Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2024/0508

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

“М”  НҮТББ-ын

                                   нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалын “М”  НҮТББ-д холбогдох хэсэг буюу хавсралтын 22, 23 дахь хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 415 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0825/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М”  НҮТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалын “М”  НҮТББ-д холбогдох хэсэг буюу хавсралтын 22, 23 дахь хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 415 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар үйлийн 1, 9, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалын Монголын үндэсний их сургууль НҮТББ-д холбогдох хэсэг буюу хавсралтын 22, 23 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай Монголын үндэсний их сургууль НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалын “М”  НҮТББ-д холбогдох хэсэг буюу хавсралтын 22, 23 дахь хэсгийг хүчингүй болгуулах шаардлага үндэслэл нь Монголын үндэсний их сургууль нь Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд газар эзэмших эрхтэй бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 434 дугаартай шийдвэрээр газар ашиглах эрхээ сэргээлгэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/31 дугаартай тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Улмаар тус яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас 2021 оны дугаар сарын 13-ний өдөр газар ашиглах гэрчилгээг олгосон.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” А/299 дүгээр тушаал гаргаж манай газар эзэмших эрхийг Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн 1 дүгээр талбайн 21140 м.кв газраас 1058 м.кв, 2 дугаар талбайн 136820 м.кв газраас 23643 м.кв газрыг ойн санд давхацсан гэж үзэн хэсэгчлэн цуцалсан байна.

Энэхүү тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг илтэд зөрчсөн. Бид огт мэдээгүй, сонсох ажиллагааг явуулаагүй. Тушаал гарсны дараа ч мэдээгүй, бид zuv.mn сайтаас 2023 оны 08 дугаар сарын 23 өдөр олж мэдэж тус сайтаас тушаалыг татаж авсан.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д захиргааны үйл ажиллагаандаа “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг баримтлан гэж Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрөөс төрийн бус байгууллагын хууль ёсны эрхийг хамгаална” гэж тус тус заасан.

Манай сургууль нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, төрөөс баримтаж буй хувийн хэвшлийг дэмжих, хамгаалах, боловсрол, шинжлэх ухаан аялал жуулчлалыг бүх түвшинд дэмжих хөгжүүлэх бодлого шийдвэрт итгэж үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл энэхүү хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим, хууль ёсны эрхийн хамгаалах асуудлыг сайд зөрчиж байна.

Дээрх актыг гаргахаасаа өмнө сайд Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27, 29 дүгээр зүйлд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд сонгох, мэдэгдэх, бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагаа зэргийг огт хийгээгүй.

Тухайлбал хуулийн 24 дүгээр зүйл 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна” 25.1.1-д “Ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах” 25.1.2-т “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” 25.1.3-д “шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах” 25.1.4-д “гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах” 25.1.5-д “баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах, хуулбарлах”, 25.1.6-д “шаардлагатай бол туршилт хийх”, 25.1.7-д “оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах, 25.2-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход оролцогч энэ хуульд заасан хүрээнд оролцож болно” гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална” гэж, 29.2-т “Захиргааны шийдвэр бүрд хяналтын дагалдах хуудас хавсаргах бөгөөд дагалдах хуудсанд захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон албан хаагч бүрийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, оролцоо, гүйцэтгэлийн тухай дэлгэрэнгүй тэмдэглэсэн байна. Дагалдах хуудсанд албан хаагчийн захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон оролцоо, гүйцэтгэлийг тэмдэглэсэн байна” гэж тус тус заасныг сайд болон яамны аппарат огт хэрэгжүүлээгүй хууль зөрчиж шууд тушаал гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны актыг бичгээр гаргахад тавигдах шаардлагыг заасан ба 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна” гэж, 40.2.2-т “захиргааны акт хаяглагдсан этгээд нь хувь хүн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээдийн эрхгүй бусад этгээд бол түүний төлөөлөгч, нэр, хаяг, холбоо барих мэдээлэл”, 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.4-д “захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах”, 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах”, 40.3-д “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана", 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж заасныг сайдын тушаал огт хангаагүй.

Тушаал хууль тогтоомжийн үндэслэх хэсэгт Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль 27 дугаар зүйл “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсний 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж, Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-д “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах”-ыг хориглоно гэж заасныг тус тус үндэслэсэн ба өөр хууль тогтоомж үндэслээгүй байна. Гэтэл эдгээр үндэслэл болгож буй хуулийн зохицуулалт нь газар ашиглах эрх цуцлахтай холбоотой заалт огт биш хамааралгүй заалтууд байна. Манай сургууль олон жил шүүхийн маргаантай явж ирсэн, газар ашиглах эрхээ сэргээлгээд удаагүй байгаа учраас газар дээрээ ямар нэг барилга байгуулж бариагүй юм.

Газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслэн цуцалдаг боловч сайдын тушаалд эдгээр заалыг баримтлаагүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Түүнчлэн Газрын тухай хууль, Ойн тухай хууль Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд ойн санд газар ашиглахыг хориглоогүй тул шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд дээрх шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч “М”  НҮТББ-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалын “М”  НҮТББ-д холбогдох хэсэг буюу хавсралтын 22, 23 дахь хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.2. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн талбайд давхцалтай 36 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч “М”  НҮТББ-ын 1 дүгээр талбайн 21140 м.кв газраас 1058 м.кв, 2 дугаар талбайн 136820 м.кв газраас 23643 м.кв газрыг тус тус ойн санд давхцалтай гэж үзэн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан байна.

2.3. Анхан шатны шүүхээс “... “М”  НҮТББ-ын ашиглах эрхтэй байсан 21140 м.кв талбайн 1058 м.кв, 136820 м.кв талбайн 23643 м.кв нь ойн сангийн газартай давхцалтай байгаа нь ойн сангийн агаарын зургаар тогтоогдож байна. Давхцалтай хэмээн хэсэгчлэн цуцалсан ойн сангийн талбай нь ... шигүү шинэсэн ой болох нь маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, фото зургаас тодорхой харагдана, ... “М”  НҮТББ-д ... Хот байгуулалтын хөгжлийн газраас олгосон 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн МЗХ2022/22-008 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаварт төлөвлөлтийн хязгаарын схем зургаарх барилгажих талбайд шүүхийн үзлэгээр тогтоогдсон ойн сан дахь шинэсэн ой модтой талбай багтсан ... нь газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах үндэслэл болж байна” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

2.4. Хэдийгээр хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны лавлагаа болон шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургуудаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан газар нь ойн сан бүхий газартай давхцалтай болох нь тогтоогдож байх боловч маргаан бүхий энэ тохиолдолд Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 29.1.10-д “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч төрийн бус байгууллагын газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан нь буруу байна.

2.5. Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ” гэж заасан бөгөөд Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь ойн хамгаалалтын дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна” гэж хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, уг маргаан бүхий газарт дээрх хуульд заасны дагуу ойн хамгаалалтын дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тогтоох учиртай.

2.6. Түүнчлэн Аялал жуулчлалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь байгаль, үндэсний онцлог бүхий түүх, соёлын өвд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын үйл ажиллагаанд төр, иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.6-д ““аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага” гэж байр сууц, тээвэр, хоол үйлдвэрлэл, үзмэр, үзвэр үйлчилгээ, жуулчны мэдээллийн төв зэрэг жуулчинд зориулсан үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдийг” ойлгоно гэж заасан бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно”, 6/-д “байгалийн аялал, жуулчлалыг тогтоосон зам, чиглэлээр зохих журмын дагуу зохион байгуулах;”, 7/-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах”, 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” 5/-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих”-ыг хориглоно гэж тус тус хуульчилсан.

2.7. Дээрх зохицуулалтуудыг зорилго, агуулгаар нь системчлэн тайлбарлавал,  байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байгалийн өвөрмөц, үзэсгэлэнт тогтоц бүхий газарт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго нь Аялал жуулчлалын тухай хуулийн зорилтоос тодорхой харагдах бөгөөд энэхүү зорилго нь тухайн газрыг ашиглахгүйгээр хэрэгжих боломжгүй. Тиймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах, ийнхүү ашиглуулахдаа ямар барилга, байгууламж барьж болох талаар Аялал жуулчлалын тухай хуультай харилцан уялдаатайгаар зохицуулсан.

Нөгөөтээгүүр хуульд зааснаар “Дархан цаазат газар” нь бусад ой бүхий газраас онцлогтой учраас тусгай хамгаалалтад авч, түүнийг ашиглахад тусгай дэглэм шаардагдах тул тус газарт орших ойн сан бүхий газрын дэглэмийг Ойн тухай хуулиар бус Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тогтоодог байна.

2.8. Ийнхүү тусгай дэглэм бүхий тусгай хамгаалалттай газар нутагт байрлах ойн сан бүхий газартай холбоотой шийдвэр гаргахдаа хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэгжүүлсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин газар ашиглагчийг тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахдаа хуулиар зөвшөөрөгдсөнөөс бусад төрлийн барилга, байгууламж барих зэргээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл хариуцагч нь зохих шийдвэр гаргахад энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 415 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М”  НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалын “М”  НҮТББ-д холбогдох хэсэг буюу хавсралтын 22, 23 дахь хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д-н давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

 

                        ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

                        ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН