Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/154

 

 

 

 

 

 

 

 

 

                                       Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх  хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

Улсын яллагч А.Энхтуяа,

Шүүгдэгч Ш.Б*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харгэрүүд овогт Ш*******Б*******ид холбогдох эрүүгийн 2031002690067 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Д*******-Уул аймгийн Д******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Д******* аймаг Д******* сум 4-р баг 17-08 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, Харгэрүүд овгийн Ш*******Б*******, /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Б******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Монлид трейд ХХК-тай нөхөн сэргээлтийн ажлын гэрээ байгуулан ажиллаж байхдаа 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хооронд тус компанийн лицензийн талбайн гадна буюу 106.53, 52.0 Е 49.21,27.8N, 106.53, 49.4 Е 49.21,27.1N, 106.53, 4765 E 49.21,29.0 N8 106.53, 49.7 Е 49.21, 30.5 N8 106.53, 52.8 Е 49.21, 31.4 N солбилцолын цэг бүхий газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 31.671.864 (гучин нэгэн сая зургаан зуун далан нэгэн мянга найман зуун жаран дөрөв)-н төгрөгийн бодит хохирол учруулан хууль бусаар алт олборлосон  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б******* мэдүүлэхдээ: “... Манай компани уг нь тусгай зөвшөөрөлтэй байсан, гэтэл уг зөвшөөрөлтэй газраас 20 метр гадагш үйл ажиллагаа явуулсан байна гэж буруудсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Болормаа мэдүүлэхдээ: “...Манай суманд учирсан хохирол төлбөрийг нөхөн төлүүлж, нөхөн сэргээлт хийлгэх саналтай байна” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ш.Саранцэцэг мэдүүлэхдээ: “...Тухайн үед би ажиллах үедээ хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Одоо бас ямар нэгэн гэрээ байгуулаагүй ажиллаж байна. Тухайн үед би Б*******ийн ажилтнаар ирсэн бөгөөд Б*******оос цалин хөлсөө авч байсан. Тухайн үед намайг ирж байхад энэ газрыг “Монлид” ХХК-ний газар гэж сонсож байсан болохоор “Монлид” ХХК-ний тогооч гэж ойлгоод мэдүүлэг өгсөн юм. Одоо ярьж байгаа зүйл маань бүгд үнэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 119, 2-р хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, иргэний нэхэмжлэгч Ш.Б******* мэдүүлэхдээ:“...Би өмнө нь ямар нэгэн алт болон ашигт малтмал хайх олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаагүй, би өмнө нь машин тэрэг засах, техник авч засаж бусдад зарах, түрээслүүлэх зэрэг ажил хийдэг байсан. “Далд шугам” ХХК-ийг өнгөрсөн жил найз А.Болд-Эрдэнээс бэлгэнд авсан юм. Тэгээд X тайлан бөглөөд явж байгаад манай дүү Ш.Б******* нь надад танай компанийн хэрэг байна. Би нөхөн сэргээлтийн ажил хийх гэсэн юм гэхээр нь энэ хавар “Монлид трейд” ХХК-тай гэрээ байгуулж өгсөн юм. “Далд шугам” ХХК нь гадаад худалдаа, аялал жуулчлал барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан компани бөгөөд нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөл байхгүй, гэхдээ уул уурхай гээд биччихсэн байсан болохоор манай дүү Ш.Б******* нь “нөхөн сэргээлтийн гэрээ хийгээд өг, би ажиллаад үзье” гээд байсан юм. Тэгээд миний 2 ширхэг экскаваторыг түрээслэж аваад ажиллаж байсан юм. Миний хувьд зөвхөн гэрээн дээр гарын үсэг зурсан юм. Энэ асуудлыг гардан хариуцаж явуулж байсан нь би биш дүү Ш.Б******* юм. Миний хувьд хууль бусаар алт олборлоогүй, олсон ашигаас нь хувь хүртээгүй, тэгж тохироогүй. Харин 2 ширхэг экскаваторын түрээсийг аваад явж байсан...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 120-121, 2-р хавтаст хэргийн 24-25-р хуудас/,

