Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар  2022/ШЦТ/84

 

 

 

 

 

 

 

 

 

   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  М.Р                                             

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч Н.Я нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Н-ын Я-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хамт Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, ... овогт Н-ын Я /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Я нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 сарын 30-ны өдөр 15 цагийн үед Дорноговь аймгийн ... тоотод иргэн Н.С-г хүнтэй маргалдлаа гэх шалтгаанаар архины шилээр хамрын дэд хэсэгт нь 1 удаа цохиж, хамрын нуруу хэсэгт, духанд зулгаралт шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Я мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 сарын 30-ны өдөр 13 цагт өөрийн төрсөн дүү болон Н.С-тай 0,5 л Хараа нэгтэй 1 шил архи хувааж уусан. Архиа уучхаад байж байтал манай дүү С хүнтэй маргалдаад байсан тул би боль гэж шаардлага тавьсан. Миний шаардлагыг биелүүлэхгүй байсан тул би ууж дууссан архины шилээрээ нэг удаа цохичихсон юмаа гэжээ. /хх-ийн 54-55/   

Шүүгдэгч Н.Я шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: С бид хоёр 0,5 грамм архи уусан юм. Тэгтэл С хажуу айлын авгайтай хэрэлдээд байсан юм. Би боль гэж зөндөө хэлсэн боловч үгэнд орохгүй хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би архины шилээр нэг удаа цохисон. Уг нь мөр лүү цохих гэтэл өөрөө наашаа эргээд нүүрлүүгээ цохиулсан. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Дахин ийм хэрэгт орохгүй. Эрүүл мэндийн даатгалын мөнгийг төлж барагдуулна гэв. 

Хохирогч Н.С 2022 оны 09 сарын 01-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 сарын 30-ны өдөр 15 цагийн орчим эг Я-ийн хамт ... тоот манай хүргэн Б-ын гэрт 1 шил 0,5 л Хараа нэртэй архи хувааж уусан. Архиа ууж дуусаад би хажуу талын айлын Гэрлээ гэж дууддаг хүнтэй маргалдаж байх үед манай эгч Н.Я миний хамрын дээд хэсэгт 1 удаа архины шилээр цохисон, тэгээд миний хамраас цус гараад байсан тул би гараад гүйчихсэн. Би урд талын гэрт орж унтаад жоохон архиа гаргаж байгаад сэрэхэд манай ах Н.Р ирсэн байсан. Р ах юу болсон талаар асуухад нь би эгч намайг архины шилээр цохичихлоо, намайг байнга хэл амаар доромжлоод надад хэцүү байна гэж хэлсэн. Тэгээд манай ах цагдаа дуудаж намайг эмнэлэгт хүргэж ирсэн гэжээ. /хх-ийн 11-15/

Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж прокурор Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд сум дундын прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Н.С-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Н.С нь 2022 оны 08 сарын 30-ны өдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 91.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Н.Я-аас  гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 20-22/

Гэрч Н.Р мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 сарын 30-ны 19 цагийн орчим гэртээ байж байтал Цэцэг гэх зүс таних хүн над руу залгаж дүү чинь цус алдаад ухаангүй ирлээ гэж хэлсэн. Би тэр даруй ... тоотод дүүгийнхээ гарт очтол хашааныхаа урд талын шороон дээр хэвтэж байсан. Намайг ирэхэд босож ирсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би дүү С-аас юу болсон талаар асуутал манай эгч Я намайг архины шилээр цохисон гэж хэлсэн. Намайг байнга нөхөртэйгөө нийлж зоддог, миний группийн мөнгийг хурааж авдаг, урьд өмнө намайг 2 удаа хутгалж байсан, мөн манайг дохтой гомо гэж байнга доромжилдог би ядарч байна ах гэж байсан. Би Я руу залгаад чи дүүгээ ингэж болохгүй шүү дээ гэтэл хуц гичий минь дуртай юм бол өөрөө аваач гэж хэлсэн. С-ийн дух хэсэгт зүсэгдсэн шархтай, хамар хугарсан мөн цус алдаад байсан гэж эмч хэлсэн гэжээ. /хх-ийн 33-34/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-07/

Шүүгдэгчийн согтуурал шалгасан магадалгаа /хх-ийн 11/

Шинжээчийн 2022 оны 09 сарын 05-ны ... дугаартай дүгнэлтэд 1.Н.С-ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2.Н.С-ийн биед хамрын нуруу хэсэгт, духанд зулгаралт шарх гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 41-42/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 47-49/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/

Замын-Үүд сумын ... багийн ажлын албаны тодорхойлолт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 61-66/

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 09 сарын 05-ны өдрийн 19/36 дугаартай албан тоот, иргэний нэхэмжлэлийн тооцоо /хх-ийн 73-74/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 76/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 79-80/

Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт /хх-ийн 82/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 34 дугаартай тогтоол /хх-ийн 84-85/

Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 86-87/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Н.Я нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 сарын 30-ны өдөр 15 цагийн үед Дорноговь аймгийн ... тоотод иргэн Н.С-г хүнтэй маргалдлаа гэх шалтгаанаар архины шилээр хамрын дэд хэсэгт нь 1 удаа цохиж, хамрын нуруу хэсэгт, духанд зулгаралт шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Н.С-ийн /хх-ийн 11-15/, гэрч Н.Р-гийн /хх-ийн 33-34/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 сарын 05-ны ... дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Н.Я-ийн гэм буруутай үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирлын хувьд:

Хохирогч Н.С нь санал гомдолгүй, нөхөн төлбөр авахгүй гэсэн тайлбарыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн /хх-ийн 83/ байна.

Иргэний нэхэмжлэлийн хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 91,000 төгрөгийг шүүгдэгч Н.Я-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлөөлөх нь зүйтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 91,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан болох нь төрийн ашиг сонирхлыг хамгаалахаар мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон прокурор Э.Б-ын “...тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа. ... Н.С нь 2022 оны 08 сарын 30-ны өдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 91.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Н.Я-аас  гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 09 сарын 05-ны өдрийн ... дугаартай албан тоот, иргэний нэхэмжлэлийн тооцоо /хх-ийн 73-74/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Я нь иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 91,000 төгрөгийг төлж барагдуулахаар илэрхийлсэн болно.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Н.Я нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.

Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч  нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэлийг төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл болгон авч үзлээ.

Шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлт болон цалин орлогын байдлыг харгалзан үзээд оногдуулах торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хараа нэртэй архины шил 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт Н-ын Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ын Я-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Я нь оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс өгсөн хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Н.Я-аас 91,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд тушаасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хараа нэртэй архины шил 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.С-д төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Я-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

                                                                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.Б