| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2018/02048/И |
| Дугаар | 2280 |
| Огноо | 2018-10-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2280
| 2018 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 183/ШШ2018/02280 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скуэр хотхон, *** дугаар байрны **** тоотод оршин суух Г овогт Т-ын Ч /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Шаравын гудамж, ** дугаар байрны *** тоотод оршин суух Ж овогт Р-ын Т /РД: /-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 539.200.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөлөөгч М.Цэнгүүн,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч төлөөлөгч М.Цэнгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Р.Т нь 2013 оны 08 дугаар сард Т.Чтэй уулзаж “Б ”ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд улс хоорондын автовокзал, гаалийн баталгаат агуулахын барилгын угсралтын ажилыг хийж гүйцэтгэхээр болсон тул санхүүжилт шаардлагатай байгаагаа хэлсэн юм. Дээрх барилга угсралтын ажил нь Зам, тээврийн яамны захиалгатай байсан бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр “Б”ХХК нь тендерээр сонгогдож, харин Р.Тулгын “Т”ХХК нь туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болсон байсан. Ингээд захиалагч нь төрийн байгууллага байсан учраас санхүүжилт нь найдвартай орж ирэх юм байна гэж ойлгоод Р.Тд туслахаар шийдэж, түүнд шаардлагатай байгаа санхүүжилтийг зээлэхээр болсон. Ингээд 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 30.000.000 төгрөгийг Р.Т-ын Хаан банкин дахь ************** дугаар дансанд шилжүүлсэн бөгөөд үүнээс хойш 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 150.000.000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 145.000.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 25.000.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 20.000.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 35.000.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 45.000.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж байсан бөгөөд нийт 470.000.000 төгрөгийг түүний дансанд шилжүүлж, бэлнээр 65.200.000 төгрөгийг өгснөөр нийт 535.200.000 төгрөгийг түүнд зээлдүүлсэн. Р.Т нь дээрх барилгын ажлын гүйцэтгэлийг хийж дуусгаад буюу 2013 оны 11 дүгээр сард багтаан надаас зээлсэн 535.200.000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм. Энэхүү хугацаа өнгөрснөөс хойш өдийг хүртэл ямар ч төлөлт хийгдээгүй байна. Мөн Р.Т нь 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд өөрийн компани болох “Т”ХХК-ийн дансаар нийт 961.730.429 төгрөгийг “Б”ХХК-иас гаргуулан авсан байдаг. Т.Чгээс Р.Тд зээлдүүлсэн 535.200.000 төгрөгийг буцаан төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан бөгөөд тэрээр “Б”ХХК-д явуулсан албан бичгийг үзүүлэн тухайн компаниас мөнгийг чинь гаргуулж өгнө, надад төлөх мөнгө байхгүй зэргээр хугацаа авч өдийг хүртэл зээлж авсан мөнгөө эргүүлж төлөхгүй хохироож байна. 2016 оны 05 дугаар сард Р.Тд хандаж зээлсэн мөнгөө төлж барагдуулах талаар уулзаж, шүүхэд хандах тухайгаа хэлэхэд тэрээр удахгүй төлж барагдуулна, мөнгө орж ирэхгүй байна гэх зэргээр хугацаа авч одоог хүртэл зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Мөн “Б”ХХК-иас дээрх зээлийн төлбөрийг гаргуулан авах, шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгаагаа учирлаж 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэмж 4.000.000 төгрөгийг зээлж авсан байдаг. Иймд зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 539.200.000 төгрөгийг Р.Тас гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Р.Тд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Т.Ч нь хариуцагч Р.Тас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 539.200.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.Ч нь хариуцагч Р.Ттай зээлийн гэрээг амаар байгуулж, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 30.000.000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 150.000.000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 145.000.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 25.000.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 20.000.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 35.000.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 45.000.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөг, нийт 470.000.000 төгрөгийг дансаар, 2013 оны 10 дугаар сарл 65.200.000 төгрөгийг бэлнээр, нийт 535.200.000 төгрөгийг хүүгүйгээр, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэмж 4.000.000 төгрөгийг хүүгүйгээр тус тус зээлдүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хариуцагчийн мөнгөн хүлээн авсан тухай тодорхойлолт, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх тухай хэлцэл зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Р.Т нь нэхэмжлэгч Т.Чгээс нийт 539.200.000 төгрөгийг хүлээн авсан болох нь тэдний хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх тухай хэлцэлээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй байна.
Зээлдэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлд огт төлөлт хийгээгүй бөгөөд талууд зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй байх тул зээлдэгч нь зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх үүрэгтэй боловч хариуцагч Р.Т нь зээлсэн мөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь зээлдүүлсэн 539.200.000 төгрөгөө Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардах эрхтэй юм.
Нөгөөтэйгүүр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2.853.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 2.853.950 төгрөгийг хариуцагч Р.Тас гаргуулж, нэхэмжлэгч Т.Чд олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Тас 539.200.000 /таван зуун гучин есөн мянга хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Чд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2.853.950 төгрөгийг улсын хэвээр үлдээж, хариуцагч Р.Тас 2.853.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Чд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР