Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/145

 

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

 Нарийн бичгийн дарга          Б.Болорчимэг

 Улсын яллагч                        Т.Нансалмаа,

 Хохирогч                                 Н.Сүнжиймаа,

 Шүүгдэгч                              Ё.Э******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Бэрсүүд овогт  Ё******* Э*******т холбогдох эрүүгийн 2231001440122 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Төмөртэй уурхайд хүнд механизмын оператор ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Б******* 2 дугаар баг, Х******* 10-04 тоотод оршин суух хаягтай,

Урд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Бэрсүүд овогт Ё******* Э*******, /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ё.Э******* нь 2022 оны 03 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Б******* 2 дугаар баг, Х******* 10-04 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Н.С******* “архи согтууруулах ундааны зүйл уулаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Э******* мэдүүлэхдээ: “... Би эхнэрээ зодсон нь үнэн,миний буруу. Манай эхнэр хааяа архи уудаг юмаа,би өөрөө архи уудаггүй болохоороо эхнэрийг архи уусан үед хэрүүл маргаан гарч ганц нэг цохисон нь үнэн , гэм буруугаа хүлээж байна гэв.        

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Сүнжиймаа мэдүүлэхдээ: “...Нөхөр маань намайг архичин гэдэг, би архичин бишээ, хааяа нэг найз нөхөдтэйгээ баяр ёслолоор уухаар нөхөр маань  уурлаж гэрт хэрүүл маргаан гардаг, тэгэхээс би байнга архи уудаггүй. Манай нөхөр хайр халамж муутай хүн, нөхөр  Э******* нь ажилдаа 20/10 хоногоор гардаг. Энэ хугацаанд нь би гэрийн бүх ажлаа өөрөө хийдэг, нөхөр маань гэрийн ажилд огт тусалдаггүй, гэрт юу болж байгааг огт мэддэгүй, анхаардаггүй тийм л хүн.Би нөхрөөсөө ханийн хайр халамжийг огт мэдэрдэггүй намайг гэр орныхоо ажлыг хийж байгааг  үр хүүхдийнхээ төлөө яаж ажиллаж  анхаарч байгааг ойлгоддогүй болох  ганц нэг архи уусан үедаа энэ байдлыг нь хэлж хэрүүл маргаан гардаг. Хэрэг гарах шалтгаан нь хадам ээж маань хөдөөнөөс ирээд хүргээд өг гэсэн хүргэж өгөх үед  хүүхдийнхээ ангийн хүүхдийн ээжтэй болон хадам ээжтэйгээ ганц нэг дарс уугаад хадамыг гэрт нь хүргэж  өгөөд жаахан архи үнэртүүлж ирсэн, энэ үед намайг хаачаад ирэв гээд шууд цээж рүү цохисон би газар унахад  мөн цохиж зодсон, үүнээс болж би 3-р сараас хойш Сэлэнгэд ахындаа байж байгаад хүү морь уяж байгаа гэхээр нь 07-р сард гэртээ очсон. Энэ хугацаанд  Э******* над дээр нэг ч удаа ирээгүй,уучлалт гуйгаагүй. Би том хүүтэй уулзаж   эхийн одон авахад ч ирээгүй, би тухайн үед нөхрийгөө  ирэх байх гэж харсан.  Би Э*******т гомдолтой л байна. Э******* нь одоо зодохгүй гэж надад хэлсэн. Тэр үгээ шүүхийн өмнө хэлэхийг хүсэж байна , нэхэмжлэх зүйл байхгүй гэв.        

