Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/152

 

 

 

 

 

 

 

 

 

                                       Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх  хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,

Улсын яллагч Т.Нансалмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх,

Шүүгдэгч Д.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тэрттэн овогт Дагвийн Батсайханд холбогдох эрүүгийн 2231000890120 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Ц*******суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймаг, Ц*******сум, 1 дүгээр баг, У*******гэх газар оршин суух үндсэн хаягтай, одоо Д*******-Уул аймгийн Д******* сум 6 дугаар баг 1 дүгээр байрны 27 тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тэрттэн овогт Дагвын Батсайхан, регистрийн дугаар:*******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Батсайхан нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “Долоон гол” гэх газраас нэн ховор амьтан болох Хүдэр /эр/ 15 ширхгийг тусгай зөвшөөрөлгүй агнаж байгаль экологид 90.000.000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан”

Мөн ховор ургамал болох жинхэнэ онгол /чага/ мөөг 4.035 киллограммыг  зохих зөвшөөрөлгүйгээр түүж 408.745 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                           

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батсайхан мэдүүлэхдээ: “... Нэн ховор 15 ширхэг  хүдэр  агнасан,  мөн  чага  мөөг түүсэн. Хууль бусаар ан агнаж ургамал түүсэн

нь миний буруу, Хууль зөрчиж буруу үйлдэл хийсэндээ харамсаж байна гэв.

      Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Б*******мэдүүлэхдээ: “...Байгаль экологид учирсан хохирлын мөнгөн дүнг нэхэмжилнэ. Нэн ховор амьтныг агнасан үйлдлийг байж болохгүй үйлдэл гэж бодож байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.З******* мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би 22 цагийн орчимд таньдаг ахындаа оччихоод гэр рүүгээ алхаад Хайгуулын араам гэх газрын орчимд явж байтал 40 гаран насны том оврын хар өнгийн үүргэвч үүрчихсэн эрэгтэй замд таарсан. Тухайн хүн надад “ажил явдал гараад яаралтай Д******* явах болчихлоо унаа олоод өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би манай хөрш Заяа ах төв рүү такси үйлчилгээ хийдгийг санаад түүн рүү ярьж холбогдоод тухайн залуутай гэр рүү нь очсон. Тэгээд түүнийг Заяа ахтай уулзуулчихаад гэр рүүгээ орсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ш.Э******* мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Эко-2022 нэгдсэн арга хэмжээний үеэр эргүүл хяналт шалгалтаар ажиллаж байсан. Ажиллаж байхад 96-21 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Хөвсгөл аймгийн иргэн Д.Батсайханы ачаа тээшинд үзлэг хийхэд нэн ховор амьтан болох Хүдэрийн заар мөн төмөр хавх, шаазгай байсныг Аймгийн төвийн жижүүрт мэдэгдсэн. Удалгүй ажлын хэсгийн бүрэлдэхүүн ирсэн. Уг тээврийн хэрэгслийн жолооч нь Бугант тосгоны иргэн Ц.Б******* байсан ба зорчиж буй иргэн нь би 4 хүний мөнгийг төлнө гэж хэлээд 150.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Э******* мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэртээ амарч байтал оройн 23 цаг болж байхад төрсөн ах Б******* над руу гар утсаар залгаад “хоёулаа Д*******-Уул аймаг руу хамт явчихаад ирье, хүн хүргэж өгөх хэрэгтэй байна" гэж хэлсэн. Тэгээд ах Б******* намайг өөрийн тээврийн хэрэгсэлтэй гэрийн гаднаас ирж авсан. Намайг машинд нь суухад нэг танихгүй хүн урд талын суудал дээр нь суучихсан байсан. Замдаа явж байтал Д*******-Уул аймгийн хойд талын постон дээр Бугант тосгоны хэсгийн төлөөлөгч зогсоож манай машиныг шалгасан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Б******* мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэртээ амарч байтал манай урд байдаг Ука гэдэг залуу над руу гар утсаар 22 цаг 15 минут болж байхад залгасан. Та Д******* явах юмуу нэг хүн байна 150.000 төгрөг төлөед явна гэж байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ байж байхад Ука уг залууг манай гэрт авч ирсэн. Би уг хүнийг суулгаад Дашаа гэх залуугийнд очсон тэндээс уг суусан хүн хувцас авсан. Миний машинд суухдаа хар цүнх, цагаан шуудай, цэнхэр өнгийн тортой суусан. Уг хүн Бугантаас гарахдаа нэг хүнтэй би одоо гарч байна гэж хэлээд утсаар яриад утсаа миний машинд цэнэглүүлсэн. Би уг хүнийг машиндаа суулгаад ханьтай явах санаатай дүү Э*******ыг гэрээс нь очиж авсан. Би уг залууг Д******* уул аймаг руу хүргэж өгөх гээд 23 цаг өнгөрч байхад Бугант тосгоноос хөдөлсөн Тэгээд Д*******-Уул аймгийн хойд пост дээр ирэхэд Бугант тосгоны хэсгийн төлөөлөгч зогсоосон. Би Батсайхан гэдэг хүнтэй өмнө нь уулзаж байгаагүй танихгүй хүн байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 913 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн дээрх зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Бие гүйцсэн /эр/ Хүдэрийн заар байна. Эдгээр нь 15 ширхэг бодгалийн заар байна. Эдгээр эрхтнээр агнагдсан цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Хүдэр нь Нэн ховор амьтны жагсаалт. Монгол улсын улаан номонд орсон зүйл. Хүдэрийн нэг эрийг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 67-75-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 912 дугаартай: “...   

1.Шинжилгээнд ирүүлсэн 3 бодгаль шувуу болох Ятга шаазгай, 1 ширхэг шувууны толгой ( их биегүй) нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн 3 бодгаль  шувуу нь Хэрээнийхэн овгийн Ятга шаазгай ( Цагчаа ятга шаазгай) -Garrulus glandarius (Linnaeus, 1758) 1 ширхэг шувууны толгой ( их биегүй) нь Тоншуулынхан овгийн Хар тоншуул Dryocopus martius (Linnaeus, 1758) байна.

3.Шинжилгээнд ирүүлсэн 3 бодгаль (толгойтой, их бие) шувуу болох Ятга шаазгай ( Цагчаа ятга шаазгай) -Garrulus glandarius (Linnaeus, 1758) -ны нас хүйсийг тогтоох боломжгүй. , 1 ширхэг шувууны толгой ( их биегүй) нь толгойн ясны дагзны хэсэгтээ улаан өнгийн үстэй зэрэг шинжээрээ (морфологи) эм хүйсийн Тоншуулынхан овгийн Хар тоншуул Dryocopus martius (Linnaeus, 1758) байна.

4.Шинжилгээнд ирсэн 1 ширхэг шувууны толгой (их биегүй) 3 бодгаль шувуунуудын агнагдсан байдал болон цаг хугацааг  тодорхойлох нь экологийн шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй.

5.Шинжилгээнд ирсэн уг шувуудыг юунд зориулж, ямар аргаар бэлтгэж, хэрэглэдгийг тогтоох нь экологийн шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй.

6.3 бодгаль болох Ятга шаазгай ( Цагчаа ятга шаазгай) -Garrulus glandarius (Linnaeus, 1758), 1 ширхэг хар тоншуул Dryocopus martius (Linnaeus, 1758) нь нэн ховор болон ховор амьтдын жагсаалтад багтаагүй “Ховордлын зэрэглэлгүй” шувуу байна.

7.Шинжилгээнд ирүүлсэн 3 бодгаль болох Ятга шаазгай ( Цагчаа ятга шаазгай) -Garrulus glandarius (Linnaeus, 1758), 1 бодгаль Хар тоншуул Dryocopus martius (Linnaeus, 1758) нь “Ховордлын зэрэглэлгүй” шувууд тул экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоогдохгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 80-89 дүгээр тал/,

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 18-04-003/15 дугаартай: “...Хөвсгөл аймгийн харъяат иргэн Д.Батсайхан нь Сэлэнгэ аймгийн нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр 15 ширхэг “Хүдэр” агнасан, тээвэрлэж явсан гэх зөрчилд холбогдсон нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын шалгаж буй 0110 дугаартай гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийн материал, холбогдогчоос хураан авсан 15 ш “худрийн заар” гэх амьтны эд эрхтэн, шинжээчийн дүгнэлт зэрэг баримт, материалуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.3 дах заалтуудыг зөрчсөн байна. ...Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тушаалаар баталсан ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 1 ш эр “Хүдэр буюу гирээ”-ний үнэлгээг 3.000.000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Экологийн шинжилгээний лабораторийн шинжээчийн  гаргасан  2022.03.10-ны өдрийн  913  дугаартай  дүгнэлт,  Монгол Улсын

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн тооцоход зохих  зөвшөөрөлгүйгээр 15 ширхэг “хүдэр” агнаснаас байгаль орчин, амьтны аймагт учруулсан хохирол /1 ширхэг хүдрийн үнэлгээ 3.000.000*2=6.000.000/ 15 ширхэг хүдэр буюу нийт хохирлын үнэлгээ 6.000.000*15 ш=90.000.000 төгрөг болж байна...” гэх акт, /хавтаст хэргийн 101 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч Ж.Ганцэцэг мэдүүлэхдээ:  “...2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаартай Шинжилгээнд ирүүлсэн хүрэн бор өнгөтэй зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Уг ургамал нь урт бие нь туруурхуу хагас дугуй эсвэл замбараагүй хэлбэртэй, барзгар хар хүрэн, зэвэн хүрэн. нил ягаан туяатай харавтар гадаргуутай. Голч 5-30 см болон түүнээс ч том тохиолдоно, өндөр нь 5-30 /40/ см сахлаг эд хатуувтар модлог бүтэцтэй, улбар хүрэн бор өнгөтэй, үнэр амт байхгүй. Урт бие нь ургах орчинтойгоо ташуу бэхлэгдсэн, гуурсны амсар тодорхой дүрсгүй. Тус мөөгний шинжлэх ухааны одоогийн нэршил нь “inоnotus Obliquus /Ach.Ex Pers./ Pilat” бөгөөд монгол Монгол нэршил нь Жинхэнэ онгол /хусны чага/ болно. Мөөгийг алхаар цохиж хөндийрүүлээд, жижиглэж хөвсгөр гадаргууг нь хуулна. Үлдсэн хэсгийг нь дулаан нөхцөлд хадгална. Хатаах явцад мөөг хатуурч хар хүрэн өнгөтэй болдог. Ардын уламжлалт эмчилгээнд цай шиг өдөр тутам ууж байвал хорт хавдраас сэргийлдэг гэж үздэг байна. Тус мөөг нь Монгол улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад багтсан. Мөн 2018 онд хэвлэгдсэн ургамлын улаан дансанд “Устаж байгаа-СR” биологийн төрөл зүйлийн ангилалд үнэлэгдсэн байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 “Экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаалын хавсралтаар Жинхэнэ онгол /Чага/ мөөг нь ховор ангилалд багтах ба нойтон жингийн үнэлгээ 144.700 төгрөг, хуурай жингийн үнэлгээ 101.300 төгрөг байна. Шинжилгээнд ирүүлсэн мөөгний одоогийн жин 4,035 кг хуурай байх ба үүнийг 101.300 төгрөгөөр үржүүлж тооцоход 408.745 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 152-153 дугаар хуудас/,

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 18-04-003/22 дугаартай: “...Тус мөөг нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад орсон бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/677 дугаар тушаалаар баталсан экологи эдийн засгийн үнэлгээгээр “Жинхэнэ онгол” /чага/ мөөгний хуурай жингийн үнэлгээг 101.300 төгрөг байхаар тогтоосон бөгөөд Сэлэнгэ аймгийн “Бэлчир” бүсийн сум дундын ангийн инженерийн гаргасан 2022.04.18-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь заалтыг тус тус үндэслэн тооцоход байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ 408.745*3=1.226.235 төгрөг болж байна...” гэх акт, /хавтаст хэргийн 157 дугаар тал/,

