Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/295

 

 

 

 

 

 

 

 

 

 

М- УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0279/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Н.Ш-, О.Г- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М- овогт Н-гийн Ш-, Б- овогт О-ын Г- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000323 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

М- Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “С” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт О-ын Г-, /РД:/,

М- Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн ... ажилтай, ам бүл 6, нөхөр 5 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М- овогт Н-гийн Ш-, /РД:/,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Н.Ш-, О.Г- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 21 цаг 45 минут орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод “согтуу хүмүүс маргалдаад байна гэсэн”дуудлагын дагуу очсон цагдаагийн дэд ахлагч Д.П-, цагдаагийн ахлах дэслэгч Д.С- нарын зүй ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, шүүгдэгч О.Г- нь цагдаагийн дэд ахлагч Д.П-ийн нүүрэн тус газар нь цохисон, шүүгдэгч Н.Ш- нь цагдаагийн ахлах дэслэгч Д.С-ын нүүрэн тус газар алгадсан, Д.П-ийн хантаазыг урсан болох нь:

Хохирогч Д.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эргүүлийн офицер нарын хамт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Цагдаагийн газрын жижүүрийн дуудлага хүлээн авагч Д-ас Дархан сумын ... тоотод согтуу хүмүүс маргалдаад байна гэсэн дуудлага ирлээ, очиж шалга гэсний дагуу С-, О- бид гурав албаны автомашинтай уг хаяган дээр очсон. ...Яг тэр үед уг айлын эзэн нь гээд эхнэр, нөхөр хоёр бид нар дээр ирэхэд уг айлын гэрийн эзэнтэй нь эргүүлийн офицер С- уулзаад энэ охины аав ээжийг охинд нь өгөөд явуулчих, ээжийнх нь бие муу байна гэсэн. Намайг буцаад хашаанд нь ороход ахлах ахлагч О- М-, Г- хоёртой уулзаад зогсож байхаар нь би хажууд нь яваад очтол Г- гэдэг хүн ямар ч шалтгаангүйгээр миний эрүү, уруул хэсэг рүү цохисон. Тэр хүн намайг цохичхоод дахиж цохих гээд гараа далайгаад байхаар нь түүнийг хоёр гартай нь цуг тэвэрч аваад газар унагаад С-ас гаваа өгч бай гэж хэлээд Г- гэдэг хүний гарыг нь гавлаад дахиад тэр хүнийг машинд аваачиж хийсэн. Тэдгээр хүмүүс бид нар луу бүгд нийлэн дайрч байсан ба Ш- гэх эмэгтэй над руу дайрч байхдаа миний хантаазнаас зуурч байгаад урчихсан...тэдгээр хүмүүс бүгд ихээхэн согтолттой байсан болохоор би Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу шаардлага тавьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

Хохирогч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би тус цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицероор сүүлийн 5 жил тасралтгүй ажиллаж байна. Эргүүлийн офицерын албан тушаалын тодорхойлолтод үндсэн чиг үүргийн хувьд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 401-д заасны дагуу авч хэрэгжүүлдэг юм. Би өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр цагдаагийн газрын дэд даргын баталсан хуваарийн дагуу эргүүлийн албан хаагчдыг удирдаж ажилласан ба тухайн өдөр шөнийн эргүүлийн алба хаагчдыг хариуцаад өөрөө хөдөлгөөнт эргүүлд ахлах ахлагч Х.О-, дэд ахлагч Д.П- нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад оройн 21 цаг 45 минутын үед цагдаагийн газрын жижүүрийн дуудлага хүлээн авагч Д-ас “... тоотод согтуу хүмүүс маргалдаад байна гэсэн дуудлага ирлээ, очиж шалга” гэсний дагуу О-, П- бид нар албаны машинтай уг хаяган дээр очсон. Тухайн дуудлага өгсөн айлд очиход хашааны гадна өөрийгөө М- гэж танилцуулсан охин байсан ба түүний хажууд аав ээжийнх нь найзууд гээд 4 согтуу хүн байсан. Би машинаас буугаад М-тай уулзаад ямар учраас дуудлага өгсөн талаар тодруулахад “манай аав ээж хоёр энд нэг найзынхаа гэрт ирчихсэн байгаа юм, манай ээжийн бие муу болохоор би аав ээжийгээ аваад явах гэтэл согтуу хүмүүс явуулахгүй байна” гэж хэлсэн. Би М-тай уулзаад яриаг нь сонссоны дараа хашааны гадна зогсож байсан Ш-, Б- гэх эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй уулзаад “энэ охинд аав, ээжийг нь өгөөд явуул, ээж нь бие муутай гэж байна, дараа нь ямар нэгэн асуудал гарвал хэн хариуцах вэ” гэж хэлэхэд Ш-, Б- хоёр тэгье, тэгье, чи ороод аав ээж хоёрыгоо аваад явчих гэж байсан...тэр хүнд би та архи уусан юм бол битгий агсан тавиад бай, ууж идсэн юмаа шингээ, яагаад охиноо алгадаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Г- та муу хоёр юу юм бэ, та хоёрыг би алчихна шүү гээд орилоод байсан. Тэгж байхад нь Г-тай уулзах гээд зогсож байхад миний хажууд зогсож байсан Ш- гэх эмэгтэй миний зүүн хацар луу шууд алгадаад авсан. Тэгээд би та яагаад намайг алгадаж байгаа юм гээд баруун гараас нь бариад автал тэр эмэгтэй намайг заамдсан...Тухайн үед Ш- маш их орилж хашгирч над руу дайрч давшилж байсан...Бид Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлага тавьсан бөгөөд тэднийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул “одоо архи дарсаа боль, та нар хэт их согтсон байна, энэ Г- гэж хүнийг эхнэртэй нь цуг охинд нь өгөөд явуул, бие муутай хүн гэж байна, ямар нэгэн эрсдэл үүсэж магадгүй шүү” гэж хэлж тайлбарласан. Бидний хашааны гадна байх үед Г- гэдэг хүн нь хашаан дотор охиноо алгадсан болохоор би түүнд “та яагаад охиноо алгадаж байгаа юм бэ, таны гаргасан үйлдэл гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байна, та одоо агсан тавьж охин руугаа дайрахаа боль, та хэт согтсон байна, одоо гэртэй харьж амар гэсэн шаардлага тавьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

