Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 119/2024/0010/З |
Дугаар | 221/МА2024/0530 |
Огноо | 2024-08-07 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2024/0530
“Ю” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч худалдан авах” ЭҮТӨҮГ/202301834 дугаартай Тендерийн Үнэлгээний хорооны “Т” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Т” ХХК-тай байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/15-20-0066 дугаар гэрээг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Б.Б
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Г.О, Э.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 119/2024/0010/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ю” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч худалдан авах” ЭҮТӨҮГ/202301834 дугаартай Тендерийн Үнэлгээний хорооны “Т” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Т” ХХК-тай байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/15-20-0066 дугаар гэрээг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.5, 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 4.18-д “нэгэнт нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үндэслэлгүй учраас “Т” ХХК-ийн тендерт дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно” гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг зөрчсөн.
Ингэхдээ зөвхөн хар жагсаалтад орсон гэсэн үндэслэлийг баримталсан юм. Гэтэл манай компани нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хар жагсаалтад оруулсан улсын байцаагчийн дүгнэлт болон Сангийн сайдын тушаалын хавсралтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж хандсан. Тус нэхэмжлэл бүхий хэргийг шүүх хянан үзээд, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 341 дугаартай шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэртээ хар жагсаалтад оруулсан акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг тодруулаагүй гэж үзэж, 2 сарын хугацаанд дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Энэхүү үйл баримтыг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралд ярьсан.
Хар жагсаалтад оруулсан шийдвэрийн үндэслэл тодорхойгүй байсан учраас шүүхээс тус жагсаалтад оруулсан шийдвэрийг түдгэлзүүлсэн. Хэрэв 2 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд хар жагсаалтад оруулсан акт нь хүчингүй болно. Тодруулбал, нэхэмжлэгчийн эрх сэргэнэ гэсэн үг юм. Гэтэл Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хар жагсаалтад орсон учраас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх үндэслэлгүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүхээс Үнэлгээний хороо болон Захиалагчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар дүгнэлтийг огт өгөөгүй.
Анх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь хүнд даацын өөрөө буулгагч худалдан авах тендерийг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зарласан. Энэ тендерийн баримт бичгийг боловсруулахдаа зөвхөн “Komatsu” брэнд, үйлдвэрийн машин техникийг худалдан авах зорилготойгоор нийлүүлэгчийг онцлон зааж боловсруулсан учир нэхэмжлэгч компани Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт өрсөлдөөний хуулийн дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байдаг. Манай компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан “гэрээний үүргээ ноцтой зөрчсөн” үндэслэлээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулахаар Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалаар уг бүртгэлд оруулсан.
“Т” ХХК-ийн санал болгосон HD 150028 загварын хүнд даацын өөрөө буулгагч автомашин нь Тендерийн техникийн тодорхойлолтын гол нөхцөл буюу -40 ба +40С хэмийн нөхцөлд ажиллах нөхцөлийг хангаагүй. Санал болгосон хүнд даацын өөрөө буулгагч автомашинууд нь үйлдвэрээсээ халуун орны цаг агаарын нөхцөлд тохиромжтой бүтээгдсэн ба Монгол Улсын эрс тэс цаг уурын уур амьсгалд тохирон ажиллах нөхцөлийг хангаж чадахгүй байгаа нь захиалагчийн тавьсан техникийн тодорхойлолтын ерөнхий болон гол үзүүлэлтийг хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй. Энэ талаар нэхэмжлэлдээ тодорхой дурдаж байсан боловч шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дүгнэлт өгөөгүй юм.
Үнэлгээний хороо хууль зөрчил ажилласан. Энэ асуудалд дүгнэлт өгөөгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлд үнэлгээний хорооны ажиллах журмуудыг тодорхой зохицуулж өгсөн. Хууль болон үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшуулал, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх журамд заасны дагуу захиалагч нь сондгой тооны гишүүдийг томилох тухай зохицуулсан. Хэргийн материалаас үзэхэд, анх 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр А/43 дугаартай тушаалаар хорооны нийт 7 гишүүнийг томилсон. Гэтэл тендерийн үнэлгээний хорооны тэмдэглэл, тендерийн нийтийн тэмдэглэл зэргээс үзэхэд, хорооны гишүүн Ж.М-н оронд үнэлгээний хорооны гишүүн бус этгээд болох Б.Н, А.З-н оронд Д.Б гэх хүмүүс гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Энэхүү үйл баримтаар хууль бус бүрэлдэхүүнтэйгээр үнэлгээний хороо ажилласан болох нь нотлогдоно. Гэтэл шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Үнэлгээний хороон байгуулахдаа хууль зөрчсөн нь тогтоогдвол тус тендер шалгаруулалт нь бүхэлдээ хууль бусад тооцогдох учиртай.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд болон маргаан бүхий захиргааны актад дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэж гаргасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх үндэслэлгүй байх учраас Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 119/ШШ2024/0029 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Ю” ХХК-иас ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч худалдан авах” ЭҮТӨҮГ/202301834 дугаартай Тендерийн Үнэлгээний хорооны “Т” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Т” ХХК-тай байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/15-20-0066 дугаар гэрээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ЭҮТӨҮГ/202301834 дугаар бүхий Хүнд даацын өөрөө буулгагч нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалт зарласан бөгөөд уг тендер сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “Ю” ХХК болон гуравдагч этгээд “Т” ХХК-иуд оролцсон бөгөөд тендерт оролцогч нараас ирүүлсэн тендерийг тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж, “Ю” ХХК нь тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №213 дугаар тушаалаар бүртгэгдсэн гэсэн үндэслэлээр “Ю” ХХК-ийн тендерээс татгалзаж, улмаар “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан байна.
2.3. Ийнхүү захиалагчаас 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн СЭ-112-12/546 дугаар албан бичгээр “Т” ХХК-д гэрээ байгуулах тухай мэдэгдлийг хүргүүлж, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2024/15-20-066 дугаар гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх “... нэгэнт нэхэмжлэгч “Ю” ХХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн ерөнхий нөхцөлийг хангаагүй, тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай улсын байцаагчийн саналын дагуу бүртгэсэн, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй...” талаар үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.4. Тодруулбал, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагчаас хяналт шалгалт явуулж, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 79 дүгээр дүгнэлтээр “Ю” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн, улмаар Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн байна.
2.5. Өөрөөр хэлбэл, тендерт оролцогч “Ю” ХХК-ийн хувьд тендер сонгон шалгаруулалт явагдаж байх цаг хугацаанд ийнхүү Сангийн сайдын тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан байсан бөгөөд Сангийн сайдын уг тушаал хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
2.6. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ”, 14.1.4-д “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”, 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ” гэж тус тус бөгөөд нэгэнт нэхэмжлэгч “Ю” ХХК-иас ирүүлсэн тендер нь дээр дурдсан ерөнхий нөхцөлийг хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байна.
2.7. Нөгөөтээгүүр, анх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/43 дугаар тушаалаар Үнэлгээний хорооны даргаар Б.Ч, гишүүдээр Д.Б, Б.Б, А.З, Ж.М, Д.Э, Б.Э нарыг томилсон бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар “үнэлгээний хорооны гишүүн Ж.М...” гэснийг “Б.Н ...” гэж, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/507 дугаар тушаалаар “үнэлгээний хорооны гишүүн А.З...” гэснийг “Д.Б...” гэж тус тус өөрчилсөн байх бөгөөд дээрх тушаалуудаар томилогдсон үнэлгээний хорооны дарга болон гишүүд тендерийг үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль бус бүрэлдэхүүнтэйгээр үнэлгээний хороо ажилласан гэх гомдлыг хүлээн авч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН