Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 114

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг,

 

Улсын яллагч Б.Догмиддорж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг,

 

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б. Бд холбогдох эрүүгийн 201611000213 дугаартай хэргийг 2016 оны 10 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,1982 оны 11 сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, гаалийн эдийн засагч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 8, эх, эгч, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 19 дүгээр хорооны 4 дүгээр хорооллын  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл,  Боржигон овогт Б Б. /РД: ЧЕ/

 

Шүүгдэгч Б.Б нь Дорнод аймгийн Матад сумын 2 дугаар багийн нутаг "Харганы цар" гэх газарт 2016 оны 5 сарын 08-ны өдөр Тоёота Приус-20 маркийн 24-14 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ галтай болгоомжгүй харьцсаны улмаас уг автомашины доод эд ангиудад хуримтлагдсан өвс яндангийн халалтаас үүдэн шатаж, улмаар хээрийн түймэр гарч Дорнод аймгийн Матад сумын 5065 га бэлчээрийн талбай шатаж, 19333105 /арван есөн сая гурван зуун гучин гурван мянга нэг зуун тав/ төгрөгийн шууд, 777850 /долоон зуун далан долоон мянга найман зуун тавин/ төгрөгийн шууд бус хохирол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 16200 га бэлчээрийн талбай шатаж, 61835400 /жаран нэгэн сая найман зуун гучин таван мянга дөрвөн зуун/ төгрөгийн шууд, 5318600 /таван сая гурван зуун арван найман мянга зургаан зуун/ төгрөгийн шууд бус хохирол, мөн "Гуртын тавилан" ХХК-д 2000000 /хоёр сая/ төгрөгийн шууд бус хохирол учруулж, нийт байгаль экологид 81168505 /наян нэгэн сая нэг зуун жаран найман мянга таван зуун таван/ төгрөгийн шууд, 8096450 /найман сая ерэн зургаа мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 5 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу хүн авахаар өөрийнхөө Тоёота приус-20 маркийн 24-14 УБЦ улсын дугаартай автомашинтай ганцаараа гарсан бөгөөд очих газраа олохгүй төөрчихсөн юм. 2016 оны 5 сарын 8-ны өдөр хөдөө хээр гаднаа машин тэрэгтэй кэмп байсан бөгөөд уг газраас Пикап машин хөдлөөд уул руу өгсөөд явсан. Тэгээд кэмп дээр ирсэн чинь хүн байхгүй байсан учраас уг машины араас явахад баруун хөтөл дээр хэсэг машин харагдахаар нь зам асуух гээд очиход надад зам зааж өгсөн ба намайг хөдлөх гэж байхад хөтөл даваад нэг цагаан өнгийн Патрол машин гарч ирсэн. Гэтэл "нутгийн залуучууд зодох гээд ирж байна" гээд бужигналдаад машиндаа суугаад хөдөлцгөөсөн. Би тэр үед учрыг нь ололгүй ганцаараа байсан тул сандраад зам руу чиглээд зугтсан. Тэгэхэд миний араас нөгөө машин хөөж ирсэн бөгөөд дотроос нь цагдаа хувцастай хүн дохихоор нь тайвшраад зогссон. Уулзаад зогсож байсан чинь миний машины моторын доод талаас утаа гарч гал гарсан. Тэгээд машиндаа суугаад асаах гэсэн боловч асахгүй байсан бөгөөд удалгүй машиныг тойроод гал авалцаж эхэлсэн. Машин шатаж эхлээд түймэр гарч урд зүгт чиглээд шатаж эхэлсэн. Ийм зүйл болсонд харамсаж байна. Дахин ийм асуудалд орохгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогчийн төлөөлөгч Ш.Өлзийдүүрэн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: "Манай суманд 2016 оны 5 сарын 8-ны өдөр 2 дугаар багийн нутаг "Харганы цар" гэх газарт хээрийн түймэр гарсан. Уг түймэр нь машин шатсаны улмаас гарсан бөгөөд нийт 5065 га газар шатсан  юм. Уг түймрийн улмаас айлын эд хөрөнгөнд хохирол учраагүй бөгөөд байгаль экологид 19333105 төгрөгийн хохирол учирсан юм. Түймэр унтраахад 777850 төгрөгийн зардал гарсан. Нийт 20110955 төгрөгийн хохирол манай суманд учирсан бөгөөд уг мөнгөн дүнг нэхэмжилж байна" гэх мэдүүлэг /хх-ийн 154-155/

 

Хохирогчийн төлөөлөгч Ч.Батгэрэл мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: "Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн малын бэлчээр газраас нийт 16200 га газар түймэрт өртсөн. 2016 оны 5 сарын 08-нд гарсан хээрийн түймрийн цурмаас 2016 оны 5 сарын 12-ны өдөр түймэр гарсан тул нэгтгэж акт гаргасан юм. Би түймэрт өртсөн 16200 га газрын бэлчээрийн төлбөрийг нэхэмжилж байна" гэх мэдүүлэг.

 

Иргэний нэхэмжлэгч Х.Бадамханд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: "Манай "Гуртын тавилан" нэртэй нөхөрлөл нь автомашиныг барьцаалж зээл олгодог авто ломбардын үйл ажиллагаа явуулдаг юм. Энэхүү 24-14 УБЦ улсын дугаартай Приус -20 маркийн автомашиныг манай нөхөрлөлд автомашины эзэмшигч өөрийн машинаа манай байгууллагын нэр дээр шилжүүлээд унаж явахаар зээл авсан юм. 2016 оны 4 сарын 21-ний өдөр өөрийн Приус-20 маркийн машинаа унаж явахаар барьцаанд тавиад манай нэр дээр шилжүүлээд 2 сая төгрөгийг нэг сарын 7 хувийн хүүтэй зээлийг авсан юм. Гэтэл одоог хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгдээгүй, өөрөө үүнийгээ тайлбарлахдаа автомашин шатсан цагдаагийн байгуулллага шалгаж байгаа гэж тайлбарлаад одоо надад мөнгөний боломжгүй байна" гэж хэлдэг гэх мэдүүлэг /хх-ийн 222/

 

2016 оны 6 сарын 28-ны өдрийн Дорнод аймгийн Онцгой байдлын газрын шинжээчийн 092/09 дугаартай дүгнэлтэд: "...Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 53-72 тоотод оршин суугч иргэн Б.Бын эзэмшлийн "Toyoto prius 20" маркийн 24-14 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Б.Б нь баталгаат замгүй, өвс ихтэй газраар зорчин явснаас тус тээврийн хэрэгслийн доод эд ангиудад өвс хуримтлагдаж, өвсөөр дамжин гал түймэр гарч, бэлчээрийн талбайд тархсан байх боломжтой байна" гэжээ. /хх-ийн 176-177/

 

Бичгийн баримт:

 

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-12/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17/, Б.Бын тайлбар /хх-ийн 18-19/, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай акт /хх-ийн 36-37/, Дорнод аймгийн Матад сумын ой, хээрийн түймрээс учирсан хохирлын акт /хх-ийн 38-40/, түймрийн зураглал /хх-ийн 41/, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ой, хээрийн түймрээс учирсан хохирлын акт /хх-ийн 59-60/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 125-129/, гэрч Х.Батболдын мэдүүлэг /хх-ийн 160-161/, гэрч Ц.Майтөрийн мэдүүлэг /хх-ийн 162-163/, гэрч Н.Сүх-Ялалтын мэдүүлэг /хх-ийн 164-165/, гэрч Н.Чинямболын мэдүүлэг /хх-ийн 166-167/, гэрч Д.Амаржаргалын мэдүүлэг /хх-ийн 168-169/, гэрч Ж.Энхбаярын мэдүүлэг /хх-ийн 170/, гэрч Ж.Болотхааны мэдүүлэг /хх-ийн 171-172/, гэрч Б.Цээсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 173-174/, 2016 оны 6 сарын 28-ны өдрийн шинжээчийн 092/09 дугаартай дүгнэлт /хх-ийн 176-177/, шүүгдэгч Б.Бын сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 184-185/, Дорнод аймгийн улсын бүртгэл, статистикийн газрын албан бичиг /хх-ийн 190/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 198/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 216-217/, гэрч М.Амарсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 223/, гэрч Ц.Энхболдын мэдүүлэг /хх-ийн 224/, Дорнод аймгийн Матад сумын Тамгын газрын албан бичиг /хх-ийн 240, 247/, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын албан бичиг 248-249/, "Гуртын тавилан" ЗГБХН-ийн ирүүлсэн албан бичиг, бэлэн мөнгөний орлогын баримт, Баянгол дүүрэг 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болно.

 

     Шүүгдэгч Б.Б нь Дорнод аймгийн Матад сумын 2 дугаар багийн нутаг "Харганы цар" гэх газарт 2016 оны 5 сарын 08-ны өдөр "Тоёота Приус-20" маркийн 24-14 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ галтай болгоомжгүй харьцсаны улмаас уг автомашины доод эд ангиудад хуримтлагдсан өвс яндангийн халалтаас шатаж, улмаар хээрийн түймэр гарч Дорнод аймгийн Матад сумын 5065 га бэлчээрийн талбай шатаж, 19333105 төгрөгийн шууд, 777850 төгрөгийн шууд бус хохирол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 16200 га бэлчээрийн талбай шатаж, 61835400 төгрөгийн шууд, 5318600 төгрөгийн шууд бус хохирол, мөн "Гуртын тавилан" ЗГБХН-д 2000000 төгрөгийн шууд бус хохирол учруулж, нийт байгаль экологид 81168505 төгрөгийн шууд, 8096450 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгч  Ш.Өлзийдүүрэн,  Ч.Батгэрэл,  иргэний нэхэмжлэгч Х.Бадамханд нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Х.Батболд, Ц.Майтөр, Н.Сүх-Ялалт, Н.Чинямболд, Д.Амаржаргал, Ж.Энхбаяр, М.Амарсүрэн, Ц.Энхболд нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хэрэг учралын газарт үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн акт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Матад сумын ой, хээрийн түймрээс учирсан хохирлын акт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ой, хээрийн түймрээс учирсан хохирлын акт, эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б нь уг гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэж, байгаль экологид 81168505 төгрөгийн шууд, 8096450 төгрөгийн шууд бус хохирол учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд Б.Быг галтай болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

 Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэн хянан харгалзах нь зүйтэй бөгөөд түүний тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгох нь зүйтэй байна.

