| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/02672/И |
| Дугаар | 102/ШШ2018/03077 |
| Огноо | 2018-10-16 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2018/03077
| 2018 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2018/03077 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байрны 8 дугаар орцны 00 тоотод байрлах “Ш” Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байрны 3 дугаар орцны 00 тоотод оршин суух, эмэгтэй, 57 настай, Хуягт овогт С.М /РД:УА61091606/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 3,930,000 төгрөг гаргуулах, орон сууцны дундын өмчлөлийн 3 болон 5 дугаар орцнуудын 00 тоот өрөөнүүдийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болортуул, хариуцагч С.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ш” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болортуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай СӨХ нь хариуцагч С.Мтай дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байрны 5 дугаар орцны 00 тоотыг түрээслэх гэрээг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр, 3 дугаар орцны 00 тоотыг түрээслэх гэрээг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тус тус байгуулсан. Эхний гэрээний дагуу 5 дугаар орцны 00 тоотын төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 140,000 төгрөг, 9 дүгээр сарын 08-ны өдөр 120,000 төгрөг, 11 дүгээр сарын 10-ны өдөр 80,000 төгрөг, 11 дүгээр сарын 14-ний өдөр 70,000 төгрөгийн төлөлт хийж, нийт 410,000 төгрөгийг төлж, 1,240,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Дараагийн гэрээний дагуу 3 дугаар орцны 00 тоотын төлбөрт 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 100,000 төгрөгийг бэлнээр, 11 дүгээр сарын 31-ний өдөр 100,000 төгрөгийг цалингаас суутгуулж, 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 50,000 төгрөг дансаар өгсөн байдаг ба, нийт 250,000 төгрөгийн төлөлт хийж, 1,250,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа боловч эдгээр гэрээнүүдээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байсаар байна.
Гэрээнүүдэд заагдсаны дагуу цахилгааны төлбөрт байр тус бүрт сарын 10,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, үүнд нийт 210,000 төгрөг төлөхөөс 15,000 төгрөгийг хариуцагч төлсөн байгаа. Мөн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс хойш төлбөр төлөлгүй 135 хоног хэтэрсэн тул гэрээнүүдэд зааснаар болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 1,245,000 төгрөгийн торгуулийг гэрээний дагуу төлөх нөхцөл бий болоод байна. С.Мыг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 07/31 тоот тушаалаар үйлчлэгчийн албан тушаалд томилсон ба, нөхөр Д.Батхүүг нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02/26 тоот тушаалаар мөн үйлчлэгчээр томилсон байдаг. Хариуцагчтай байгуулсан гэрээнүүдийн үүрэг биелэгдэхгүй байгаа тул гэрээнд заасны дагуу гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн ба, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дундын өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлөх, төлөгдөөгүй төлбөрийг төлөх албан мэдэгдлийг өгсөн ч биелүүлээгүй, чөлөөлөх шаардлагыг үл тоон, үг хэлээр доромжилж, хаалга үүдээ онгойлгохгүй, сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд дур зоргоороо аашилсаар өнөөдрийг хүрлээ.
Энэхүү орон сууцны 5 болон 3 дугаар орцны 00 тоотуудад 380 кв-ын хүчдэлтэй цахилгааны щит байрладаг. ОСНААУГ-аас 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн албан бичиг болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн зөвлөмжөөр цахилгааны аюулгүй байдлыг хангах талаар ирүүлээд байх тул оршин суугчдын эрх ашиг, холбооны хариуцлагатай байдлыг хангах, мөн гэрээ цуцлах нөхцөл бий болсон тул энэхүү 00 тоотуудыг яаралтай чөлөөлүүлэх шаардлагатай байна. Иймд хариуцагч С.Маас 3,930,000 төгрөгийг гаргуулж, дундын өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлүүлж өгнө үү.
Ш СӨХ С.Мтай дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 5 дугаар орцны 0 тоотыг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр, 3 дугаар орцны 0 тоотыг 8 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулан түрээслэсэн. Хариуцагчаас гэрээний үүргийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 5 дугаар орцны 0 тоотод байгуулсан гэрээний дагуу төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 130,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 120,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 80,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 70,000 төгрөгийг тус тус төлж, нийт 410,000 төгрөг төлсөн. н.Нямдаваа даргад 40,000 төгрөг нэмж төлсөн байдаг. Ингээд нийт 450,000 төгрөг төлсөн. 2017 оны 8 дугаар сард 3 дугаар байрны 0 тоотод гэрээгээр 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 100,000 төгрөг бэлнээр өгч, 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 100,000 төгрөг цалингаас суутгасан, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 50,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байдаг. Нийт дүнгээр 250,000 төгрөгийн төлөлт хийгдсэн. Одоо С.М 3 болон 5 дугаар орцны 0 тоотуудад амьдарч байгаа. 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний дагуу 13 сар буюу 2,100,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр 2,250,000 төгрөгийг гэрээний үүргийн дагуу төлөх ёстойгоос 3-0 тоот дээр 1,850,000 төгрөг, алданги 925,000 төгрөг, 5-0 тоот дээр 1,800,000 төгрөг, алданги 900,000 төгрөгийг төлөөгүй. Цахилгааны төлбөр төлөхийг гэрээнд тусгасан. Гэрээний дагуу 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний 1.30, 1.35 дахь заалтуудын дагуу сар бүр 10,000 төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь нийтдээ 15,000 төгрөг төлсөн байдаг. Цахилгааны төлбөр 3-0 тоот дээр 140,000 төгрөг төлөхөөс 15,000 төгрөг төлсөн. 5-0 тоот дээр бүтэн дүнгээрээ 150,000 төгрөг гарсан. Дээрх 2 түрээсийн гэрээний дагуу 5,750,000 төгрөгийн өр төлбөр үүссэн нь гэрээний үүргийг биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан тул гэрээг цуцлах үндэслэл хангалттай бүрдсэн. Мөн 0 тоот өрөө нь цахилгааны самбар учраас хүн амьдрахад шаардлага хангахгүй, төрийн эрх бүхий байгууллагаас чөлөөл гэсэн байгаа учраас хариуцагчаас чөлөөлүүлэх шаардлага гаргасан гэв.
Хариуцагч С.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
С.М миний бие Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байрны 3-н 00 тоотод Ш СӨХ-той гэрээ хийж түрээсээр амьдардаг. Түрээсийг нэг ч сараар хоцроож, өнжиж төлөөгүй, ямар ч зөрчил гаргаагүй. Тоолуурын заалтыг утсаар нь холбогдох бүрт нь хаалгаа нээж бичүүлдэг. 2018 оны 5 дугаар сарын 11-ний ОСНААУГХҮТ-ийн мэдэгдлийг гар дээрээ аваагүй. Гэтэл Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 12 дугаар байрны 3-00 тоотод оршин суугч танаа гэсэн мэдэгдэл нь надтай холбоогүй гэж үзэж байна. Мөн тус байранд 3, 4, 5, 8, 9 дүгээр орцууд бүгд 00 тоот байгаагаас намайг хөөн зайлуулах сонирхолтой СӨХ-ны албан тушаалыг булаан авч, цагдаад эрүү үүсгэн шалгагдаж байгаа Д.А гэгчийн өс хонзонгийн үйл ажиллагаа гэж үзэж байна. Зөвхөн надтай адил бусад 00 тоотууд бүгд цахилгааны щиттэй хүн амьдардаг. Ш СӨХ хүртэл 8-00 тоотод үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн нөхөр бид хоёрыг цалингүй, цэвэрлэгээний материал өгөхгүй 5 сар ажиллуулсан болохоор бид СӨХ-оос авлагатай, харин өглөг байхгүй. 3,930,000 төгрөгөөр гүтгүүлж байна.
