| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2022/0152/Э |
| Дугаар | 2022/ШЦТ162 |
| Огноо | 2022-08-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ162
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.М* даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Э*
Улсын яллагч А.Б*
Хохирогчийн өмгөөлөгч М.Г*
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ат*
Хохирогч Ө.Ц*******
Шүүгдэгч Ө.Т*******буюу Т******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Ө.Т*******буюу Т******* холбогдох эрүүгийн 2231001630144 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бүгд найрамдах Хятад улсын иргэн, 19* оны 12 дугаар сарын 18-ны өдөр Өвөр монголын өөртөө засах орны Алагша аймгийн Зүүн хошуунд төрсөн, * настай, эрэгтэй, техникийн тусгай мэргэжилтэй, а* хүүхдийн хамт УБ хот, С******* дүүргийн 6-р хороо,* тоотод түр оршин суух,хаягтай, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ө Т буюу Т******* / Тubujirigele / /Гадаад паспортын дугаар ******* Монгол улсад оршин суух зөвшөөрлийн дугаар ******* /
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ө.Т*******буюу Т******* нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн сумын төвөөс 2.5 км-т Алтанбулагаас С*******ын чиглэлд авто замын 342-р тэмдэгтийн орчимд 96-37 УНТ улсын дугаартай “ Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт, 15.10 дахь заалтыг тус тус зөрчиж зүүн гар тийшээ эргэх үйлдэл хийхдээ өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, замын хөдөлгөөнд оролцож явсан 20-00 СЭА улсын дугаартай “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ө.Ц*******ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Т*******буюу Т******* мэдүүлэгтээ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа , надад ярих зүйл байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Ц******* мэдүүлэхдээ, ... Би 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгээс Алтанбулаг руу явж байх замд салдаг зам дээр нэг цагаан машин зогсож байснаа намайг яг тулаад ирэхэд хөдөлсөн. Машин дотор хүүхэд харагдах шиг болохоор нь би мөргөхгүй тулд баруун гар тийшээ дарахад машин онхолдсон. Тухайн үед энэ хүн шууд намайг хаяад зугтаасан. Энэ ослоос болж миний цээжний бүдэрхий болон нуруу хугарсан. Одоогоор миний нуруу эдгэхгүй эмчилгээтэй байгаа. Эмчилгээний зардал болон машины эвдрэлийн үнэ 17 сая гаран төгрөг болж байгаа, би нарийн тооцоог хэлж мэдэхгүй байна. 18.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Э мэдүүлэхдээ ... Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын боомтод зам засварын үйл ажиллагаа явуулж байгаа “ HKB International Holding “ компанид ковшийн жолоочоор ажилд ороод 2 хонож байна. 2022 оны 3-р сарын 31-ны өдөр би ковшоороо боомтын замын хатуу хучилтыг хуулж байтал кардан гол нь хугарчихсан. Ингээд би ажлын суурь кемп рүү засуулахаар болоод манай ажлын орчуулагч ажилд ороод удаагүй болохоор нэрийг нь мэдэхгүй ахын хамтаар компанийн тээврийн хэрэгсэл болох саарал өнгийн 96-37 УНТ улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслээр Алтанбулаг сумаас гарсан. Ингээд манай ажлын кемп руу салдаг уулзвар дээр эргэх гэтэл хажуугаар эсрэг урсгалаар цагаан өнгийн “ Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл асар хурдтай өнгөрсөн бөгөөд дугуй нь замын хажуугийн шороон дээгүүр явж байсан. Орчуулагч надад хандаж ямар хурдтай явж байнаа гэж хэлж байсан, Тэгээд бид тухайн машины хойноос анзаараагүй зүгээр замаараа салаад ажлын кемп рүү явсан. ... Тухайн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн хажуугаар өнгөрөх үед миний зөрчиж байсан тээврийн хэрэгсэл Алтанбулаг сумаас С******* сумын чиглэлд явж байсан ба миний харснаар тухайн зөрсөн тээврийн хэрэгсэл салдаг уулзварын хажуу дахь замын 3 км –н тэмдэгтийн орчимд явж байхад манай жолооч зүүн тийшээ эргэх үйлдэлээ хийж эхэлж байсан. Тухайн үед манай тээврийн хэрэгслийн жолооч ах жолооны хүрдээ бариад явж байсан ба төдийлөн хурдлаагүй 40-50 км цагийн хурдтай зорчиж байсан гэх мэдүүлэг / хх-н 35-р хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Т******* мэдүүлэхдээ ... 2022 оны 03-р сарын 31-ний 13 цагийн орчимд би өөрийн ажлын кемп дээрээ жолооч нарын хамтаар ажиллаж байх үед манай орчуулагч Жаргал, ковшийн жолооч Э*******нар ирсэн. Жаргал, Э*******нар ирэд удаагүй байтал хойноос нь цагдаагийн машин ирээд Жаргал, Э*******нарыг аваад явсан. Би хойноос нь очиход Алтанбулаг сумаас манай ажлын чиглэлд салдаг уулзварын орчим цагаан өнгийн “Toyota Prius” тээврийн хэрэгсэл онхолдсон байсан, тэгээд дээрх асуудлын талаар мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас /
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 169 дугаартай дүгнэлтэнд 1. Ө.Ц*******ийн биед биеийн доргилт , сээр нурууны Th5, Th6,Th10-р нугамуудын их биеийн шахагдсан хугаралтай, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Уг гэмтэл нь шинээр үүссэн гэмтэл , хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэсэн, /хх-ийн 50-р хуудас/,
