Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/155

 

 

 

 

 

 

 

 

                                       Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх  хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

Улсын яллагч А.Энхтуяа,

Шүүгдэгч Д.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатар овгийн Д******* Б*******д холбогдох эрүүгийн 2231000000153 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол 3 дугаар баг задгай тоотод оршин суух, урьд

-Ховд аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлаж 6 сарын хорих ялаас чөлөөлж шийдвэрлэж байсан.

-Ховд аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2019 оны 03 сарын 21-ний өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ялын хугацаа дууссан.,бие эрүүл ухаан бүрэн гэх Баатар овогт Д******* Б******* /РД: *******/

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Д.Б******* нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн нутагт И.Б*******тай маргалдан зодолдож улмаар түүний нүүр, шанаа хэсэгт гараараа 5-6 удаа цохиж биед нь хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, зовхинд цус хуралт, шанаа хүзүү бугалганд улаан хүрэн зулгаралтын зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б******* мэдүүлэхдээ: “...2022 оны 06-р сарын 26-ны өдөр  манай компани ажилчдаа амраасан юм. Тэгээд бид амарч гол гарсан. Гэтэл гол дээр бидний араас Б******* согтуу ирж, хүмүүс руу агсраад байсан ба над руу дайрч бид хоёр барилцаж авах үед манайхан салгасан. Ингээд би кемп дээрээ ирээд байж байтал Б******* араас орж ирээд дахин над руу дайрч, бид хоёр  барилцаж авахад манай ажлын Баяраа ах салгах гэхэд бид хоёр салахгүй зууралдаад байсан чинь орхиод явсан, бид хоёр гарч байгаад зодолдож би Б*******ын нүүр, толгой хавьд  4-5 удаа цохисон нь үнэн. Гэм буруугаа хүлээж байна. Эмчилгээний зардалд 305.000 төгрөг төлсөн гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч И.Б******* мэдүүлэхдээ: “...
Батсайхан ширээний ард сууж байснаа шууд “би агсан шүү” гэхээр нь би “тайван бай” гэж хэлсэн чинь Батсайхан босч ирээд миний баруун булчин хэсэг рүү цохихоор нь би түүнийг бариад автал Б******* цаанаас босч ирээд намайг шууд цохиод авсан. Тэгээд бид нар гадаа гарч хэсэг маргалдаж байгаад эгч Сарантуяа бид хоёр тэд нараас тусдаа машинд суугаад ажлынхаа кемп рүү явсан.  Кемп дээр очоод хэсэг байж байгаад уур хүрээд байхаар нь Бат-Эрдэнийн амьдар буй гэрлүү нь ороод Бат-Эрдэнийн цээж хэсэг рүү нь 1 удаа цохисон тэгсэн чинь Б******* босч ирээд намайг бариад авсан тухайн үед манай ажлын газрын Баяраа бид хоёрыг салгасан. Тэгээд байж байсан чинь Б******* “хоёулаа хойшоо гаръя” гэж хэлэхээр нь би “тэгье” гэж хэлээд бид хоёр хоёулахнаа хойш гарсан. Тэгээд хойшоо гараад бид хоёр шууд зодолдсон ба Б******* миний толгой тархи, нүүр ам, хамар хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэр үед миний ухаан балартаж тухайн үеэс хойш эмнэлэгт хүргэгдэн иртэл ямар нэгэн юм санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.Б******* мэдүүлэхдээ: ...караокед ...гаднаас Батсайхан ах орж ирээд ширээний ард суугаад байж байсан чинь  Б******* шууд Батсайхан ахын шанаа хэсэг рүү нь 1 удаа цохисон чинь Батсайхан ах шууд хэн намайг цохисон юм бэ гээд ширээ рүү цохисон. Тэгэхээр нь би Галдандагва ах бид хоёр Б*******ыг чирч авч яваад машин руу суулгахаар болоод би Б******* ахад “ахаа та болиочээ, хүн амьтан руу дайраад байх юм” гэж хэлсэн чинь шууд л миний хацар хэсэг рүү 1 удаа цохиод, цээж хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд Б******* машинаас буугаад манай нөхөр Б******* рүү очоод хэд хэдэн удаа толгой руу нь цохиод авсан.  ...Бид нар кемпийн амрах байранд ороод сууж байтал Б******* гаднаас гүйж орж ирээд манай нөхөр Б******* лүү дайраад толгой хэсэгт нь 2-3 удаа цохисон тэгэхээр нь манай дарга Баяраа орж ирээд салгаад Бат-Эрдэнийг хүзүүдэж зогсоод “ахын дүү яагаад согтуу хүнтэй маргалдаад байгаа юм" гэж байсан. Тэгсэн чинь Б******* дахин дайраад толгой руу нь ахиад хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэгсэн чинь Баяраа ах Бат-Эрдэнийг тавиад өөрсдөө учраа олцгоо битгий кемп дээр зодолдоод бай гэж хэлсэн чинь Б******* шууд манай нөхрийг “гөлөг минь чи хүрээд ир хоёулаа гадагш гараад үзчихэе" гэж хэлсэн чинь Б******* тэгье гэж хэлээд тэр хоёр гадагш гараад кемпийн хойд тал руу явсан. Бид нар араас нь гараад очихын завдалгүй тэр хоёр зодолдсон байхаар нь бид нар гүйж очоод М******* салгасан юм ямартай ч манай нөхөр Б*******ын нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохиж байгаа харагдсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.М******* мэдүүлэхдээ: “... 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай ажил амарсан учир манай ажлынхан сумын төв рүү явж усанд орно гэж хэлээд яваад 18 цагийн үед ирэхдээ бүгд халамцуу ирсэн. Ажил дээр ирэхдээ ч бага зэрэг хэрүүл маргаан зодоон цохион хийсэн шинжтэй байцгааж байгаад нэг харсан чинь Б*******, Б******* нар кемпийн хойшоо хоёулаа алхаж харагдсан Тэгээд би гэр дотор байж байсан чинь хүмүүс Б*******, Б******* нар зодолдоод байна гэхээр нь гэрээс гараад тэр хоёрын явж байсан зүг рүү харахад Б******* нь зогссон байдалтай харин Б******* нь газарт унасан байдалтай байхаар нь гүйж очтол Б******* Б*******ыг хөлөөрөө өшиглөх гэж байхад нь амжиж салгасан...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 27-28 дугаар  хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 258 дугаартай шинжээчийн: “...1.Д.Бат-Эрдэнийн биед нуруу, бугалга, тохой, өвдгөнд улаан хүрэн өнгөц зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 259 дугаартай шинжээчийн: “...1.О.Б*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 263 дугаартай шинжээчийн: “...1.И.Б*******ын биед хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, зовхинд цус хуралт, шанаа, хүзүү, бугалганд улаан хүрэн зулгаралтын зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэгт хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Б******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би Б*******ын эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна”  гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-р хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хавтаст хэргийн 44, 48, 55 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт: 

Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 67, 68-89 дугаар хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 91 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Б******* нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн нутагт И.Б*******тай маргалдан зодолдож улмаар түүний нүүр, шанаа хэсэгт гараараа 5-6 удаа цохиж биед нь хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, зовхинд цус хуралт, шанаа хүзүү бугалганд улаан хүрэн зулгаралтын зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 3-5-р хуудас/,

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-н  63-р хуудас/,  

Хохирогчийн мэдүүлэг /хх-н 09-10-р хуудас /,

Гэрч О.Б*******гийн  мэдүүлэг /хх-н  22-24-р хуудас /

Гэрч Б.Мөнх-Эрдэний мэдүүлэг / хх-н , 27-28-р хуудас/,

Шинжээчийн дүгнэлт / хх-н  52-53-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд  шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-эрдэнэ нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч И.Б*******ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Д.Бат-Эрдэнийн гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үнэлэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч  байна.

Шүүгдэгч Д.Б*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ , гэмт хэргийн шинж чанар,хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг  харгалзан 600 нэгж тэнцэх хэмжээний буюу  600.000 төгрөгөөр  торгож шийтгэх  нь зүйтэй гэж  үзэв.

Шүүгдэгч Д.Б******* нь торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж ,торгох ялын биелэлтэнд  хяналт тавихыг  Ховд  аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй гэж  шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”  гэж заасан байна.

Шүүгдэгч Д.Б******* нь хохирогч И.Б*******ын эмчилгээний зардалд 305.000 төгрөг төлсөн гэх  ба хохирогч И.Б******* нь шүүхэд нэхэмжлэл, баримт ирүүлээгүй байна.

Хохирогч И.Б******* нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах  эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бичиг баримт байхгүй, цагдан хоригдсон  хоноггүй байна.

Шүүгдэгч Д.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

                                                   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Баатар овогт Д******* Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д******* Бат-Эрдэнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Бат-Эрдэнийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд  хяналт тавихыг  Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Хохирогч И.Б******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Шүүгдэгч Д.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                                  ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