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Сүнжиймаа мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би хадам ээж Мягмар болон түүний найз Дулам эмгэнийг манай хадам ээжийн Хүдэр сумын 1 дүгээр баг, хөдөө байх гэрт нь хүргэж өгөхөөр явсан юм. Манай хадам ээж болон Дулам эмгэн нар хөдөө гэртээ очоод 0,75 литрийн "Ерөөл” нэртэй архи хувааж уусан. Харин хадам ээж надад “сэнгүр” нэртэй жимстэй лаазтай пиво өгсөн. Манай хадам ээж хөдөө гэртээ хүү болох Энхдалайгийн хамтаар амьдардаг. Тухайн үед Энхдалай нь Хүдэр сумын төврүү ажилаар явсан байсан учир би ээжийн гэрийг цэвэрлэж, малыг нь хашаад гэрийн ажлыг нь амжуулж өгөх хугацаандаа тухайн пивийг уусан юм. Ингээд хадам ээжийн гэрийн ажлыг дуусгаад хадам ээж согтсон байсан учир гэртээ үлдэж би Дулам эмгэнийг Хүдэр сумын төвд байх гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Дулам гуайг гэрт нь хүргэж өгөөд гэртээ ирэх үед манай гэр цоожтой, манай гэрийнхэн унтаж байгаа бололтой гэрэл нь унтарсан байсан. Би гэрийнхээ хаалгыг тогшоод онгойлгохгүй байсан учир би буцаж гараад Хүдэр суманд оршин суух Л.Сүнжидмаагийн гэрт очихоор явсан. Гэвч миний санаа зовоод гэрт нь оролгүй буцаад гэртээ ирсэн. Гэртээ ирэх үед манай гэр онгорхой байсан ба гэр дотор манай 3 хүүхэд унтаж байсан. Харин манай нөхөр Э******* байхгүй байсан. Би хүүхдүүдээсээ аав нь хаана байгаа талаар асуухад мэдэхгүй байсан. Ингээд би буцаад гэрээс гарах гэж байтал урдаас манай нөхөр ороод ирсэн. Улмаар манай нөхөр намайг “Хаашаа яваад ирж байгаа юм бэ?” гэж хэлээд миний цээж хэсэг рүү хоёр гараараа түлхэж унагасан. Би унахдаа хаалганы хажууд байсан шалны хувинтай усыг түлхээд унагачихсан. Би босох гэтэл шалан дээр асгарсан уснаас болоод халтираад босож чадалгүй унасан. Гэтэл манай нөхөр намайг шүүрний ишээр зодож эхэлсэн. Манай гэрийн шүүрний иш өмнө нь хугарч модоор иш хийсэн байсан юм. Тухайн модон ишээр миний нуруу, өгзөг, гар, гуя, толгой гээд бүхэл хэсэгт цохисон. Улмаар тухайн модон иш нь хугартал түлээний хайрцгаас нойтон хус аваад дахин зодож эхэлсэн. Ингээд манай 11 настай охин босож ирээд “Та ээжийг аллаа шүү дээ” гэж хэлээд болиулсан. Ингээд би босоод хүүхдүүдийнхээ хажуугаар ороод унтсан. Тухайн шөнөөс эхлээд миний бие өвдөөд халуурч, амарч чадаагүй. Маргааш нь мөн миний бие маш ихээр өвдөж байсан тул би өөрийн ах Н.Цогтгэрэлрүү залгаад хэлсэн. Ингээд манай ах цагдаа дуудсан байсан. Ер нь манай нөхөр намайг архи уусан гэх шалтгаанаар удаа дараа зодож байна...” гэх  мэдүүлэг /хх-ийн 22-25 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Э.Энхсайханы мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай ээж Н.Сүнжиймаа эмээ Мягмарыг Хүдэр сумын хөдөө байх гэрт нь хүргэж өгөхөөр явсан байсан. Ингээд орой манай ээж ирээгүй байсан тул бид 12 цагийн орчимд орондоо орж амрахаар хэвтсэн. Би орондоо ороод унтчихсан байсан. Ингээд 01 цагийн орчимд манай аав Э******* болон ээж Сүнжиймаа нар маргаад би сэрсэн. Намайг сэрэх үед манай ээж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай аавыг элдэв үгээр хараагаад байсан. Тэгээд аав уурлаад ээжийг шалан дээр унагаагаад гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж шүүрний ишээр зодсон. ...Өмнө нь аав ээжийг зодож байсан, аав ээжийг архи уулаа гэх шалтгаанаар зоддог. Манай ээж согтууруулах ундааны зүйл зарим тохиолдолд хэрэглэдэг. Тэгсэн үед манай ээж, аав хоёр маргаж аав ээжийг зоддог...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ё.Э******* сэжигтнээр мэдүүлэхдээ: ...“Манай эхнэр 2022 оны 03 дугаар сарын 24-нөөс 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл тогтмол согтууруулах ундаа хэрэглэсэн. Ингээд тухайн асуудал болох үе буюу 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай эхнэр Н.Сүнжиймаа манай ээж Мягмарыг Хүдэр сумын 1 дүгээр баг, хөдөө гэрт нь хүргэж өгөхөөр миний эзэмшлийн 94-56 СЭҮ улсын дугаартай “Тоёота Приус” маркын тээврийн хэрэгслээр явсан. Ингээд оройн 20 цагийн орчимд өөрийн 85180600 дугаарын утаснаас миний 99499916 дугаарын утасруу залгаад “Би хөдөө ирээд архи уучихлаа” гэж хэлсэн. Тиймээс би “Чи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол наанаа амарчих” гэж хэлсэн. Гэтэл орой 23 цагийн орчимд манай эхнэр гэртээ ирээд хаалга хүчтэй тогшиж, мөн цонх тогшин элдэв үгээр хараасан. Би босоод хаалга онгойлгох хооронд буцаад тээврийн хэрэгсэлдээ суугаад гараад явчихсан. Ингээд би хойноос нь гараад хартал манай гэрийн хашааны урд талын гудмаар давхиад байсан. Манай хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөн тээврийн хэрэсэл жолоодон явсан учир хойноос нь гараад явсан. Хойноос нь яваад олоогүй тул гэртээ буцаад иртэл манай эхнэр гэрт ирчихсэн байсан. Улмаар намайг “Хаашаа яваад ирж байгаа юм, хэнтэй яваад ирж байгаа юм” гэх мэтээр хараасан учир миний дургүй хүрээд эхнэрийнхээ нүүрэн тус газарт гарын алга хэсгээр 2-3 удаа цохьсон. Тэгээд унтуулах гэж үзтэл унтахгүй байсан учир гэрийн шүүрний ишээр эхнэрийнхээ нуруу өгзөг хэсэг рүү олон удаа цохьтол шүүрний иш хугарсан. Ингээд би эхнэрээ “унт” гэж хэлээд хүүхдүүдийн хажуугаар оруулж унтуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 42-43 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 140 дугаартай дүгнэлтэнд: “...Н.С*******ийн биед зүүн чихэнд язарсан шарх, дээд, доод уруул, баруун, зүүн бугалга, цээж, нуруу, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 37-38 дугаар тал/,

