Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 810

 

    Ц.Е, Ш.Б, А.Н нарт

   холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ц.Ариунболд,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б,

            яллагдагч Ц.Е-н өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 169 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндалайгийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлээр Ц.Е, А.Н, Ш.Б нарт холбогдох 1807 00000 0203 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Ц-н Е, 1983 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, “..” ХХК-д алт, мөнгөний дархан ажилтай, ам бүл 3, эх, хүүгийн хамт ........... сумын 10 дугаар баг, ........... тоотод оршин суух бүртгэлтэй,

 Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 70 дугаартай шүүгчийн захирамжаар Шинэчлэн найруулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялд нийцүүлэн 11 жил 6 сарыг хасаж, 8 сар 16 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, мөн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаартай шүүгчийн захирамжаар 3 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан /РД: ......../;

2. Б. овгийн А-н Н, 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр ...... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, “....” ХХК-д алт, мөнгөний дархан ажилтай, .............. гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 756 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө суллагдсан /РД: ........../;

3. Х.. овгийн Ш-н Б, 19.. оны ... дугаар сарын ..-ны өдөр ........... төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, хувиараа мөнгөний дарханы ажил эрхэлдэг, .......... гудамжны 10 тоотод оршин суух бүртгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дүгээр зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД: ............../;

Ц.Е нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 4-ний орой ......дүүргийн 3 дугаар хороо, .......... тоот задгай хашаанд Ц.Б-тай маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж унаган зодсоны улмаас хохирогчийн биед гавал тархины гэмтэл учран нас барж, хүнийг санаатай алсан,

Ш.Б, А.Н нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 4-ний орой ........ дүүргийн 3 дугаар хороо, ........... тоот задгай хашаанд Ц.Б-г зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ц.Е-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ш.Б, А.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийн хүсэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж талуудын тайлбар, дүгнэлтүүдийг хянан үзээд хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдал тогтоогдоогүй үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул дараах нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Үүнд:

1. Гэрч Д.Мөнхтуяа мөрдөн байцаалтад “талийгаач Б-г Е зодсоны дараа Н зодсон, талийгаачийг ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй болох үед Н зодсон” гэж мэдүүлсэн, яллагдагч Е энэ талаар мэдүүлэгтээ “Н зодож байхад нь би гарч ирж зодсон” гэж дурдсан байхад яллагдагч Н-н үйлдлийг гүйцэд шалгаж тогтоолгүй Е, Н, Б нарын үйлдлийг салгаж зүйлчилсэн байдаг.

2. Хэргийн газрын үзлэг хийхдээ хохирогчийг нас барсан гэрт хязгаарлагдаж хийгдсэнээр уг хэрэг анх хаана эхэлсэн, автомашинд хэн, хэн хаана сууж байсан, хохирогч хаана байсан, хохирогч хэн хэнийг хаана яаж хоргоож зодуулсан, Б хаана хохирогчийг цохисон, хохирогчийг хаанаас хаашаа хүртэл өргөж оруулсан, унагасан эсэх зэргийг тогтоох зорилгоор хэргийн газрын үзлэгийг хэргийн оролцогч нарыг оролцуулан дахин хийх.

3 Хохирогчийг яллагдагч нар зодсон гэх үйлдэл болсон цаг хугацааны талаар гэрч Б, М нар 18 цагийн үед Налайх руу орж ирж энэ үйл явдал болсон ба талийгаачийг зодсон асуудал 10 минут, 20 минут, 1 цаг гэж мэдүүлсэн байдлыг үнэлж гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоогоогүй, энэ талаар яллах дүгнэлт болон яллагдагчаар татсан тогтоолд дурдагдаагүй байх тул уг үйл баримт нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний орой ......... дүүргийн 3 дугаар хороо, .............тоот задгай хашаанд хэдэн цагт болсныг заавал тогтоох шаардлагатай байна.

4. Шинжээчийн дүгнэлт дахин гаргуулахаар гаргасан өмгөөлөгчийн хүсэлт нь үндэслэлтэй байна. Дүгнэлт гаргуулахдаа талийгаачид учирсан гэмтлүүдийг Ц.Е, Ш.Б, А.Н нарын хэн ямар байдлаар учруулсныг нарийн тогтоох, талийгаачид учруулсан хохирлыг хэн учруулснаас шалтгаалан хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэх. Мөн талийгаачид учирсан гэмтлүүд нь гэмтлийн ямар зэрэгт хамаарахыг нэг бүрчлэн тогтоож, гэмтэл болгоны дүгнэлтийн цаана эдгээрийн хүмүүсийн үйлдэл, шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь зүйтэй байна.

Иймд яллагдагч А.Н, Ш.Б нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, цаг хугацаа, учруулсан гэмтэл нь яллагдагч Ц.Е-н үйлдэлтэй давхацсан эсэх зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоох нь зүйтэй гэж үзээд хэргийг прокурорт буцааж, яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор С.Цэрэндалай бичсэн эсэргүүцэлдээ: “... Ц.Е нарт холбогдох хэрэгт Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гаргасан. Уг захирамжид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдал тогтоогдоогүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзээд хэргийг прокурорт буцаасан. Үүнд:

1. Хэрэгт авагдсан гэрч Д.Мөнхтуяагийн мэдүүлэгт “... Б буцаад гэрээсээ гарч ирээд машины жолооч талын хаалгыг онгойлгоод толгойгоо оруулж ирээд дахиад архи нэхтэл Е гарынхаа хойд хэсгээр нилээн хүчтэй талийгаач Б-н нүүр хацар хэсэг рүү хоёр удаа алгадаад авсан. Тэгээд машинаас буунгуутаа хойгуур тойрч очоод талийгаач Б-г гараа атгаж байгаад нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Тэгтэл талийгаач Б газар саваад уначихсан. Тэгтэл машинаас Н, Б хоёр буусан тэр үед Е талийгаач Б-г дэвсээд байх шиг би автомашин дотор байсан тул хөл нь харагдаагүй тэгэхдээ биеийн хөдөлгөөнөөр нь өшиглөөд байна гэдгийг нь мэдсэн. Яг тухайн үед өшиглөхөд нь нэг удаа чанга “түг” гээд дуугарсан. Энэ үед нь Бадамзул Е-г талийгаач Б-с салгаад араас нь татаад автал Н талийгаач Б-г дээрээс нь гараараа цохиод байх шиг байхаар нь би айгаад буугаагүй юм...” гэжээ. Өөрөөр хэлбэл Ц.Е нь амь хохирогч Ц.Б-г нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Талийгаач хойшоогоо газарт савж унасан, түүнийг өшиглөсөн зэргийг нотолсон бол А.Н нь амь хохирогч Ц.Б-г Ц.Е цохиж унаган өшиглөсний дараа гараараа цохиж, зодсон гэдгийг шууд нотлоогүй цохиод байх шиг байсан гэжээ.

Насанд хүрээгүй гэрч Б.Мөнхзул мэдүүлэхдээ “... Б ах би ядаргаатай байна уу гээд Е гэх ахыг гартаа тоосго барьчихсан байснаа газар шидээд тэр гараараа нэг удаа алгадсан тэгсэн чинь Е гэх ах нэг гараараа 2-3 удаа нүүр лүү нь цохисон чинь Б ах хүчтэй толгойгоороо саваад дээшээ хараад газар шороон дээр унаад өгсөн. Тэгтэл нөгөө Е гэх ах Б ахыг уначихсан хойно нь хажуунаас нь 1-2 удаа өшиглөсөн. Тэгсэн чинь Б ах уначихаад нүдээ аниад хурхираад босохгүй байхаар нь нөгөө хүмүүс нь машинруугаа орчихсон. Тэгээд Б ах гадаа 10-20 минут яг тэр чигээрээ хурхираад хэвтээд байсан чинь нөгөө зодсон ах тэнд байсан хүмүүстэйгээ өргөөд Б ахыг гэрт нь оруулсан...” гэжээ. Гэрч Ц.Б-н “...Е-н хоёр гарын хурууны үе, яг нударга хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон байхаар нь би Бадамзулаас хөөе Е-н гар нь цус болчихсон байна ш дээ эмнэлэг, цагдаа дуудах уу гэхэд Бадамзул Е Б ахыг гарынхаа араар уруул руу нь цохиод цус гаргачихсан юм гэж хэлсэн...”, гэрч С.Бадамзулын “... Миний мэдэж байгаагаар тухайн үед Е талийгаач Б хоёр л маргалдацгаасан, Тухайн үед талийгаач Б ямар ч байсан Е-тэй зодолдоод л унасан. Тэгээд л тэрнээс хойш газар унасан байснаас хойш дахиж босоогүй, талийгаач Б-г гадаа нилээн удаан хэвтсэнийг мэдэж байна. Талийгаач Б-г өөр хүн цохиж зодсоныг мэдэхгүй байгаа юм...” гэжээ. Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд Ц.Е-н үйлдлийг А.Н, Ш.Б нарын үйлдлээс салгаж зүйлчилсэн нь үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл талийгаач Ц.Б нь ямар гэмтлийн улмаас нас барсан, тухайн гэмтлийг хэн хэрхэн учруулсан болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон байна.

А.Н нь энэ хэрэгт ямар оролцоотой байсан, амь хохирогч Ц.Б-г цохисон гэх үйлдлийг хангалтай шалгаж тогтоосон бөгөөд энэ нь гэрч Д.Мөнхтуяагийн “...талийгаач Б Н-г сууж байхад нь толгой, зулай орчимд нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон чинь Н “давраад байгаарай пизда минь” гээд машинаас буугаад талийгаач Б-г заамдаад, талийгаач Б бас өөдөөс нь заамдалцаад зууралдаад машины хойд талд очсон. Тэгэхээр нь би хойд цонхоор тэр хоёрыг зодолдох вий гээд нүд салгахгүй хараад байж байтал Н баруун гараа атгаж байгаад талийгаач Б-н толгой руу зүүн чих орчим руу нь 2 удаа цохихоор нь би тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлгээр А.Н нь талийгаач Ц.Б-г цохисон үйлдэл тогтоогддог.

2. Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн талаарх мэдээллийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн аваад хэргийн газарт очиж үзлэг хийсэн бөгөөд тухайн өдөр Ш.Б нь өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэйгээ Улаанбаатар хот руу явсан байсан бөгөөд хэргийн газрын үзлэгийг хашаа болон гэрт хийсэн байдаг. Захирамжид дурдсан тээврийн хэрэгсэлд хэн, хэн хаана сууж байсан, хохирогч хаана байсан, хохирогч хэн, хэнийг хаана хоргоосон гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэгт тодорхой тусгагдсан байна Тухайлбал: Гэрч Д.Мөнхтуяагийн мэдүүлэгт “... би автомашин дотор сөн түшээд архи аягалж үлдсэн, Б, Б хоёр Б-н гэр лүү орчихсон. Тэгээд тэр гурвыг орсны дараа би буцаж автомашины хойд талд орж суугаад сөн түшээд сууж байсан, Н жолоочийн суудалд сууж байсан, миний хажууд Е сууж байсан, Ганбаатар бол нилээн согтуу ер нь тасарчихсан байдалтай жолоочийн хажуугийн урд суудал унтаад л байсан...” гэсэн бөгөөд тухайн үед тээврийн хэрэгсэлд хэн, хэн хаана сууж байсныг тодорхой мэдүүлсэн байна. Түүнчлэн хохирогч Ц.Б нь архи уух зорилгоор хашаанд түр байрлуулсан тээврийн хэрэгсэлд сууж байсан Е нар дээр ирж маргаан үүсгэж байсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн дэргэд бусдад зодуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Үйл явдал ......... дүүргийн 3 дугаар хороо, .......... тоот задгай хашаанд болж өнгөрсөн бөгөөд талийгаач Ц.Б-г хашаан дотор ухаангүй хэвтэж байхад нь уг хашаан дотор байдаг өөрийнх нь гэрт нь өргөж оруулсан болох нь гэрчүүдийн мэдүүлэгт тодорхой тусгагдсан байна. Үйл баримтаар тодорхой, эргэлзээгүй тогтоогдсон нөхцөл байдалд хэргийн газарт нөхөн үзлэг хийх шаардлагагүй юм.

3. Гэрч Д.Мөнхтуяа ...16 цагийн үед Городокоос Налайх руу гарсан гэсэн бол гэрч Энхмаа ... 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 16 цагийн манай хажуу айлын гадаа нэг Приус загварын машин ирчихсэн байсан. Тэгээд би 17 цагийн орчимд бие засах гээд Б-ын хашаанд байдаг жорлон луу орох гээд явж байхад тэр машинаас цаахан талд Б-ын жорлонгийн хажууд эрүүн доороо сахалтай, биеэрээ шивээстэй залуу талийгаач Б-г баруун гараараа зүүн шанаа руу нь цохиход талийгаач Б хойшоо саваад жорлонгийн хананд тулсан..., насанд хүрээгүй гэрч Б.Мөнхзул “...2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагийн үед би өөрийн ээж Б руу дүүгийнхээ утсаар залгаад хэлсэн. Тэгсэн чинь ээж нэг их удалгүй найзуудтайгаа ирээд...” гэж мэдүүлсэн бөгөөд бусад гэрч нар нь гэмт хэрэг гарсан цаг хугацааг 17, 18, 19 цагийн үед буюу тухайн үед нар жаргаж байсан, гэгээтэй байсан гэх зэргээр өөрсдийн барагцаагаар мэдүүлдэг. Тухайн үед гэмт хэрэг үйлдэгдэх үед байсан гэрчүүдийн дийлэнх нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, цаг хугацааг нарийн хэлэх боломжгүй ойролцоогоор хэлж байгаа бөгөөд хохирогчийг яллагдагч нарын хэн хэн нь яг хэдэн цаг минутад цохиж, зодсон болохыг тогтоох боломжгүй юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэн/- ыг шалгаж тогтоосон бөгөөд гэмт хэрэг 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17-18 цагийн үед үйлдэгдсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

4. Хэрэгт амь хохирогч Ц.Б-н нас барсан шалтгаан, түүний биед учирсан гэмтлийн зэргийг тогтоохоор задлан шинжилгээ хийж дүгнэлт гаргасан бөгөөд яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу нэмэлт болон дахин шинжилгээг хийлгэж дүгнэлт гаргуулсан. Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй гаргасан 436 дугаартай дүгнэлтээр “...шинжээч эмч С.Төгсбуянгийн 2018.11.18-ны өдрийн 08/120 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Ц.Б нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас үхэлд хүрсэн байна. Ц.Б-н бие цогцост тогтоогдсон биеийн ил хэсгийн гэмтлүүд нь үхэлд нөлөөгүй хөнгөн гэмтэлд хамаарна...” гэсэн бөгөөд шинжээчийн дүгнэлт нь нас барсан шалтгаан, үхэлд хүргэсэн болон биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох үүрэгтэй бөгөөд амь хохирогч Ц.Б-н биед учирсан гэмтлүүдийг Ц.Е, А.Н, Ш.Б нарын хэн нь ямар байдлаар учруулсныг тогтоох байгууллага биш юм. Иймд дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй байна.

