Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
Хэргийн индекс | 175/2022/0136/Э |
Дугаар | 2022/ШЦТ/146 |
Огноо | 2022-07-19 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/146
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Улсын яллагч Т.Нансалмаа,
Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,
Хохирогч С.Б*******
Шүүгдэгч У.П******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Монгол овгийн У******* П*******д холбогдох эрүүгийн 2231002070137 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, Видү ХХК-д талбайн зохицуулагч ажилтай гэх, ам бүл-6, ээж, эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймаг С******* сум 4 дүгээр баг 4 дүгээр хэсэг 016 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, Монгол овгийн У******* П*******, /РД:*******/;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.П******* нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт С.Б*******ыг “бусдын амгалан тайван байдал алдагдуулж мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар нүүр, толгой тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.П******* мэдүүлэхдээ: “... Мэдүүлэг өгөхгүй, би урьд нь хэрэгт мэдүүлгээ тодорхой өгсөн байгаа. Гэм буруугаа хүлээж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б******* мэдүүлэхдээ: “... Сар өдрийг мэдэхгүй байна. У.П******* нь миний хамар, нүд рүү цохисон, би эмнэлэгт үзүүлсэн, мөн Дархан явж үзүүлсэн, зодуулах үед миний хүзүүнд байсан гинж алга болсон, би тэр гинжийг шинэ захаас 140.000 төгрөгөөр авсан байсан, мөн эмчилгээний мөнгө 900 .000 төгрөгийг У.П*******гээс авмаар байна, гомдолгүйгээ гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Б******* мэдүүлэхдээ: “...2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би ажилд дуудагдаж ирчхээд 22 цагт буурын голд байх Буд ахынд шал цутгах ажилд тусалсан. Тэгээд Буд ахынхаас 23 цагт гараад тэднийд ойрхон байдаг хуучин найз бүсгүй Батцэцэгийнд очсон. Тухайн үед Б*******гэртээ ганцаараа байсан. Би урьд өдөр нь буюу 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Батцэцэгийн гэрт хонохдоо фудболкоо орхичихсон байсан тул авах гэж очсон. Батцэцэгийн гэрт ороход хүүе яагаад гэрийн тооноор ороод ирчихвээ юу хийж байгаа юм бэ гэхэд нь үгүй би хаалгаар орж ирлээ шүү, фудболкоо авах гэсэн юмаа гээд гэрт нь фудболкоо орны араар хайхад чи юугаа хайгаад байгаа юм бэ гэхэд нөгөө талын орноос фудболкыг маань гаргаж өгсөн. Тэгээд би тэдний гэрт байсан цайнаас уугаад сууж байгаад өмнө зээлүүлсэн 100.000 төгрөгөө авъя гэхэд Б*******болохоор дуугарахгүй байсан. Б*******надад хандаж чи сууж бай гэхээр нь би сандал дээр сууж байсан. Тэгээд бид хоёр Батцэцэгийн гэрт 2 талд тус тусынхаа утсыг оролдоод сууж байгаад гарах гэтэл П******* гэдэг залуу гаднаас орж ирсэн. Уг П******* орж ирэнгүүтээ чи гараад ир явъя гэсэн. Тэгээд би П*******гийн гэрээс гарахад машинд нь нэг эмэгтэй сууж байсан. П******* надад хандаж Батцэцэгээс зээлсэн мөнгийг чинь би өгчихье гээд машинд сууж байсан эмэгтэйгээс виза картыг нь аваад машинаа жолоодон шинэ захын бэлэн мөнгөний машинруу явсан. Машин дотор явж байхдаа П*******д хандаж би Батцэцэгт 600.000 төгрөг зээлсэн юм одоо яах уу тэрийг хаялаа ядаж 100.000 төгрөгөө авчихъя гэж хэлсэн. Энэ үгийг П******* сонсоод юун 600.000 төгрөг нэхээд байгаа гөлөг вэ гэж хэлээд уурлаад гурвалжингын уулзвар гараад “Их баян” дэлгүүрийн гадна машинаа зогсоогоод бууж ирээд миний сууж байсан хаалгыг онгойлгоод нүүр, хамар руу гараараа 5-6 удаа цохиод машинаасаа чирч буулгаад намайг газарт унагаах гээд хөлөөрөө дэгээдэж байгаад больсон. Тэгээд П******* гэдэг нэртэй зүс таних залуу надад хандаж чи дахиад Батцэцэгтэй уулзах юм бол дахиад зодно шүү гэж хэлээд машинаа асаагаад яваад өгсөн ...” гэх мэдүүлэг, / хх-ийн 16-17 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Батцэцэг мэдүүлэхдээ: “...2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би гэртээ байж байсан. Тэгсэн хаалга тогших чимээ гараад би хэн билээ гэтэл Б******* ирсэн байсан. Тэгэхээр нь би хэсэг хугацааны дараа явчих байхаа гээд хэвтэж байтал Б******* гэрт ороод ирсэн. Босоод хартал би утсаа цэнэглэмээр байна гээд цэнэглэгч аваад гар утсаа цэнэглэсэн. Би өмнө нь Б*******тай нэг жилийн хугацаанд хамт амьдарч байсан. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Дундаасаа хүүхэдтэй болоогүй. Тэгээд би Б*******ыг гар гэж хэлсэн. Тэгсэн Б******* надаас мөнгө нэхээд байсан. Би өмнө нь Б*******аас 100.000 төгрөг зээлсэн байсан. Уг мөнгө надад хэрэг болчихлоо гээд байсан. Тэгэхээр нь би Б*******ыг явуулахын тулд хамт ажилладаг П*******г дуудсан. Тэгээд би гэрээс гарахад П******* хүрч ирээд би Б*******т чинь мөнгө өгье гээд машиндаа суулгаад аваад явсан. Хэсэг хугацааны дараа Б******* хүрч ирээд би П*******д зодуулчихлаа гээд гэрт ороод ирсэн. Тухайн үед Б*******ын нүүр нь хавдчихсан цус болчихсон. Хамраас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Э******* мэдүүлэхдээ: “...2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би ажлаасаа тараад хамт ажилладаг П*******гийн хамт дайгдаад гэрлүүгээ харих болсон. Тэгээд замд явж байтал хамт ажилладаг Б*******П*******рүү гар утсаар залгаад “өмнө нь хамт амьдардаг байсан нөхөр нь ирчихээд явахгүй байна. Явуулаад өгөөч гэж хэлсэн гэсэн. Тэгээд П******* надад ийшээ Батцэцэгийн гэрлүү хамт явъя гэж хэлсэн. Тэгээд П*******гийн хамт Батцэцэгийн гэрийн гадаа оройн 22 цаг өнгөрч байхад очсон. П******* машинаасаа буугаад Батцэцэгийн гэр лүү орсон. Удалгүй нэг эрэгтэйгийн хамт гарч ирээд нөгөө залуугаа машины хойно суулгасан. П******* машинд суугаад энэ залуу Батцэцэгтэй гэрийнхээ урд хашаанд зогсож байна гэжхэлсэн. Нөгөө залууд харанхуй шөнө яагаад эмэгтэй хүнийд ирээд байдаг юм гэхэд уг залуу би мөнгө фудболкоо авах гэсэн юм гэж хэлсэн.Тэгээд П******* та машины голд миний карт байна уу үзээдэх гээд би чамд мөнгийг нь өгчихье дараа нь Батцэцэгээс авахаас гэж хэлсэн.Тэгээд гурвалжин гараад явж байтал ард суусан залуу би 600.000 төгрөг авах ёстой гэж хэлсэн ба П******* “Их баян” дэлгүүрийн замын эсрэг талд харалдаа зогсоод нөгөө залууг машинаас татаж буулгаад “та хоёр хамт амьдарч байсан биз дээ чи яасан өөдгүй залуу вэ гээд” хоорондоо зодолдох гээд байсан. Би тухайн үед машинаас буулгүй үлдсэн ба намайг машины толинд харахад П******* уг залуугийн мөр лүү нь 2 удаа цохиод араас нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд уг залуу зам хөндлөн гараад зугатаагаад явсан. Би П*******д хөөе явъя намайг гэрт хүргээд өг гээд гэртээ хүргүүлсэн / хх-н 21 дүгээр тал /
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 212 дугаартай дүгнэлтэнд: “...С.Б*******ын биед хамар ясны битүү хугарал, таславчийн муруйлт, зовхинд цус хуралт, хамрын хянга нуруу, уруулын орчимд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн гэмтэл, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байхболомжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр тал/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 3 дугаар тал/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 32-33 дугаар тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 45-47 дугаар тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 34 дүгээр тал/,
Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 35 дугаар тал/,
Оршин суугаа газрын тодорхойлолт, /хх-ийн 37 дүгээр тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 38 дугаар тал/,
Эд хөрөнгэтэй эсэх лавлагаа, /хх-ийн 40 дүгээр тал/,
Дансны хуулга, /хх-ийн 41-42 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч У.П******* нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт С.Б*******ын нүүр, толгой тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь
Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл / хх-н 3-р хуудас /,
Хохирогчийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл / хх-н 04-р хуудас /
Гэрч Т.Батцэцэгийн мэдүүлэг / хх-н 19-р хуудас /,
Гэрч Ш.Э*******ийн мэдүүлэг / хх-н 21-р хуудас /
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч С.Б*******ын болон шүүгдэгч У.П*******гийн мэдүүлэг,
Шинжээчийн дүгнэлт / хх-н 28-р хуудас / зэрэг хуульд заасан журмын дагуу
цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч У.П*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч У.П******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч У.П******* нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт С.Б*******ын нүүр, толгой тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч У.П*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй байна.
Шүүгдэгч У.П*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна
Иймд шүүгдэгч У.П*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгож шийтгэх зүйтэй гэж үзэв.
Торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч У.П******* нь хохирогч С.Б*******ын эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хохирогч С.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас хэрэгт болон шүүх хуралдаанд баримт гаргаж ирүүлээгүй ба шүүгдэгч У.П******* эмчилгээний зардалд 200.000 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогдож байгаа тул хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч У.П*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Монгол овгийн У******* П*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У******* П*******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар У.П*******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар У.П******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Шүүгдэгч У.П******* нь хохирогч С.Б*******т эмчилгээний зардалд 200.000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.
5.Шүүгдэгч У.П******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