Шинжээч С.О 02 дугаартай дүгнэлтийн 5-р заалтаас ... 96-37 УНТ улсын дугаартай” Toyota Prius “ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Алтанбулаг чиглэлээс С******* чиглэл рүү явж байсан жолооч Т******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1. Нийтлэг үндэслэл 1.2.16. “ Зам тавьж өгөх “ гэж замын хөдөлгөөнд давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг : 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж , хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана. 15. Уулзвар нэвтрэх : 15.10. Жолооч зүүн гар тийшээ буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарах нөхцөл бүгдсэн...” гэсэн , /хх-ийн 61-р хуудас /
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэп, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 05-07 дугаар тал/,
3ам тээврийн ослын газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 08-14 дугаар тал/,
“Toyota Prius 20” маркийн 96-37 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 16-19 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Насанжаргалын 2022 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн 89 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 42 дугаар тал/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 45,46,56,57 дугаар тал/,
Ашид билгүүн ХХК-н авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ / хх-н 70 дугаар тал /
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримт, /хх-ийн 80-88 дугаар тал/,
Хохирол нэхэмжилсэн баримт /хх-ийн 112-177 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч,гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй,мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ө.Т*******буюу Т******* /e/ 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр элэнгэ аймгийн Алтанбулагийн сумын төвөөс 2.5 км-т Алтанбулагаас С*******ын чиглэлд авто замын 342-р тэмдэгтийн орчимд 96-37 УНТ улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт, 15.10 дахь заалтын тус тус зөрчиж зүүн гар тийшээ эргэх үйлдэл хийхдээ өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Ө.Ц*******ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Иймд Ө.Т*******буюу Т*******г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Ө.Ц*******ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Т*******буюу Т******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ба уг гэмт хэрэг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ө.Т*******буюу Т*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Т*******буюу Т******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Ө.Т*******буюу Т******* эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар,хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал, хохирол төлсөн зэргийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ө.Т*******буюу Т******* нь торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, оргох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 508.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг шүүгдэгч Ө.Т*******буюу Т******* хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Ө.Ц******* нь эмчилгээний болон авто машин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ, шатахуун, хоол хүнсний болон ахуй хэрэглээ,тамхи бэлэн хувцас, хүүхдийн тоглоом гэх мэт зардал бүгд 18.000.000 төгрөг нэхэмжилсэн байна.
Дээрх нэхэмжлэлээс шүүх эмчилгээний зардал, эмнэлэгт хэвтэх, УБ хотод үзүүлэхэд гарсан замын зардал, авто машин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ зэрэг зардлыг шүүгдэгч Ө.Т*******буюу Т*******гээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч дээрх зардлаас эмчилгээний болон авто машины эвдрэл хохирлын үнэлгээ 10.856.400 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Шүүх хохирогч Ө.Ц*******ийн эмнэлэгт хэвтэх үеийн болон Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлэх, эмчлүүлэхэд гарсан замын зардал 700.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогчийн нэхэмжилсэн 18.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгчийн төлсөн 10.856.400 төгрөг, замын зардал 700.000 төгрөгийг хасаж, үлдэх 6.443.600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч Ө.Ц******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, бичиг баримт байхгүй дурьдаад Шүүгдэгч Ө.Т*******буюу Т******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө Т*******буюу Т******* /*-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө Т*******буюу Т******* /Tubujirigele/-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Т буюу Т******* /Tubujirigele/-г хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Т буюу Т******* /Tubujirigele/ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ө Т*******буюу Т*******гээс 700.000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ө.Ц*******д олгосугай.
6. Хохирогч Ө.Ц*******ийн нэхэмжлэлээс 6.443.600 /зургаан сая дөрвөн зуун дөчин гурван мянга зургаан зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7.Хохирогч Ө.Ц******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч болон иргэний хариуцагч HKB International Holding ХХК-иас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Шүүгдэгч Ө.Т*******буюу Т******* /Tubujirigele/ нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