Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
Хэргийн индекс | 66/2022/0269/Э |
Дугаар | 2022/ШЦТ/287 |
Огноо | 2022-09-05 |
Зүйл хэсэг | 11.3.1., |
Улсын яллагч | Ч.Болормаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0269/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Ч.С- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х- овогт Ч-ийн С-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000288 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, АХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х- овогт Ч-ийн С- /РД:/,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ч.С-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.С- нь А ХХК-ийн ерөнхий захирлын хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх, ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам, баталж мөрдүүлэх, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” үүргээ биелүүлээгүй, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлээр жолооч К.Д-ыг хангаагүй, гинжин бэхэлгээ чангалах, ашиглах аюулгүй ажиллагааны эрсдлийн үнэлгээ хийгээгүй, уг төхөөрөмжтэй аюулгүй ажиллах зааварчилгыг ажилтанд өгөөгүй, энэ талаарх дүрэм, заавар, журам, баталж мөрдүүлээгүй, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулаагүйн улмаас Дархан-Уул аймгийн Хонгор сумын ... гэх газарт 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр жолооч К.Д- нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад трайлер дээр ачсан экскаваторыг гинжин бэхэлгээгээр чангалах үед бэхэлгээ чангалагч харваж, К.Д-ын эрүүл мэндэд гавал тархины гэмтэл, баруун талын духны дэлбэнд тархины эдийн няцрал, баруун дух, баруун нүдний ухархай ясны ар, гадна дотор хананд хугарал, хамар ясны хугарал, нүүрэнд шарх бүхий хүнд хохирол учирсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ч.С-ийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч К.Д-ын өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр экскаваторын гинжин бэхэлгээг чангалах үед бэхэлгээ чангалагч харвасан, түгжээ нь дутуу түгжигдсэнээс болсон гэж бодож байна, би гинжийг чангалснаас болсон байх, сул болохоор ийш тийш холбирч уначихна гээд чангалсан” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч К.Д-ын өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 10-ны өглөө 07 цаг 30 минутад Дарханаас Шарын гол явах замд зам ангийн ажилд явж байсан. Эксковатор дээрээ очоод экскаватороо трайлер дээр ачих гэж байгаад гинжээр татаж чангалаад татлагаа бэхэлж байтал татлагын нохой ам нь харваад миний нүүр лүү цохиод гэмтэл авсан. Би 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, аюулгүй ажиллагааны сургалтад суугаагүй. Аюулгүй ажиллагааны зааварчилга дээр гарын үсэг зураад ажилдаа гарсан. Өглөө ажилд гарахад хөдөлмөр хамгааллын хувцас, каск зэрэг хувцас өмсөж гараагүй, хувцас өгдөг гэж сонссон, надад өгөөгүй. Миний хагалгааны зардал болон эмчилгээний бүх зардлыг АХХК гаргасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 18 дугаар хуудас/,
Гэрч Г.Г-ийн өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 7 цаг 50 минутын орчимд экскаватор өөр карьерт ажиллахаар болоод экскаватороо трайлер дээр ачсан юм. Трайлерын жолооч болох Д- бид хоёр гинжээр экскаваторыг даруулж боогоод нохой чангалагчаар чангалсан. Тэр үед Д- нохой чангалагчаар 2 удаа дарж чангалчхаад Д- трубагаа сугалах гээд үлдсэн бөгөөд би цаашаа явж төмөр утас авчирч чангалагчийн түгжээг бэхлэх гээд явж байтал ард Д- ёо гээд дугарах шиг болохоор нь би эргээд хартал Д- нүүрээ дарчихсан, нүүрнээс нь цус гарчихсан байж байсан. Д- удалгүй газарт ёолоод нүүрээ дараад хэвтээд өгсөн ба би цаашаа кемп рүү гүйж захирал, ХАБ-ын инженерт хэлж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд эмнэлэг рүү дуудлага өгөөд бид нар машинаар Д-ыг аваад эмнэлэг рүү явсан. Д- бид хоёрыг өглөө ажилд гарахад манай ХАБ-ын инженер З- зааварчилга өгч гарын үсэг зуруулаад ажилд гарсан. Д- нь трайлерын жолооч хийдэг ажилд ороод удаагүй 4-5 хонож байгаа байх. Тэр гинж чангалдаг нохой чангалагч нь хэвийн ажиллаж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Б.