Би Ш СӨХ-той 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 5 болон 3 дугаар орцны 0 тоотуудыг түрээслэхээр гэрээ байгуулсан. 5-0 тоотын төлбөрт 2017 оны 8 дугаар сард 150,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 140,000 төгрөг төлж, СӨХ-ны дарга н.Нямдаваад 10,000 төгрөгийг төлсөн. 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 150,000 төгрөг бэлнээр төлснөөс 120,000 төгрөг орсон. Зөрүү 30,000 төгрөгийг н.Нямдаваа хариуцна. 9 дүгээр сарын 20-ны өдөр 150,000 төгрөгийг бэлнээр төлсөн. 10 дугаар сарын түрээсийн төлбөр энэ байдлаар хийгдсэн. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 70,000 төгрөг, 11 дүгээр сарын 14-ний өдөр 80,000 төгрөг төлсөн. 2017 оны 12 дугаар сард СӨХ-ны албан тушаалтнууд хоорондоо зөрчилдсөн. Түрээсийн төлбөрт ажилчдаас 100,000 төгрөгөөр тооцож цалингаас суутгадаг байсан. 3-0 тоотын гэрээний тухайд 2017 оны 12 дугаар сард СӨХ-ны удирдлагуудын маргаанаас болж н.Алтантогос, Д.Тунгалаг нар нь ажилчдын цалинг тавьсан. 3-0 тоотын түрээсийн төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэрээ хийсэн тул 9 дүгээр сарын түрээсийн төлбөрт 150,000 төгрөг бэлнээр төлсөн. 10 дугаар сарын түрээсийн төлбөрийг н.Нямдаваа даргад өгсөн боловч тухайн үедээ бүртгэж аваагүй. Хавтаст хэрэгт 190,000 төгрөгийн барилгын материал авсан баримт байгаа. Анх 3 болон 5-0 тоотуудыг түрээслэхэд ус, дулааны зардлаас бусад зардлууд орсон. Усны мөнгө, дулааны төлбөрөө тусдаа төлнө. Түрээсийн төлбөрт цахилгааны төлбөр багтсан гэсэн учраас тусдаа цахилгааны төлбөр төлөөгүй. Ш СӨХ-д түрээсийн төлбөрөө суутгуулдаг байхад цахилгааны төлбөрт 10,000 төгрөг суутгадаг байсан. Сарын сүүлээр 6000 төгрөгийн цалин авдаг байсан. Н.Нямбал даргын үед түрээсийн төлбөрийг 50,000 төгрөгөөр суутгахаар болж 2, 3 дугаар сарын түрээсийг 50,000 төгрөгөөр суутгуулсан. СӨХ-ны үйл ажиллагаа ямар ч тооцоогүй явж байсан. 4 дүгээр сард Д.А СӨХ-ны тамга тэмдгийг авч биднийг ажлаас халсан. Ингээд бид шүүхэд нэхэмжлэл гаргаж үндэслэлгүй халагдсанаа тогтоолгосон. Хэвийн ажиллаж байсан хүмүүсийг ажиллагүй болгосноор 4, 5 дугаар сарын түрээсийн төлбөр төлөгдөөгүй. Миний зүгээс түрээсийн төлбөрөө хоцроож байсан тохилдол нэг удаа ч байхгүй. Би Ш СӨХ-д өртэй биш цалингийн авлагатай учраас нэхэмжлэлийг хүлээж авахгүй гэдгээ хэлсэн. 2018 оны 9 дүгээр сар хүртэл цалингүйгээр ажлаа хийсээр байна. Ажлаа хийхэд цэвэрлэгээний материал ч өгдөггүй, биднийг дэмждэг оршин суугчид цэвэрлэгээний материал худалдан авч өгч цэвэрлүүлдэг байсан. Ш СӨХ 9 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас халах тухай шийдвэр гаргасныг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр надад гардуулж өгсөн. Би шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байгаа. Цалин байхгүй, орлого байхгүй, түрээсийн төлбөр төлөөгүй, байгууллагыг хохироосон гэж гүжирдээд их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээж авахгүй гэж үзэж байгаа. гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш СӨХ нь хариуцагч С.Мд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 3,930,000 төгрөг гаргуулах, түрээсийн зүйл болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байрны 3 дугаар орцны 00 тоот, тус байрны 5 дугаар орцны 00 тоот өрөөнүүдийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч Ш СӨХ-оос өөрт олгогдсон итгэмжлэлийн дагуу шүүхэд гаргасан түрээсийн төлбөр 3,930,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 3,870,000 төгрөг болгон багасгасан болно.
Шүүх дараахь үндэслэлээр Ш СӨХ-ны нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ш СӨХ нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд, өөрийн эзэмшилд буй СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 12 дугаар байрны 5 дугаар орцны 00 тоот дахь 15 м.кв талбай бүхий өрөөг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч С.Мтай “Ажлын байр түрээслэх гэрээ” байгуулж, 1 жилийн хугацаагаар, сарын 150,000 төгрөгийн төлбөртэйгөөр ашиглуулахаар харилцан тохиролцож байгуулжээ. /хх 6, 13/
Гэрээний талууд дээрх гэрээтэй ижил нөхцлөөр дахин “Ажлын байр түрээслэх гэрээ”-г 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулж, Ш СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 12 дугаар байрны 3 дугаар орцны 00 тоот дахь 15 м.кв талбай бүхий өрөөг, сарын 150,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон байна. /хх 12/
Хэдийгээр талууд дээрх гэрээнүүдээ “Ажлын байр түрээслэх гэрээ” гэж нэрлэн, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн төлбөрийн үлдэгдэл шаардаж байгаа боловч талууд гэрээг хэрхэн нэрлэснээс үл хамаарч, гэрээний агуулга болон нөхцлийг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Гэрээний зүйл болох нийтийн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө буюу орцны 00 тоот өрөөнүүдийг Ш СӨХ нь бусдад хөлслүүлэх эрх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт зааснаар олгогдсон гэж үзэх үндэслэлтэй.
