Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2021/0451

 

 

 

 

 

  2021           07           02                                    128/ШШ2021/0451

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М” ХХК,

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар,

Гуравдагч этгээд: “ДХ” ХХК,

Гомдлын шаардлага: “Төрийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлийг илт хууль бус тогтоолгож, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Ховд багийн Эрүүл мэндийн төвийн барилга, төслийн сонгон шалгаруулах үнэлгээг дахин хийлгэхийг даалгах” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д*******, А.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Н нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“...Төрийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “М” ХХК-ийн тендерээс татгалзах тухай хурлын шийдвэрийг хүчингүй болгож, тендерийн үнэлгээний хороогоор дахин үнэлгээ хийхийг төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Захиалагч эрүүл мэндийн яамны XVII.1.63 “Эрүүл мэндийн төвийн барилга 5 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг/ ЭМЯ202003130 нэртэй барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг тус төрийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулсан байжээ.

Тус өдөр үнэлгээний хороо нь хуралдаж манай компанийг тендерээс татгалзан шийдвэрлэж мөн өдрийн А-1/2168 тоот мэдэгдлийг манайд хүргүүлсэн байна. Энэ тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтээр шаардсан бүх шаардлагуудыг манай компани нь нэгэн зэрэг хангасан бөгөөд өгөгдлийн хүснэгтийн 12, 13-т заасан “сүүлийн 3 жилийн байдлаар буюу 2017, 2018, 2019 онуудын аль нэг жилд ижил төстэй барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр гэрээ, улсын комиссын акт, захиалагчийн дүгнэлт, ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангахгүй байсан. “ДХ” ХХК-ыг шалгаруулсанд гомдолтой байна.

“ДХ” ХХК-ыг Улаанбаатар хотын иргэн С.*******т-Од нь 2017 онд үүсгэн байгуулсан бөгөөд одоогийн эзэн Ж.Е нь өөрийн хүүгийн нэр дээр байгаа Н хуримын ордны өргөтгөлийн барилгын ажлыг 2018 онд эхлүүлсэн ба үүнийг 2020 онд хийж дуусгасан болгож акт ирүүлсэн. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 13 дугаарт ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудад төсөвт өртгийн 30 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй барилга угсралтын ажлыг доод тал нь нэг удаа ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж гүйцэтгэсэн байна. Ажил гүйцэтгэсэн гэрээ, ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын акт, захиалагчийн тодорхойлолт эсвэл дүгнэлтийг ирүүлнэ. Ирүүлээгүй тохиолдолд татгалзах үндэслэл болно гэсэн заалтыг зөрчсөн байна. “ДХ” ХХК нь 2017, 2018, 2019 онуудад нэг ч барилга угсралтын ажил хийгээгүй ба тус компанид ажилладаг ИТА-ууд ажлын туршлагагүй мөн хүснэгтийн 15-т заасан шаардлагыг хангахгүй байна.

Нөгөөтэйгүүр тус “ДХ” ХХК-ыг Ж.Е нь 2017 оны 12 дугаар сарын сүүлээр худалдан авсан ба тухайн 2017 оны С.*******тдын ИТА болон барилгын ажилчид хийж гүйцэтгэсэн ажлыг одоогийн Ж.Еийн санал болгосон ИТА-ууд болон барилгачид хийж гүйцээгүй байх тул түүнийг ижил төстэй барилгын ажил гүйцэтгэсэн туршлагатай үзэхээргүй байна.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын А-1/2168 тоот мэдэгдлийг 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан бөгөөд улс орон даяар цар тахлын улмаас хот хоорондын хөл хорио тогтоосны улмаас шуудан тээвэр үйлчилгээ саатаж, удааширснаас болж гомдол гаргах хугацааны тухай шалтгаанаа дурдаж хуулийн дагуу Сангийн яаманд гомдол гаргасан ба тус яамнаас хугацаа хэтрүүлсэн тул шалгах боломжгүй мэтээр хариу манайд ирүүлсэн болно.

A-1/2168 тоот мэдэгдэл нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр боловсруулагдсан ба тендерийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 11 цагт нээсэн бөгөөд тухайн өдөр үнэлгээний хороо дор нь хуралдаж шийдвэр гаргасан гэдэг нь мөн эргэлээ төрүүлж байна.

Тийм учраас төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу шүүхэд энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2168 тоот мэдэгдлийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг тус газрын үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсч байна.

 Иймд Төрийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “М” ХХК-ийн тендерээс татгалзах тухай шийдвэрийг хүчингүй болгон тендерийн үнэлгээний хороогоор дахин үнэлгээ хийхийг тус худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсч байна.” гэжээ.

            Нэхэмжлэгч 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, тодруулж ирүүлэхдээ: “...Нэхэмжлэгч М ХХК-ийн зүгээс хариуцагчаас ирүүлсэн тайлбар, 2020 оны 12  дугаар сарын 16-ны өдрийн ТХАА-ны газрын үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлтэй танилцах дараах тайлбар хийж, нэхэмжлэхийн шаардлагыг ихэсгэн, тодруулж байна.

Үүнд: ТХАА -ны газрын үнэлгээний хорооны хурал 2020 оны 12 дугаар сарын 15 - ны өдрийн 10 цагт ТХАА-ны 213 тоот өрөөнд хийсэн ба харин үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Ч.Д******* нь тендерийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагт нээсэн талаар мэдэгдсэн байна. Хурлын тэмдэглэлд үнэлгээний хорооны гишүүн Ш.О Дархан хотод хөл хорионд орсон байх тул оролцоогүй гэсэн мөртлөө хурлын тэмдэглэлд түүний гарын үсгийг мөн өдөр зуруулсан байна.

Иймд ТХАА-ны газрын үнэлгээний хорооны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлийг илт хууль бус болгох тогтоолгохоор шаардлагыг ихэсгэж байна. Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор / Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг/ төсөл арга хэмжээний талаар сонгон шалгаруулах үнэлгээг дахин хийлгэхийг ТХАА-ны газрын үнэлгээний хороонд даалгах гэж нэхэмжлэхийн шаардлагыг тус тодруулж байна” гэжээ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр А/161 тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо нь Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор нэртэй барилгын ажлын төсөл сонгон шалгаруулах ажиллагааг явуулсан. Энэ шалгаруулалтад 4 хуулийн этгээд материал ирүүлсэн. Тендерийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагт  гишүүд нь нээсэн байгаа. Нээгээд хуулийн этгээдүүдийн үнийн санал гэх мэт зүйлийг тодруулж сонгон шалгаруулалт явуулсан. 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагт хурал нээсэн гэж тэмдэглэл ирүүлсэн. Хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Д******* хөтөлсөн байгаа. Тус этгээд нь 11 цагт тендерийг нээсэн гэж тэмдэглэсэн байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хурлын тэмдэглэлийг өөрөө хянаад гарын үсэг зураад, 9 хуудас бүхий хурлын тэмдэглэл хөтлөөд, баталгаажуулаад үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга болон бусад этгээдүүд гарын үсэг зураад захиргааны акт болгоод нотлох баримтаар ирүүлсэн байгаа.

Нэхэмжлэгчийн зүгээс илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу захиргааны акт нь утга агуулгын илэрхий алдаатай байдал гэж дурдсан байгаа. Тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл нь захиргааны акт болдог.

Энэ акт нь илт алдаатай байна. Хурлын тэмдэглэлийн эхний хэсэгт  10 цагт гэсэн байдаг боловч үнэндээ 11 цагт болсон байдаг. Ийм учир илт хууль бус байна. Нөгөөтээгүүр оролцсон гишүүдийн нэр дээр алдаа гарсан байгаа.

Н.П*******, Ш.О гэдэг 2 хүн нь хуралд оролцоогүй. Гэтэл хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан байгаа. Мэдэгдлийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр явуулсан байдаг. Өөрөөр хэлбэл манайхаас татгалзаж гуравдагч этгээд шалгарсан талаар мэдэгдэл явуулсан байдаг. Ийм учир бид нар хариу тайлбар ирүүлээгүй байгаа боловч шүүх хуралдааны явцад хариу тайлбар сонсоно. Хурлын тэмдэглэл хууль ёсны болж чадаагүй. Илт хууль бус болсон байна.