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би АХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтангаар ажилладаг. Би энэ албан тушаалд 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 3 сар орчим хугацаанд ажиллаж байна. 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 07 цагт ажилчдаа аваад ажилдаа гарсан бөгөөд тухайн үед ажилчиддаа аюулгүй ажиллагааны анхан шатны зааварчилга өгч гаргасан. Гэтэл оффис дээрээ бичиг баримтаа боловсруулаад сууж байтал 07 цаг 50 минутын үед хүн орилох чимээ гарахаар нь гараад иртэл трайлерын хажууд жолооч газарт уначихсан хажууд экскаваторын жолооч зогсчихсон над руу гараараа даллаад дуудахаар нь гүйгээд очтол трайлерын жолооч Д- нь газарт уначихсан толгойноос нь цус гарчихсан гараараа дараад ёолчихсон хэвтэж байсан. Би буцаж оффис руугаа гүйж очоод анхан шатны тусламжийн багцтай хайрцгаа авч ирээд толгойноос нь гарч байгаа цусыг тогтоох арга хэмжээ аваад дэд захирал Гэрэлт-Одод мэдэгдэж захирал эмнэлэг рүү дуудлага өгсөн. Д- нь манай байгууллагад 2022 оны 6 дугаар сарын 05-наас эхлэн ажилд ороод 2022 оны 6 дугаар сарын 06-наас эхлэн ажилд гарч эхэлсэн. Д-тай яг гарын үсэг зуруулж гэрээ байгуулсан юм бол байхгүй. Ажилд орох үед нь анкет бөглүүлж авсан байсан бөгөөд гэрээгээ бэлтгэж хоёр талаас гарын үсэг зурж баталгаажуулж амжаагүй байсан. Туршилтаар ажиллаж байсан. Би Д-ыг ажилд орох үед цуг ажилд орсон. З-, Б- нартай кемпийн дотоод журам, өөрөө буулгагчийн аюулгүй ажиллагааны заавар, аюул эрсдлийг үнэлэх, устгах заавар болон жолоочийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны талаар болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ойлголтуудаар сургалт зохион байгуулсан. Мөн компанийн дотоод журам, хөдөлмөрийн хуваарийн талаар мэдээлэл, зааварчилгаа өгсөн. 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Д-ад анхан шатны зааварчилга өгч гарын үсэг зуруулаад ажилд нь гаргасан. Трайлер дээр ачсан экскаваторыг бэхэлгээ хийсэн гинжийг чангалагч болох төхөөрөмж багажтай харьцаж байх үедээ аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хуримтлагдсан энергийн осолд өртөж гэмтэж бэртсэн байсан, ...Ажлын байрнуудын онцлогт тохирсон зааварчилга байдаг ч гэсэн трайлер дээр экскаватор ачих үеийн ачааны бэхэлгээг чангалах төхөөрөмжтэй ажиллах үеийн зааварчилга бол байгаагүй" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 34 дүгээр хуудас/,
Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын Об-ны өдөр Д-, З- бид гуравт сургалт орж амаараа зөндөө юм заасан. Мөн өглөө ажилд гарахын өмнө аюулгүй ажиллагааны зааварчилга гээд яриа хийгээд дасгал хийлгээд зааварчилгаа дээр гарын үсэг зуруулаад ажилд гаргадаг. Өөрөөр ямар нэгэн сургалтад одоогоор суулгаагүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,
Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн: “Үйлдвэрлэлийн ослын тухай” 19/2022/03 дугаартай “..Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтууд зөрчигдсөний улмаас осол гарсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28 дугаар зүйлийн 28.1.4 “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх.тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрдлийн үнэлгээ хийх, 28.1.6 “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам, баталж мөрдүүлэх, “28.1.8 “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн ажил олгогчийн үүргүүд тус тус хангагдаагүй байна. Тухайн ажпыг гүйцэтгэх үед жолооч К.Д-, оператор Г.Г- нар трайлер дээр механизм ачиж зөөвөрлөх явцад мөрдөх аюулгүй ажиллагааны болон бэхэлгээ чангалагч гэх багаж ашиглах талаар ямар нэгэн дүрэм, заавар байхгүй, энэ талаар зааварчилгаа өгөөгүй, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар цех, тасаг, бригад гэх мэт нэгжийн удирдлагууд, инженер, техникийн ажилтнууд ямар үүрэг хүлээх нь тодорхойгүй, бүтэц, зохион байгуулалтгүй зэрэг дээр дурдсан заалтуудыг ажил олгогч хангуулах ёстой” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаартай техникийн шинжээч С.Бямбажавын “...Дэгээт хөшүүрэгт гинжин чангалагч зориулалтын дагуу чангалах бариултай байна. Энэ хөшүүрэгт бариул нь гинж чангарах хэмжээндээ хүрээд цааш үргэлжлэх боломжгүй тул нэмэлт труба ашиглах шаардлагагүй юм. Гэтэл уг бэхэлгээ чангалагчдад нэмэлт труба ашигласан нь осол гарахад нөлөөлсөн байна. Осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй. Уг осол нь техник болон тухайн чангалагч төхөөрөмжид техникийн стандартын бүрэн бус байдлаас шалтгаалаагүй болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,