Гэрч Х.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би машинаас буугаад яг хашаа руу орж байтал ахлах дэслэгч С-ыг нэг махлаг биетэй эмэгтэй хүн нүүр лүү нь алгадаж байгаа харагдсан...тэгтэл тэр ах юу ч яриагүй шууд П-ийн нүүр рүү гараараа цохиод түүн рүү дайраад зууралдсан. Охиноо загнаж байгаад П-ийг шанааддаг эрэгтэй бол их чанга чанга орилж хашгирч “би та нарыг алчихна шүү, пизда нараа, зайлцгаа та нар” гэх мэт үг хэлж цагдаа руу дайрч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 784 дугаартай “Д.П-ийн биед дээд уруулын салстад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай түргэн тусламжийн хуудас /хавтаст хэргийн 48-51 дүгээр тал/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 785 дугаартай "...Д.С-ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай түргэн тусламжийн хуудас /хавтаст хэргийн 58-60 дугаар тал/,

Албан тушаалын тодорхойлолт /хавтаст хэргийн 03-08 дугаар тал/,

Дархан сумын нутаг дэвсгэрт 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрүүдэд нийтийн хэв журам сахиулах эргүүлийн хуваарь /хавтаст хэргийн 09-10 дугаар тал/, 

Иргэн М-аас 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хандан гаргасан “Хүмүүс архи уугаад амраахгүй байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл /хавтаст хэргийн 12-14 дүгээр тал/,

Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 88-89 дүгээр тал/,

“Капитал  зууч” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 93-94 дүгээр тал/,

Яллагдагч Н.Ш-ын өгсөн: “...би согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 дүгээр тал/,

Яллагдагч О.Г-ын өгсөн: “...би юу ч санахгүй байгаа, өглөө эрүүлжүүлэхээс гарахад Ш-, Б- хоёр “танай охин цагдаа дуудаад, чи цагдаатай маргалдсан, чи цагдаа цохьчихсон юм байна” гэж хэлж байсан. Би архи уугаад өөрийн ухаангүй тасарчихсан байсан болохоор согтуудаа цагдааг цохисон байх, ...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 151 дүгээр тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, яллагдагч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 167-168 дугаар тал/ гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Хууль сахиулагч гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгох бөгөөд цагдаагийн дэд ахлагч Д.П-, цагдаагийн ахлах дэслэгч Д.С- нар албан үүргээ гүйцэтгэж байхдаа, шүүгдэгч нар биеэ удирдан жолоодох чадваргүй болтлоо согтуурсан байхад нь дуудлагын дагуу очиж, хуульд заасны дагуу архидан согтуурах, хэрүүл маргаан үүсгэхээ зогсоох шаардлага тавихад нь шүүгдэгч нар хүч хэрэглэн эсэргүүцэж, биед нь халдаж, хувцсыг нь урсан үйлдэл нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Н.Ш-, О.Г- нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, прокурорын саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Д.П-, Д.С- нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. М- овогт Н-гийн Ш-, Б- овогт О-ын Г- нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан М- овогт Н-гийн Ш-, Б- овогт О-ын Г- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр, 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-, Н.Ш- нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-, Н.Ш- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ГЭРЭЛТ-ОД