Анхан шатны шүүх Ц.Е нар холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд хэргийн газарт үзлэг зайлшгүй хийх нь зүйтэй гэж үзвэл нөхөн үзлэг хийх, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол дахин шинжилгээ хийлгэх, шинжээч болон гэрч нарыг оролцуулж тэднээс мэдүүлэг авах зэрэг ажиллагааг шүүх хуралдааны явцад хийж гүйцэтгэх боломжтой тул хэрэгт мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасныг эс зөвшөөрч Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 169 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Ц.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурор С.Цэрэндалайгийн бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь дэмжиж байна. ... Шинжээч эмч талийгаачид учирсан бусад гэмтлийг хөнгөн зэрэгт хамаарна гэж тодорхойлсон учир прокурорын зүгээс хөнгөн гэмтэл учруулсан гэж үзсэн. ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Ц.Е-н өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурор эсэргүүцэл бичихдээ Ц.Е талийгаач Ц.Б-г дэвсээд байх шиг байсан. Би автомашинд байсан тул хөл нь харагдаагүй. Гэхдээ биеийн хөдөлгөөнөөр өшиглөөд байна гэдгийг мэдсэн гэх насанд хүрээгүй гэрч Б.Мөнхзулын мэдүүлгээр Ц.Е-н үйлдлийг нотлогдсон гэж үзсэн. Мөн А.Н талийгаачийг цохиод байх шиг байсан гэдгийг мэдүүлсэн. Гэтэл үүнийг шууд нотолгоо биш гэж үзэж, энэ талаар шалгуулаагүй. Талийгаач нь Ш.Б, А.Н, Ц.Е нарт зодуулсан, харин Бадамзулд 2 алгадуулсан байдаг. Үүний дараа талийгаачийг босоогүй гэдгийг гэрч нар мэдүүлдэг. Хэргийн материалтай танилцахад тухайн хэрэг 2018 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 17-19 цагийн үед үйлдэгдсэн гэж харагдаж байна. Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн, хэн үйлдсэн гэдгийг тогтоох ёстой. Хэрэг учрал болсон газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй 2 хүн байсны нэг нь гэрч Мөнхтуяа юм. Гэрч Мөнхтуяагаас байцаалт авахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны талаар огт тодруулж асуугаагүй. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 169 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Уг хэргийн улмаас төрсөн ахыгаа алдсандаа маш их харамсаж байна. Шүүгдэгч нарыг бид нар дээр ирж уучлалт гуйх байх гэж бодсон боловч ирээгүй. Маш их гомдолтой байна. ...” гэв.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Ц.Е, Ш.Б, А.Н нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалт үндэслэл муутай болжээ.

Ц.Е, Ш.Б, А.Н нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал”, 1.5-д заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэрэг нотолбол зохих байдлыг нотолсон гэж дүгнэх боломжгүй байх ба хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхэд эргэлзээ бүхий байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан хугацааг зайлшгүй тогтоохоос гадна хэн, хэн ямар оролцоотой уг гэмт үйлдлийг хэн үйлдсэн, амь хохирогчийн биед хэний, ямар үйлдлийн улмаас ямар гэмтэл учирсныг шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоосны эцэст яллагдагч нарын тус бүрийн үйлдэл оролцоонд тохирсон зүйлчлэлээр хэргийг зүйлчлж ирүүлэх шаардлагатай байна.

Харин шүүгчийн захирамжийн 1, 2, 3 дахь заалтад заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж болохгүй үндэслэлд хамаарахгүйн гадна хэрэгт ач холбогдолгүй гэж нь давж заалдах шатны шүүх үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгчийн захирамжийн 4 дэх заалтад найруулгын шинжтэй өөрчлөлт оруулж, уг заалтын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй.

Тухайлбал, прокуророос А.Н, Ш.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “...Шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурна....” гэж заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн, А.Н нь урьд 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 756 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Ш.Б нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн байх ба тэдгээр нь уг ялыг эдэлж дууссан эсэх, хэзээ, ямар үндэслэлээр суллагдсан талаарх нотлох баримтыг хэрэгт зайлшгүй хавсаргах шаардлагатай байна.

Иймд прокурор С.Цэрэндалайгийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.