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Э******* мэдүүлэхдээ: “...Би “Монлид” трейд ХХК-ийг Олег Трусинов гэдэг орос өвгөнөөс 2013 онд худалдан авсан юм. Тухайн үед урт нэртэй хууль хүчингүй болчихсон Өлөнтийн МҮ020575 дугаартай лиценз, техникгүй кемпийн хамт өр ширийг нь төлөөд л авч байсан юм. Байгаль орчны яаманд хандаж ус болон ойн сантай давхцсан хэсгийг нь хасуулаад 20-30 солбицолын цэгтэй тэгш бус талбайтай лиценз сэргэж 2015 онд хүчин төгөлдөр болсон юм. Анх 280 га байсан ба сэргэж ирэхдээ 130 га болж хасагдаж гарч ирсэн юм. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Өлөнт гэх газар МҮ020575 дугаартай ашигт малтмал олборлох лицензийн талбайг худалдан авч 2015 онд лицензийг сэргэснээс хойш харуул хамгаалалтандаа аваад ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй өдийг хүрсэн Энэ жил уулын ажлын төлөвлөгөө нь батлагдсан. Тэгээд ажлуулж үзье гэж бодоод өөрийн компаний санхүүгийн байдлаас болоод техникийн дутагдалтай байгаа учир “Далд шугам” ХХК-тай олборлолт явуулж нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж хамтран ажиллаж байсан юм. Манайхыг худалдаж авахаас өмнө “Алтан дорнод” ХХК талбайг эзэмшиж байх үедээ гол цөмийг нь авчихсан. Маш их эвдрэлтэй талбайг аваад үндсэндээ “Ашигт малтмал олборлолтын ашигаар нөхөн сэргээлт хийж” орон нутагт нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 132-133-р хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Э******* мэдүүлэхдээ  “... Би уурхайн дарга өнгөрсөн жилээс эхлэн хийж байгаа бөгөөд уурхайн үйл ажиллагааг хариуцаж лицензийн талбайд хамрагдах газар нутагт хяналт тавьж ажиллана. Манай компаний захиралыг А.Э******* гэдэг. Гэхдээ манай компани нь хууль зөрчөөгүй, харин манай компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, нөхөн сэргээлт хийж байсан “Далд шугам” ХХК-ны ажилчин Ш.Б******* нь үйл ажиллагаа явуулж байгаад танай байгууллагын шалгалтанд өртсөн юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 134-135-р хуудас/,

“Говь-Эко ХХК-ны мэргэжлийн шинжээчийн”... 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай: ашигт малтмал хайх, олборлох, үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн нийт 8146,7 м/кв буюу 0.815 га талбайд 13629.5 метр куб шороо угааж, 14281.8 метр куб эзэлхүүнтэй ухаш нүх буюу хоосон орон зай үүсгэж, техникийн нөлөөгөөр эвдрэлд оруулсан уг талбайд Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын нийт үнэлгээ нь 31,671,864 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 140-192-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4624 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 230 грамм шаргал өнгийн металл нь алтны металл байна. Шинжилгээнд ирүүлсэн 230 грамм алт нь 19 карат сорьцтой алт байна ...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 198-200-р хуудас/,

 

Шүүгдэгч Ш.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг уншиж танилцлаа надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан асуудлыг хүлээн зөвшөөрч байна. “Монлид трейд” ХХК-ны лицензтэй талбайгаас хэтрүүлэн ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулан экологи эдийн засагт 31.000.000 төгрөгний хохирол учруулсан нь үнэн. Лицензтэй талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан нь миний буруу гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 93-р хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 дүгээр хх-ийн 11-25 дугаар тал/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /1 дүгээр хх-ийн 28-103 дугаар тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 79-81 дүгээр хуудас/,

“Хос итгэл төгс ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №01/05 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хавтаст хэргийн 205-210-р хуудас/,

 

“Ашигт малтмал газрын тосны газрын” 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 8/5328 дугаартай албан бичиг/1-р хавтаст хэргийн 222-р хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, / 1 дүгээр хх-ийн 194-199, 202-203 дугаар тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, / 2 дугаар хх-ийн 79-81 дүгээр тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт: 

Иргэний үнэмлэхийн лавлагаа, / 2-р хх-ийн 41 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /2-р хх-ийн 11 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ш.Б******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Монлид трейд ХХК-тай нөхөн сэргээлтийн ажлын гэрээ байгуулан ажиллаж байхдаа 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хооронд тус компанийн лицензийн талбайн гадна буюу 106.53, 52.0 Е 49.21,27.8N, 106.53, 49.4 Е 49.21,27.1N, 106.53, 4765 E 49.21,29.0 N8 106.53, 49.7 Е 49.21, 30.5 N8 106.53, 52.8 Е 49.21, 31.4 N солбилцолын цэг бүхий газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 31.671.864  төгрөгийн шууд хохирол, 4.483.976 төгрөгийн хор уршиг  учруулан хууль бусаар алт олборлосон  болох нь

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 2-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / 1—р 11-р хуудас/,

Гэрэл зургийн үзүүлбэр / 1-р хх-н 12-21-р хуудас/,  

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг/2-р хх-н 39-40/,  Хохирогчийн мэдүүлэг / 1-р хх 35,133-р хуудас /,

Гэрчийн  мэдүүлэг /1-р хх-н 119-р хуудас, 1-р хх-н 120-121-р хуудас,2-р хх-н 24-25-р хуудас ,1-р хх-н 132-133-р хуудас/,

Шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 140-189, 193-р хуудас/,

Эд хөрөнгө буюу техникийн үнэлгээ / 1-р 208-210-р хуудас /зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна. 

