Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
Хэргийн индекс | 175/2022/0163/Э |
Дугаар | 2022/ШЦТ/170 |
Огноо | 2022-09-20 |
Зүйл хэсэг | 24.2.1., |
Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/170
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Улсын яллагч А.Баясгалан
Нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ
Иргэний нэхэмжлэгч Х.М
Шүүгдэгч Э.Э*******, Б.Л******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Э*******, Б.Л******* нарт холбогдох 2231002190176 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Е******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум, 3 дугаар баг, Б******* тосгон, Ч*******гудамж, 2-35 тоотод оршин суудаг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 687 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Э******* Э*******, /РД: *******/,
Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум, 3 дугаар баг, Б******* тосгоны Өлөнт гудамж 75 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Б******* Л******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э*******, Б.Л******* нар нь бүлэглэн машин механизм, тоног төхөөрөмж ашиглан 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлзнгэ аймгийн Е******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах Хэрээн гол нзртэй газарт 6.2м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 11,869 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л******* мэдүүлэхдээ: “...Урьд нь мэдүүлгээ өгч ярьсан учир одоо мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Х.М мэдүүлэхдээ: “...Би “Хьюндай 3000 ЛС7А” экскаваторыг хүнээс мөнгө олох түрээслүүлэх зорилгоор худалдаж авсан юм. Ингээд ажиллуулах гэхэд нилээн засвар хийх шаардлагатай байна гэж манай найз надад хэлсэн. Тэгээд найз маань экскаваторыг миний нэг танил худалдаж авъя, гэхдээ нилээн засвартай учир зээлээр аваад 2 сарын дараа мөнгийг нь өгье гэж энэ Э******* гэж хүнийг 2022 оны 03 дугаар сард дагуулж ирээд миний экскаваторыг 12.000.000 төгрөгөөр авахаар тохирч авч явсан. Одоо болтол мөнгийг өгөөгүй. Гэтэл саяхан хууль бус алт хийж байгаад баригдсан гэж би мэдсэн. Одоо болтол надад мөнгийг өгөөгүй учир би “Хьюндай 3000 ЛС7А” экскаватороо буцааж авах хүсэлтэй байн...” гэжээ.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Э мэдүүлэхдээ: “...Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Бмэдүүлэхдээ: “...би 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг “Хэрээн гол” гэх газарт хяналт шалгалтаар ажиллах үед Э.Э*******, Б.Л******* нар нь голын дээд талдаа Хьюндай маркийн шар өнгийн экскаватор, яг хажуухан талд нь алт угаах төхөөрөмж буюу гитар байрлуулсан байсан ба голынхоо доод талд нь цөөрөм мэт усан сан үүсгэж дотор нь 2 ширхэг моторыг шар өнгийн хоолойгоор холбож алт угаах төхөөрөмж “гитар”-руу усаар шүршиж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Л******* сэжигтнээр мэдүүлэхдээ: “...алт угаах төхөөрөмж болох скруберын суурь хөлийг ачаад доошоо уруудаад мөн 2 км гаран явж байхад замын ойролцоо ойрхон алт угаах төхөөрөмж болох гитаран буу байна гээд Э******* зогсож очиж үзсэнээ дажгүй ажиллах юм байна гээд буцаж ирээд ЗИЛ-131 тээврийн хэрэгслийн ачаан дээр байсан 2 ширхэг ус татах насос болох помпыг буулгаж ирээд “Хьюндай 3000 ЛС7А” экскаватороор очиж нөгөө алт угаах гитаран бууг босгож байрлуулснаа ус татах насос болон шланкыг холбож дуусаад шууд ажиллаж эхэлсэн. Тэгээд ажиллаж эхлээд удаагүй 2-3 шанага гороо хийгээд угааж байхад экологийн цагдаа нар ирж зогсоосон. Би ус татах насосчин буюу помпчин хийж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.Э******* сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Б.Л******* бид 2 зогсож унаж явсан Зил-131 маркийн тээврийн хэрэгслээ зам дээр орхиж, машин дээрээс хоёр помп буюу ус татах насос /Нопда/, 2 ширхэг ус татах шланкын авч бид хоёр тухайн замын хажууд байсан алт угаах төхөөрөмж дээр “Хьюндай 3000 ЛС7А” маркийн экскаватортой очиж алт угаах төхөөрөмжийг босгож байрлуулан ус татах насосоо алт угаах төхөөрөмжтэй холбож ажиллаж эхэлсэн ба тухайн газраас 2 шанага шороо хутгаж алт угаах төхөөрөмж рүү хийсэн бөгөөд тухайн үед экологийн цагдаагийн албаны цагдаа ирж үйл ажиллагаа зогсоосон. Би анх харж бас ашигт малтмал олборлох санааг гаргасан, бид хоёр хамт очиж ажилласан юм” гэх мэдүүлэг, хх-ийн 78-79 дүгээр хуудас/,
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Эрдэнийн ногоолин” ХХК-ийн “..нийт 6.2 м2 талбайг эвдрэлд оруулсан нь тогтоогдсон. Нийт нөхөн сэргээлтийн ажлын зардал 45,589 төгрөг, байгаль орчинд учирсан нийт хохирлын хэмжээ 4,770 төгрөг бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу үржүүлэн тооцоход 11,896 төгрөг болж байна” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 51-61 дүгээр хуудас/,
Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 6/3553 дугаар: “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Хэрээн гол нэртэй ...солбицол бүхий талбайг геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн мэдээллийн санд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар шүүлт хийхэд гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай бүхэлдээ давхцалтай, хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох талбайн дүгнэлт гараагүй байна” гэх албан бичиг, /хх-ийн 57 хуудас/,
Ашид билгүүн ХХК-ийн ТХҮ-822/4090 дугаартай шинжээчийн:
№ | Төрөл | Хэмжих нэгж | Тоо хэмжээ | Нэгжийн үнэ | Нийт нэгжийн үнэ |
1 | Экскаватор Хюьндай 3000 ЛС7А /Монгол Улсад орж ирсэн он тодорхойгүй/ | ш | 1 | 12,000,000 | 12,000,000 |
2 | Honda WB30XT маркийн ус татах насос буюу помп /хуучин/ | Ш | 2 | 200,000
| 400,000 |
3 | Алт угаах төхөөрөмж буюу шатиран буу | Ш | 1 | 600,000 | 600,000 |
Нийт үнэ, төгрөг | 13,000,000 |
...” гэх дүгнэлт, хх-ийн 42-43 дугаар хуудас,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 08-16 дугаар хуудас/,
Гэрч А.Батзоригоор гаргаж өгсөн 2022 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн гэрэл зураг, /хх-ийн 34-36 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 4 дүгээр тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 6-7 дугаар тал,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 33-35 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 45-46, 62-64 дүгээр тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 82-84, 93-95 дугаар тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 103-104 дүгээр тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 112, 116 дугаар тал/,
Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хх-ийн 113, 117 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Э*******, Б.Л******* нар нь бүлэглэн “Хьюндай 3000 ЛС7А” маркийн экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/, ус татах насос зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлзнгэ аймгийн Е******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах Хэрээн гол нзртэй газарт 6.2м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 11,869 төгрөгийн хохирол, 45,590 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь
Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн дэмдэглэл /6-18 дугаар хуудас/,
Гэрэл зургын үзүүлбэр /хх-н 34-36 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 68-79 дүгээр/,
Хохирогчийн мэдүүлэг /хх-н 27 дугаар хуудас /,
Гэрчийн мэдүүлэг /хх-н 32 дугаар хуудас/,
“Ашид билгүүн “ ХХК-н үнэлгээ /хх-н 76 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байж тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна .
Шүүгдэгч Э.Э*******, Б.Лхага-Эрдэнэ нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын газраас Э.Э*******, Б.Л******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт боловсруулалт, ашиглалт явуулсан эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд хандсан бол таван мянга дөрвөн хорин долоон мянган нэгжтэй мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.
Иймд шүүгдэгч Э.Э*******, Б.Лхага-Эрдэнэ нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э*******, Б.Лхага-Эрдэнэ нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас байгал экологид учирсан хохирол хор уршигийн нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Э.Э*******, Б.Лхага-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан байна.
Шүүгдэгч Э.Э*******, Б.Л******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан 11,896 төгрөгийн хохирол, 45,590 төгрөгийн хор уршиг төлөгдөөгүй байна.
Шүүгдэгч Э.Э*******, Б.Л******* нар нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ Х.Мийн өмчлөлийн “Хюьндай 3000 ЛС7А” маркийн экскаваторыг буюу тээврийн хэрэгслийг ашигласан нь иргэний нэхэмжлэгч Х.Мийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул хураан авч улсын орлого болгох боломжгүй байх тул Ашид билгүүн ХХК-н тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэ 12.000.000 төгрөгийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар түүний үнэ 12.000.000 төгрөгөөс гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол болох 11,896 төгрөгийн хохирол, хор уршиг болох 45,590 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль Орчин уур амьсгалын санд оруулан хохирол, хор уршиг төлөхөд зарцуулж, илүү гарсан 11,942,514 төгрөгийг улсын орлогод шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
“Honda WB30XT” маркийн ус татах насос буюу помп 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Урангоод даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Э.Э*******, Б.Л******* нар нь бүлэглэн “Хьюндай 3000 ЛС7А” маркийн экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/, ус татах насос зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлзнгэ аймгийн Е******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах Хэрээн гол нзртэй газарт 6.2м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 11,869 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Э.Э*******, Б.Л******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд баримтлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Х.Мийн өмчлөлийн “Хюьндай 3000 ЛС7А” маркийн экскаваторын үнэ 5.400.000 төгрөгийг Э.Э*******, Б.Л******* нараас гаргуулж, байгаль орчинд учруулсан 11,896 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлтийн зардал 45,590 төгрөг бүгд 57,486 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж үлдэх 11,942,514 төгрөгийг улсын орлогод шилжүүлж “Honda WB30XT” маркийн ус татах насос буюу помп 2 ширхэгийг улсын орлогод оруулах саналтай байна...” гэжээ.
Шүүгдэгч Э.Э*******, Б.Л******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Э*******, Б.Л******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Э*******, Б.Л******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигин овогт Э******* Э*******, шүүгдэгч Боржигин овогт Б******* Л******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э******* Э*******, Б******* Л******* нарыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э*******, Б.Л******* нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тэдэнд оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Э*******, Б.Л******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Э.Э*******аас “Хюьндай 3000 ЛС7А” маркийн экскаваторын үнэ 12.000.000 төгрөгийг гаргуулж, түүнээс 57486 төгрөгийг Байгаль Орчин уур амьсгалын санд хохирол, хор уршиг төлөхөд зарцуулж, илүү гарсан 11,942,514 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэргийн улмаас Х.Мийн өмчлөлийн “Хюьндай 3000 ЛС7А” маркийн экскаваторыг эзэмшигчдэд олгосугай.
7.“Honda WB30XT” маркийн ус татах насос буюу помп 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Урангоод даалгасугай.
8. Шүүгдэгч Э.Э*******, Б.Л******* нарт нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
10.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дуоьдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