Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 129/2016/0087/Э |
Дугаар | 104 |
Огноо | 2016-11-30 |
Зүйл хэсэг | 215.2., |
Улсын яллагч | Н.Цогтбаяр |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чулуунбаатарын Дэмчигсүрэнд холбогдох эрүүгийн 201603000279 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, 13-1-04 тоотод оршин суух, Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга ажилтай, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон медалиар шагнагдсан, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Чулуунбаатарын Дэмчигсүрэн /РД:ХЛ65082011/
Шүүгдэгч Ч.Дэмчигсүрэн нь 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Архангай амйгийн Хашаат сумын Цагаан хад баг, Нуурын булан гэх газар 53-70 ЗАН улсын дугаартай Тоёото Ланд круйзер 70 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 1.5 дахь хэсэгт заасан “ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч Завхан аймгийн Эрүүл мэндийн газарт 25.950.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол, уг автомашинаар зорчиж явсан иргэн Д.Батсүхийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОГТООХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ч.Дэмчигсүрэнгийн: 2016 оны 05 дугаар сарын 24-ний өпөр би Завхан аймгаасУлаанбаатар хотын чиглэлд Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн нуурын булан гэх газарт 53-70 ЗАН улсын дугаартай тоёото ланд круйзер 70 маркийн автомашиныг жолоодож яваад байгууллагад болон Батсүх нарт хохирол учруулсан нь үнэн. Хэргээ хүлээж гэмшиж байна гэх мэдүүлэг.
Эрүүгийн 201603000279 дугаартай хэргээс:
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ё.Жавзанпагмын: “...Би өөрийн уншиж танилцсан хохирогчийн эрх үүрэг болон хуулийн хариуцлагыг ойлгосон. Надад асууж тодруулах зүйл байхгүй. Би Дэмчигсүрэн гэгч хүнийг нэг байгууллагад ажилладаг гэдгээрээ сайн танина. Харин төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Би өмгөөлөгч сонгон аваагүй. Өмгөөлөгчгүй байцаалт өгнө. Завхан аймгийн эрүүл мэндийн газрын эзэмшилд тоёото ланд круйзерь 70 маркийн автомашин байдаг. Уг автомашин нь 2010 онд үйлдвэрлэгдсэн ба 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай байгууллага өөрийн эзэмшлдээ авч байсан. Энэ нь баримтан дээр тодорхой бйна. Би үүнийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр мэдсэн. Тус автомашин нь Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн нутаг Нуурын булан гэх газар Завхан аймгаас Улаанбаатар хот руу чиглэлтэй явж байгаад онхолдох байдлаар тээврийн осолд орсон байна лээ. Тухайн үед тус автомашиныг манай байгууллагын дарга Дэмчигсүрэн нь жолооч Доржсүрэнгийн хамтаар сонгуулийн ажлаар явж байсан. Яг осол болох үед Дэмчигсүрэн даргыг автомашиныг жолоодож явсан гэж сонссон. Би шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байгаа. Дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Манай байгууллагын дарга Дэмчигсүрэн нь манай байгууллагыг удирдаад 4 жил болж байгаа ба би түүний удирдлаган доор ажиллаад 3 жил шахам болж байна. Дэмчигсүрэн нь хамт олонтойгоо эвсэг, ажилчиддаа анхаарал хандуулдаг, ойлгодог, янз бүрийн дарамт шахалт үзүүлдэггүй, төлөв даруу тусч хүн байгаа юм. Миний сонссоноор энэ хэрэгт ч гэсэн бусдад тусалж яваад л ийм зүйл болсон гэж бодож байна. Учир нь жолоочоо ядрахаар нь автомашиныг барьж явж байгаад л ийм зүйл болсон гэсэн. Би гомдолгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Дэмчигсүрэн нь байгууллагыг хохиролгүй болгосон учир гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.Батсүхийн: “...Би Ч.Дэмчигсүрэн гэдэг хүнийг танихгүй хамт явсан Доржоог таньдаг байсан. 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байх би хот руу явна гээд байж байтал Доржоогийн эхнэр Ганчимэг над руу залгаад Улаанбаатар хот руу явах машин байна та явах юм уу гэж асуухаар нь би хамт явсан. Би Улаанбаатар хот орж пад трактор худалдаж авах санаатай унаа хайгаад гэртээ байж байтал Доржоогийн эхнэр нь надруу залгаад Улаанбаатар хот руу тоёото ланд круйзер 70 маркийн автомашин явна гэхээр нь суугаад явж байсан. Дэмчигсүрэн, Доржоо, Оюунгэрэл би гээд 4 хүн явсан. Тухайн үед машин дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Хойд талд нь Оюунгэрэлийн хамт сууж явсан. Урд талд нь Доржоо, Дэмчигсүрэн хоёр сууж явсан. Доржоо нь нойр хүрээд үүрэглээд байна гээд Дэмчигсүрэнд жолоогоо түр шилжүүлсэн. Хир хурдтай явсныг сайн мэдэхгүй байна би ард талын суудал дээр унтаж явсан. Хоёр хөл хугарсан, толгойд цууралт үүссэн гэсэн. Одоо зүүн хөлөн дээр гишгиж чадахгүй байгаа, баруун хөл дээрээ ойрхон газар явж байгаа, тархи толгой хааяа өвдөж айгаа. Үзүүлсэн. 