Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/139

 

 

 

                                    Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

 Улсын яллагч                           А.Баясгалан,

 Хохирогч                                   А.О*******,

 Нарийн бичгийн дарга             Б.Болорчимэг

 Шүүгдэгч Б.Ц******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Сартуул овогт Б*******Ц*******эд холбогдох эрүүгийн 2231000000110 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 04-ний өдөр, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэс заслын их эмч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын их эмч ажилтай, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн С******* сумын 8 дугаар баг, 3 дугаар хэсгийн 7-4 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, бие эрүүл ухаан бүрэн, Сартуул овогт Б*******Ц******* /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц******* нь 2022 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цагийн үед ууж согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Voice” нэртэй караокед  тодорхой шалтгаангүйгээр  хохирогч  А.Отгонб*******нүүр тус газар нь   гараараа  цохиж  баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1, 2 дугаар шүдний хугарал, дээд уруулын дотор салстад зулгаралт, дээд буйл, дээд доод уруулд зөөлөн эдийн няцралт бүхий  гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц******* мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 23-ны орой гэртээ ганцаараа 3 пиво уугаад  гармаар санагдаж найзыгаа дуудаж “Voice” нэртэй караокед орсон. Ороод удаагүй байтал О******* ирж надтай мэндлээд юм ярьж байснаа явахгүй намайг хаана явна дагаад байсан ба надад нэг шил архи авч өгсөн. Түүнээс нь амсаад би  О*******т хандаж “чи бид хоёр дотно найзууд биш, одоо яв” гэж хэлсэн. Гэтэл явахгүй шүлсээ үсчүүлээд байхаар нь би нэг удаа цохисон. О******* өөрөө цагдаа дуудаад, тэр цагдаатайгаа маргаад байх шиг байсан. О******* болон түүний аав нь надаас 10 сая төгрөг нэхэмжилсэн. Би боломжгүй байгаагаа хэлсэн. Нэгэнт та бүгд хуулийн байгууллагад хандсан учир хуулийн дагуу асуудлаа  шийдүүлье гэж хэлсэн. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. О*******аас уучлалт гуйя...” гэжээ.        

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.О******* мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө би “Voice” нэртэй караокед орсон. Гэтэл энд миний танил О*******гэж залуу байсан. Би түүнтэй мэндлээд байж байтал Ц******* надад хандаж “чи намайг танихгүй байна уу” гээд надтай хамт ажилладаг Балхаа гэж ахыг асуусан. Тэгээд дуудчих гээд байсан. Балхаа ахтай ярьсан боловч ирээгүй. Гэтэл та нар “ийм шүү дээ” гээд “1 шил архи аваад өг” гэсэн. Би 1 шил архи авч өгсөн. Энэ үед  ямар ч шалтгаангүйгээр миний нүүр, ам хавьд цохисон гэтэл миний нэг шүд газарт унаж, нэг шүд аман дотроо байсан. Би нойл орж нүүр амаа угаагаад дараа нь цагдаа дуудсан. Гэтэл цагдаа дээр бид хоёр архи уусан очсон учир цагдаагийнхан хохирсон намайг эрүүлжүүлээд  Ц*******ийг явуулчихсан. Хэрэг гарснаас хойш Ц*******ийг уулзах байх гэж бодож байтал уулзаагүй учир би өөрөө залгатал намайг “чи уйлаад байна уу” гэж  урьдаас хэл амаар доромжлон тохуурхсан. Би эмнэлэг дээр нь хүртэл очиж уулзсан. Намайг тоохгүй байсан. Манай аав, ээж Ц*******тэй уулзсан нь үнэн. Би шүдээ хийлгэх гээд Дархан орсон. Гэтэл 2 шүд хийгэхэд  5 сая гаран төгрөг орох юм билээ. Эмчийн бичгийг нь авсан. Одоо би Ц*******ээс эмчийн баримтыг үндэслэн 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өгөх боломжгүй бол намайг дагуулж яваад миний шүдийг хийлгээд өг гэсэн хүсэлтэй байна. Би шүдээ хийлгэж авмаар байна...” гэжээ.      

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Б******* мэдүүлэхдээ: ...2022 оны 04 дүгээр сарын 23-нд Баянголын ажилчдын ээлж буугаад А.Отгонб*******гэрт очоод тэдний гэрт нь нэг шил архи хувааж уусан. Орой 21 цагийн орчим байх нэлээн муудсан байсан ‘Voice” караоке орсон. Караокед ороод 6 лааз пиво захиалж уугаад дуулаад сууж байсан. Цаг нэлээн орой болж байсан байхаа ямар ч байсан 00 цаг болж байсан. О******* хажуу талын ширээн дээр очиж хүмүүстэй юм яриад сууж байгаа нь харагдсан. Би өөрөө хажуу талын ширээн дээр сууж байсан хүүхнүүд дээр очоод танилцаад цуг дуулаад сууж байсан. Нэг харахад О******* харагдахгүй болохоор нь угаалгын өрөө ороход Отгонб*******амнаас нь цус гарчихсан хоёр ширхэг шүд гаран дээрээ бариад зогсож байсан. Би түүнээс юу болсон талаар асуухад хүмүүст зодуулсан гэж хэлсэн. Эмч ч билүү нэг нэр хэлээд байсан. Би тэр хүмүүсийг нь таньж мэдэхгүй болохоор цагдаа дууд гэж хэлсэн. Хэнд зодуулж цохиулсныг нь хараагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Оргодол мэдүүлэхдээ: ...А.О******* сууж байснаа Ц*******ийг цуг гарья гэж хэлээд гадагшаа дагуулж гарсан. Би ширээндээ сууж байгаад согтуу хүмүүс маргалдчих юм болов уу гэж бодоод хойноос нь гарахад О*******, Ц******* хоёр муудалцаад зогсож байхаар нь Ц*******ийг дагуулаад буцаж ороод суусан. О******* нь нэлээн согтсон байдалтай Ц******* дээр байн, байн ирээд хэрүүл өдөөд байсан болохоор нь би Ц*******ийг дагуулж гараад машиндаа цуг сууцгаасан юм. Бид хоёрыг машиндаа сууж байхад О******* гүйж ирээд машины зураг хөрөг аваад би Бархаа ахыг дуудчихсан. Хаачих гээд байгаа юм гээд зогсоод байсан. Ц******* машинаас бууж очоод О*******тай юм яриад зогсож байснаа Ц******* Отгонб*******цээж рүү цохичих шиг болсон. Би машин дотроо сууж байсан. Бас гадаа бороо цас орж байсан болохоор яг хаашаа нь цохиж байсан нь харагдаагүй. Ямар ч байсан Ц******* баруун гараараа зангаад байгаа нь харагдаж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 173 дугаартай дүгнэлтэнд: “...А.Отгонб*******биед баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1, 2-р шүдний хугарал, дээд уруулын дотор салстад зулгаралт, дээд буйл, дээд доод уруулд зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 22-23 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 1 дүгээр тал/,

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 2 дугаар тал,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 30-31 дүгээр тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 35-37 дугаар  тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 44 дүгээр тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 45 дугаар тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 47 дугаар тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 48 дугаар тал/,

Гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, /хх-ийн 49 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Ц******* нь 2022 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цагийн үед Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Voice” нэртэй караокед тодорхой шалтгаангүйгээр хохирогч А.Отгонб*******нүүр тус газар нь гараараа цохиж  баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1, 2 дугаар шүдний хугарал, дээд уруулын дотор салстад зулгаралт, дээд буйл, дээд доод уруулд зөөлөн эдийн няцралт бүхийн гэмтэл үүсгэж хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан нь гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1-р хуудас/  хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 2-р хуудас/  хохирогч А.О*******, шүүгдэгч Б.Ц******* нарын  мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч  П.Батзаягийн мэдүүлэг /хх-н 11-р хуудас/ гэрч Н.Оргодолын мэдүүлэг, / хх-н 14-15-р хуудас  мэдүүлэг, шинжээчийн 173 дугаартай дүгнэлт /хх-н 22-23-р хуудас/, эмчилгээний баримт /хх-н 24-р хуудас/ зэрэг  хуульд заасан журмын дагуу  цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна.

Иймд шүүгдэгч Б.Ц*******ийг хуульд заасны дагуу гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.  

Шүүгдэгч Б.Ц******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Б.Ц******* нь 2022 оны 04 дүгээр сарын 23-с 24-нд шилжих шөнө 00 цагийн үед Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Voice” нэртэй караокед шалтгаангүйгээр  хохирогч А.Отгонб*******нүүр тус газар нь гараараа цохиж,  баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1, 2 дугаар шүдний хугарал, дээд уруулын дотор салстад зулгаралт, дээд буйл, дээд доод уруулд зөөлөн эдийн няцралт зэрэг гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь  нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Б.Ц*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хохирогч А.О*******т 115.000 төгрөг гаргуулж олгох  тухай санал гаргав.

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өмгөөлөгчгүй  оролцох хүсэлтээ шүүхэд гаргасан ба уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  өмгөөлөгчгүйгээр  явуулж  болохгүй  хуулийн заалтанд  хамаарахгүй байх тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгчээс ...Гэм буруугаа хүлээж байна, шүүхээс төл гэж гаргасан хохирлыг төлж барагдуулна. Би ажилтай учир А.О*******ыг дагаж явж эмчлүүлэх боломжгүй байна гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Ц*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул  хуулинд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Ц*******эд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Ц******* нь тодорхой шалтгаангүйгээр хохирогч  А.О*******ыг нүүрэн тус газар нь  цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,  хэрэг гарснаас хойш хохирол төлбөр төлөх талаар санаачлага гаргаагүй ба  хохирол төлөөгүй зэрэг байдлыг харгалзан прокурорын гаргасан дүгнэлтийн хүрээнд ял шийтгэлийг оногдуулах боломжгүй  байна гэж үзлээ.

Иймд дээрх байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ц*******ыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг баримтлан Б.Ц*******ийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун   мянган/ төгрөгөөр торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Ц******* нь хохирогч А.Отгонб*******эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хохирогч А.О******* нь мөрдөн шалгах явцад эмчилгээний 55.000 төгрөгийн баримт гаргасан ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хойшид шүдээ хийлгэх зардал  болон эмчид үзүүлсэн гэх  6.000.000 төгрөгийн баримт гаргаж ирүүлсэн байна.

Шүүх дээрх нэхэмжлэлээс хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан  135.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ц*******ээс гаргуулж хохирогч А.О*******т олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хойшид эмчлэгдэх буюу шүд хийлгэх зардал 5.865.000 төгрөгийн нэхэмжлэлийг хуульд заасан баримтыг бүрдүүлэн мөн энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бичиг баримт байхгүй дурьдаад шүүгдэгч Б.Ц*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

                                                   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Сартуул овогт Б*******Ц*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б*******Ц*******ийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Ц*******ийн  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  Б.Ц******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх   газарт даалгасугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Ц*******ээс 135.000 төгрөг гаргуулж хохирогч А.О*******т олгосугай.

6.Хохирогч  А.О******* нь 5.865.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтыг бүрдүүлэн, мөн энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Шүүгдэгч Б.Ц******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны  төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

 

                               ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