Хуулийн дээрх заалтын дагуу маргаан бүхий гэрээний зүйл болох 3 дугаар орцны 00 тоот өрөө, 5 дугаар орцны 00 тоот өрөө зэрэг нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 12 дугаар байрны нийт сууц өмчлөгчдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө бөгөөд, тус байрыг хариуцан үйл ажиллагаа явуулдаг Ш СӨХ-ны гүйцэтгэх захирал нь дээрх хуулийн 12.4.5 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийг бусдад хөлслүүлэх эрхтэй этгээд байна.
Хуулиар олгогдсон энэ эрхийнхээ дагуу хариуцагч С.Мтай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан нь холбогдох хуульд нийцсэн байх тул талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байна.
Гэрээний дагуу сар бүр төлөхөөр тохиролцсон 150,000 төгрөгийн төлбөрийн талаар зохигчид өөр өөрийн үндэслэл, тайлбарыг гаргаж маргасан.
Нэхэмжлэгчийн зүгээс талууд гэрээ байгуулснаас хойш төлбөрийн талаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй учир С.Мын дутуу төлсөн түрээсийн үндсэн төлбөрт 5 дугаар орцны 00 тоот өрөөг хөлслүүлэх гэрээний дагуу нийт 1,650,000 төгрөг төлөхөөс 450,000 төгрөг төлснийг хасч 1,200,000 төгрөгийг, 3 дугаар орцны 00 тоот өрөөг хөлслүүлэх гэрээний дагуу нийт 1,500,000 төгрөг төлөхөөс 250,000 төгрөг төлснийг хасч 1,250,000 төгрөг, үндсэн гэрээний төлбөрт 2,450,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Харин хариуцагчийн зүгээс “...гэрээ байгуулснаас хойш өөрийн нөхөр Д.Батхүүгийн хамт тус СӨХ-ны үйлчлэгчийн ажилд томилогдон ажилласнаар, ажил олгогчийн зүгээс хөнгөлөлт үзүүлж, 3 дугаар орцны 00 тоот өрөөний төлбөрийг 2017 оны 10 дугаар сараас, 5 дугаар орцны 00 тоот өрөөний төлбөрийг 2017 оны 12 дугаар сараас эхлэн 100,000 төгрөг болгон багасгаж, цалингаас суутган, улмаар 2018 оны 2 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрийг 50,000 төгрөг болгон багасгасныг цалингаас тогтмол суутгуулж байсан учир 2018 оны 4 дүгээр сарыг хүртэл төлбөрийн үлдэгдэл байхгүй, үүнээс хойшхи хугацааны төлбөр төлөгдөөгүй нь үнэн” гэж тайлбарлан маргав.
Хариуцагч С.М нь гэрээний дагуу 5 дугаар орцны 00 тоот өрөөний төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарыг дуустал сар бүр 150,000 төгрөг, 2017 оны 12, 2018 оны 1 дүгээр сард тус бүр 100,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сард 50,000 төгрөг тус тус төлсөн бол, 3 дугаар орцны 00 тоот өрөөний төлбөрийг гэрээ байгуулснаас хойш 2017 оны 8, 9 дүгээр саруудад сар бүр 150,000 төгрөг, 2017 оны 10, 11 дүгээр сард тус бүр 100,000 төгрөг, 12 дугаар сард 30,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сард 50,000 төгрөг тус тус төлсөн болох нь зохигчдын тайлбар, цалингийн цэс, Ш СӨХ-ны С.Мд хүргэсэн мэдэгдэл зэргээр тогтоогдож байна. /хх 66/
Хэдийгээр талууд харилцан тохиролцож, нэмэлт гэрээ байгуулан гэрээний үнийг өөрчлөөгүй боловч, 3 дугаар орцны 00 тоот өрөөний төлбөрийг 2017 оны 10 дугаар сард хариуцагч С.Мын нөхр Д.Батхүү үйлчлэгчийн ажилд орсноор, 5 дугаар орцны 00 тоот өрөөний төлбөрийг 2017 оны 12 дугаар сард С.Мыг үйлчлэгчийн ажилд орсноор тус тус гэрээний төлбөр 150,000 төгрөг байсныг 100,000 төгрөг болгон багасгаж, төлбөрийг тэдний цалингаас бүрэн суутгаж авдаг байсан гэх үйл баримт Ш СӨХ-ны ажилчдын цалингийн цэс, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Д.Тунгалаг, Ж.Алтанхуяг нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Харин 2018 оны 2 дугаар сараас эхлэн төлбөрийг 50,000 төгрөг болгож багасгасан гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдохгүй, шүүх хуралдаанд оролцсон гэрчүүд дээрх байдлаар төлбөр багассан гэх боловч, тэд тухайн үед Ш СӨХ-нд ажиллаагүй, хэн хэрхэн төлбөрийг өөрчилсөн талаар тодорхой мэдээлэлгүй зэргийг дүгнэн гэрээний үнэ дахин өөрчлөгдөөгүй байна.
Дээрхийг дүгнэвэл, хариуцагч С.М нь 2018 оны 2 дугаар сараас 7 дугаар сар хүртэл 3 дугаар орцны 00 тоот өрөөний төлбөр 600,000 төгрөг, 5 дугаар орцны 00 тоот өрөөний төлбөр 600,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөгийн төлбөрөөс 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 50,000 төгрөгийг хасч, 1,150,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш СӨХ-нд олгох нь зүйтэй.
Хөлслүүлэгч Ш СӨХ-ны зүгээс хөлслөгчид гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно” гэж заасанд нийцсэн байх тул, талуудын хооронд байгуулагдсан 5-00 тоот, 3-00 тоот өрөөнүүдийг хөлслөх гэрээ цуцлагдсан байна.
Нэхэмжлэгч Ш СӨХ нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний 3.68-д “Түрээсийн төлбөрийг тохиролцсон хэмжээгээр сар бүрийн 16-ны дотор бэлнээр буюу дансаар төлөх бөгөөд төлбөрийн хугацааг хожимдуулсан хоног тутамд төлбөрийн дүнгийн 10 хувиар бодож торгууль төлнө” гэх заалт, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний 3.68 дахь заалтуудыг тус тус үндэслэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 1,245,000 төгрөгийн торгууль шаардсан.
Нэхэмжлэгчийн дээрх шаардлага Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт нийцсэн ба, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний хувьд төлөгдөөгүй 600,000 төгрөгт оногдох торгууль 60,000 төгрөг бол, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний хувьд төлөгдөөгүй 550,000 төгрөгт оногдох торгууль 55,000 төгрөг, нийт 115,000 төгрөгийн торгуулийг нэхэмжлэгч Ш СӨХ нь хариуцагч С.Маас шаардах эрхтэй байна.
Харин 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний 1.30, 8 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний 1.35-д тус тус заасны дагуу ашиглалтын зардалд нийт 210,000 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн гэх 15,000 төгрөгийг хасч 195,000 төгрөгийн төлбөр шаардсан боловч, нэг сарын төлбөр хэд байхыг гэрээнд нарийвчлан тохиролцоогүй, цахилгааны болон ус дулааны хэдэн төгрөг гарсан нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш СӨХ-г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй гэж дүгнэн, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө” гэж заасны дагуу маргаан бүхий гэрээнүүд цуцлагдсанаар гэрээ дуусгавар болсон учир хариуцагч С.М нь гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байрны 3 дугаар орцны 00 тоот дахь 15 м.кв талбай бүхий өрөө, мөн байрны 5 дугаар орцны 00 тоот дахь 15 м.кв талбай бүхий өрөөг тус тус чөлөөлж, хөлслүүлэгч Ш СӨХ-нд буцааж өгөх нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэгч Ш СӨХ-ны гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,870,000 төгрөгийг хариуцагч С.Маас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1,265,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 2,605,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байрны 3 дугаар орцны 00 тоот, 5 дугаар орцны 00 тоот өрөөнүүдийг чөлөөлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 105,110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.5, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Маас 1,265,000 /нэг сая хоёр зуун жаран таван мянган/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ш СӨХ-нд олгож, хариуцагч С.Мд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байрны 3 дугаар орцны 00 тоот өрөө, мөн байрны 5 дугаар орцны 00 тоот өрөөг тус тус чөлөөлөхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,605,000 /хоёр сая зургаан зуун таван мянган/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 105,110 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА