Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/582

 

 

 

 

 

    2022        05         31                                    2022/ШЦТ/582

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр;

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

Улсын яллагч: Ц.Төгөлдөр;

Шүүгдэгч: Л.Н, Г.М;

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Т.Мөнхтуяа;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

1. Шүүгдэгч Л.Н регистрийн дугаартай:  Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж,

2. Шүүгдэгч Г.М регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.   

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар

Л.Н, Г.М нар нь иргэн Б.Уийг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ ХХК-д ажиллаж байх үед нь “нөхөр Ц.Бид Бүгд Найрамдах Солонгос Улсын аялалын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 4.000.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 4.500.000 төгрөгийг тус тус “ХААН” банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокуророос Л.Н, Г.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.У /хх-ийн 11-12/, гэрч Н.О /хх-ийн 27-28/ нарын мэдүүлэг, Б.Уийн дансны хуулга /хх-ийн 70-71/, Л.Н-гийнхувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 53-55, 57/, Л.Н-гийн өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 96-104/, Л.Н-гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34, 37-38/, Л.Н-гийн дансны хуулга /хх-ийн 73-79/, Г.М-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 60-63/, Г.М-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-44, 47-48/, Г.М-ийн дансны хуулга /хх-ийн 81-84/, Н.Оийн дансны хуулга /хх-ийн 87-89/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Л.Мгийн дансны хуулга, хохирогч Б.Уийн хүсэлт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Н, Г.М нар нь иргэн Б.Уийг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ ХХК-д ажиллаж байх үед нь “нөхөр Ц.Бид чинь Бүгд Найрамдах Солонгос Улсын аялалын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 4.000.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 4.500.000 төгрөгийг тус тус “ХААН” банкны дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

хохирогч Б.Уийн /хх-ийн 11-12/: “...2020 оны 01 дүгээр сард өөрийн төрсөн дүүгээр дамжуулж Г.М гэх эмэгтэйтэй танилцсан. Учир нь өөрийн нөхөр болох Бид БНСУ-д аялалын виз гаргуулах зорилгоор уулзсан.  Г.М-г виз гаргадаг гэж сонссон. Ингээд түүнтэй биечлэн уулзсан. Ингэхэд тухайн визийг гаргахад 14-21 хоног болно, төлбөр нь 8.500.000 төгрөг гэсэн. Ингээд тохиролцоод салсан. Тэгээд дараа нь урьдчилгаа мөнгө өг гэсний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Г.М-ийн данс руу 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүний дараа 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үлдэгдэл болох 4.500.000 төгрөгийг мөн дээрх данс руу шилжүүлсэн. Үүний дараа өвчин гараад хил хаах талаар яригдаж эхэлсэн. Энэ үед би холбогдоод “мөнгөө буцаан авъя, гадагш явах худлаа болж байх шиг байна” гэсэн. Тэгсэн “за тэгвэл мөнгийг чинь буцааж өгнө, нэг хүнд өгсөн байгаа” гэж хэлээд түүнээс хойш ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй одоог хүрсэн. Тэгээд хамгийн сүүлд дахиж холбогдсоны эцэст өөрийн найз гэх Л.Н гэх хүнд өгсөн байгаа гэж хэлээд түүнээс хойш ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй. Тэгээд хамгийн сүүлд дахиж холбогдсоны эцэст өөрийн найз гэх “Л.Н гэх хүнд өгсөн байгаа” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Уийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх-ийн 70-71/,

 

Г.М-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх-ийн 81-82/,

 

гэрч Н.Оийн /хх-ийн 27-28/: “...Г.М нь манай үеэл юм. Л.Н-г 2015 оноос хойш танина. Бид найзууд. ... гэсэн данс бол миний эзэмшлийн данс, сүүлийн 10 гаран жил ашиглаж байгаа. Г.М бид хоёрын дунд ямар нэгэн өрний асуудал байхгүй. Харин Л.Н надад тухайн үед 20 орчим сая төгрөгийн өртэй байсан. Дээрх шилжүүлсэн мөнгийг Л.Н өрнөөсөө хасч өгсөн. Тухайн үед Л.Н дансгүй гэж байсан. Надаас мөнгө авахдаа голдуу өөр хүний дансаар авч байсан...” гэх мэдүүлгээр,

 