Шүүгдэгч Д.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөр байна. Би чага мөөгийг ховор ургамал гэж мэдээгүй. Би хүдэр амьтныг ганцаараа агнасан, мөөгийг ганцаараа түүсэн...” /хавтаст хэргийн 189 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Батбаяр мэдүүлэхдээ: “...Д.Батсайхан нь миний төрсөн дүү юм. Архи дарс уудаггүй, даруухан, тусархуу, олонтой нийтэч зантай. Ц*******сумандаа хааяа хааяа зэрлэг гахай  буудаж унагаж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 142-143 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Энхтуяа мэдүүлэхдээ: “...Манай нөхөр Д.Батбаярын дүү Д.Батсайхан нь цэвэрч, нямбай, ажилсаг, дуу цөөтэй, архи уудаггүй нийтэч залуу юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 146-147 дугаар тал/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 3 дугаар тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-08 дугаар тал/,

Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-13, 14-17, 18-20 дугаар тал/,

Эд зүйл, орон байранд үзлэг, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 21-29 дүгээр тал/,

“Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 911 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 93-97 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 76-77, 89, 99, 153-154 дүгээр тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай, /хх-ийн 182-185 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт: 

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 107 дугаар тал/,

Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, /хх-ийн 108 дугаар тал/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 110 дугаар тал/,

Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 111 дүгээр тал/, 

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 112 дугаар тал/,

Шүүгдэгчийн “Хаан банк”-ны дансны хуулга, /хх-ийн 113-119 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Батсайхан нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “Долоон гол” гэх газраас нэн ховор амьтан болох Хүдэр /эр/ 15 ширхгийг тусгай зөвшөөрөлгүй агнаж байгаль экологид 45.000.000 төгрөгийн хохирол учруулсан”

Мөн ховор ургамал болох жинхэнэ онгол /чага/ мөөг 4.035 киллограммыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж 408.745 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 3-р тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-08 дугаар тал/,

Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-13, 14-17, 18-20 дугаар тал/,

Эд зүйл, орон байранд үзлэг, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 21-29 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 911 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 93-97 дугаар тал/,

Гэрч Г.З*******ын мэдүүлэг, /хх-ийн 40 дүгээр тал/,

Гэрч Ш.Э*******ын мэдүүлэг, /хх-ийн 43 дугаар тал/,

Гэрч Ц.Э*******ын мэдүүлэг, /хх-ийн 48 дугаар тал/,

Гэрч Ц.Б*******гийн мэдүүлэг, /хх-ийн 50 дугаар тал/,

Шүүгдэгчийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, /хх-ийн 54-58 дугаар тал/,

Шинжээчийн 911, 912, 913 дугаартай дүгнэлтүүд, /хх-ийн 67-75, 152-153-р тал/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 хэсэг заасан...хууль бусаар нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан...зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал түүсэн гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна .

Шүүгдэгч Д.Батсайхан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Батсайхан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

      Шүүгдэгч Д.Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүх  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.,

 

Шүүгдэгч Д.Батсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1, 2-т заасан хүнд, хөнгөн гэмт хэргийн аль аль ангилалд нь хамаарч байна.

Шүүгдэгч Д.Батсайханд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчаас: Шүүгдэгч Д.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийн 2, 3-т зааснаар 4 жил 3 сарын хорих ялыг, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Д.Батсайхан нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролд 19.407.745 төгрөгийн хохирол төлсөн, үлдсэн хохирлыг хойшид төлнө гэдгээ илэрхийлж байгаа байдлыг харгалзан 24.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар ял оногдуулахдаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх заалт, болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу ялыг тэнсэж өгнө үү, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь зааснаар торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү, хохирол төлөөгүй хүнийг торгож болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй тул шүүх энэ байдлыг харгалзан үзнэ үү. Хэрэв торгох шийтгэл оногдуулах боломжгүй гэж үзвэл хорих ялын доод хэмжээгээр ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар.хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийн 2,3-т зааснаар 3 жилийн хорих ялыг, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Батсайхан нь гэмт хэргийн байгаль экологид нийт 91.226.235 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан бөгөөд үүнээс 19.408.745 төгрөг хохирлыг төлж. 71.817.490 төгрөгийн хохирол, хор уршиг төлөгдөөгүй байна.

