татварын ерөнхий хуулийн 34.4.2-т заасны дагуу мэдээллийг өгнө гэхдээ бусад нэмэлтээр шаардаж байгаа, мэдээллийн хугацаа, зарчмын зөрүүтэй санал явсны улмаас гэрээ байгуулагч талын саналыг хүлээж авахгүйгээр эрс татгалзаж, өөрсдийн гаргасан гэрээний төслийн саналаар гэрээ байгуулахыг шаардаж явж байгаа нь хуульд нийцээгүй байна гэж үзэж байгаа. Үүнтэй холбогдуулаад Зөрчил хянан шалгах ажиллагааны явцад баримт цуглуулаад шийтгэлийн хуудсаа ногдуулсан байгаа. Тус шийтгэлийн хуудас нь нотлох баримтаар авагдсан баримтаас үзэхэд хууль нь иргэн, хуулийн этгээдийн өмнө тэгш үйлчлэх эрхтэй. Гэтэл бусадтай нь хамтран ажиллах гэрээг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 25-ны өдрүүдэд байгуулсан байдаг.

Манай зүгээс гэрээг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрээг албажуулан хүргүүлсэн боловч энэ талаар хариу мэдэгдэлгүйгээр гэрээ байгуулаагүй, мэдээлэх үүргээ биелүүлээгүй гэдэг байдлаар шийтгэл ногдуулж байна. Гэтэл 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгээс үзэхэд гомдол гаргагчаас бусад Татварын ерөнхий хуулийн 34.4.1, 34.4.3-т заасан мэдээллийг Татварын албанд хүсэлтээ гаргуулж ирүүлдэг бусад арилжааны банкнууд нь дагуу мэдээллийг тухай бүр хүргүүлж байна гэдэг. Бусад сүлжээний банкнууд нь тухай бүр хүргүүлж байгаа боловч төрийн байгууллагын албаны хүсэлтээр хүргүүлж байгаа гэдгийг дурдсан. Гомдол гаргагч нь шаардсаны дагуу хүргүүлж явж байгаа. Ингээд гомдол гаргагч нь 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрээг байгуулсан байгаа. Иймд гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.4-т заасны дагуу татварын алба нь татвар төлөгчийн талаар хөндлөнгийн мэдээлэл цуглуулж, түүнийгээ хяналт шалгалт, татвар төлөгчийн эрсдэл, бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор хуульд заасан мэдээллүүд шаардлагатай болсон. Үүний дагуу тус хуулийн 34.4-т заасан арилжааны банк бол хуульд заасан мэдээллийг хүргүүлэх үүрэг хүлээсэн. “Х Б” ХХК зүгээс гэрээ байгуулаагүй гэдэг үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж тайлбарлаж байна. Миний эрх бүхий албан тушаалтны үйлдсэн зөрчлийн хуудас болоод зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд бол гэрээ байгуулсантай холбоотой. Гэрээ байгуулах үүргээ хүлээгээд биелүүлээгүй учир хариуцлага ногдуулсан асуудал байхгүй. Хуулиараа гэрээ байгуулах үүргийг “Х Б” ХХК  хүлээгээгүй. Үүнийгээ ч мөн холбогдогчийн мэдүүлэгтээ манайх гэрээ байгуулах үүрэг хүлээгээгүй гэдгээ хэлсэн байдаг. Татварын шийтгэлийн хуудас бичсэн бэ гэхээр Эрсдэлийн удирдлагын газар гэж байгаа. Тус газар нь хөндлөнгийн мэдүүлгийн сан бүрдүүлж, холбогдох мэдүүлгийг мэдээллийн санд ашиглах нөхцөлийг хангах зохицуулалттай. Тус нэгжийн удирдлагаас гомдол гаргагч нь  тус хуулийн 34.1.1, 34.4.3-т заасан мэдээллийг Татварын албан шаардсан тохиолдолд гаргаж ирүүлж байна. 34.2-т заасан мэдээлэл бол хуульд зааснаар шинээр данс, нээсэн, өөрчлөлт орсон, хаагдсан зэрэг тухай бүрд манай зүгээс шаардсан эсэх хамаарахгүйгээр ирүүлэх үүргийг хүлээсэн.

