| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/03539/И |
| Дугаар | 102/ШШ2018/03278 |
| Огноо | 2018-11-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2018/03278
|
|
|
|
| 2018 оны 11 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2018/03278 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ус 15 гудамж, 5 нийтийн байр 21 тоотод оршин суух, эрэгтэй, 39 настай, ЧЖ79090173 регистртэй, Боржигон ургийн овогт Б.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 10 дугаар гудамжны 113 тоотод оршин суух, эмэгтэй, 30 настай, ВГ88031821 регистртэй, Боржигон ургийн овогт Э.Бд холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,245,051 /нэг сая хоёр зуун дөчин таван мянга тавин нэгэн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, хариуцагч Э.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Бидний дунд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагчийн хүсэлтийн дагуу түүний Хаан банкны дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлж, 500,000 төгрөгийг бэлнээр зээлдэгчид олгосон. Зээлдэгч Э.Б нь зээл авсан хугацаанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуусаагүй бөгөөд, өнөөдрийн байдлаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох үндсэн зээлийн төлбөр 830,034 төгрөг, алданги 415,017 төгрөг буюу нийт 1,245,051 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний хугацаа сунгагдаж 10 хувийн хүү үргэлжлүүлэн бодогдоно. Нэхэмжлэлийн шаардлагад үндсэн хүүг нэхэмжилсэн. Иргэний хуульд заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдлийн 50 хувиар тооцож алдангийг нэхэмжилсэн. Хариуцагч зээл аваад зээлийн төлбөрөө барагдуулаагүй. Гэрээнд бүх сард хүү тооцно гэж заасан байгаа ч Хариуцагчаас эхний 1 сарын хүү нэхэмжилж байгаа. Гэрээг албан ёсоор сунгасан, нэмэлт өөрчлөлт оруулсан зүйл байхгүй ч гэрээний үүргийг дуусгаагүй тохиодолд гэрээний үндсэн нөхцөл мөрдөгдөж явна гэсэн заалт гэрээнд байгаа. Хариуцагчаас хүүгийн төлбөр шаардаагүй байгаа. 2017 оны 9 сарын 24-ний анхны зээлийн гэрээг төлбөрөө төлж дуусгавар болгосон. Өмнө авсан зээлээ дуусгаад, дахиад 11 сарын 24-нд зээл авсан. Тэгэхдээ гэрээг сунгав гэж бичсэн байгаа. Зээлийн төлбөрийг тооцохдоо гэрээгээр тохиролцсон өдөр бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир тухайн өдөрт нь алданги тооцоод 830,034 төгрөгийн тооцоо гарсан байгаа. Харин алдангийг арай өндөр бодсон юм шиг байна. Зээлдэгчийг хүү, алданги төлөх ёстой гэж бодоод давхар тооцсон юм шиг байна гэв.
Хариуцагч Э.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие Э.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б.Сгаас 1,500,000 төгрөг зээлж авсан. Зээлийн төлөлт 1,155,000 төгрөг төлж, үлдэгдэл зээл 495,000 төгрөгийг төлөх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлага 1,245,051 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Эхнээсээ зээлийн төлбөрөө хэвийн төлдөг байсан. Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хүүгээ төлсөн. Өдөр бүр 66,000 төгрөгийг төлдөг байсан. 900,000 төгрөгийг алдангигүй төлсөн гэж үзэж байна. Сүүлдээ бид 2 гэрээний сунгалтаас болж зөрчилдөөн үүсэж, хоорондоо харилцаагүй болсон. Нийт 1,155,000 төгрөг төлсөн. Дахин 1,245,051 төгрөгийг төлөх боломжгүй байна. Хэрэв надад энэ мөнгийг төлөх боломж байсан бол өдийд шүүх хуралдааны танхимд зогсож байхгүй байсан. Би өмнөх зээлийн төлбөрөө төлж дуусгаад, шинээр зээл авсан. Дахин шинээр гэрээ байгуулаагүй, хуучин гэрээн дээрээ гарын үсэг зурж, зүгээр бичилт л хийсэн. Гэрээний дагуу барьцаалсан зүйл байхгүй гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Э.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 830,034 төгрөг, алданги 415,017 төгрөг, нийт 1,245,051 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э.Б нэхэмжлэлийн шаардлагаас 495,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, гэрээний дагуу нийт 1,155,000 төгрөгийг төлж барагдуулсан учир 1,245,051 төгрөг шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж маргасан.
Талуудын хооронд анх 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Зээлийн болон барьцааны гэрээ” байгуулагдаж, зээлдүүлэгч Б.С нь 1,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй байхаар тохирч, зээлийн эргэн төлөлт өдөрт 66,000 төгрөг байх, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуух төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тус тус зааж, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна.
Дээрх гэрээний үүргийг зээлдэгч Э.Б биелүүлж, зээлийн гэрээний дагуу төлвөл зохих зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар уг гэрээ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд, энэ талаар зохигчид маргаагүй.
Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б.С нь дахин 1,500,000 төгрөгийг Э.Бд зээлдүүлсэн байх бөгөөд, дуусгавар болсон 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн бичгээр байгуулсан гэрээний буланд “2017.11.24-нд 1,500,000 төгрөг зээлж гэрээ сунгав. 500,000 төгрөг бэлэн, 1,000,000 төгрөг дансаар өгөв” гэх бичилт хийж, хариуцагч Э.Б гарын үсэг зурсан байна. /хх 3/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч Б.С нь зээлдэгч Э.Бд 1,500,000 төгрөгийг зээлж, мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Харин маргаан бүхий зээлийн гэрээгээр 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй байхаар болон, зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд анз тооцохоор гэрээний талууд харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэв.
Зээлдүүлэгч Б.С нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөгийг зээлдэгч Э.Бд зээлдүүлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус зааснаар тусгайлан тохиролцож байгуулаагүй байна.
Өөрөөр хэлбэл, анх байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар гэрээ дуусгавар болсон талаар хэн аль нь тайлбарлах бөгөөд, тийнхүү дуусгавар болсон гэрээг “сунгав” гэж бичсэнээр зээлийн гэрээний хүү, алдангийн талаар тохиролцсон буюу бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Э.Бгаас зээлийн хүү, алданги шаардах эрхгүй болно.
Хариуцагч Э.Б зээлийн гэрээний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш нийт 1,155,000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хүснэгт зэргээр тогтоогдсон бөгөөд, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээ болох 495,000 төгрөгийг хариуцагч Э.Бгаас гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгож, илүү шаардсан 750,051 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Бгаас 495,000 /дөрвөн зуун ерэн таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 750,051 /долоон зуун тавин мянга тавин нэгэн/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, харуицагчаас 15,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА