Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 185/2022/0512/Э |
Дугаар | 2022/ШЦТ/559 |
Огноо | 2022-05-26 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Э.Билгүүн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/559
2022 05 26 2022/ШЦТ/559
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр;
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Э.Билгүүн (томилолтоор);
Шүүгдэгч: Ө.Г (өөрийгөө өмгөөлж);
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;
Шүүгдэгч Ө.Г: Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино зураглаач мэргэжилтэй, ам 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Ө.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны шөнийн 23.00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ““ бааранд иргэн Б.Зтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, зүүн чихэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокуророос Ө.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Г мэдүүлэхдээ: “...Маш их гэмшиж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Зын мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-11/, Б.Зын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5454 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/, Ө.Г-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 28-38/, Ө.Г-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/, хохирогч Б.Зын хүсэлт /хх-ийн 51/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон
хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны шөнийн 23.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах ““ бааранд иргэн Б.Зыг “дунд хуруу, салаавч гаргалаа” гэх шалтгаанаар харилцан зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Б.Зын /хх-ийн 8-9/: “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны шөнийн 23.00 цагийн үед өөрийн ажлын газрын найз Н.Н, Н.Б нарын хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ бааранд орж үйлчлүүлсэн. Бааранд ороод би 1 шил пиво уусан. Бааранд орохоос өмнө 6 найзтайгаа нийлж 3 литр пиво уусан байсан. Баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байхад үл таних залуу миний гутал дээр гишгэчихээд над руу налаад байсан. Тэгэхээр нь би “цаашаа бай” гээд түлхчихсэн чинь найзууд нь цаанаас хүрч ирээд нөгөө залууг аваад явсан. Тухайн үед тэр залуу намайг амандаа хараагаад байсан. Тэгэхээр нь би салаавч, дунд хуруу гаргаад тоохгүй бүжиглэж байсан чинь нөгөө залуу хүрч ирээд миний нүүр лүү нудрага зангидаж 4 удаа цохисон. Зүүн дээд булангийн шүд унасан. Шүд хийлгэхэд эмчилгээтэйгээ нийлээд 2.000.000 төгрөг болно гэсэн тэрийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,
Б.Зын биед “уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, зүүн чихэнд зулгаралт” бүxий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5454 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 20-21/,
Ө.Г-ийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 42-43/: “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны шөнийн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах ““ бааранд өөрийн эхнэр болон 4 найзын хамт орж үйлчлүүлсэн. Бааранд ороод 100 грамм виски уусан. Тухайн үед би бүжгийн талбайд бүжиглэж байгаад хойшоо ухарч байхдаа санаандгүй байдлаар нэг эрэгтэйн хөл дээр гишгичихсэн. Харин тэр залуу намайг хүчтэй түлхсэн. Энэ үед манай найзууд боль гэж хэлээд бид хоёрыг салгасан. ...тэр залуу цаад үзүүрт бүжиглэж байхдаа над руу дунд хуруу, салаавч гаргаад байсан. Тэгэхээр нь би уурлаж очоод “яаж байгаа юм” гэхэд намайг цохисон. Бид хоёр харилцан зодолдсон...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Ө.Г нь Б.Зыг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой нотолж тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Ө.Г-ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ө.Г-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Б.Зын “...хохирлыг барагдуулсан тул гомдол санал байхгүй” гэх хүсэлт хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдаг хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ө.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ө.Г нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