Хурлын тэмдэглэлийг илт хууль бус болохыг тогтоосон тохиолдолд үнэлгээний хороо дахин хуралдаж дахин үнэлгээ хийх болно. Дахин үнэлгээ хийхдээ гуравдагч этгээдийг өмнө нь шалгаруулсан байгаа. Шаардлага хангахгүй талаар манайх анх гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байгаа. Гуравдагч этгээдийн тайлбарт 2020 оны 06 дүгээр сарын 11-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгнө гэсэн байгаа. Тендерийн үнэлгээнд 2017-2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын баримтуудыг гэж дурдсан байдаг. Ийм байхад гуравдагч этгээдийг шалгаруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.  Гуравдагч этгээд нь 2017 онд үүсгэн байгуулагдсан байна. Ийм учир 2017 оны ажил хийж гүйцэтгэсэн туршлага нь дутуу байгаа.

Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудалд тайлбар хийе. Илт хууль бус тогтоох нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Манай зүгээс урьдчилан шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд хандсан байгаа. Цар тахлын улмаас Баян-Өлгий аймагт агаарын нислэг зогссон. Үүнээс болоод хугацаа алдаж Сангийн яаманд хүргэгдсэн байсан. Хугацаа хэтрүүлсэн гэдэг үүднээс бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Мөн бидний гомдлоо хүлээж цаг тухайд нь гаргасан гэх тайлбарыг өгч байна.  Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-т заасны дагуу илт хууль бус гэж тодорхойлж байгаа ба мөн хуулийн 47.1.7-т заасныг нэмээд оруулж байна.” гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...М" ХХК-ийн нэхэмжлэлтэй Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох 2020 онд Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан XVII.1.63 " Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалттай холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны А/161 дүгээр тушаалаар XVII.1.63 Эрүүл мэндийн төвийн барилга, бар Баян - Өлгий, Ногооннуур сум Ховд баг төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий уналээний хороо байгуулагдаж, 2 удаа нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулсан боловч тендер оролцогчдоос удаа дараа Сангийн яаманд гомдол гаргаж тендер хүчингүй болсон. Тус тендер шалгаруулалтын тендерийн урилгыг цахим систем ( www.tender.gov.mn)-ээр зарлаж, 2020 оны 06 дугаар сарын 25- ны өдөр тендерийг нээхэд 8 компани тендерт оролцсон бөгөөд хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоор “M*******" ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлж, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А- 1/1390 дүгээр албан бичгээр “M*******" ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн.

Дээрх төсөл, арга хэмжээний тендерт оролцогч "К*******" ХХК-аас 2 удаа Сангийн яаманд гомдол гаргасантай холбогдуулан тендерийн хүчинтэй байх хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дуусаж, тухайн тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл vvссэн тул үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д заасны дагуу бүх тендерээс татгалзаж, тухайн тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин нээлттэй тендер зарлахаар шийдвэрлэсэн болно.

 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тендерийн урилгыг цахим систем ( www.tender.gov.mn-ээр дахин зарлаж, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тендерийг нээхэд 5 компани тендерт оролцсон бөгөөд хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоор “M*******" ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. Гэвч тендерт оролцогчоос Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6-1/7268 дугаар Гомдол хянасан тухай” албан бичгээр дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн.

Үнэлгээний хороо 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж, дахин үнэлгээ хийж гишүүдийн 100 хувийн саналаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1- д заасны дагуу бүх тендерээс татгалзаж, 30.4.1-д заасны дагуу дахин тендер шалгаруулалт зарлахыг захиалагчид зөвлөмж болгосон.

2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үнийн санал авах тухай урилгыг цахим систем ( www.tender.gov.mn)-ээр дахин зарлаж, тендерийн баримт бичигт заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тендерийг нээхэд 4 компани тендерт оролцсон бөгөөд “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоор “ДХ”ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох тухай 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2166 дугаар албан бичгээр мэдэгдэж, захиалагч Эрүүл мэндийн яаманд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А-1/2202 дугаар албан бичгээр зөвлөмжийг хүргүүлсэн.