Л.Н-гийняллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 34, 37-38/:  “...2020 оны эхээр байх Г.М холбогдоод “нэг танил Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргуулъя гэж байна, боломжтой юу” гэсэн. Тэгэхээр нь “болох байх” гэсэн. Ингээд удаагүй Б.У гэх эмэгтэйн нөхөр Б гэж хүнийг визэнд оруулах болно гэсэн. Ингээд дээрх хүнээс мөнгө авсан боловч тухайн визний асуудал бүтээгүй. Би 6.000.000 төгрөгийг Г.М-ийн дансаар өөрийн дансанд шилжүүлж авсан. Г.М цаад хүмүүст 8.500.000 төгрөг гэж хэлсэн байх. Г.М 2.500.000 төгрөг авсан гэж ойлгож болно. Би 6.000.000 төгрөг авсан. Иргэний үнэмлэхний хуулбар, цээж зургийг нь авсан. Ямар нэгэн газарт өгөөгүй. Өмнө нь виз мэдүүлж байсан хүмүүст хэлж, ярьж байсан. Яг тийм тогтсон үйл ажиллагаатай хуулийн этгээд байхгүй. Ажиллаж байгаагүй. Миний зүгээс 2.000.000 төгрөгийг Г.М-аар дамжуулж өгсөн байгаа...” гэх мэдүүлгээр,

 

Г.М-ийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 47-48/ “...2019 онд би Солонгос Улсад 14 хоног байсан. Тэгээд тэнд байхдаа Б.Уийн дүү гэх эмэгтэйтэй танилцаж байсан. Тухайн үед Солонгос Улсад байсан манай эгчтэй хамт ажилладаг байсан. Ингээд манай эгчээс миний дугаарыг аваад Б.Ут өгсөн байсан. Тэгээд надтай холбогдоод “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгөх хүн байна уу, манай нөхөр визэнд ороод татгалзсан” гэсэн. Тэгэхээр нь би “таньдаг хүн байгаа” гээд зургийг нь авсан. Би энэ талаар Л.Н-д хэлсэн. Нийт зардал нь 8.500.000 төгрөг болно гэсэн. Мөнгөн дүнг би Б.Ут хэлсэн. Тэрний дараа миний данс руу 2 хувааж 8.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг би Л.Н-д дамжуулж шилжүүлсэн боловч Л.Н визний асуудлыг шийдвэрлээгүй. Тийм газар ажиллуулдаггүй. Би виз гаргадаг л гэж бодсон. Ер нь бол бүгдийг нь шилжүүлсэн. ...Л.Н-гээс ямар нэгэн бичиг баримт аваагүй. Зөвхөн цээж зураг авсан. Тэрийг нь Л.Н-д өгсөн. Би Б.Ут 1.500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Л.Н, Г.М нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нь шүүгдэгч нарын үг, үйлдэлд хууртагдан төөрөгдөж түүнд эд хөрөнгөө шилжүүлж өгснөө тодорхой мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын хэмжээг хохирогч, шүүгдэгч нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Л.Н, Г.М нар нь Б.Уийн эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч Л.Н, Г.М нарын эрхэлж байсан ажил, албан тушаал нь гадаад орны виз олгох асуудалтай холбоогүй, энэ талаар эдлэх эрх, давуу байдал үгүй байсан бөгөөд иргэнд тухайн улсын виз олгогдох эсэх нь дан ганц тухайн улсын дипломат төлөөлөгчийн газар, эрх бүхий албан тушаалтнаас гадны нөлөөгүйгээр шийдвэрлэх асуудал бөгөөд Л.Н, Г.М нараас үл хамаарахаар байтал виз баталгаатай гаргаж өгнө гэж амлалт өгч, өөрсдөөс нь үл хамаарах, биелэгдэх боломж багатай асуудлын үр дүнгийн талаар зохиомол амлалт өгч мэдсээр байж бусдыг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь бодитой бус үйл ажиллагааны төлбөрт авч байгаа нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгөх нэрийдлээр хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн өөрсдийн эзэмшилдээ авч буй Л.Н, Г.М нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

           Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Л.Н, Г.М нарыг тус бүрийг 500 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н, Г.М нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон хохирол, гэм

хор болох 8.500.000 төгрөгийн хохирлоос мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлсөн 4.500.000 төгрөгийг хасаж, шүүгдэгч Л.Н, Г.М нараас 4.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ут олгохоор шийдвэрлэсэн болно.   

 

Л.Н, Г.М нар нь шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст хохирогч Б.Уийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн тул тэднийг бусдад төлөх төлбөргүй  гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Н, Г.М нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 1. Шүүгдэгч Л.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,

шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н, Г.М нар торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Л.Н, Г.М нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н, Г.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