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын шинэ гэмтлийн эмнэлэгт Томо графийн зураг авхуулсан, 2 сар эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Одоо нэгэнт зам тээврийн осол гарсан юм чинь гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч З.Доржсүрэнгийн: “...би Дэмчигсүрэнг танина. Манай байгууллагын дарга, өөр ойр дотно харилцаа холбоо байхгүй. Би 2016 оны 05 дугаар сарын 24-ний өглөө эрт ойролцоогоор 6-7 цагийн орчим Архангай аймгийн Хашаат сумын нутагт баруунаасаа зүүн тийш чиглэлтэй Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын Ланд круйзер 70 маркийн автомашинд зорчиж яваад онхолдож зам тээврийн осолд орсон. Осол болох үед Оюунгэрэл, Батсүх, Дэмчигсүрэн бид дөрөв явсан. Тэгээд осолд орсны дараа Хашаат сумын хүн эмнэлэгт очиж эмнэлгийн тусламж авсан. Зам тээврийн осол болох үед манай байгууллагын дарга Дэмчигсүрэн жолоодож явсан. Дэмчигсүрэн дарга Архангай аймгийн Хотонт сум өнгөрөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум руу дөхөж очоод автомашин жолоодож эхэлсэн. Би Завхан аймгийн төвөөс эхэлж автомашин жолоодсон учраас нойр хүрээд жаахан амраад хөдлөе гэтэл би бариад явъя гэсэн. Тэгээд явж байгаад онхолдож зам тээврийн осолд орсон. Урьд өмнө нь Дэмчигсүрэн дарга бид хоёр жолоогоо ээлжээр бариад явчихдаг байсан. Би сайн мэдэхгүй байна. Яг зам тээврийн осол болох үед би унтаж явсан. Оюунгэрэл, Батсүх нар унтаж явсан эсэхийг нь би мэдэхгүй. Автомашины арын суудалд сууж явсан. Дэмчигсүрэн дарга нэг их давхиад байдаггүй 60-70 км цагийн хурдтай л явдаг. Бид хоёр байнга л хамт явдаг учраас сайн мэднэ. Мөн 100 км цаг хүрхээрээ дохиолол дуугардаг. Дохиолол дуугараагүй учраас ямар ч байсан 100 км цагийн хурдтай яваагүй. Үүнээс бага хурдтай явсан гэсэн үг. Надад гэмтэл учраагүй. Дэмчигсүрэн дарга болон бусад хүмүүсийн хэн нь ч архи согтууруулах ундааны зүйл хэрэлээгүй байсан. Бид нар Завхан аймгаас 2016 оны 05 дугаар сарын 23-ны орой 17-18 цагийн орчимд Завхан аймгаас хөдөлсөн. Завхан аймгаас Архангай аймаг хүртэл 500 гаруй км зайтай байдаг. Надад гомдол санал байхгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн Б.Оюунгэрэлийн: “...2016 оны 05 дугаар сарын 20-ны үед шиг санагдаж байна. Цаг хугацааг нарийн сайн санахгүй байна. Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Дэмчигсүрэн, Доржсүрэн, нэрийг нь мэдэхгүй 1 залуугийн хамт дөрвүүлээ явж байгаад Архангай аймгийн Хашаат сумын нутагт Завхан аймгаас Улаанбаатар хот руу чиглэлтэй явж байгаад онхолдож зам тээврийн осолд орсон. Би тухайн үед унтаж явсан учраас яг сайн мэдэхгүй байна. Зам тээврийн осол өглөө эрт болсон. Завхан аймгаас Доржсүрэн автомашин жолоодож явсан. Архангай аймгийн төв өнгөрөөд Дэмчигсүрэн барьсан. Аймгийн төвөөс хир хол явсны дараа Дэмчигсүрэн автомашин барьсан эсэхийг мэдэхгүй. Би унтаад явсан. Ямар ч байсан зогсоод жолоогоо шилжүүлж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь газар хэвтэж байсан. Миний бие маш их өвдөж байсан. Босох гэхээр чадахгүй байсан. Тэгээд Хашаат сумын эмнэлэг орж анхны тусламж авсан. Бид нарын хэн нь ч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би унтаж явсан болохоор сайн мэдэхгүй байна. Одоогийн байдлаар анхны байдлаасаа дээрдэж байгаа. Бид нар бүгдээрээ суудлын бүсээ бүслээгүй байсан. Гэхдээ Дэмчигсүрэн, Доржсүрэн нар урд сууж явсан учир бүсээ бүсэлсэн эсэхийг анзаараагүй. Гэхдээ бүслээгүй байсан байх гэж бодож байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 дугаар тал/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн, яллагдагч Ч.Дэмчигсүрэнгийн: “...би өмгөөлөгч сонгон аваагүй. Өмгөөлөгчгүй байцаалт өгнө. Би мэдүүлэг өгнө надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2016 оны 05 дугаар сарын 24-ний 5-6 цагийн орчимд шиг санагдаж байна Архангай аймгийн Хашаат сумын Цагаан нуур багийн Нуурын булан гэх газарт асфальтан хар зам дээр Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын эзэмшлийн 53-70 ЗАН улсын дугаартай ланд круйзерь 70 маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад онхолдож зам тээврийн осолд орсон. Би камбиндаа Оюунгэрэл, Батсүх, Доржсүрэн нарын хамтаар явж байсан. Би Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд буюу баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан. Гэтэл нэг ачааны чиргүүлтэй том автомашинтай зөрсөн тэгээд нэг мэдэхэд л автомашин онхолдсон. Ойролцоогоор 2 л өнхөрсөн байх. Замын эсрэг урсгалд ороод зүүнээсээ баруун тийш харчихсан, дөрвөн дугуй нь дээшээ харчихсан байсан. Тэгээд Хашаат сум руу ору цагдаад мэдэгдэн эмнэлгийн тусламж авсан. Ийм л зүйл болсон. Би автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй, би тийм хурдтай яваагүй. Ойролцоогоор 40-50 км цагийн хурдтай явсан. Тухайн ачааны автомашин зам голлоод өөдөөс ирж явсан ба миний явж байсан урсгалд зөрчих зай байсан. Тэгээд зөрөөд зам руугаа голлох маягтай дартал автомашин онхолсон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба би угаасаа энэ төрлийн зүйлийг хэрэглээд байдаггүй. Архангай аймгийн Хотонт сумын зүүн талын гүүрнээс эхлэн цааш жолоо барьсан. Яг хэдэн км газар гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан их л ойрхон газар юм.
Би зүйл ангийг ойлгож байна. Энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч сонгон аваагүй. Байцаалтандаа өмгөөлөгч оролцуулахгүй. Би тухайн үед Завхан аймгийн Сонгуулийн хорооны даргаар томилогдсон байсан. Сонгуулийн ерөнхий хорооноос надад бичиг ирүүлсэн ба 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод даац сайтай тээврийн хэрэгсэлтэй ир гэсэн ба буцахдаа сонгуулийн материал ачна гэж байсан. Үүний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газраас албан томилолт аваад 2016 оны 05 дугаар сарын 23-ны орой ажил тарсны дараа Завхан аймгийн төвөөс хөдөлсөн. Би Эрүүл мандийн газрын Ланд круйзерь 70 маркийн 53-70 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй жолооч Доржсүрэнгийн хамтаар гарсан. Харин Завхан аймгийн төвөөс Оюунгэрэл, Тэлмэн сумын төвөөс Батсүх нар суусан. Тэгээд Архангай аймгийн төвд шөнө орж ирээд шууд явсан. Тэгээд Архангай аймгийн Хотонт сум өнгөрөөд би жолоо барьсан. Тухайн үед манай жолооч Доржсүрэн ядраад үүрэглээд байх шиг байсан. Тэгээд бууж бие засцгаагаад би бариад хөдөлсөн. Тэгээд Архангай аймгийн Хашаат сумын нутагт явж байгаад онхолдож зам тээврийн осолд орсон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би осол болох үед тийм их хурдтай яваагүй. Осол болох үед миний өөдөөс зам голлосон байдалтай ирж байсан. Би хажуугаар нь багтах юм байна гэж бодоод зөрсөн ба зөрөөд дуусчихлаа гээд зам руугаа дартал онхолдсон. Цаашид юу болсныг мэдэхгүй байна. Зам тээврийн осол 2016 оны 05 дугаар сарын 24-ний өглөө болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74, 77-78 дугаар тал/
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 251 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтэд: “...1. Д.Батсүхийн биед зүүн талын шаант ясны доод хэсгийн ташуу хугарал, баруун шагайн гадна хавчаарын далд хугарал, зүүн хацар яа, зүүн нүдний ухархайн дотор шилбэнд шарх, духанд язарсан шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал зулгаралт, зүүн гарын бугуй, сарвуу хэвлий хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, хэсэг газрын шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Осолд орсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1-д зааснаар 2 шилбэний хугарал, зүүн хацар яа, зүүн нүдний ухархайн дотор хана, гайморын хөндийн гадна ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт, зүүн шилбэнд шарх, духанд язарсан шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтлүүд нь 2-4-1-д зааснаар хөнгөн зэрэгт, зүүн гарын бугуй, сарвуу хэвлий хэсэгт зулгаралт нь 2-6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр тал/
* Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 40 дугаартай дүгнэлт:
Дүгнэлтэд: “...1. Жолооч Ч.Дэмчигсүрэн нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрминй 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн худрыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь буадад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Жолооч Ч.Дэмчигсүрэн нь замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. 3. Жолооч Ч.Дэмчигсүрэн нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “BCDE” ангилалын №117027 дугаартай үнэмлэхтэй, хүчинтэй байна. Иймээс “В” ангилалтай тул тус тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн ангилал тохирч байна. 4. Тухайн замын нөхцөл байдал нь асфальт, шулуун тэгш уруу, өгсүүр, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй байсан нь осол гарахад нөлөөлөхгүй. 5. Тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр тал/
* Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар тал/
* Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7, 12, 57 дугаар тал/
* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр тал/
* Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 18 дугаар тал/
* “Ашид билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 55-56 дугаар тал/
* “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 140-143 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Дэмчигсүрэн нь 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад баг, Нуурын булан гэх газар 53-70 ЗАН улсын дугаартай Тоёото Ланд круйзер 70 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 1.5 дахь хэсэгт заасан “ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч Завхан аймгийн Эрүүл мэндийн газарт үлэмж хэмжээний буюу 20.625.000 төгрөгийн хохирол, уг автомашинаар зорчиж явсан иргэн Д.Батсүхийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: 2016 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 6-7 цагийн орчим Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд шүүгдэгч Ч.Дэмчигсүрэнгийн жолоодож явсан 53-70 ЗАН улсын дугаартай тоёото ланд круйзер 70 маркийн автомашин Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн Нуурын булан гэх газарт онхолдож осол болсон талаар мэдүүлсэн хохирогч Д.Батсүхийн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/, З.Доржсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/, гэрч Б.Оюунгэрэлийн /хх-ийн 32-35 дугаар тал/, уг ослын улмаас хохирогч Д.Батсүхэд хүндэвтэр гэмтэл учирсан болохыг нотолсон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 251 тоот дүгнэлт /хх-ийн 41 дүгээр тал/, хохирогч Завхан аймгийн Эрүүл мэндийн төвд үлэмж хэмжээний буюу 20.625.000 төгрөгийн хохирол учирсан болохыг нотолсон “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн №72808/б тоот дүгнэлт, үнэлгээний тайлан, осол болох үед Ч.Дэмчигсүрэн нь Замын Хөдөлгөөний дүрмийн 9.1, 1.5 дахь заалтуудыг зөрчсөн талаарх Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 40 тоот шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Дэмчигсүрэн нь ослын улмаас Завхан аймгийн Эрүүл мэндийн төвд их хэмжээний буюу 25.950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ны 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1079 тоот үнэлгээний тайлангаар нотлогдсон гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүхийн шатанд гаргуулсан шинжээч А.Бямбажавын 292 тоот, “Итгэлт-Эстимэйт” ХХК-ны бүрэлдэхүүнтэй шинжээчийн №72808/б тоот дүгнэлтүүдээр хохирлын хэмжээ нь их хэмжээний хохиролд хүрэхгүй байх тул Ч.Дэмчигсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Ч.Дэмчигсүрэн нь 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хугацаа өнгөрсөн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан үндэслэлээр Ч.Дэмчигсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Дэмчигсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор хураан авч шүүхэд ирүүлсэн Ч.Дэмчигсүрэнгийн №117027 дугаартай тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 246 дугаар зүйлийн 246.2, , 283, 294, 295, 296, 297 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Дэмчигсүрэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Ч.Дэмчигсүрэнг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан үндэслэлээр шүүгдэгч Ч.Дэмчигсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Ч.Дэмчигсүрэнгийн “BCDE” ангилалын №117027 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
5. Шүүгдэгч Ч.Дэмчигсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг танилцуулснаар хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Ч.Дэмчигсүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