Тус тендер шалгаруулалтад оролцсон “М” ХХК-д Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2168 дугаар албан бичгээр тус компанийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаж байсан боловч хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу тус тендерээс татгалзсан тухай мэдэгдэл хүргүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 56.1-д "Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана гэж, 56 дугаар зүйлийн 56.1-д "Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь зөвшөөрвөл теңдерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно. гэж, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “ Дээд шатны захиргааны байгууллага эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана " гэж тус тус заасны дагуу гомдлыг хуульд заасан хугацаанд байгууллагад гаргаагүй байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28. 2-т "Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ.” гэж заасны дагуу үнэлгээний хороо хууль тогтоомжийн дагуу үнэлгээг хийсэн болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манайх 2020 оны А/161 дүгээр тушаалаар “Эрүүл мэндийн төв 5 ор” гэх сонгон шалгаруулалтыг 2 удаа хийсэн боловч  удаа дараа оролцогч нараас гомдол гарсны дагуу тендер хүчингүй болсон. Дахин цахимаар зарлаж 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 4 хуулийн этгээд оролцсон бөгөөд нэхэмжлэгч шалгарсан. 07 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл гаргасан. "К" ХХК-ийн зүгээс 2 удаа гомдол гаргаад тендерийн хүчинтэй байх хугацаа дуусаад тендер хүчингүй болсон. Дахин зарлаад 10 дугаар сарын 28-ны өдөр 5 хуулийн этгээдээс хамгийн сайн гэж нэхэмжлэгч шалгараад гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. Гэтэл дахиад гомдол гараад албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийсний үр дүнд бүх тендерээс татгалзаж, дахин зарлахаар шийдвэрлэсэн байгаа.

2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үнийн санал аваад тендерийн үнэлгээний явцад гуравдагч этгээд шалгарсан бөгөөд гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг мэдэгдэж, захиалагч Эрүүл мэндийн яаманд албан бичгээр зөвлөмжийг хүргүүлсэн байгаа. Тус тендерт нэхэмжлэгч нь оролцсон байгаа. Нэхэмжлэгч тендерийн баримт бичгийн шаардлага хангасан боловч хамгийн сайнаар нь үнэлэгдээгүй. Иймд мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байгаа.

Нэхэмжлэгчийн яриад байгаа хурлын тэмдэглэлд цаг хугацааг буруу бичсэн гэж байгаа. Тус тендер шалгаруулалт нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагт нээсэн. Энэ бол бичвэрийн алдаа л гарсан байна. 14 цагт эхэлсэн тэмдэглэл байгаа. 11 цагт нээхдээ үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга системд холбогдож 11 цагт системээс код оруулж нээсэн. Түүнээс өмнө тендерийг нээх боломжгүй. Систем дээрээсээ цагаа тохируулдаг.

Бичвэрийн алдаа гарч ирцийн асуудал гаргасан байна. Хуралдаан үнэлгээний хорооны дарга болон нарийн бичгийн дарга, бусад гишүүдийн 75 хувиас дээш хувьтай бол гэсэн байдаг. 75 хувиас дээш ирцтэй бол хурал явагдах ёстой. Үнэхээр ирц хүрээгүй бол хурал явагдахгүй. Ямар ч байсан хамгийн багадаа 4 хүн байж үнэлгээний хорооны хурал болдог байгаа. Ийм учир нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хуульд үнэлгээний хороо нь сонгон шалгаруулалтыг аль болох богино хугацаанд хийж гүйцэтгэх гэсэн байдаг. Иймд тус өдөр хуралдаж сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байгаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үнэлгээний хорооны бичвэрийн алдаа гаргасан байна. 14 цаг гэдгийг 10 цаг гээд бичсэн байсан ба оролцсон гишүүний нэрийг бичээгүй байна. 80 хувийн ирцтэйгээр хуралдсан байгаа. Ш.О гишүүний хувьд яагаад гарын үсэг зурсан тухайд тайлбарлая.

Тус гишүүн нь үнэлгээний хорооны гишүүдээр бүгдээр нь гарын үсэг зуруулдаг.  Бидний гаргасан шийдвэрийг танилцуулаад ирэхээр нь зуруулдаг. Хөл хорионоос нь ирэхээр нь танилцуулаад гарын үсгээ зуруулсан байгаа. 

12 дугаар сарын 16-ы өдрөө хуралдаанаа хийгээд мэдэгдэл тус өдрөө хүргүүлсэн байдаг. Учир нь 12 дугаар сарын 25-ын өдрөөс өмнө гэрээ байгуулахгүй бол тухайн төсөл арга хэмжээ нь татагдах гээд яаруу шахуу ажиллаж байсан. Тэгээд 11 цагт тендерээ нээгээд тухайн өдрөө амжуулаад албан бичгүүдээ хүргүүлсэн байгаа. Мэдэгдлээ өгөөд гомдлын 5 хоног хүлээдэг. Иймд гэрээ татагдах гээд байсан учир тухайн өдрөө мэдэгдлээ өгсөн байгаа.” гэв.

