Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/305

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                 Хэргийн индекс:166/2022/0288/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Ч.Болормаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б-,

Шүүгдэгч Т.Х- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Х-од холбогдох эрүүгийн 2218000000328 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т.Х-

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Т.Х- нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны орой 23 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын 16 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Сатурн” бааранд үйлчлүүлж байхдаа Ч.Ч.Б-гийн “Iphone XR” маркийн гар утас, хэтэвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Т.Т.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр баяр наадмын үеэр “Сатурн” гэдэг бааранд орсон. Тэгээд тухайн бааранд хажууд талын ширээн дээр сууж байсан охины цүнхийг нь авсан. Дараа нь хэтэвчийг нь 00-ын өрөөнд нуусан. Би гар утас, хэтэвчийг нь буцаагаад өгсөн.” гэв.

 

Эрүүгийн 2218000000328 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ч.Ч.Б-гийн өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 10-ны орой 23 цаг өнгөрч байх үед би Дархан сумын 16 дугаар багт байрлах “Сатурн” нэртэй бааранд найз Э-ын хамт орсон. Би тэр бааранд орохдоо архи уучихсан байсан. Тэгээд Сатурн бааранд үйлчлүүлж байгаад сууж байсан сандал дээрээ гар цүнхээ орхиод бүжиглээд эргээд ширээндээ очиж суусан. Тэгсэн чинь миний найз Э- цүнх чинь шалан дээр уначихсан байсан, чи юмаа шалгаач гэхээр нь би цүнхээ онгойлгоод харсан чинь миний гар утас, хэтэвч 2 алга болчихсон байсан. ” гэх мэдүүлэг /хх 6/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “Ipnone XR маркийн гар утас /хэрэглэж байсан/ 2022.07.11-ний өдрийн байдлаар 750000 төгрөг байна.” /хх 23-24/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “ханцуйтай урт цамцтай гадуураа жилетик өмссөн эрэгтэй хүн ширээний ард хэсэгт гараараа ямар нэгэн зүйл ухаж байгаа дүрс байв. /хх 20/,

 

Шүүгдэгч Т.Т.Х-ын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 51-57/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Т.Т.Х- нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны орой 23 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын 16 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Сатурн” бааранд үйлчлүүлж байхдаа Ч.Ч.Б-гийн “Iphone XR” маркийн гар утас, хэтэвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750000 төгрөгийн буюу хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Хулгайлах гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг хэлнэ.

Хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг, хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг тус тус ойлгоно.

 

Шүүгдэгч Т.Т.Х- нь хохирогч Ч.Ч.Б-гийн эзэмшлийн “Iphone XR” маркийн гар утас, хэтэвч зэргийг хулгайлсан болох нь хохирогч Ч.Б-  өгсөн: “...миний найз Э- цүнх чинь шалан дээр уначихсан байсан, чи юмаа шалгаач гэхээр нь би цүнхээ онгойлгоод харсан чинь миний гар утас, хэтэвч 2 алга болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх 6/, шүүгдэгч Т.Т.Х-ын хэргээ хүлээн мэдүүлсэн өгсөн: “...бааранд хажууд талын ширээн дээр сууж байсан охины цүнхийг нь авсан. Дараа нь хэтэвчийг нь 00-ын өрөөнд нуусан. Би гар утас, хэтэвчийг нь буцаагаад өгсөн.” гэх мэдүүлэг, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “ханцуйтай урт цамцтай гадуураа жилетик өмссөн эрэгтэй хүн ширээний ард хэсэгт гараараа ямар нэгэн зүйл ухаж байгаа дүрс байв. /хх 20/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Т.Т.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Ч.Ч.Б- нь “өөрийн гар утас, хэтэвч зэргийг биет байдлаар буцаан авсан болох нь “хулгайд алдсан эд зүйлээ буцаан авсан” гэх тайлбар /хх 71/-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн байх тул шүүгдэгч Т.Т.Х-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Т.Т.Х- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлж барагдуулсан ба улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд нийцнэ.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Т.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Т.Т.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Шүүгдэгч Т.Т.Х-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Х- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т.Х-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Т.Х-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