 

Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд тухайлбал, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргаас ирүүлсэн 2016 оны 9 сарын 30-ны өдрийн 1/275 тоот албан бичигт: "...Тус сумын 2 дугаар баг "Харганы цар" орчмоос 2016 оны 5 сарын 08-ны өдөр хээрийн түймэр гарч бэлчээрийн 5065 га талбай шатаж 19333105 төгрөгийн хохирол учирсан болно. Сумын онцгой байдлын бүрэлдэхүүн хуралдаж 2 дугаар багийн нутагт гарсан хээрийн түймэрт шатсан талбайн өвс ургаж сэргэсэн бөгөөд малчдын бэлчээрт ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй тул онцгой байдлын штабын шийдвэрийг үндэслэн дээрх бэлчээрийн төлбөр 19333105 төгрөгийг нөхөн төлүүлэхгүйгээр бодит зардал болох 896350 төгрөгийг төлж барагдуулсан болно" гэж /хх-ийн 247/, мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын даргаас ирүүлсэн 2016 оны 10 сарын 20-ны өдрийн 3/202, 3/203 тоот албан бичигт: "...2016 оны 5 сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын нутаг "Хар сэрвэн" гэх газраас гарсан хээрийн түймрийн бинзен шатахууны зардал болох 2222200 төгрөгийг тус сумын төрийн сангийн дансанд тушаасан нь үнэн болно", "...Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутагт шатсан бэлчээрийн талбай нөхөн сэргээгдэж байгаль экологид ямар нэгэн сөрөг нөлөөгүй болох нь тус багийн иргэдийн дүгнэлтээр тогтоогдсоныг үндэслэн хохирлыг иргэн Б.Баас нэхэмжлэхгүй" гэж /хх-ийн 248-249/, мөн 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 3/206 тоот албан бичигт: "...Томилолтын зардал болох 3096000 төгрөгийг Банди овогт Баас нэхэмжлэхгүй бөгөөд тус сумын Засаг даргын тамгын газрын зүгээс  ямар нэг төлбөр тооцоогүй гомдол саналгүй болно" гэж, иргэний нэхэмжлэгч "Гуртын тавилан" ЗГБХН-ийн захирлааас ирүүлсэн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн албан бичигт: "9021001099 бүртгэлийн дугаартай 5086248 улсын регистртэй "Гуртын тавилан"-н нэр дээр бүртгэлтэй байгаа 24-14 УБЦ улсын дугаартай "Приус" маркийн автомашины зээлийн гэрээ 2016 оны 4 сарын 21-ны өдөр Бандийн Бын нэр дээр хийгдэж 2016 оны 10 сарын 28-ны өдөр төлбөр тооцоо болох 2000000 төгрөгийг барагдуулсан тул манай байгууллагаас нэхэмжлэх төлбөр тооцоо байхгүй болно" гэжээ

 

Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Быг энэ шийтгэх тогтоолоор хохирогч иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар түүний эзэмшлээс "Guangpone" маркийн гар утас 1 ширхэг, "Nokia 2114" маркийн гар утас 1 ширхэг зэргийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 7 сарын 27-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй бөгөөд шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогч Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын тамгын газарт 896350 төгрөгийг, хохирогч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газарт 2222200 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч "Гуртын тавилан" ЗГБХН-д 2000000 төгрөгийг тус тус төлсөн/, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж. бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Бын ЧЕ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг өөрт нь буцаан олговол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Бандийн Быг галтай болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар шүүгдэгч Б.Быг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б. Бд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 61 дугаар зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан Б.Бд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй бөгөөд ялтан Б.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй /Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын тамгын газарт 896350 төгрөгийг, мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газарт 2222200 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч "Гуртын тавилан" ЗГБХН-д 2000000 төгрөгийг тус тус төлсөн/, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж. бичгийн баримтаар хураагдан ирсэн ялтан Б.Бын ЧЕ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар ялтан Б.Бын эзэмшлээс "Guangpone" маркийн гар утас 1 ширхэг, "Nokia 2114" маркийн гар утас 1 ширхэг зэргийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг хүчингүй  болгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан  Б.Бд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацааг  2016 оны 11 сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ                                         Б.ЭНХБААТАР