Гуравдагч этгээд “ДХ” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“М”-ийн нэхэмжлэлтэй Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох хэрэгт дараах тайлбар гаргаж байна. Манай “ДХ” ХХК Төрийн худалдан авах ажиллагааны газраас гарсан ЭМЯ/202003130 дугаартай тендер шалгаруулалтад рүүл мэндийн төвийн барилга, 5 ор Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг/ оролцож 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр А-1/2106 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл авсан. Уr тендер шалгаруулалтад “М” ХХК, “Ө ХХК  “У” ХХК манай “ДХ”ХХК зэрэг 4 компани оролцсон.

Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд багтаан гэрээний маягтад гарын үсэг зурж Эрүүл мэндийн яаманд хүргүүлнэ гэж заасны дагуу барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг ажлын 6 хоногийн дараа буюу 2020 оны  12 дугаар сарын 24-ний өдөр 6 байгуулсан.

Ажлын 6 хоногт тендертэй холбоотой ямар нэгэн гомдол гараагүй тул тендерийн үнэлгээний хороо нь үнэлгээний хорооны тайлан гаргаж өгсөн ба захиалагч болох Эрүүл мэндийн яам, гүйцэтгэгч болох манай “ДХ”ХХК хоёр тал гэрээний маягтад гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан болно. М ХХК- ны 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 1 тоот гомдолд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: “М” ХХК-ийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “М” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гарсан гомдолы нь тендер хүчтэй байх хугацаа дууссанаас хойш гаргасан байна. /Уг нээлттэй тендер шалгаруулалтын ТОӨЗ-ны 1.1-ийн 26-д Тендерийн хүчинтэй байх хугацаа: 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж заасан/ Мөн “М” ХХК нь хуульд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх Аллагаа хийлгүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл Сангийн яамнаас М” ХХК-ийн гомдлыг хугацаандаа гомдол гаргаагүй гэсэн үндэслэлээр буцаасан байна.

Нэгэнт хуулийн хугацаандаа гомдлоо гаргаагүй учраас урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй гэж үзэх бөгөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй нэхэмжлэлийг шүүхээс хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн шалгах ёсгүй. Манай компаний гүйцэтгэсэн ижил төстэй ажил болох "Н" ХХК-ийн өргөтгөлийн барилгын ажлыг 2020 онд хийж дуусгасан болгож акт ирүүлсэн, сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын аль нэг жилд ижил төстэй барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр гэрээ, улсын комиссын акт, захиалагчийн дүгнэлт ирүүлнэ үзсэн шаардлагыг хангахгүй гэж тусгасан нь үндэслэлгүй.

 Манай “ДХ”ХХК нь Н******* ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2019/01 тоот Н******* ХХК-ны хуримын ордны өргөтгөлийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурж, тамга даран байгуулсан. 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдeр 11/2020 тоот Улсын комиссын дүгнэлтээр Н******* ХХК-ны хуримын ордны өргөтгөлийн барилга угсралтын ажлыг Аймгийн ГХБХБГ-ын БХБХ-ийн дарга Х.А /комиссын дарга/-аар даргалсан 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс хүлээн авсан.

Захиалагч болох Н******* ХХК-ны 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4 тоот захиалагчийн тодорхойлолтыг хавсаргасан. Шинээр барьж, ашиглалтад оруулсан Н******* ХХК-ийн хуримын ордны өргөтгөлийн барилгын фото зургыг хавсаргасан. Манай компанийн ИТА-ууд туршлагагүй гэж тусгасан байна. Манай компанийн ИТА-нууд ТОӨЗ-ны 1.1-ийн 15-д заасан ИТА-нуудын бүх шаардлагыг хангаж байгаа болно.

Голлох болон инженер, техникийн ажилтнуудын 50 хувиас доошгүй нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх шаардлагатай байх тул сүүлийн 6 сар буюу 2020 оны 5, 6, 7, 8, 9, 10 дугаар сарын нийгмийн даатгалын хэлтсээс баталгаажуулсан НД-8 маягтыг ирүүлнэ. /НД-8 маягтаас тухайн байгууллагын үндсэн ажилтан мөн эсэхийг хянан үзнэ. Гэрээгээр ажиллах бол хөлсөөр ажиллах гэрээ диплом, цахим үнэмлэхийн хуулбаруудыг тус тус нотариатаар баталгаажуулж ирүүлнэ. Хөлсөөр ажиллах гэрээг тухайн төсөл арга хэмжээнд зориулан байгуулсан байх бөгөөд хөлсөөр ажиллах гэрээнд тухайн төсөл арга хэмжээний нэр болон гэрээ эхлэх дуусах хугацааг тодорхой тусгаж өгсөн. Харин манай компаний ИТА Зөвлөх инженер А.О, Х.С, С.Е, Е.Е нар буюу Дээрх голлох болон инженер, техникийн ажилтнуудын 50 хувиас доошгүй нь манай компаний үндсэн ажилтан ба гэрээгээр Т.Ж, Ц.Б, Б.Р нар ажиллахаар гэрээ байгуулж, тендерт санал болгосон. 

М ХХК нь энэхүү тендерийн барилгыг Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарлаагүй байхад хууль бусаар барьчихсан байна. М ХХК-ийн хувьд Баян-Өлгий аймагт ямар ч хууль үйлчилдэггүй, Монголын хуулийг уландаа гишгэсэн том компани болно. Угтаа 10 сая төгрөгнээс дээш бүх тендерийг нээлттэй зарлаж сонгон шалгаруулалтаар олгодог билээ. Гэтэл М ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан 299,373,590 төгрөгний үнийн дүнгийн тендерийн сонгон шалгаруулалт болоогүй байхад дураараа хийж гүйцэтгэчхээд байна. Хуулийн дагуу шалгарч гэрээ байгуулсан манай компнани одоо ажлаа хийх гэхээр том толгойтой М ХХК нь хууль бусаар тухайн барилгыг барьчхаад наймаалцахаар сууж байгаа юм. М ХХК-ны нууц эзэн болох Халиаын Н нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгч бөгөөд бүх тендер шалгаруулалтын ажилд хөндлөнгөөр нөлөөлдөг байв. Энэхүү тендер нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тул түүний нөлөө ороогүй гэж үзэж байна. Тиймээс энэхүү тендер сонгон шалгаруулалтын ажил ажлыг хуулийн дагуу явагдсан юм. гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Илт хууль бус байсан гэдэг үүднээс тайлбарлаж байх шиг байна.  Захиргааны ерөнхий хуулийн 471.1, 47.1.7- гэж байгаа юм байна. Захиргааны акт утга илэрхий алдаатай гэдгийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоол байдаг. Захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай” гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ. Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал  тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцож болно” гэж Улсын дээд шүүхийн тогтоолоор тайлбарласан байна.

Энэхүү үнэлгээний хорооны тэмдэглэл, илэрхий алдаатай байх гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна. Энэхүү актын тэмдэглэл нь эрх бүхий захиргааны байгууллагаас гаргасан хүсэл зоригт нийцсэн, тухайн тэмдэглэлээр гарсан шийдвэр нь ойлгомжтой, зорилгодоо нийцсэн байна гэж үзэж байна.

Хуралдааны тэмдэглэлд оролцоогүй гишүүн гарын үсэг зурсан гэдэг. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-т “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэж заасан байдаг. Энэ илт хууль бус гэж маргаад байгаа акт нь хууль дүрмийг зөрчөөгүй байна. Учир нь хуулийн шаардлагыг хангаж байна. Олонх оруулсан байна. Харин тус хуулийн 47.8-т “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна” гэж заасан байна. Үнэлгээний хорооны гишүүд нь гарын үсэг зурах үүрэгтэй. Энэ заалтыг ханган ажилласан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа нь үндэслэлгүй байна.

Илт хууль бусад тооцох асуудалд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-т заасан зүйл заалтаар тайлбарлаж байна. Бодит байдалд хэрэгжих боломжгүй гэх ямар ч үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл бодит байдалд биелэгдэж Эрүүл мэндийн яамтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байгаа. Иймд хуралдааны тэмдэглэл нь хэрэгжсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гуравдагч этгээд нь шаардлага хангаагүй гэдэг. Туршлага дутуу гэдэг. Манайх хуулийн этгээд юм. Хуулийн этгээд гэдэг нь олон ажилчидтай, том тоног төхөөрөмжтэй.  Манай зүгээс хуримын ордныг хийж гүйцэтгэхэд ижил төрлийн үйл ажиллагаанд тооцогдохгүй гэсэн зүйл хаана ч байхгүй. Гэрээний үндсэн дээр харилцан тохиролцож, улсын комисст хүлээлгэж өгсөн. Төрийн захиргааны байгууллага нь хүлээж авсан. Өнөөдрийг хүртэл ашиглагдаж байгаа. Мөн шинээр нотлох баримтаар өгсөн байгаа. 10 давхар барилгын 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Мөн дээрээс нь 2 орон сууц барьсан байгаа. Иймд ямар ч туршлагагүй гэж маргаж болохгүй.

Мөн илт хууль бус гэж маргаж байгаа учир зөвхөн илт хууль бус акт мөн эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагатай ба энэ асуудлуудыг хөндөж ярьж байгаа нь ярих хүрээнээсээ хальсан байгаа.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Төрийн худалдан авах ажиллагааны газраас “Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгчийг “өндөр үнийн санал ирүүлсэн” гэх үндэслэлээр тендерээс татгалзаж, гуравдагч этгээдийг шалгарсанд тооцжээ.

Нэхэмжлэгчээс “тендер нээсэн цагийг зөрүүтэй бичсэн, оролцогч нарыг ирц тодорхойгүй, хуралдаанд оролцоогүй гишүүн тэмдэглэлд гарын үсэг дурсан тул маргаан бүхий захиргааны акт илт хууль бус, мөн гуравдагч этгээдийн өмнө хийж гүйцэтгэсэн ажлыг буруу дүгнэсэн” гэж, хариуцагчаас “тендерийг нээсэн цаг болон ирцийн талаар бичвэрийн алдаа гарсан, сонгон шалгаруулалт хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан” гэж, гуравдагч этгээдээс “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, урьдчилсан шийдвэрлүүлэх журмыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгээгүй, сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан” гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7-д зааснаар тодорхойлжээ.

 Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заажээ.

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд “213 тоот өрөөнд 10:00 цагт хийв, хуралд үнэлгээний хорооны дарга Б.Г*******, нарийн бичгийн дарга Ч.Д*******, гишүүн Б. М******* нар оролцож, Ш.О /Ковид-19/ цар тахлын улмаар Дархан хотод хөл хорионд орсон” талаар дурьджээ. 

Гэтэл нарийн бичгийн даргаас 11:00 цагт нээхэд 4 хуулийн этгээд тендерийн материал ирүүлсэн талаар танилцуулж,  мөн хурлын ирцэд бүртгэгдээгүй С.П******* хуралд оролцож, асуулт асуусан талаар тэмдэглэж, Ш.О хурлын тэмдэглэлд гарын үсэг зуржээ.

Дээрхээс дүгнэвэл хурлын цагийг зөрүүтэй тэмдэглэсэн, хуралд оролцсон гишүүний нэрийг орхигдуулсан, хуралд оролцоогүй гишүүн тэмдэглэлд гарын үсэг зурсан зэрэг зөрчлүүд байгаа хэдий ч энэ нь маргаан бүхий захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлд хамаарахааргүй байна.

Учир нь цагийг зөрүүтэй тэмдэглэсэн, хуралд оролцсон гишүүнийг орхигдуулсан, оролцоогүй гишүүн тэмдэглэлд гарын үсэг зурсан зэрэг нь маргаан бүхий актын утгыг илэрхий алдуулаагүй, хоёрдмол буюу салаа утгыг илэрхийлээгүй, уг алдааг засаагүйн улмаас түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүйд хүрсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх зөрчлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан илэрхий алдаа буюу техникийн шинжтэй алдаанд хамаарах бөгөөд тэмдэглэлд ирц 80 хувьд байсан, Ш.О гишүүнийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралд оролцоогүй талаар дэлэгрэнгүй тусгасан ба хурал эхэлсэн /нээсэн/ цагийг нэг цагийн зөрүүтэй тусгаснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж, нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч гомдол гаргасанд Сангийн яамны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 6-1/234 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй талаар хариуг өгсөн байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, урьдчилсан шийдвэрлүүлэх журмыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгээгүй” гэх тайлбар мөн үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ” гээд 27.1.1-д.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт”, 27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, мөн хуулийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус заажээ.

Гуравдагч этгээдээс уг тендерт оролцохдоо “Н*******” хуримын ордны өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр ажилласан гэрээг хавсаргасан, уг барилгын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт гаргасан байх тул хариуцагчаас түүнийг дээрх хуульд заасан тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангасан гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7,  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох “Төрийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлийг илт хууль бус тогтоолгож, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Ховд багийн Эрүүл мэндийн төвийн барилга, төслийн сонгон шалгаруулах үнэлгээг дахин хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