 Иймд   Ш.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал  олборлох гэмт хэрэг үйлдсэнд  гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэсэн бол Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Ш.Б******* нь зөвшөөрөлтэй газраас 20 метр гадагш үйл ажиллагаа явуулж хууль бусаар ашигт малтмал хайж алт олборлосон нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн  байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Б******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Ш.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд  гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах  үндэслэлтэй   байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагчаас: ... Шүүгдэгч Ш.Б*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгож шийтгэх, Хюндай 290, Хюндай 220 маркийн эксковаторууд  болон 40 скрубберийн  үнэ 35.500.000 төгрөгийг улсын орлого болгох, хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид учирсан 36.155.840 төгрөгийн хохирлыг гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох алтны үнээс гаргуулж илүү гарсан орлогыг улсын орлого болгох  саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс... шүүгдэгч Ш.Б******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000   төгрөгөөр торгох, мөн гэмт хэрэг үйлдэж олсон алтнаас хохирлыг тооцож өгнө үү,  өмгөөлөгчийн хувьд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техникийн үнийг гаргуулахад татгалзах зүйлгүй болно гэсэн саналыг тус тус гаргав.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар  зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн  гэмт хэргийн  ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Ш.Б*******ид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн   1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  5.400.000 төгрөгөөр  торгож шийтгэх  нь зүйтэй гэж  үзэв.

Шүүгдэгч Ш.Б******* нь торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд  хяналт тавихыг  Д******* уул  аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгаж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”  гэж заасан байна.

Шүүгдэгч Ш.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн  төлөхөө  илэрхийлсэн  баталгаа шүүхэд гаргаж ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ш.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид 36.671.864 төгрөгийн хохирол, хор уршиг  учруулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж  230 гр  буюу 42.519.488 төгрөгийн алт олборлосон байна.

Энэ гэмт хэргийг үйлдэхдээ Ш.Б*******ын өмчлөлийн Хюндай 290, Хюндай 220 маркийн экскавотар, 40 скрубберийг ашигласан бөгөөд тээврийн хэрэгсэл, техникийг нийт  35.500.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Шүүгдэгч Ш.Б*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Ш.Б*******ын хөрөнгө болох нь түүний мэдүүлгээр тогтоогдсон тул хураан авч улсын орлого болгох боломжгүй байна. “Хос итгэл төгс” ХХК-н  Хюндай 290 маркийн экскавотарыг  15.000.000 төгрөгөөр, Хюндай 220 маркийн экскавотарыг 16.000.000 төгрөгөөр, 40 скрубберыг 4.500.000 төгрөгөөр бүгд 35.500.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-д зааснаар  дээрх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техникүүдийн  нийт үнэ 35.500.000 төгрөгийг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 230 гр алтны үнэ 42.519.488 төгрөгийн үнээс байгаль экологид учирсан хохирол 31.671.864 төгрөг, хор уршиг 4.483.976 төгрөг бүгд 36.155.840 төгрөгийг хохирол, хор уршиг төлөхөд зарцуулж Байгаль Орчин уур амьсгалын санд хохирлыг төлүүлэн, илүү гарсан 6.363.648 төгрөгийг улсын орлогод шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас Ш.Б*******ын өмчлөлийн Хюндай 290 экскаватор, Хюндай 220 экскаватор, 40 скруббер зэрэг техник эд хөрөнгийг битүүмжлээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд  иргэний нэхэмжлэгчид техникүүдийг буцаан олгосон болохыг  дурьдах нь  зүйтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 230 грамм алтыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирол, хор уршгийг  төлүүлэхээр  гүйцэтгэх хуудас бичихийг шүүгчийн туслах  Б.Урангоод даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаад, шүүгдэгч Ш.Б******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Харгэрүүд овгийн Ш*******Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш*******Б*******ийг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Б*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Ш.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Д******* уул  аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-д зааснаар  шүүгдэгч  Ш.Б*******ийн  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техникүүдийн  нийт үнэ 35.500.000 төгрөгийг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 230 гр алтны үнэ 42.519.488 төгрөгийн үнээс  байгаль экологид учирсан хохирол 31.671.864 төгрөг,  хор уршиг 4.483.976 төгрөг бүгд 36.155.840 төгрөгийн хохирол, хор уршиг төлөхөд зарцуулж Байгаль Орчин уур амьсгалын санд хохирлыг төлүүлэн, илүү гарсан   6.363.648 төгрөгийг улсын орлого болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч  Ш.Б*******ын өмчлөлийн Хюндай 290, Хюндай 220 маркийн экскаваторууд буюу тээврийн хэрэгслүүдийг болон 40 скрубберийг мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчид буцаан олгосон болохыг дурьдсугай.

7.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 230 грамм алтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирол төлүүлэхээр  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудас бичиж хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Урангоод даалгасугай.

8.Шүүгдэгч Ш.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                                ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