Шүүхийн  хэлэлцүүлэгт  шүүгдэгч  Д.Батсайхан нь Д.Гантөмөр гэж хүний үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, фото зургийг ирүүлсэн боловч , тухайн хөрөнгөд Д.Гантөмөр гэгч нь хохирол төлөх баталгаа гаргаж өгсөн эсэх нь тодорхойгүй, мөн шүүгдэгч Д.Батсайхан нь ямар хэлбэрээр ,яаж хохирлыг төлөх талаар мэдүүлэг, тайлбараа шүүхэд өгөөгүй тул шүүгдэгчийг хохирол төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд торгох ял оногдуулах нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж, өмгөөлөгчийн саналыг хүлээн аваагүйг дурдах нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан байна. Иймд шүүгдэгч Д.Батсайхан нь байгаль экологид учруулсан 91.226.235 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах үүрэгтэй байна.

Шүүгдэгч Д.Батсайхан болон түүний өмгөөлөгчөөс хүсэлт гарган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөх хугацааг авч 2 сая/ хоёр / төгрөг төлж барагдуулсан болно.

Шүүгдэгч Д.Батсайхан нь энэ гэмт хэргийн улмаас шууд хохирол 45.408.745 төгрөг, хор уршиг 45.817.490 төгрөг бүгд 91.226.235 төгрөгийн хохирол учруулснаас 19.408.745 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д заасны дагуу хураагдан ирсэн 4.035 кг буюу 408.745 төгрөгийн үнэ бүхий чага мөөгийг улсын улсын орлого болгож , түүний 408.745 төгрөгийг хохирол, хор уршиг болох 71.817.490 төгрөгөөс хасаж , шүүгдэгч Д.Батсайханаас байгаль экологид учруулсан хохирол, хор уршиг болох 71.408.745 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах зүйтэй гэж үзэв.

Эд мөрийн баримтаар хүдрийн заар 15 ширхэг, ятга шувуу 3 ширхэг хураагдаж шүүхэд ирсэн гэх боловч муудаж үнэр   орсон гэх бөгөөд Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдаад ,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүдрийн заар 15 ширхэг, ятга шаазгай шувуу 3 ширхэг, төмөр хавх 5 ширхэг, Моnel гэсэн бичиглэлтэй шилэн жин, 7:64 гэсэн дугаартай сум 13 ширхэг, Е гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн хошуутай сум 5 ширхэг, 60:87 гэсэн дугаартай сум 2 ширхэг, 16 дугаартай улаан өнгийн сум 8 ширхэг, 16 гэсэн дугаартай ногоон өнгийн сум 5 ширхэг, 16 гэсэн дугаартай “cellior belliot” гэсэн бичиглэлтэй сум 22 ширхэг, шаргал өнгийн сум 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Батсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5 2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тэрттэн овогт Дагвын Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан", Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаар өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал түүсэн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дагвын Батсайханыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 / гурван / жилийн хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Батсайханы эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч Д.Батсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар хураагдан ирсэн 4.035 кг чага мөөгийг улсын орлого болгож, түүний үнэ 408.745 төгрөгийг хохирол, хор уршиг болох 71.817.490 төгрөгөөс хасаж, шүүгдэгч Д.Батсайханаас байгаль экологид учруулсан хохирол, хор уршиг болох 71.408 745 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

7.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хүдэрийн заар 15 ширхэг, ятга шаазгай шувуу 3 ширхэг .төмөр хавх 5 ширхэг, Моnel гэсэн бичиглэлтэй шилэн жин, 7:64 гэсэн дугаартай сум 13 ширхэг, Е гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн хошуутай сум 5 ширхэг, 60:87 гэсэн дугаартай сум 2 ширхэг, 16 дугаартай улаан өнгийн сум 8 ширхэг, 16 гэсэн дугаартай ногоон өнгийн сум 5 ширхэг, 16 гэсэн дугаартай “cellior belliot” гэсэн бичиглэлтэй сум 22 ширхэг, шаргал өнгийн сум 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шүүгдэгч Д.Батсайхан нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч. хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд. давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                            ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