2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 633 дугаартай Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн “...К.Д-ын биед гавал тархины гэмтэл, баруун талын духны дэлбэнд тархины эдийн няцрал, баруун дух, баруун нүдний ухархай ясны ар, гадна дотор хананд хугарал, хамар ясны хугарал, нүүрэнд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. К.Д-ын биед тогтоогдсон дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. К.Д-ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,
2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,
Ю.Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,
АХХК-ийн 2019/02/28 дугаартай авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрлийн хуулбар /хавтаст хэргийн 78 дугаар хуудас/,
АХХК-ийн ХХХ дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/,
ХХХ улсын дугаартай экскаваторын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/,
АХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажпын байрны анхан шатны зааварчилгын дэвтрийн хуулбар /хавтаст хэргийн 106-111 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар: “...гэм буруу дээр маргах зүйл байхгүй, манай үйлчлүүлэгчийн хувьд хохирогчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон хохирлыг боломжит хэмжээнд авсан, хохирол төлбөрийн хувьд төлж барагдуулсан, хохирогч энэ хэрэгтэй холбоотойгоор цаашид эмчилгээний зардал гарвал иргэний журмаар нэхэмжлээд явах боломжтой гэж бодож байна” гэжээ.
Шүүгдэгч Ч.С- түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нар гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Ч.С-ийн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдэл, трайлерын жолооч К.Д-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйлдлийн хооронд шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.С- хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, ажилтныг зохих хамгаалах хэрэгслээр хангаж, чангалагч төхөөрөмжтэй ажиллах зааварчилга баталж, эрсдлийн үнэлгээ хийж, уг төрөөрөмжтэй ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн бол дээрх гэмт хэрэг гарахгүй байх боломжтой байжээ.
Иймд Ч.С-ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүгдэгч Ч.С- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын материаллаг хохирлыг төлсөн, хохирогч К.Д- нь шүүгдэгч Ч.С-оос нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байх боловч хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.С-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч К.Д- нь чангалагчийг хэт чангалсны улмаас харвасан байдал тогтоогдож байна.
Иймд Ч.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ, ...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан ба шүүгдэгч эрх хасах ял оногдуулснаар уг компаний үйл ажиллагааг удирдах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиулах боломжгүй болгох тул уг компанийн ажилтнуудыг эрх ашиг, дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ачааны бэхэлгээ чангалагч улаан өнгийн төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х- овогт Ч-ийн С-ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.С-ид хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Хохирогч К.Д- нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ачааны бэхэлгээ чангалагч улаан өнгийн төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.С-ид буцаан олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.С-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД