Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/144

 

 

                                    Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга        Б.Болорчимэг,

Улсын яллагч                      Т.Нансалмаа  

Хохирогчийн өмгөөлөгч      О.Батсүх /онлайн/, 

Хохирогч                                  Х.Г*******/онлайн/,

Шүүгдэгч                                  Л.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Боржигон овгийн Лу******* Б*******өд холбогдох эрүүгийн 2231000360103 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн З******* суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн З******* сумын 2 дугаар баг,2 дугаар хэсэг, 2-049 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овгийн Лу******* Б*******, /РД:*******/;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б******* нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Гацуурт” ХХК-ны З******* сумын нутаг дэвсгэрт байрлах тариалангийн талбайд орсон өөрийн үхэр тугалыг хөөж гаргах маргаанаас үүдэн тус компаны ажилтан Х.Ганзоригийн толгойн тус газарт нь машины домакратаар төмрөөр удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б******* мэдүүлэхдээ: “... Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа  хүлээж байна, хохирлыг төлнө...” гэжээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Г*******мэдүүлэхдээ: “...Миний хувьд гомдолтой байна. Би Б*******ийг машинаас татаж гаргасан зүйл байхгүй. Анх Б*******ийн хүү Дэмүүл нь ирж “манай 15 тугал байна, тугалаа авъя” гэж байсан. Гэтэл Б******* цагаан машинтай хурдаараа давхиж ирсэн. Би очиж харахад ард нь 2 жаахан хүүхэд байсан ба “үхэр, тугалаа авна” гэж түүгээр нэг маргаан болгож байснаа буцаж яваад мөн машинтай хүмүүс дагуулж ирээд маргаан үүсгэж бөөн юм болж манай нэг эмэгтэй ажилтан руу дайрч давшилж байснаа намайг машиныхаа  араасаа данхраад төмрөө гаргаж ирээд шууд намайг цохисон. Тухайн үед миний толгойноос маш их цус гарч би өөрийн машины аптекаа гаргаж ирээд цусаа тогтоож боосон. Сумын эмнэлэгт нь үзүүлсэн нэг их тоогоогүй. Энэ хэргээс болж би удаа дараа  цагдаагийн  байгууллага руу явсан ба шинжээч эмч нар нь гэмтэл байхгүй гээд буцааж байсан. Мөн тэнд байсан Цэрэнчимэгийг хүү нь зодож цохисон. Б.Б******* хэрэг гарснаас хойш надтай уулзаагүй, уучлалт гуйж хохирол төлбөр өгөөгүй. Би Саран-элит эмнэлэгт үзүүлсэн 165.000 төгрөг, шатахууны зардлаа нэхэмжилсэн. 300.000 гаран төгрөг болох байхаа, би тодорхой тооцоогүй, тухайн үед эмчилгээний баримтаа цуглуулж байсан боловч гэмтэл гаргаагүй байна гэсэн тул зарим баримтыг үрэгдүүлсэн байна. Б.Б******* нь тэр үед манай бусад хүмүүст ч мөн гэмтэл учруулсан, миний хувьд гомдолтой байна. Б.Б******* нь хуралдаан завсарлах үед миний нэхэмжилсэн 300.000 төграгийг төлнө гэсэн боловч одоогоор мөнгө орж ирээгүй байна...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Б******* мэдүүлэхдээ: “...Чинбат захирал вайбераар залгаад “З******* сумын 60 га талбайд мал орчихсон байна. Санхүүгийнхэн Цэрэнчимэгийн хамт яваарай” гэж хэлэхээр нь бид нар очтол 80 толгой үхэр орчихсон байсан. Бид нар үхрийг туугаад явж байтал нэг мотоциклтой залуу ирээд 15 тугал манай тугал байгаа юм. Өгчихөөч гэсэн. Бид нар хашиж байгаад болно гэсэн. Тэгээд нөгөө залуу яваад хар машинтай бас саарал машинтай хүмүүс ирсэн. Нэг хөгшин ах машинаас бууж ирээд Ганзоригийн толгойн тус газарт демократаар цохиод унагасан. Энэ хооронд нөгөө малыг хашаанаас гаргаад явуулчихсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэрэнчимэг мэдүүлэхдээ: “...Нэг өвөлжөөнд малнуудаа хашиж байсан чинь 3 машинтай хүмүүс ирээд нэг хөгшин ах машинаас шууд бууж ирээд машины данхраадаар манай лабораторийн ахлах шинжээч Ганзоригийн толгойн тус газарт нь цохисон... Тэр хооронд өвөлжөөний хаалгыг эвдэж нөгөө малнуудаа аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33-34 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.И******* мэдүүлэхдээ: “...Мотоцикптой залуу “тугалаа авъя” гэж гуйгаад бид нар “хашиж байгаад болъё” гэж хэлсэн тэгтэл тэр залуу яваад буцаж ирэхдээ хар машинтай ирээд шууд манай ажилтан Ганзоригийн толгойн тус газарт нь цохисон. 14-46 СЭҮ машинтай залуу Цэрэнчимэгийг боож унагаасан. Тэр залуу намайг чирсэн. Тэр хооронд нөгөө хүмүүс хашсан байсан малыг гаргаад явуулчихсан.”гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 36-37 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.А мэдүүлэхдээ: “...Гацуурт компани ажилчид манай тугалуудыг хэдэн том үхрийн хамт туугаад явж байхаар нь өгчихөөч гэж гуйсан. Удалгүй аав 2 дүүгийн хамт ирээд үхэр малаа авъя гээд авч чадалгүй эргээд иртэл бусад малын эзэд нь бас ирчихсэн байсан. Тэд нар нэг айлын хонины хашаанд бүгдийг нь хашчихсан байхаар нь би бүгдийг нь хөөгөөд гаргачихсан.Нөгөө малын эзэд Гацууртын ажилчидтай хэрэлдэж маргалдаад байсан. Тэгээд би харьсан...Тэдний торон хашаа сар орчим онгорхой байсан. Манай үхэр айлын үхэрнүүд дагаад орчихсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 30-40 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Дэмүүл мэдүүлэхдээ: “...тэр өдөр гадуур явж байхад ээж таараад манай тугалнууд Гацуурт ХХК хашсан авч явах гэж байна гэхээр нь хамт очиход баахан хүмүүс бужигналдаж байсан. Аав намайг цаана байгаа тугалнуудаа туугаад аваад яв гэхээр нь тэнд байсан хүмүустэй нийлээд хашааг нь буулгах гэж байхад нэг эмэгтэй ирээд бичлэг хийгээд байхаар нь би түлхээд гарлуу нь цохиход гар утас нь газарт унасан тэгээд тэнд байсан хүмүүстэй нийлээд малаа гаргаж аваад туугаад аваад явсан... ”гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 50-51 дүгээр тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 221 дугаартай дүгнэлтэнд: “...Шүүх эмнэлгийн 360 дугаартай шинжилгээ үндэслэлгүй байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д жижиг/ биеийн  гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт цус хуралт...үед гэмтлиин зэрэг тогтоохгүй гэж заасан байдаг. Х.Ганзоригийн тухайн үед хуйханд няцарсан шарх үүссэн нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг тогтооно...” гэх дүгнэлт, /1 дүгээр хх-ийн 184-185 дугаар тал/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, /хх-ийн 1 дүгээр тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 5 дугаар тал/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 14-15 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 186-187 дугаар тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 231-233 дугаар  тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Оршин суугаа газрын тодорхойлолт, /хх-ийн 31 дүгээр тал/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 34 дүгээр тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 37 дугаар тал/,

Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хх-ийн 39 дүгээр тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Л.Б******* нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Гацуурт” ХХК-ны З******* сумын нутаг дэвсгэрт байрлах тариалангийн талбайд орсон өөрийн үхэр тугалыг хөөж гаргах маргаанаас үүдэн тус компаны ажилтан Х.Ганзоригийн толгойн тус газарт нь машины домакратаар нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлол санаатай учруулсан нь болох нь

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 5-р хуудас /,

Гэрч Ц.Б*******ийн мэдүүлэг /хх-н 30-31 дүгээр хуудас/,

Гэрч Б.Цэрэнчимэгийн мэдүүлэг /хх-н 33-34 дүгээр хуудас,

Гэрч М.И*******ын мэдүүлэг /хх-н 36-37 дугаар хуудас/, 

Гэрч Б.Дэмүүлийн мэдүүлэг /хх-н 50-51 дугаар хуудас/,

Хохирогч Х.Ганзоригийн мэдүүлэг /хх-н 19-20 дугаар хуудас,

Шинжээчийн дүгнэлт /хх-н 184-185 дугаар хуудас/,

Яллагдагчаар мэдүүлэг өгсөн Л.Б*******ийн мэдүүлэг /238-239 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан   баримтуудаар  нотлогдон тогтоогдож  байна.

Иймд шүүгдэгч Л.Б*******ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Л.Б******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Л.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу   800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хохирогч Х.Ганзоригийн нэхэмжилсэн хохирол нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэсэн санал гаргав.

Хохирогчийн өмгөөлөгчөөс ...Улсын яллагчаас шүүгдэгч Л.Б*******ийг торгох ялын санал гаргаж байгаа нь хөнгөн ял оногдуулж байна гэж үзэж байна. Иймд хуульд заасны дагуу 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна гэсэн санал гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ шүүхэд гаргасан ба уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй хуулийн заалтанд хамаарахгүй байх тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Л.Б******* нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Гацуурт” ХХК-ны З******* сумын нутаг дэвсгэрт байрлах тариалангийн талбайд орсон өөрийн үхэр тугалыг хөөж гаргах маргаанаас үүдэн тус компаны ажилтан Х.Ганзоригийн толгойн тус газарт нь машины домакратаар нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Л.Б*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул  хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Б*******өд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Дээрх байдлуудыг харгалзан шүүгдэгч Л.Б*******өд хохирогчийн өмгөөлөгчийн саналын дагуу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах шаардлагагүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Л.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгож шийтгэх зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Л.Б******* нь торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй гэж  шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Б******* нь хохирогч Х.Ганзоригийн  эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хохирогч Х.Г*******нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эмчилгээний болон замын зардалд 300.000 төгрөгийн баримт гаргаж ирүүлсэн байна.

Шүүх дээрх нэхэмжлэлээс хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан  165.000 төгрөгийг шүүгдэгч Л.Б*******өөс гаргуулж, хохирогч Х.Ганзоригт олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Л.Б******* нь хохирогчийн нэхэмжилсэн 300.000 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн талаар баримтыг шүүхэд ирүүлсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хохирогчийн өмгөөлөгчөөс: ...Энэ хэрэгт ганц Х.Г*******хохироогүй Г.Б*******, Б.Цэрэнчимэг нар бас хохирсон, тариалангийн талбайд малаа оруулснаас Гацуурт ХХК-д 50 сая төгрөгийн хохирол учирсан, прокурор энэ талаар анхаараагүй, хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж  өмгөөлөлийн санал дүгнэлт гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар ...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокурорын шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд  явагдана гэж заасан тул хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлтийг  хүлээн авах боломжгүйг дурьдах нь зүйтэй байна.    

Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалах, 1 ширхэг саарал өнгийн машины демократыг шийтгэх тогтоол хүчин төгөлмөр болмогц устгахаар зааж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бичиг баримт байхгүй, цагдан хоригдсон  хоноггүй байна.

Шүүгдэгч Л.Б*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

                                                   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овгийн Лу******* Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Лу******* Б*******ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Л.Б*******ийн  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  Л.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдэж ,торгох ялын биелэлтэнд  хяналт тавихыг  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх   газарт даалгасугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Х.Ганзоригийн эмчилгээний зардалд 165.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Л.Б******* нь хохирогч Х.Ганзоригт 300.000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.  

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, 1 ширхэг саарал өнгийн машины демократыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Шүүхийн эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

7.Шүүгдэгч Л.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй болохыг  тус тус дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                          ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