Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/148

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

 Нарийн бичгийн дарга          Б.Болорчимэг,

 Улсын яллагч                        А.Баясгалан,

 Шүүгдэгч                                   М.Б*******нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Сартуул овогт М*******Баттөгсөд холбогдох 2231001410119 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн М******* сумын 3 дугаар баг, Б******* 2-18 тоотод оршин суудаг,

Урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 хоногийн хугацаагаар хорих ял,

Сэлэнгэ аймгийн М******* сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зуйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, Сартуул овогт М*******Б*******/РД:*******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б*******нь самар түүх зорилгоор иргэдийг зохион байгуулж, 2022 оны 03 дугаар сарын 04-ий өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 7 дугаар заставын хариуцсан хилийн 718 дугаар тэмдэгтийн орчмоор Монгол улсаас Оросын холбооны улс руу Монгол улсад орох гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б*******мэдүүлэхдээ: “... 2022  оны 1-р сард би хүмүүс самарт авч явсан, бидний очсон газар олигтой самар байхгүй болохоор нь самар хайж яваад  нэг мэдсэн хил зөрчсөн байсан. Би тухайн үед хил зөрчсөнөө мэдсэн боловч авч явж байгаа хүмүүст хэлээгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.         

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч К.Х******* мэдүүлэхдээ: ...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баттөгс, Д******* 2 намайг “самартай газар байна, хамт явъя” гэж Сэлэнгийн Хотхооны рашаан гэдэг газарт дуудаад би 1 сарын 10-ны үед очсон санагдаж байна. Тэгээд хотхооны рашаанд очоод самар хайсан боловч олигтой их самар олдоогүй 1 сар орчим болоод 2021 оны 02 дугаар сарын 05-нд Баттөгс, Ууганбаяр бид 3 Эрээн уулын чиглэлд самартай байж магадгүй гэж бодоод явганаар 5 хоног явсан. Тэнд очиход 4 машинтай 50-аад хүн самар түүж байсан. Тэгээд бид нар ямар ч байсан самартай юм байна гэж бодоод буцаад Хотхооны рашаан руу явсан. Тэндээс машинаа аваад Бугант тосгон руу Эрээн уул руу явах бензин, хүнс зэргээ бэлдэхээр явсан. Ингээд бид нар 18-19-үүлээ Эрээн уул руу 2 Зил 131 машинтай явсан. Ингээд 2022 оны 03 дугаар 01-нд Эрээн ууланд очоод самар байхгүй болохоор нь цаашаа явганаар явж 2022.03.06-ны өдөр өөр газар очиж байрласан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс самраа түүж эхэлсэн. Ингээд самар түүж явж байхад манай хүмүүсийн нэг нь Орос хүмүүс, орос байшин байгаа талаар хараад бид нарт хэлсэн. Тэгээд Б*******бид 2 тэр Орос хүмүүс дээр очиж уулзахаар явсан. Бид 2 тэр Орос хүмүүстэй байшинд нь очиж уулзахад 1 эмэгтэй, 3 эрэгтэй 4 орос хүн байсан. Би тэр 4 хүнтэй нь оросоор ярихад “Орост дайн эхэлсэн байгаа, хилийн хамгаалалт чангарсан байгаа, та хэд даруй буц, хил зөрчсөн байна” гэж хэлсэн. Тэгээд бид 2 отог дээрээ буцаж хүмүүсээ буулгасан. Ингээд маргааш нь 2022 оны 03 дугаар сарын 08-нд эмэгтэйчүүдийн баяр болж байсан болохоор нэг хоног амръя гэж шийдээд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нь отгоо буулгаад нүүж эхэлсэн. Ингээд тэр өдрөө Оросын буутай цэргүүдэд баригдсан. Тэгээд орой нь бид нарыг Монголын талд хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 56-57 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Д******* мэдүүлэхдээ: ...Оросын нутаг дэвсгэр буюу Эрээн уулын хойд талд 3 хоног буудалласан. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр буцах гээд Монгол Улсын тал руу хөдөлцгөөсөн боловч Орос цэргүүдтэй тааралдаж саатуулагдсан. Хамт явсан хүмүүстээ самар түүх гэж байгаа газар Оросын нутаг дэсвгэр гэж хэлээгүй. Баттөгс, Х*******, бид 3 л мэдэж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 67-68 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Алмас мэдүүлэхдээ: ...2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Оросын Холбооны Улсын талд нийт 33 иргэн Монгол Улсын иргэн ОХУ-ын нутгийн гүнд 4 км газарт явганаар самар түүж байгаад саатуулагдсан талаар Оросын Холбооны Улсын Мангуут хэсгийн Хилийн бүрэн эрхт төлөөлөгчөөс албан захидал ирүүлсэн. Мөн тухайн иргэдийг хил зөрчсөн хэсгээр буцааж Монгол Улсын нутаг дэвсгэр рүү буцаасан талаар мэдэгдсэн. Тэгээд тухайн үед хилийн 0243 дугаар ангиас дэд хурандаа Б.Буяннямаар ахлуулсан бүлэг тухайн иргэдийг саатуулах зорилгоор явсан. Тэгээд тухайн иргэдийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ерөө сумын Хатанцаа голын эх хэсэгт буцаж явж байхад нь бүлэг саатуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 72-73 дугаар тал/,

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харъяааллын дагуу шилжүүлэх тухай, /хх-ийн 4-5 дугаар тал/,

Оросын холбооны улсын албан захидал, /хх-ийн 23-26 дугаар тал/,

Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа, /хх-ийн 38-39 дүгээр тал/,

Хил нэвтэрсэн иргэдийн үнэмлэхийн хуулбар, /хх-ийн 34-54 дүгээр тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 85-86 дугаар  тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 15 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 95 дугаар тал/,

Жолоочийн лавлагаа, /хх-ийн 105 дугаар тал/,

Оршин суугаа газрын лавлагаа, /хх-ийн 106 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч М.Б*******нь самар түүх зорилгоор иргэдийг зохион байгуулж, 2022 оны 03 дугаар сарын 04-ий өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 7 дугаар заставын хариуцсан хилийн 718 дугаар тэмдэгтийн орчмоор Монгол улсаас Оросын холбооны улс руу Монгол улсад орох гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь:

Оросын холбооны улсын албан захидал, /хх-ийн 23-26 дугаар тал/,

Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа, /хх-ийн 38-39 дүгээр тал/,

Хил нэвтэрсэн иргэдийн үнэмлэхийн хуулбар, /хх-ийн 34-54 дүгээр тал/,

Гэрч К.Х*******ийн мэдүүлэг /хх-н 56-57 дугаар тал /

Гэрч  Г.Д*******ын мэдүүлэг / хх-н 67-68 дугаар тал /

Гэрч М.Алмасын мэдүүлэг / хх-н 72-73 дугаар тал / мэдүүлэг зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна.

Иймд М.Баттөгсийг Монгол  улсын гарах хилийг эрхийн бичиггүй буюу  хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.  

Шүүгдэгч М.Б*******нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч М.Б*******нь самар түүх зорилгоор иргэдийг зохион байгуулж, 2022 оны 03 дугаар сарын 04-ий өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 7 дугаар заставын хариуцсан хилийн 718 дугаар тэмдэгтийн орчмоор Монгол улсаас Оросын холбооны улс руу Монгол улсад орох гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээ, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол нэг мянга гарван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч М.Баттөгсийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул  хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй байна.

Шүүгдэгч М.Баттөгсөд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Гэвч шүүгдэгч М.Баттөгсийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж ,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 1 жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар. .

Шүүгдэгч М.Баттөгсөд холбогдох хэрэгт  хохирогчоор тогтоогдсон хүн, хуулийн этгээд байхгүй тул шүүгдэгч М.Б*******бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бичиг баримт байхгүй, шүүгдэгч цагдан хоригдсон  хоноггүй болно.

Шүүгдэгч М.Баттөгсөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

                                                   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Сартуул овогт М*******Баттөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М*******Баттөгсийг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар М*******Баттөгсийн Сэлэнгэ аймгийн М******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг  хязгаарласугай.

4.Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан М.Баттөгсийг  1 жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

5.Шүүгдэгч М.Б*******нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                          ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