| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/02691/И |
| Дугаар | 102/ШШ2018/03279 |
| Огноо | 2018-11-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2018/03279
2018 оны 11 сарын 02 өдөр Дугаар 102/ШШ2018/03279 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Пийс Таур 3001 тоотод байрлах, хуулийн этгээдийн 5789397 регистртэй В ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюуш өргөн чөлөө гудамж 2в байрны 60 тоотод оршин суух, эрэгтэй, 55 настай, ХГ63091017 регистртэй, Батад овогт Л.ийн Бд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 69,155,760.18 /жаран есөн сая нэг зуун тавин таван мянга долоон зуун жаран төгрөг, арван найман мөнгө/ гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Л.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 2015182 тоот зээлийн гэрээг байгуулж 33,000,000 төгрөгийн зээлийг 3,5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд JTJHT00W764015642 арлын дугаартай 7070 УБД улсын дугаартай Лексус-470 маркийн суудлын автомашиныг барьцаалан бизнесийн зээл авсан. 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс зээлийн гэрээний үүргээ зөрчин, одоогийн байдлаар 877 хоног хугацаа хэтрүүлээд байна. Энэ хугацаанд бид удаа дараа утсаар холбогдож, мэдэгдэх хуудас өгч, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардан ажилласан болно.
2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 29,959,792.16 төгрөг, зээлийн хүү 30,962,578.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,776,352.17 төгрөг, зээлтэй холбоотой гарсан зардал 5,457,037 төгрөг, нийт 69,155,760.18 төгрөгийг иргэн Л.Бэс болон барьцаа хөрөнгөөс гаргуулах гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Манай байгууллага Л.Бтэй байгуулсан зээл болон фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6 дахь хэсгийг үндэслэн байгуулсан. Эд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэг гүйцэтгэгч нь дараах үүрэгтэй гэсэн заалтын 2.2.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 453.2 дахь заалтыг үндэслэн хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг эс зөвшөөрч байна. Тээврийн хэрэгсэл “Вема ББСБ” ХХК-ийн нэр дээр шилжсэн байгаа. 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Зээлийн гэрээний үлдэгдэл 29,000,000 төгрөг байсан. 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр зээлдэгчид мэдэгдэх хуудас өгсөн. Мэдэгдэх хуудас дээр барьцаа хөрөнгийг хэрхэн хурааж авах талаар тодорхой бичсэн. Мэдэгдэх хуудас дээр Д.Бат-Эрдэнэ нь 45 хоногийн хугацаа хүссэн байдаг. Зээлийн гэрээний үүрэгт барьцаа хөрөнгийг хурааж авснаас хойш гэрээний үүрэг дуусгавар болоогүй байгааг Л.Бд утсаар, мессежээр мэдэгдсэн. Л.Б Швейцарь улс руу явсан, утсандаа мессэж роуминг үйлчилгээ идэвхжүүлсэн. Бид гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангана гэхэд “удахгүй очоод зээлээ төлнө” гэж хэлээд алга болсон. Өнөөдрийг хүртэл утас нь мессэж роумиг үйлчилгээтэй байгаа. 2017 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд Л.Б-ийн нэр дээр нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Л.Б гадаад улсад байгаа учраас түүний нэр дээр нэхэмжлэл гаргах боломжгүй байна гэж үзээд Монголд ирэхийг нь хүлээсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өлзийбаяр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
Хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч В ХХК-иас 33,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаагаар буюу 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 10-ны хооронд нэг сарын 3,5 хувийн хүүтэйгээр хувийн хэрэгцээндээ зориулж 2015182 тоот Зээлийн гэрээ байгуулж зээлсэн. Тус зээлийн гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээ байгуулсан өдрөө 2015182-1 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулж, хариуцагч Л.Б-ийн өмчлөлийн автомашиныг 40,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах дүнгээр харилцан тохиролцсон. Түүнчлэн, тус фидуцийн гэрээгээр Иргэний хуулийн 235.2-т зааснаар шилжүүлсэн эд хөрөнгийг хариуцагч Л.Б нь ашиглах эрхтэй байхаар харилцан тохиролцсон.
Хариуцагч Л.Б нь зээлийн төлбөрийг төлж байгаад, зээлийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тул тус банк бус санхүүгийн байгууллагын хуульч Баттулга нь хариуцагч Л.Бийн гэрийн гаднаас фидуцийн гэрээгээр шилжүүлсэн машиныг үүргийн гүйцэтгэлд тооцон ачиж аваад явсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд машин авч явснаас хойшхи хугацааны зээл, хүүг тооцсон болон зээлтэй холбоотой гарсан зардал тооцсон нь үндэслэлгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Л.Бд холбогдуулан, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69,155,760.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч, Фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн автомашиныг зээлдүүлэгч тал үүргийн гүйцэтгэлд тооцож авсан тул зээлийн төлбөр төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргажээ.
