Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/320

 

       

 

 

 

 

  

2022         03             28                                     2022/ШЦТ/320

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 185/2022/0240/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар ,

Шүүгдэгч Ц.Т-, түүний өмгөөлөгч Ж.Буджав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Т-т холбогдох эрүүгийн “2209000000049” дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ: 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ... Ц.Т,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Ц.Т- нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... тоотод эхнэр Э.Г-тэй “шинэ жилийн баярын арга хэмжээнд явлаа” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар нүүр рүү цохих, хэвлий рүү өшиглөх зэргээр зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

Шүүгдэгч Ц.Т- нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр архи уусан байсан. Болсон зүйлийн талаар санахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харамсаж байна.” гэв.

 

Хэргийн үйл баримтын талаар:

Хохирогч Э.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр клубийнхээ хүмүүстэй шинэ жил тэмдэглэх гэж байсан боловч би явахгүй гээд гэртээ байсан. Тэгээд бэлэг сэлт солилцох байсан болохоор 20:00 цагийн үед очоод удаагүй байж байхад манай нөхөр араас залгаад байхаар нь авсан чинь согтуу байсан, удахгүй очно гэсэн чинь дахин дахин залгаад байсан. Тэгээд тайлбарлаж хэлэхээр ойлгохгүй болохоор нь би гэртээ очин очтолоо утсаа ерөөсөө аваагүй. Тэгээд гэртээ клубийнхээ эгчийн нөхрөөр хүргүүлээд гэртээ ороод гутлаа тайлж байхад манай нөхөр намайг үгийн зөрүүгүй барьж аваад зодсон. Тэгээд миний гар утсыг булааж аваад өгөхгүй байсан. Тэгээд маргааш өглөө нь миний нүүр аймар болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-22-23 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 662 дугаартай:

“Э.Г-ийн биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, хоёр нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулай, дагзны хуйх, дух, зүүн хацар, уруул, хүзүү, хоёр сарвуу, зүүн ташаа, гуянд цус хуралт” гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хх-25-26 тал/

Шүүгдэгч Ц.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “... прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... яг орж ирээд орон дээр суухад нь жийж унагаад 4 хөллөхөөр нь хажуугаас нь нүдний нь тэр хавь руу цохисон. Миний энэ үйлдлээс болж эхнэрийн биед тэрийг нь сайн мэдэхгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд байгаа байх... 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэж мэдүүлэг дээр байсан, би өөрөө цаг хугацаагаа мэдэхгүй байна. Би өөрөө 15-16-ны хооронд гэж бодоод байгаа...” гэх мэдүүлэг /хх-5-7 тал/, болон шүүгдэгчийн энэ шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

  • Урьд ял шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р тал/ зэрэг баримтууд болно.
  • Шүүгдэгч Ц.Т-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 тал /,
  • Ц.Т- нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна гэсэн Авто тээврийн үндэсний төвийн тоот /хх-ийн 42 тал/
  • Шүүгдэгч Ц.Т- нь 2020 оноос хойш халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн үйлчилгээ авч байгаагүй болох нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн лавлагаа /хх-ийн 44 тал/
  • Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Ц.Т- нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... тоотод эхнэр Э.Г-тэй “шинэ жилийн баярын арга хэмжээнд явлаа” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар нүүр рүү цохих, хэвлий рүү өшиглөх зэргээр зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь “ гэм буруу дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ц.Т- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Э.Г-тэй үл ялих зүйлээр шалтаглан, маргалдан улмаар нүүр рүү цохих, хэвлий рүү өшиглөх зэргээр зодсон үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 662 дугаар дүгнэлтээр Э.Г-ийн биед “...баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, хоёр нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулай, дагзны хуйх, дух, зүүн хацар, уруул, хүзүү, хоёр сарвуу, зүүн ташаа, гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д "гэр бүлийн хүчирхийлэл" гэж “эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон гэрлэгчид, хамтын амьдрал” бүхий этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж тус тус хуульчилсан байна.  

 

Шүүгдэгч Ц.Т- гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Э.Г-ийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Э.Г-т Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 662 дугаар дүгнэлтээр Э.Г-ийн биед “...баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, хоёр нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулай, дагзны хуйх, дух, зүүн хацар, уруул, хүзүү, хоёр сарвуу, зүүн ташаа, гуянд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Т- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Э.Г-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Хохирогч Э.Г- нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгчээс нэхэмжлэх, зүйл гомдол саналгүй гэсэн хүсэлтийг гаргасан болох нь хавтаст хэрэг авагдсан хохирогчийн хүсэлт /хх-ийн 16 тал/ мөн шүүхийн мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Т-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Т- нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Ц.Т-т ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ..... ял оногдуулъя гэснийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “....ял оногдуулж өгнө үү ” гэснийг, шүүгдэгч “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэснийг тус тус харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдтэй.

Шүүхээс шүүгдэгч Ц.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид “...баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, хоёр нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулай, дагзны хуйх, дух, зүүн хацар, уруул, хүзүү, хоёр сарвуу, зүүн ташаа, гуянд цус хуралт”  бүхий хөнгөн хохирол учирсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т- нь оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ц.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22  зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Т-т анхааруулсугай.    

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.АЗЖАРГАЛ