Одоогоор бусад банктай холбоотой зөрчлийн талаар шалгуулах гомдол ирээгүй зөвхөн гомдол гаргагчид л ирсэн. Ирсэн гомдол мэдээллийн дагуу прокурорын зөвшөөрлөөр шинээр хэдэн хуулийн этгээд данс нээсэн. Хэд нь хаагдсан талаар прокурорын зөвшөөрлөөр банкнаас гаргуулж аваад тухайн банкны ирүүлсэн мэдээллээр 10700 гаруй харилцагч, хуулийн этгээдийн талаар тухай бүр мэдээлэн ирүүлэх байсан үүргээ биелүүлэлгүй.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явц нь прокурорын хяналт дор явагдсан. Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэл тогтоогдсон. Гомдол гаргагчид  холбогдох хариуцлагыг оногдуулсан. Ийм учир гэрээ байгуулсан эсэхээс үл хамаараад хариуцлага ногдуулсан байгаа.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Татварын Ерөнхий газрын Хууль хэрэгжилтийг хангах газрын татварын улсын байцаагч Ч.О-н 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0182501 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн  7.3-д зааснаар 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 4,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

            Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн  7.3-д “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж, Татварын Ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон бусад санхүүгийн эрх бүхий байгууллага дараах мэдээллийг гаргаж, татварын албанд хүргүүлнэ” гээд 34.4.2-т “татвар төлөгч нь банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон бусад санхүүгийн эрх бүхий байгууллагад шинээр төлбөр тооцоо, хадгаламжийн болон бусад төрлийн данс нээсэн, эсхүл өмнө нээсэн дансанд өөрчлөлт, хөдөлгөөн хийлгэсэн бол энэ тухай мэдээллийг тухай бүр” гэжээ.

            Гомдол гаргагчаас “хамтран ажиллах гэрээний санал, төслийг удаа дараа явуулсан, хуулиар хүлээсэн үүргээ цохих ёсоор биелүүлж байсан” гэж, хариуцагчаас “дансны өөрчлөлтийн талаарх мэдээллийг ирүүлэх үүргээ биелүүлээгүй” гэж тус тус маргажээ. 

            Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03 дугаар зөвшөөрлөөр авагдсан “Х Б” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 29/468 дугаар албан бичигт дурьдсанаар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 10,277 харилцагчийн 16,050 дансанд өөрчлөлт орсон байх бөгөөд энэ талаарх мэдээллийг хариуцагчид хүргүүлээгүй байна.

            Татварын Ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.2-т данс нээсэн, эсхүл өмнө нээсэн дансанд өөрчлөлт, хөдөлгөөн хийлгэсэн бол энэ тухай мэдээллийг тухай бүр нь Татварын албанд хүргүүлэхийг банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдэд үүрэг болгожээ.

            Хэдийгээр гомдол гаргагчаас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 29/4865, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 29/6406, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 29/7800 тоот албан бичгүүдээр гэрээнд тусгах санал, гэрээний төсөл зэргийг хүргүүлж байсан хэдий ч энэ нь дээрх хуульд заасан мэдээлэл хүргүүлэх үүргийг биелүүлээгүй үйлдлийг зөвтгөх үндэслэл болохооргүй байна.

            Учир нь хуульд хамтран ажиллах гэрээ байгуулахыг үүрэгжүүлээгүй, гэрээг байгуулснаар мэдээлэл дамжуулах талаар хуульчлаагүй байна.

            Өөрөөр хэлбэл гомдол гаргагч нь хамтран ажиллах гэрээ байгуулсан эсэхээс үл хамаарч мэдээллийг тухайн бүрт нь татварын албанд хүргүүлэх үүрэгтэй байх тул гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн  7.3-д зөрчлийг гаргасанд тооцож, 2021 оны 01 дүгээр  сарын 20-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцжээ.

            Харин гомдол гаргагчаас Татварын албаны эрх бүхий албан тушаалтан нь буруу мэдээллээр хангасан гэж үзвэл холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрх нь нээлттэй бөгөөд энэ нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, гомдол гаргагчийг шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

            Иймд гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Татварын Ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 34.4.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн  7.3-д тус тус заасныг баримтлан “Х Б” ХХК-ийн гомдолтой Татварын Ерөнхий газарт холбогдох Татварын Ерөнхий газрын Хууль хэрэгжилтийг хангах газрын татварын улсын байцаагч Ч.О-н 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0182501 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