Хариуцагч Л.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөн оролцуулахаар Ц.Өлзийбаярт итгэмжлэл олгосон ба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд хандан хүсэлт ирүүлээгүй, хариуцагч Л.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулахгүй талаар аливаа хүсэлт, баримт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч В ХХК нь 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1/351 дугаар бүхий Санхүүгийн зохицуулах хорооноос олгогдсон Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хх 4, 5/
Талууд 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж В ХХК нь Л.Бд 33,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, нэг сарын 3,5 хувийн хүүтэй, хувийн хэрэгцээний зориулалтаар зээлдүүлэхээр харилцан тохиролцож, уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2015182-1 тоот “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/” байгуулан, Л.Б-ийн өмчлөлийн 70-70 УБД улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг 40,000,000 төгрөгт үнэлэн, зээл, түүний үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг эргүүлэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх 6-7/
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /Фидуци/ гэрээ нь мөн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.5 дахь хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмжлэгч В ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагч Л.Бд 33,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогджээ. /хх 9/
Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч Л.Б гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхой хэмжээнд биелүүлж, үндсэн зээлийн төлбөрөөс 3,040,207.84 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,082,041.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 31,669 төгрөг, нийт 8,153,918 төгрөгийн төлөлт хийсэн байх бөгөөд, 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна.
Гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр В ХХК нь №190 тоот “Зээлийн өр төлбөрийг барагдуулах тухай мэдэгдэл”-ээр Л.Бат-Эрдэнийг үндсэн зээл 29,959,792.16 төгрөг, зээлийн хүү 17,338,073 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,146,392.47 төгрөг, нийт 42,012,888.63 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг мэдэгдэж, заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд Фидуцийн гэрээний дагуу 70-70 УБД улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг хураан авч, Монголбанкны мэдээллийн санд “Чанаргүй зээлдэгч” гэж бүргэн, шүүхэд нэхэмжлэл гаргах талаар мэдэгдсэнийг зээлдэгч Л.Б хүлээн авчээ. /хх 36/
Улмаар 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зээлдүүлэгч В ХХК нь Фидуцийн гэрээний зүйл болох 70-70 УБД улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг зээлдэгч Л.Б-ийн эзэмшлээс хураан авсан болох нь зохигчдын тайлбар, автомашиныг ачуулсан тухай “ВXVT” ХХК-ийн кассын орлогын ордер зэргээр тогтоогдож байна. /хх 69/
Фидуцийн гэрээний зүйлийг зээлдүүлэгч өөрийн өмчлөлд хураан авснаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт “үүрэг хүлээгч ... мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасны дагуу талуудын байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэх үндэслэлтэй.
Дээрх гэрээний дагуу үүрэг хүлээгч нь гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлээгүй үед шилжүүлэн авсан хөрөнгөөс үүргийг хангуулах боломжтой тул уг хөрөнгөнд үүсэх зардлыг үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө хариуцах бөгөөд, нэхэмжлэгч нь хураан авсан эд хөрөнгөнд 2018 оны 7 дугаар сард хийсэн засвар, ачилтын болон бусад нэмэлт зардалд зарцуулсан гэх 5,457,037 төгрөгийг хариуцагч Л.Бэс шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч В ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө хариуцагч Л.Бд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар нэг удаа шаардан, улмаар мэдэгдэх хуудас гардуулснаас хойш 2 сарын дараа хариуцагчийн автомашиныг хураан авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа зээлдэгчид үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан гэж тайлбарлах боловч, хэрхэн шаардсан нь баримтаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, маргаан бүхий Зээлийн гэрээний 6.6 дахь хэсэгт “Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг ББСБ-аас удаа дараа шаардахад зээлдэгч түүнийг биелүүлээгүй ба улмаар ББСБ-ын ажиллагаанд эрсдэлтэй гэж үзвэл гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, учирсан хохирлоо зээлдэгчээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж хуульчилсан байна.
Гэтэл зээлдэгч Л.Б 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс хойш зээлийн гэрээний дагуу төлөлт хийгээгүй байхад 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр автомашиныг нь хураан авах хүртэл хугацаанд зээлдүүлэгч В ХХК нь гэрээгээр тохирсон дээрх эрхээ хэрэгжүүлээгүй буруутай гэж дүгнэх үндэслэлтэй.
Шүүх В ХХК-ийн Л.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 573,928 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Бэс 69,155,760.18 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч В ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 573,928 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА