| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2018/03032/И |
| Дугаар | 2267 |
| Огноо | 2018-10-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2267
2018 оны 10 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2018/02267 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б /РД: /-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц /РД: /-д холбогдох,
хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ц.Ц шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Бид 2 жилийн өмнө Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл өгөөд эвлэрч байсан. Энэ бол дахин өгч байгаа нэхэмжлэл. Би нэхэмжлэлээ буцааж аваад хүүхэдтэйгээ амьдрахаар болж байсан. Тэгээд хариуцагч бид 2-ын дунд жоохон асуудал гарахад л энэ хүн ярилцахгүй яваад алга болчихдог. Би араас нь “миний хайр хүрээд ир, миний буруу, уучлаарай” гэж л хэлэхгүй л бол болдоггүй. Мэдээж хэрүүлд бол 2-лаа л буруутай. Тэр болгонд нь би араас хөөцөлдөж гүйж “2 хүүхдээ бодоо дахиад би 2 хүүхдээ эцэггүй байлгамааргүй байнга” гэж байнга гуйдаг. Өнгөрсөн 4 дүгээр сард охин өвчтэй дусал хийлгээд байж байхад манай том хүүгийн ааваас нь “битгийн хүнд гай болоод бай” гэдэг мессеж ирсэн. Би том хүүгийнхээ ааваас нь салсныхаа дараа Ц.Цтэй суусан. Ц.Ц бид 2 хамт байх хугацаанд би тэр хүнтэй холбоотой байхдаа нэг ч удаа уулзаж байгаагүй. Зөвхөн утсаар мессеж бичиж ярьдаг байсан. Тэр хүн хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгоогүй, саналаараа хүүхдэдээ байраа өгөөд салж байсан. Мөн хүүхдийнхээ хэрэгцээний мөнгийг өгдөг, ер нь бол амьдралын боломжтой хүн. Ц.Ц тэр байдлыг ойлгох ёстой байтал ойлгохгүй, хүүхдээ өвчтэй байхад хэрүүл хийж, эмнэлгээс гарч гүйгээл тэрнээс хойш ирээгүй. Утсаар намайг доромжилдог. Би өчнөөн араас нь гүйсэн болохоор энэ хүн үнэхээр хүүхдүүдээ гэж боддог бол хэсэг хугацааны дараа өөрөө ухамсарлаад хүрээд ирэх болов уу гэж өдийг хүртэл хүлээлээ. Энэ хооронд нэг ч төгрөг өгөөгүй, нэг ч утсаар яриагүй, хүүхдийн баяр, хүүхдийн төрсөн өдөр, сая болсон үсний найранд ирээгүй, нэг ч удаа эцэг хүний ёсоор миний хүү гэж хандаагүй. Надаас салж болно. Гэхдээ энэ хүнд 2 хүүхдээ гэсэн сэтгэл өчүүхэн ч байхгүй. Хүүхдүүд нь өдөр болгон “ааваа ааваа” гээд гүйж байхад энэ хүнд ямар ч зүрх сэтгэл байхгүй. Аав нь тэнгэр рүү явсан гэж хэлэхээр “манай аав тэнгэрт байгаа, онгоцоор ниссэн” гэж өдөр болгон хэлдэг. Өглөө босоод л “ааваа Түшигийг аваарай” гэж хэлэхэд нь надад хэцүү байдаг. Энэ хооронд нэг ч удаа хүүхдийн хоолны мөнгө, памперс, сүүг нэг ч удаа өгч байгаагүй. Миний ээж, аав байгаагүй бол би өнөөдөр яаж амьдарч байхыг мэдэхгүй. Том хүүгийн маань аавынх нь өгсөн мөнгөнөөс би 2 хүүхдээ тэжээдэг. Би хүүхдэдээ хэрэгтэй юмыг нь өгнө, чамтай бол амьдрахгүй гэж хэлж болох л байсан. Ар гэрийнх нь огт манай хүүхдийг асуудаггүй. Энэ хүний ээжийг нь би нэг ч удаа харж байгаагүй. Аав нь болохоор хойд ээжтэй нь амьдардаг. Би цагаан сараар нэг очиж байсан. Хүүхдийн маань 1 насны төрсөн өдрөөр нэг ирж байсан. Тэрнээс биш бид 2-ыг тусдаа байх хугацаанд нэг ч удаа ирж байгаагүй. Ц.Ц намайг бүх юмнаасаа блок хийсэн болохоор харьцах ямар ч боломжгүй байгаа. Нэг удаа хүүхэд норкозонд орох болоод эх нялхсын эмнэлгээс ярихад “ядаргаатай юм бэ” гэж хэлээд ирээгүй. Хүн чанар гэж энэ хүнд байдаггүй. Би охинтойгоо дарханы замд явж байгаад осолд ороход энэ хүн ирээгүй. Тэр хугацаанд ажлынхаа н.Мөнхзул гэдэг хүүхэнтэй хамт байсан гэсэн. Гэхдээ би буруутгаагүй. Тусдаа амьдарч байсан, хэн хэн нь харьцаагүй байхад энэ хүн ямар ч хүүхэнтэй харьцаж болно гээд би хүлээн зөвшөөрсөн. 04 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хүүхдэдээ жоохон ч гэсэн сэтгэл гаргах нь уу гэж харсан. Энэ хүн миний өмнө бас л эхнэр хүүхэдтэй байсан хүн. Тэр хүүхэд хайран, миний 2 хүүхэд хайран байна. Хүн болгонд бурханаас ихэр хүүхэд заяагаад байдаггүй. 2 хүүхдийнхээ хувь заяаг уландаа гишгэж байгаад нь их харамсаж байна. Энэ хүнийг ээлжийн ажилтай өглөө ажлаасаа ирэхэд нь би хоолыг нь оронд зөөдөг байсан. Энэ хүн босоод тоглохоор гараад явчихдаг. Өөр энэ хүнд хийж байсан зүйл нэг ч байхгүй. Цалингаа буухаар нэг удаа сүү, памперс авч өгч байсан. Байрны, хоолны мөнгө гэж юу ч төлдөггүй. Тэр бүгдийг нь манай аав, ээж болгодог. Энэ хүний цалин хэдэн төгрөг байдгийг ч мэддэггүй. Хаашаа цалин үрэгддэгийг ч мэддэггүй. Надтай ярилцдаггүй. Би машинаа зарж, жижиг машин болгоод мөнгөөр нь орон гэрээ тэжээж, иймэрхүү л амьдралаар амьдарч байна. Иймд хүүхдийн тэтгэлгийг гаргуулж, эцэг гэх нэр овгийг солимоор байна” гэв.
Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хамтарч амьдрах боломжгүй болсон шалтгаан нь хуучин нөхөр нь байнгын холбоотой байдаг. Хамт амьдрахад хэцүү байдаг. Хоорондоо дотно харилцаатай. Түрүү жилийн намраас хойш тэр хүнийхээ байранд амьдарсан. Тэр гэрт эд хогшил нь байдаг. Би хүний нууц амраг шиг тиймэрхүү байдалтай байдаг байсан. Бид 2-т насны зөрүү байгаа. Цалингийн хэд буудгийг нь мэдэхгүй, зарцуулдаггүй гэж байна. Цуг амьдарч байсан хугацаандаа 2 хүүхдээ би л тэжээж байсан. Одоо хүүхдийнхээ тэтгэмжийг хуульд зааснаар өгнө. Эцэг тогтоолгох шаардлагагүй миний хүүхэд мөн” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг Ц.Цд холбогдуулан гаргажээ.
Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд Б.Б, Ц.Ц нар 2014 онд танилцаж, мөн оноос үерхэж, хамтран амьдрах болж, 2016.07.18-ны өдөр охин Ц.Э, хүү Ц.Т нарыг төрүүлсэн, хүүхэд эцгийн нэрийг авсан болох нь бүртгэлийн 1107003635, 1107003634 дугаар хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон байна.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй тул Б.Б, Ц.Ц нарыг хууль ёсны гэр бүл гэж үзэхгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан байна.
Иймд охин Ц.Э, хүү Ц.Т нарын эцэг мөн болохыг хариуцагч Ц.Ц хүлээн зөвгөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хүүхдийн эцэг мөн болохыг тогтоож, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоож, сар бүр хариуцагчаас гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон /198,600/2х12/ 1,191,600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид /33,148х2/ 66,296 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2016.07.18-ны өдөр төрсөн охин Ц.Э, хүү Ц.Т нарыг эх Б.Бгийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2016.07.18-ны өдөр төрсөн охин Ц.Э, хүү Ц.Т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Ц.Цээс гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Цээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн улсын тэмдэгтийн хураамжид 66,296 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