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол, /хх-ийн 1-2 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 39-40 дүгээр тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 46-49 дүгээр тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 59 дүгээр тал/,

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Б******* 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 61 дүгээр тал/,

Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 63 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 65 дугаар тал/,

Урьд шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 72-76 дугаар тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ё.Э******* нь 2022 оны 03 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Б******* 2 дугаар баг, Х******* 10-04 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Н.С******* “архи согтууруулах ундааны зүйл уулаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогчийн биед үзлэг хийсэн эмчийн бичиг / хх-н 5-р хуудас /

Аюулгүйн зэргийн үнэлгээ / хх-н 6-7 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн мэдүүлэг /хх-н 24-25 дугаар хуудас /

Насанд хүрээгүй гэрч Э.Энхсайханы мэдүүлэг,/ хх-н 27-28 дугаар хуудас /

Гэрч Д. Г******* мэдүүлэг / хх-н 33-р хуудас /

Гэрч Ё.А*******ын мэдүүлэг / хх-н 35-р хуудас /

Шинжээчийн дүгнэлт / хх-н 37-38 дугаар хуудас / зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна.  

Иймд Ё.Э*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.  

Шүүгдэгч Ё.Э*******ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Ё.Э******* нь 2022 оны 03 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Б******* 2 дугаар баг, Х******* 10-04 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Н.С******* “архи согтууруулах ундааны зүйл уулаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ё.Э*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул  хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй байна.

  Шүүгдэгч Ё.Э*******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 Иймд Ё.Э*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Торгох ялыг  цалин хөлс орлого олох боломжийг харгалзан  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэнд  хяналт тавихыг  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ё.Э******* нь хохирогч Н.С*******ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүгдэгч Ё.Э******* нь хохирогч Н.Сүнжиймаад 250.000 төгрөг төлсөн ба хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт ирүүлээгүй бөгөөд  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэх зүйлгүй гэсэн  тул шүүгдэгч Ё.Э*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бичиг баримт байхгүй, шүүгдэгч цагдан хоригдсон  хоноггүй болно.

Шүүгдэгч Ё.Э*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

                                                   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бэрсүүд овогт Ё******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ё******* Э*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ё.Э*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  Ё.Э******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шүүгдэгч Ё.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                          ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