Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2024/0512

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

Б.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/636 дугаар захирамжийн Б.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 307 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, өмгөөлөгч Б.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2024/0069/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б-ээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/636 дугаар захирамжийн Б.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 307 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/636 дугаар захирамжийн иргэн Б.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Маргаан бүхий захиргааны акт нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 35.3.5, 39  дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэл болгосон. Хариу тайлбартаа Маргаан бүхий газар нь Сонгинохайрхан дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа талаар тайлбарласан болно.

Маргаан бүхий газар нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах,” заалтыг зөрчсөн учраас дүүргийн Засаг дараг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу байсан мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 (Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглахгүй) дахь заалтыг зөрчсөн тул хуулийн хүрээнд сонсох ажиллагааг зохион байгуулж, дүүргийн Засаг дарга өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан байхад захиргааны актыг бүр зөв эргэлзээгүй талаас нь дүгнээгүй.

Иймд Захиргааны хэргийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д “нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Б.Б-ээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/636 дугаар захирамжийн Б.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/636 дугаар захирамжаар газар эзэмшигч нь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, бусдын газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, тухайн газраа зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй 4 иргэн, 1 хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Б.Б-н тус дүүргийн 32 дугаар хороонд байрлах Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалт бүхий 1999 м.кв газар багтсан байна.

2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх маргаан бүхий газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/415 дугаар захирамжаар Д.Э-д үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалтайгаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/682 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Б-т 15 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлжээ.

2.4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай бөгөөд газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан 2 жил байх, ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй тохиолдолд уг зохицуулалт хэрэглэгдэх учиртай. Энэхүү маргааны үйл баримтын тухайд дээрх үндэслэл бүрдсэн гэж үзэхээргүй байна. Учир нь нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраа хашаалсан, цахилгаан татсан, геодезийн судалгааны ажил, барилгын зураг боловсруулах ажлуудыг хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож буй энэ тохиолдолд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэх боломжгүй.

2.5. Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн мэдэгдэл, маргаан бүхий актад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэл дурдсан атлаа уг үндэслэлд хамааралгүй асуудлаар давж заалдах гомдол гаргасан тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “маргаан бүхий газар нь Сонгинохайрхан дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй учраас Засаг дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу Засаг дарга өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан байхад захиргааны актыг бүрэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнээгүй” гэх агуулгаар актын үндэслэлийг араас нь нөхөж, нэмж тайлбарлах замаар гомдол гаргасныг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Нөгөөтээгүүр анх маргаан бүхий газрыг “хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн” үндэслэлээр газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад эзэмшүүлж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН