Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/90

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Р

Улсын яллагч Л.С

Өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Э-ийн О-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2022 оны 09 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хамт Дорноговь аймгийн .... тоотод оршин суух, Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дугаар зүйлийн ...-т зааснаар ... жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, ... овогт Э-ийн О /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Дорноговь аймгийн ... тоотод Ө.Э-тай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь 2 удаа толгойгоороо  мөргөж, зүүн хацар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор  хананд хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт баруун, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед Ө.Э намайг “...чи бол хүний боол айлд амьдарч гуйлгачин хийдэг...” гэж хэлээд хэл амаар доромжлоод байсан юм. Би Ө.Э-ыг ямар нэгэн эд зүйлээр цохиж зодоогүй. Гадаа гараад хоёр даа нүүр лүү нь мөргөж нэг удаа тонгорч унагаасан өөр зүйл болоогүй. Бид хоёрт урдын өш хонзонгийн асуудал байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож байна, хохирол төлбөр даруй төлнө гэжээ. /хх-ийн 53-55/    

 Шүүгдэгч Э.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэрэгт авагдсан мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.  

Хохирогч Ө.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед гадаа О-тэй маргалдаад О намайг хоёр удаа мөргөж хамар, амнаас цус гаргасан тэгэхээр нь би М-нд орж М-г дуудсан тэр үед М-ийн хуурай дүү гэх залуу “айлд байж чимээгүй байгаач” гэж хэлээд, надтай маргалдаж ноцолдсон юм шин байна лээ. О-т зодуулчихсан хамар, амнаас цус гарчихсан нүд хавдчихсан байсан болохоор М-ийн хуурай дүү нь намайг бас цохисон гэж согтуудаа андуурсан байна. М-ийн хуурай дүү бид хоёр ноцолдож зууралдахад намайг боосон би тухайн үед боолтод ороод газар унасан. Шинжээчийн дүгнэлтээр гаргасан гэмтлүүдийг О намайг 2 удаа мөргөж, гадаа ноцолдсоноос үүссэн. Би Сайншандад очиж тархины томограф хийлгэсэн. Мөн Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэг 5 хоног хэвтэн эмчилгээ хийлгүүлсэн байгаа. /хх-ийн 14/

Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж прокурор Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд сум дундын прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Ө.Э нь 2022 оны 08 сарын 13-нд Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт зүс таних хүмүүст зодуулж биедээ хүндэвтэр хохирол авсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Ө.Э нь 2022 оны 08 сарын 14-нөөс 08 сарын 16-ны хооронд Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн төвөөс тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 513,500 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ө.О-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Сум дундын прокурорын газарт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно гэжээ. /хх-ийн 19-21/

Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 12-13-нд шилжих шөнийн 02 цагийн үед гэртээ буюу 2 дугаар багийн ... тоотод Д гэх хуурай дүүгийн хамт дөнгөж ажлаасаа ирээд байж байсан. Тэгсэн Л, О, Э нар хоёр шил 1 литрийн архи барьж орж ирсэн. Бид нар 1 шил архийг задлаад хуваагаад ууцгааж байсан чинь Э нь О-ийг хэл амаар доромжилж эхэлсэн тул О нь Э-т уурлаад манай гэрээс гараад явсан. Би санаа зовоод Д-ыг араас нь гаргасан. 1 цаг гарангын дараа Да, О нар орж ирсэн. Тэр хоёрыг орж ирэхэд эхний задалсан нэг шил архи дууссан. Ахин нэг шил архийг задлаад хувааж ууцгаасан тэгсэн ахин Э, О нар маргалдаж О гараад явсан. Би Д-ын хамт араас нь гарч уулзсан. Тэгсэн манай дүүгийнх энүүхэн хойно байдаг гэж хэлээд явсан бид хоёр гэрт ороод архи ууцгаасан. Тэгсэн миний гар утас дуугараад О залгаад ирээд аваач гэхээр нь Д-ыг явуулж авчруулсан. Тэр хоёрыг орж ирэхэд үлдсэн нэг шил архи талдаа орж байсан тул архиа хувааж уугаад Д унтах гээд хэвтсэн. Л, Э, О нар тамхи татаад гадаа үлдсэн тэр хооронд нь и унтчихсан байсан.. нэг хүн орилоод байхаар нь сэрсэн тэгсэн Э, О нар гэрт ороод ирчихсэн Э хашигчаад байсан. Э агсан тавиад байхаар нь Д унтаж байгаад босож ирээд “ахаа унтаж амраа ээ” гэсэн чинь Э улам агсам тавиад орилоод Д-тай зууралцаж орон дээр ноцолдоод байсан. Тэгсэн цаанаас О нь Э-ыг аргадаад манай гэрээс хамт гарсан. Тэгсэн үүдний амбаарт О, Э нар нь юм түчигнүүлээд ноцолдоод байсан. Би Д-ыг гаргаад салга гэж хэлэхэд салгачхаад гэрт орж ирсэн, араас нь О нь орж ирсэн. Яг тэгж орж ирэхэд “М найз нь зодуулчихсан” гэж хэлээд орилоод байсан тэгээд босоод харсан чинь Э-ын амнаас цус гарчихсан, гарсан цус хатчихсан байсан. Баруун нүднийх нь дээд хөмсөг, зүүн нүдний доод зовхи хавдчихсан байсан. О тэр үед дээгүүрээ цээж нүцгэн нуруу нь маажсан шинжтэй улайчихсан байсан, доогуураа жинсен цэнхэр өмдтэй, өрөөсөн ул нь салчихсан бакалан гуталтай орж ирсэн гэжээ. /хх-ийн 23-25/

Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 сарын 13-нд М ахын гэрт Э, О, Л нар ирсэн. Тэд нар архи ууцгааж байхад Э нь О-т хандаж “чи бол айлын боол гуйлгачин чамд юу ч байхгүй” гэх мэтээр хэл амаар доромжилж байсан. Тэр үед ямар ч зодоон цохион болоогүй. Би тэд нартай хэсэг сууж байгаад унтахаар цаад өрөө лүү орж унтсан. Тэр дөрөв үлдсэн. Хүн хашхираад орилоод байхаар нь би сэрсэн тэгсэн Э, О нар маргалдсан бололтой орж ирчихсэн Э орилоод тэр хоёр ноцолдоод байсан. Л байгаагүй, М ах унтаж байсан. Тэр хоёр орж ирэхэд Э-ын уруул, хамраас нь цус гарчихсан, хоёр нүд нь хавдчихсан байсан. О яагаач үгүй биеэс нь ямар нэгэн цус гарсан шинжгүй гаран дээр цус наалдчихсан байсан. Гэрт орж ирээд Э нь орилоод О лүү дайраад байсан тэгэхээр нь би очиж салгасан тэгсэн О гэрээс гараад явсан. О-ийг гэрээс гарсан хойно Э намайг өдөөд “чи муу юу хийж байгаа юм” гэж элээд М ахыг унтаж байхад нь “бос босооч” гэж хэлээд орилоод байсан. Тэгж байгаад намайг зуураад авсан бид хоёр барьцалдаж аваад ноцолдсон. Тэгсэн М ах босож ирээд бид хоёрыг болиулаад Э-ыг аваад гарсан гэжээ. /хх-ийн 39-41/

Шинжээчийн 2022 оны 08 сарын 19-ны өдрийн ... тоот дүгнэлт: 1.Ө.Э-ын эмнэлгийн бичиг баримтыг шинжлэн судлахад зүүн хацар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун,и зүүн нүдний зовхины цус хуралт, цээж, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан зүүн хацар ясны хугарал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4.Учирсан баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, цээж, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 43-44/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-03/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 94 дугаартай шийтгэх тогтоолын хуулга /хх-ийн 61, 65, 68-72/

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 сарын 30-ны өдрийн албан тоот, зардлын дүнгийн лавлагаа  /хх-ийн 74-75, 81-85/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 76-77/

Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт /хх-ийн 86/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх прокурорын 35 дугаартай  тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн 87-90/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Дорноговь аймгийн ... тоотод иргэн Ө.Э-тай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь 2 удаа толгойгоороо мөргөж баруун нүдний ухархайн дотор хананд хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн гэмтэл, зүүн хацар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Ө.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад “...О намайг 2 удаа мөргөж, гадаа ноцолдсон.” /хх-ийн 14/ гэх мэдүүлэг, гэрч М.М-ийн “...Би Д-ыг гаргаад салга гэж хэлэхэд салгачхаад гэрт орж ирсэн, араас нь О нь орж ирсэн. Яг тэгж орж ирэхэд “М найз нь зодуулчихсан” гэж хэлээд орилоод байсан тэгээд босоод харсан чинь Э-ын амнаас цус гарчихсан, гарсан цус хатчихсан байсан. Баруун нүднийх нь дээд хөмсөг, зүүн нүдний доод зовхи хавдчихсан байсан.” /хх-ийн 23-25/, гэрч Э.Д-рын “...Тэр хоёр орж ирэхэд Э-ын уруул, хамраас нь цус гарчихсан, хоёр нүд нь хавдчихсан байсан. О яагаач үгүй биенээс нь ямар нэгэн цус гарсан шинжгүй гаран дээр цус наалдчихсан байсан.” /хх-ийн 39-41/ гэх мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 08 сарын 19-ний өдрийн ... тоот дүгнэлт /хх-ийн 43-44/-ээр хохирогчийн биед зүүн хацар ясны хугарал бүхий гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.О-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч Ө.Э нь “...нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 14/ гэх мэдүүлэг шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болно.

Иргэний нэхэмжлэлийн хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 513,500 төгрөгийг шүүгдэгч Э.От-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлөөлөх нь зүйтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 513,500 төгрөгийн эмчилгээний зардал гарсан болох нь төрийн ашиг сонирхлыг хамгаалахаар мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон прокурор Э.Б-ын “...Ө.Э нь 2022 оны 08 сарын 14-нөөс 08 сарын 16-ны хооронд Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн төвөөс тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 513,500 төгрөгийн зардал гарсан.” /хх-ийн 19-21/ гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 сарын 30-ны өдрийн албан тоот, зардлын дүнгийн лавлагаа  /хх-ийн 74-75, 81-85/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Э.О нь иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 513,500 төгрөгийг төлж барагдуулахаар илэрхийлсэн болно. 

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Э.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.

Шүүгдэгч Э.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт Э-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-гийн О-ийг 2 /хоёр/ сарын хугацаагаар оршин суух газар болох Дорноговь аймгийн ... сумын дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Э.О-ээс 513,500 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай оруулж, хохирогч Ө.Э-т төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.Б