Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 765

 

В.Ж-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

   прокурор Б.Бямбадагва,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1085 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Бямбадагвын бичсэн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлээр В.Ж-д холбогдох эрүүгийн 1905 01353 0444 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн В-н Ж, 19... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .............. дугаар хороо, ...............дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ...../,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

В.Ж нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр .... дүүргийн 10 дугаар хороо, ............ тоотод эхнэр И.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: В.Ж-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт яллагдагч В.Ж-н талаар удаа дараа цагдаагийн байгууллагад хандаж байсан тухай баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулан ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно” гэж заасныг зөрчжээ. В.Ж нь өөрийн эхнэр И.С-г урьд нь хэдэн удаа хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байсан талаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх нь зүйтэй байна. Уг ажиллагаагаар цуглуулсан нотлох баримтад үндэслэж, В.Ж-д холбогдох хэргийг тохирох хуулийн зүйл, хэсгээр зүйлчлэх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэн, В.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, прокурорт очтол В.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Бямбадагва бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас баталгаажуулан ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно” гэсэн заалт нь хуулийн этгээд, албан тушаалтан, иргэнээс ирүүлсэн баримт бичгийг хавтас хэрэгт нотлох баримтаар бэхжүүлэхэд баримтлах заалт юм.

Хавтаст хэргийн 11-13 дугаар талд байгаа яллагдагч В.Ж-н талаар удаа дараа цагдаагийн байгууллагад хандаж байсан тухай баримт нь хуулийн этгээд, албан тушаалтан, иргэнээс ирүүлсэн бус мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчийн өөрийнх нь цуглуулж, бэхжүүлсэн баримт учраас баталгаажуулах боломжгүй.

Шүүх дээр дурдсан баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээлэл гэж дүгнэж байгаа бол мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх боломжтой байсан. В.Ж нь өөрийн эхнэр И.С-г урьд нь хэдэн удаа хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байсан талаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх нь зүйтэй байна гэжээ. Эрүүгийн хуульд анх 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1201 дүгээр зүйл буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн зүйл, заалт нэмэгдэж 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлснээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан... бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Мөн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинж болон “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг хуульчилсан. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл ямар тохиолдолд гэмт хэрэг болох талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” үйлдэл нь байнгын шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэгэн гэмтэл, хохирол учирсан байхыг шаардаагүй байна.

Харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж хүндрүүлэн зүйлчлэхдээ уг гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамруулан ойлгоно. Энэ хэргийн хувьд прокуророос В.Ж-г байнгын шинжтэй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэж дүгнэн зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Хавтас хэргийн 27-28 дугаар талд хохирогч И.С нь “... Би өөрийн нөхөр болох Ж-той 1999 оноос эхлэн хамт амьдарсан. 2000 онд том хүү Сумъяабазар төрсөн. ... Намайг төрөхөөс 7 хоногийн өмнө ээжийнхээ гэрээс хөөгөөд явуулж байсан. ... 2002 онд намайг хүний нөхөртэй хардаад хэвтэрт ортол зодож байсан. 2008 онд архи ууж ирчихээд зүүн талын 2 хавиргыг хугартал зодож байсан. 2012 онд миний нурууг гараараа хуга цохиод ял аваад шоронд орж байсан. ...” гэж мэдүүлжээ. Дээрх мэдүүлэгт тусгасан 2000, 2002, 2008, 2012 оны үйлдлүүдийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн үйлдэлтэй хамтатган яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн яллагдагч В.Ж нь 2012 онд И.С-г зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээсэн. 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилдөө Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамрагдаж, 12 хоногийн хугацаагаар баривчлагдан, уг шийтгэлээ эдэлж дууссан байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1085 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

В.Ж-д холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх В.Ж-н талаар удаа дараа цагдаагийн байгууллагад хандаж байсан тухай баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, урьд В.Ж нь өөрийн эхнэр И.С-г хэдэн удаа хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байсан талаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлүүдээр В.Ж-д холбогдох хэргийг прокурорт буцаажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон тогтоогдсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаас үзвэл В.Ж нь өөрийн эхнэр И.С-г зодож, хөнгөн гэмтэл учруулсны улмаас 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан /хх 39-41/, мөн В.Ж-д шийтгэл оногдуулж байсан тухай шүүхийн шийтгэвэр /хх 42/, Цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх 32-33/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

Иймд прокурор Б.Бямбадагвын бичсэн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, В.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.