| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/03274/И |
| Дугаар | 102/ШШ2018/03282 |
| Огноо | 2018-11-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2018/03282
| 2018 оны 11 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2018/03282 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Скайтел Плаза 3 дугаар давхарт байрлах, хуулийн этгээдийн 2619032 регистртэй, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 16 дугаар байрны 16 тоотод оршин суух, эмэгтэй, 54 настай, ГЭ64061805 регистртэй, Боржигон овогт Д.Нд холбогдох,
196,539 /нэг зуун ерэн зургаан мянга таван зуун гучин есөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат нэхэмжлэгчээс олгогдсон итгэмжлэлийн дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Д.Н нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 63859 тоот С үйлчилгээний гэрээг С ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг Сгурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл Д.Н нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.3.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тасалбар болгон зогсоосон. Гэсэн хэдий ч 6 сарын үйлчилгээний төлбөр болох 54,539 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Мөн төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл болох 138,000 төгрөг, нийт 192,539 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд Д.Нас үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр нийт 192,539 төгрөг, нотариатын зардалд 4,000 төгрөг, нийт 196,539 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Хариуцагчийн зүгээс гэрээ байгуулаагүй гэх агуулга бүхий тайлбар гаргасан байсан. Бид хэрэглэгчийн бичиг баримт бүхий хувийн мэдээллийн дагуу гэрээ байгуулдаг учир хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм гэв.
Хариуцагч Д.Н шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
“С” ХХК-иас миний бие Д.Нд төлбөр төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж шүүхэд хандсан байна. Миний нэр, байр байсан боловч түрээслэж байгаа хүн нь миний нэр дээр гэрээ хийж төхөөрөмж тавиулсан байна. Гэрээн дээр би гарын үсэг зураагүй, би гэрээ хийгээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыгр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Д.Нд холбогдуулан, үйлчилгээний төлбөр 54,539 төгрөг, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 138,000 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 196,539 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.Н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч С ХХК-тай гэрээ байгуулаагүй учир төлбөрийг хариуцахгүй гэх агуулга бүхий тайлбар гарган маргасан байна.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр С ХХК нь хэрэглэгч Д.Нтай “С гэрээ”-г 24 сарын хугацаатай байгуулан, уг гэрээний дагуу нийлүүлэгч С ХХК нь Ай Пи Телевиз суурин интернэт, суурин утас, хөдөлгөөнт интернэт бүхий гурвалсан үйлчилгээг үзүүлэх, хэрэглэгч Д.Н нь гэрээнд заасны дагуу 25,000 төгрөгийн гурвалсан багцыг сар бүр төлөх, сар бүрийн төлбөрт төхөөрөмжийн төлбөрийг нэмж тооцохоор харилцан тохиролцсон байна.
Дээрх гэрээний дагуу хариуцагч Д.Н нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл үйлчилгээний төлбөр 54,539 төгрөг, төхөөрөмжийн үнэ 138,000 төгрөг, нийт 192,539 төгрөгийн төлбөр тооцоо гарсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Скаймедиа үйлчилгээний гэрээ, төлбөрийн нэхэмжлэх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Д.Нас Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасны дагуу төлбөрийн үлдэгдлийг шаардах эрхтэй.
Түүнчлэн, хариуцагч Д.Н гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид гарсан зардал болох нотариатын зардал 4,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасанд нийцсэн тул шаардах эрхтэй гэж үзнэ.
Хариуцагч Д.Нын зүгээс маргаан бүхий “гэрээ”-г байгуулаагүй гэх тайлбарыг гаргаж маргасан боловч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шүүхэд гаргасан тайлбар татгалзлыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн хариуцагч Д.Нд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 227 дугаар зүйлийн 227.3, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Нас 196,539 /нэг зуун ерэн зургаан мянга таван зуун гучин есөн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нас 6,547 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА